Friday, 5 December 2014

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын дунд сургуулийг М.Зайсановын нэрэмжит болгосон зарлигийн тухай.

БНМАУ-ын алдарт нисгэгч, нисэх хүчний командлагч хошууч генерал М.Зайсановын Монголын Ардын Армийн нисэх хүчинд байгуулсан гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 10 жилийн дунд сургуулийг М.Зайсановын нэрэмжит болгосугай гэсэн 1981оны 03 сарын 10-ны өдрийн 60 тоот зарлиг гарчээ.
Улаанхус сумын 10 жилийн дунд сургууль нь анх 1928 онд Казак хошууны бага сургууль нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд М.Зайсанов нь анхны сурагчийн нэг байжээ. 

Монголын Ардын Армийн ахмад дайчин, алдарт нисгэгч хошууч генерал М.Зайсанов нь 1910 онд тус аймгийн Улаанхус сумын нутагт ядуу малчин ардын гэр бүлд төржээ. 1929-1930 онд тус аймгийн Даян, Сиргалын хилийн цэргийн заставт улс төрийн орлогчоор ажиллаж байгаад 1930 онд ЗХУ-ын Кутв-т суралцаж байхдаа ЗХУ-д суугаа БНМАУ-ын Элчин Сайдын Яам морин цэргийн сургуульд шилжүүлэн суралцуулснаар уг сургуулийг 1933 онд төгссөн байна.
Улмаар Зөвлөлтийн нисэх хүчний сургуульд суралцаж 1935 онд төгссөж, 1939 оноос 1950 оны хооронд нисэх хүчний командлагчаар ажиллан, 1950-1952 онд нисэх хүчний академид суралцан төгсөж, нисэх хүчний командлагчаар дахин томилогдон ажиллаж байжээ. Монголын Ардын Армид он удаан жил ажиллахдаа салаа, ротын захирагч, нисэх эскадрилийн дарга, дивиз болон нисэх хүчний командлагч ажиллаж, эх орны тусгаар тогтнол эрх чөлөөг хамгаалах хэрэгт гар бие оролцож, 1939, 1945 оны байлдаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм,
Ардын Армийн ахмад дайчин, алдарт нисгэгч хошууч генерал М.Зайсановын Монголын Ардын Арми, нисэх хүчний өмнө байгуулсан гавьяаг өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 3 удаа, Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одонгоор 2 удаа, бусад ойн медалиудаар шагнаж, 1945 оны байлдаанд дайсантай баатарлагаар тэмцэж онцгой гавьяа байгуулсны төлөө ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн зарлигаар ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.
Түүний баатарлаг үйлсийг мөнхжүүлэх зорилгоор Монголын Ардын Армийн 60 жилийн түүхт ойг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтан гадас” одонт 10 жилийн дунд сургуулийг М.Зайсановын нэрэмжит болгожээ.


                                                                                         Мэдээ бичсэн:
                                                                                                 ТБТ-ийн архивч Г.Ганзул

Халх голын байлдааны дурсгалын тэмдгийг медаль хэмээн нэрлэх болсон нь

ҮТА-ын сан хөмрөгт 1939 оны Халх голын байлдааны дурсгалын тэмдгийг  “Халх голын байлдааны медаль” болгон нэрлэсэн тухай нэгэн сонирхолтой баримт хадгалагдаж байна.
Одоогоос 45 жилийн өмнө буюу БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1966 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 181 дүгээр зарлигаар энэхүү шийдвэрийг гаргасныг бүрэн эхээр нь та бүхэнд толилуулъя.  Үүнд:


БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ  нь:
Монгол Ардын Хувьсгалт цэрэг Зөвлөлтийн армитай хамтран 1939 онд манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолд халдан довтолсон японы империалистуудын цэргийг халх голын районд бут цохисон баатарлаг үйл явдлыг тохиолдуулан гаргасан Халх голын байлдааны дурсгалын тэмдгийг Халх голын байлдааны медаль болгон нэрлэж, ленттэй бологсугай.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга  
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн                           дарга                                                            

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгч гишүүд гэсэн байна.


                                                                                 ҮТА-ын Түүхийн баримтын төвийн                       


                                                                                                   сан хөмрөгч  Ч.Цэцэгмаа