Sunday 25 November 2012

ГОЛ МОД II-ЫН СҮЙХ ТЭРЭГНИЙ ТУХАЙД (Язгууртны булшны жишээн дээр)



МУИС-ийн Улаанбаатар сургууль
Археологийн тэнхим 

А.Маратхаан

 
Түлхүүр үгс: Архангай, Өндөр-Улаан, Хүннү булш, язгууртан, Гол мод-II, Сүйх   тэрэг,
Товч утга:  Энэхүү илтгэлд Архангхй аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал Гол-II хэмээх газарт орших Хүннүгийн язгууртны I булшнаас онц сонирхолтой олдворууд илэрсэн бөгөөд эдгээрийн дотроос сүйх тэрэгтэй холбоотой 1270 гаруй олдворт анхан шатны боловсруулалт болон харьцуулалсан судалгаа хийж, эдгээр олдворын үүрэг зориулалт, хэлбэр хийц, булшинд нийт хэдэн сүйх тэрэгний эд анги дагалдуулсанг тодруулахыг оролдсон болно.   
            Өмнөтгөл: Бид энэхүү илтгэлдээ Гол мод II-ын малтлага судалгааны хэрэглэгдэхүүнээс илрэн олдсон олон тооны олдворын дотроос сүйх тэрэгтэй холбоотой олдвор дээр түшиглэн урд өмнө Хүннүгийн язгууртны булшнаас илрэн олдсон олдворын хэрэглэгдэхүүн, хадны зураг дахь сүйх тэрэгний дүрслэл, түүх сурвалжийн мэдээ, хүннүгийн гадаад харилцаа буюу энх ургийн гэрээ зэрэгт тусгагдсан мэдээ баримтийг нэгтгэн дүгнэж задлан шинжлэх харьцуулсан судалгаа хийх зорилго тавьсан болно.
Ингэснээр Хүннү нарын хэрэглэж байсан сүйх тэрэгний эд анги, чимэглэлийн зориулалт, тухайн үеийн хэлбэр дүрс, мөн цаашлаад эдгээр тэрэгний бүтцийг судалснаар анхны хэлбэр төрх гэх мэт олон зүйлийн талаар өмнөх судлаачдын судалгаанаас гадна дахин мэдээлэл авах боломж бүрдэх юм.
Цаашид энэхүү илтгэл нь бидний малтан судалсан Гол модны бүх булшны хэрэглэгдэхүүнд тулгуурласан “Гол мод” Хүннүгийн булш оршуулгын тухай номны нэг бүлэг болохоос гадна, “Хүннү” студийн баримтат киноны сүйх тэрэгний загвар болох төдийгүй Хүннүгийн сүйх тэрэгний тухай тодорхой мэдээлэл өгөхүйц судалгааны ажил болох нь шинэлэг ач холбогдолтой. 
Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийн явцад өөрсдийн аж ахуй амьдралын хэв маягт байнгын хөгжил дэвшил авчирч байсны нэг илрэл бол сүйх тэрэг юм.  Хүннү нар нүүх, аян хийх, шаньюй залрах мэтийн ажилд тэргийг өргөн ашиглаж байжээ. Судалгааны хэрэглэгдэхүүнээс үзэхэд Хүннүгийн үед тэрэг нь үүрэг, зориулалтаасаа хамааран хэд хэдэн төрөл байсан бололтой[Ерөөл-Эрдэнэ, Гантулга, 2007:258] гэж үзээд дотор нь 1.Сүйх тэрэг,
2.Мухлаг тэрэг, мухлаг тэргийг дотор нь
А. Нуман оройтой, тэгш өнцөгт хэлбэрийн мухлаг тэрэг
Б. Бөмбөгөр оройтой, дөрвөлжин мухлагтай тэрэг хэмээн ангилан үзсэн байна. Харин энэхүү ангиллыг бид:
 Сүйх тэргийг зориулалтаар нь
1. Аяны болон өдөр тутмын
2. Албаны шаардлагаар хэрэглэгдэх, ёслолын болон төрийн арга хэмжээний хэмээн ангилах саналтай байна.
  Нүүдэлчид хүрэл зэвсгийн үеэс буюу МЭӨ XVI-XIII зууны үеэс тэрэг хэрэглэж эхэлсэн хэмээн судлаачид үздэг. Үүний нэг нотолгоо нь хүрэл, төмөр зэвсгийн түрүү үед холбогдох хадны зурагт морь болон үхэр хөллөлсөн тэрэг дүрсэлсэн байгаа явдал юм.
Одоогоор ихэнх судлаачид төв азийн нүүдэлчид хамгийн анх тэргийг бүтээж, амьдрал ахуйдаа хэрэглэж эхэлсэн гэж үзэцгээж байгаа боловч нүүдэл соёлын өвөрмөц шинжид хязгаарлагдан бидэнд өвлөгдөн хоцорсон бичиг сурвалжийн тэмдэглэл, археологийн олдвор, харьцуулан судлах зүйлс өнөөг хүртэл хомс байсантай холбоотой болов уу.
Хүннүгийн үед холбогдох сүйх тэрэгний судалгааны хэрэглэгдэхүүнийг дараах байдлаар ангилж болохоор байна. Үүнд:
1.      Археологийн дурсгал:
А. Хүннүгийн үед холбогдох сүйх тэрэгтэй холбоотой хадны зураг болон дүрслэлийг судалсан байдал
Монгол улсын нутагт хийсэн археологийн судалгааны түвшинд өнөөгийн байдлаар  сүйх тэрэгтэй холбоотой  хадны зураг  гэвэл Ховдын Үенч сумын нутаг “Ямаан ус”-ны хадны зураг дахь мухлагт тэрэг [Волков, 1972:75-89, рис. 5,6; Дорж, Новгородова, 1975,:14;17, табл. YI, рис.6,7], (Зураг 1а) Дундговийн Өлзийт сумын нутаг Дэл уулын Баруун Овоот Өндөрийн ар шилийн хаднаа үхэр хөллөсөн, мухлагт тэрэг [Баттулга, 1998:109-115, зур. 7; Төрбат, 2004:87], (Зураг 1б) Булган аймгийн Хутаг-Өндөр Сумын Эгийн Голын Бурхан толгойн 79-р булш [Төрбат, 2004:85-86]. (Зураг 1в) ОХУ-ын Буриадын Царамын 7-р булш [Миняев, Сахаровская, 2006:197-198] (Зураг 1г)-наас гарсан үйсэн эдлэл дээрх мухлагт тэрэгний дүрслэлүүд зэрэг болно.
Эдгээр хадны зургийн дүрслэлийн талаар судлаач Ч.Ерөөл-Эрдэнэ нар Хүннүгийн Сүйх тэрэг өгүүлэлдээ[Ерөөл-Эрдэнэ, Гантулга 2007:258-279] тодорхой тэмдэглэсэн тул энд давхцахаас зайлсхиййлээ.
“Ямаан ус”-ны хадны тэргийг дүрсэлсэн арга барил, тэрэгний хэлбэр дүрс зэргийг судлаачид Хангийн дурсгалуудтай жишээлэн үзэж он цагийг тогтоосон. [Дорж, Новгородова, 1975:44] бөгөөд Дэл уул [Баттулга, 1998:109-115, зур.7 Төрбат 2004:87], бурхан толгойн тэрэгний дүрслэлийг судлаачид  Ямаан усныхтай харьцуулан судалжээ [ Төрбат, 2004:88]‌‌‌‌.
Эдгээр дүрслэлүүд БНХАУ-Хунлоу . Маоцунь, Лилоу зэрэг газраас олдсон  чулуун  сийлбэр  дээрхи  “ Цы Чэ “хэмээх  тэрэгний  дүрслэлтэй  адил  байгаа юм .[Koжанов,1984:68, рис ,12a,б,в,стр,71,рис,6,7;Sun ji ,2001,p,68, pic, 4-2] (Зураг 2).
Б. Хүннүгийн язгууртны булшнаас илэрч олдсон сүйх тэрэгтэй холбоотой олдворуудын судалсан байдал
Монгол болон хил залгаа бүс нутгуудад нийт 1836 булш байгаагаас 30 аад Хүннүгийн язгууртны булш малтан судалсны дотор дийлэнх булшнаас сүйх тэрэгтэй холбоотой олдворууд олддог.
Эдгээрийг дурьдвал: 
Эдгээрээс шинжлэх ухааны ач холбогдол олдворын тоо, хийц хэлбэрээр Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй баг Балгас талын Хүннүгийн язгууртны 1-р булшийг нэрлэж болох юм.
Мөн үүнээс гадна Гол модны 20-р булш Ноён уулын сүжигтийн аманд малтсан 1-р булш Дуурлиг нарсны 2-р булшнаас шүхэрт тэрэгний дийлэнх хэсэг илрэн олдсон байна.
Гол модны 20-р булшнаас морин тэрэгний дугуйн хүрэл бул нийт 3 ширхэг олдсоны хоёр нь хийц загварын хувьд ижил, нөгөө нь эдгээрээс жижиг ажээ.
Үүнээс үзвэл энэ булшинд нэг бүтэн тэрэгнээс гадна өөр нэг тэрэгний цөн, хүрэл булыг дагалдуулсан бололтой байна.
Энэхүү морин тэргийг нэхэн сэргээж Хангийн үеийн Яо Чэ хэмээх 2 дугуйтай, шүхэрт тэрэг болохыг тогтоосон билээ[Ерөөл-Эрдэнэ, Гантулга, 2007:259]. (Зураг 3).
Ноён уулын 6-р булшнаас чий будагтай тэрэгний тэвшний үлдэгдэл, хүрэл бул, 25-р булшнаас шүхрийн модон орой, хүрэл дугтуй Кондратьевийн булшнаас тэрэгний мөөр, тэрэгний чихний дугтуй, сүжигтийн аманд 1954-1955 онд Ц.Доржсүрэнгийн малтсан дөрвөлжин далан үүдэвчтэй булшнаас тэрэгний дугуй, Тахилтын хотгорын 1-р булшнаас тэрэгний шүхрийн хүрэл дугтуй зэрэг зүйлс олджээ.    
Хүннүгийн булшнаас гарсан шүхэртэй морин тэрэг нь БНХАУ-ын нутагт малтан судалсан Хангийн үеийн булшнууд болон чулуун дээрх сийлбэр Хан-улсын хаадын булшны ханын зураг дээр байх Яо Чэ хэмээх тэрэгтэй адил байна. Хэмээн үзсэн нь бидний анхаарлыг ихэд татаж байна.
Хангийн үеийн булшнаас тэрэг бодиттой олдсон нь цөөн, ихэвчлэн тэрэгний жижиг модон болон хүрэл загварууд гарсан байдаг. Түүнчлэн ийм төрлийн тэрэг одоогийн БНАСАУ-ын нутагт орших Наннаны соёлын Сеогамригийн 9, 219 Намжеонгийн 116 дугаар булшнаас олдсон нь өдгөө БНСУ-ын үндэсний музейд хадгалагдаж байна. [Nangnang, 2001:39,55, 57, ] (зураг 4). Энэ нь Хангийн үеийн сүйх тэрэгний талаар бүрэн мэдээлэл болох эсэх нь асуудалтай ба Хангийн болон бусад хятад угсааны эртний улсуудын үеийн илрэн олдсон сүйх тэрэгний хэлбэр адил байж болох боловч хийц нь өөр байгааг та бүхэн хавсралтаас харж болох юм.
Харин ОХУ-ын Буриадын царамын 7-р булшнаас энэ тэрэг харьцангуй бүтнээрээ буюу мухлагны үлдэгдлийн хамт олдсон байдаг.
Энэхүү тэргийг Хангийн үеийн органик материалаар хийсэн бүхээг бүхий 4 модон баганат модон сараалжтай, сараалжин суудал, модон тохойлууртай, 2 аралтай 3-н морь хөллөлдөг тэрэг байсан[Miniaev, Sakharovskaia, 2007:46-50] (Зураг 5) хэмээн үзсэн байдаг нь тухайн үеийн харьцуулан судлах судалгааны хэрэглэгдэхүүн бага байсантай холбоотой болов уу.

В. Гол Мод-2  хүннүгийн язгууртны 1-р булшнаас олдсон сүйх тэрэгтэй холбоотой олдворууд
Хүннүгийн төрт улс байгуулагдсаны 2220 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хүннүгийн язгууртны булш, археологийн дурсгалыг судлах зорилгоор “Гол мод II ба Хүннүгийн түүх соёлын өв” нэртэй төслийг МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Археологийн тэнхим, “Түмэн Хишигтэн” ХХК-ны 2011оны 05-р сарын 06-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал буюу “Гол мод II” хэмээх газарт орших Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын 1-р булшнаас гадна язгууртны 5-р булш болон 2 дагуул булшийг өмнөх жилүүдийн судалгааг үргэлжлүүлэн 160 хоногийн хугацаанд  малтан судалсан юм.
Малтлага судалгааны үр дүнд тус булшнаас алт, мөнгөөр хийсэн хөөмөл, хүрэл сав суулга, сүйх тэрэгний чимэглэлүүд, ваар савны хагархай, дүнзэн авс, хаш эдлэл, шилэн аяганы хагархай, чулуун эдлэлүүд, төмөр эдлэлийн хэсгүүд гэх мэт олон төрлийн олдвор гарснаас 16 метрын гүнээс эхлэн бидний өгүүлэн буй сүйх тэрэгний олдворууд илэрсэн (Зураг 6) бөгөөд эдгээр нь малтлагын явцад илрэн олдсоор байсан ба булшны төв хэсэгт 18 аас 19 метрын гүнд ч үргэлжлэн илэрсээр байсан нь эдгээрийг анх бүгдийг зориуд эд ангиар нь эвдэн салгаж нэг түвшинд хойноос нь урагш цувуулан тавьсан байсан нь бунханы цөмрөлтийн улмаас гол нуруудсан чулуун байгууламжийн доогуур зориудаар шатаасан 20-60см зузаантай нүүрсэн үеийн дээгүүр ижил бус түвшинд илрэн олдож байсан.
Уг үеийн малтлагаас хамгийн их тоотой олдсон олдвор бол сүйх тэрэгний шүхрийн үзүүрийн чимэг болох 6 дэлбээтэй цэцгэн хүрэл дог 60 ширхэг илрэн олдсоноос 20-иод ширхэг нь зориуд болон даралтын шалтгааны улмаас тодорхой хэмжээгээр гэмтсэн байна. 
6 дэлбээт догны зарим нь 2-3 дэлбээг алтаар нимгэн шарсан байснаас тухайн үедээ энэхүү цэцгэн дог бүрийг алтаар шарсан байж болохыг харуулж байна.
Энэхүү үзүүрийн дог нь том 8ш жижиг 52ш, 2 янзын хэмжээтэй боловч хийцийн хувьд адил гэж хэлж болохоор байна.
 Мөн үүрэг зориулалт нь дээрхтэй  ижил байж болох 4 дэлбээтэй, дэлбээний уг хэсэг бүрт нүхтэй 6 дэлбээтэй догийг бодвол том хэмжээтэй цэцгэн дог нийт 15ш илрэн олдсон бөгөөд 6 дэлбээтэй догтой мөн адил 2 янз бөгөөд дотроо дэлбээ нь шовх үзүүртэй суурь хүзүү нь тэгш өнцөгт хэлбэртэй, дэлбээ нь шовх биш дугуйрсан суурь хүзүү нь дөрвөлжин хэлбэртэй хэмээн 2 ангилж болохоор байна.
Үүнээс 2 бүтэн догийг алтаар шарсан байгаа нь дээрхтэй адил тухайн үед бүгдийг алтаар шарсан байхыг үгүйсгэх аргагүй юм.
Булшны сүйх тэрэгтэй холбоотой олдвороос дээрх 6 болон 4 дэлбээтэй цэцгэн чимэглэл буюу дог нь урьд өмнө монгол болон хил залгаа бүс нутгуудаас олдож малтлага судалгаагаар илэрсэн догийг бодвол харьцангуй том боловч үүрэг зориулалт нь ижил бөгөөд ийм төрлийн үзүүрийн чимэглэл дог нь том сүйх тэргэнд хийх боломжтой бөгөөд жишээлбэл Ямаан усны хадны зураг шиг сүйх тэргэнд хэрэглэж болох юм.
Ямаан усны хадны зургийг сайтар ажиглахад өмнөх судлаачдын тодорхойлон бичсэнээс гадна 2 аралтай ба дээвэр нь бөмбөгөр хэлбэртэй халхны ирмэгээр доош унжсан цацагтай ба цацагны голоор үзэгдэх дүрслэлийг бусад сүйх тэрэгний хийц загвартай харьцуулахад энэ нь дээрх том хэмжээтэй үзүүрийн чимэг дог бололтой. 
  Дөрвөн дэлбээтэй жижиг хэмжээтэй шүхрийн үзүүрийн дог малтлагын 21м гүнд буюу тахилын хэсгээс болон адуу малын тоног хэрэгсэлтэй хамт нийт 31ш илрэн олдсон бөгөөд эдгээрийг дотор нь дэлбээ нь дэлгэмэл тэгш хэмтэй 5ш, дэлбээ нь хумиралдсан 5ш, дэлбээ нь дэлгэмэл голдоо бөндгөр товруутай 21ш хэмээн ангилж байна.
Энэ мэт олон төрлийн цэцгэн чимэглэлээс үзэхэд энэхүү булшны эзэнд зориулан ёслолын сүйх тэрэгнээс гадна 5-7 төрлийн хийц загвартай сүйх тэрэг дагалдуулсан байх боломжтой байна.
Малтлагын явцад энэ булшнаас сүйх тэрэгний хүрэл бул 13ш, төмөр бул 12ш олдсон эдгээр нь хэмжээ хэлбэр нь хоорондоо төстэй ба бага зэрэг хэмжээний хувьд ялгаатай ба ёслолын сүйх тэрэгний алтан шармал 1ш болон морь малын тоног хэрэгсэлийн хэсгээс илрэн олдсон 2 хос 4ш бул нь хэмжээний хувьд бусдаасаа нэг дахин бага хэмжээтэй ба эдгээр булшны тооноос үзэхэд 15-16 тэрэгний бул байгаа нь мэдэгдэж байна.
Үүнээс гадна энд хэд хэдэн төрөл болон олон тооны тэрэг байсныг илтгэх  үүлэн хээтэй хүрэл чимэг 10ш, сүйх тэрэгний хажуугийн хүрэл чимэглэл 8ш, аралны үзүүрийн хүрэл таг 20ш, дөрвөн талдаа ганц эвэрт хос домгийн амьтан бүхий хүрэл чимэг 4ш, (Зураг 7) тэрэгний дугуй тус тус илэрсэн бөгөөд эдгээрийн үүрэг зориулалтыг нь тодорхойлоод байна.
Сүйх тэрэгний дугуйны мөөр 30 хэсэг олдсон бөгөөд эдгээр нь нийт 4 бүтэн дугуйг төлөөлж чадахуйц байна. Нэг бүтэн дугуй нь бүтнээрээ 120см радиустай ба 7-8 хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь хоорондоо нийлэх ховилтой ба доторх модон дугуйтайгаа гадуур нь бэхлэгдэх зориулалттай бөгөөд мөөрнөөс модон дугуйгаа нэвт бэхлэх бэхэлгээ төмөртэй (Зураг 8). Мөн энд дурдахад тэрэгний цөн нь том 25ш, жижиг нь 23ш олдсон бөгөөд эдгээр цөнг мөн нарийн судлах шаардлагатай байна.
  Учир нь том цөнгийн дотор талд жижгийг байрлуулдаг байх боломж өндөр байна.
Зөвхөн цөнгийн жишээн дээр дурдахад энд 13-аас дээш сүйх тэрэгний цөн байх боломж байна.
Мөн сүйх тэрэгтэй холбоотой эд анги болох аралын үзүүрийн чимэг, тэнцвэржүүлэгчийн үзүүрийн чимэг, хүрэл сэнж зэрэг олдворууд илрэн олдсон юм.
     Энд дурдахад малтлагаас морины тоног хэрэгслүүд болох буулга хэлбэрээ хадгалсан 9ш, хэлбэрээ алдаж муудсан 98 хэсэг илэрсэн ба морины тоног хэрэгсэл хүрэл товруу зэрэг олон тоогоор олдоод байна.      
Г. Жижиг ёслолын модон дугуйтай сүйх тэрэг
 Жижиг сүйх тэрэг булшны төв хэсгийн цөмөрсөн гол нуруудын дундаас гарав. Тэргийг ерөнхийд нь бүрэн бүтэн эвдэж гэмтээлгүй тавьснаар илэрсэн боловч зүүн хойд хэсгээрээ тонуулчид цооноглон орохдоо эд ангийг нь тараан үгүй болгожээ.
Тэрэгний баруун талын дугуй бүтнээрээ гарсан бөгөөд 100см орчим голчтой  дугуйнд цөнгийн дотоод талд үйлдсэн бул байхаас дугуйны хэгээсэнд болон тойрсон дугуйнд ямар нэгэн төмөр ороогүй, харин зөвхөн модыг чий будгаар болон нимгэн арьсаар бүрэн үйлджээ.
Энэ бүхнээс үзэхэд зөвхөн ёслолын үйл ажиллагаанд хэрэглэгддэг ганган хээнцэр сүйх тэрэг байсан байж болох юм.
Малтлагын явцад аралын урд үзүүрийн чимэг 2ш, хойд үзүүрийн чимэг 1ш тэнцүүрлэгчийн үзүүрийн бэхэлгээ чимэг 2ш, хөллөлгөө морины жолоодох сур орох зориулалттай хүрэл сэнж 3ш, шүхэрийн үзүүрийн дог буюу 3-н дэлбээтэй хүрлийг алтаар шарсан чимэг 6ш, бул 1ш, морины жолоодлого хийх суран дээр хүрлийг алтаар шарсан товруутай эдлэл болон хятад ханз бүхий хээ угалзны дүрслэл бүхий эдлэл дугуйны хэсэг зэрэг илрэн олдсоноос гадна тэргэнд гурван морь хөллөдөг болох нь малтлагын явцад тодорхой болсон билээ.
Тодруулбал, жижиг сүйхийг хойш нь харуулан тавьсан бөгөөд тэрэг нь хоёр модон аралтай, энэхүү модон аралнуудын дундаас морины төмөр буулга, хоёр модон аралны гадна талаас мөн тус бүр нэг төмөр буулга илэрсэн, буулгануудын хажуугаас хазаар ногтны суран дээр бэхэлгээтэй хүрэл товруунууд илэрсэн нь энэхүү сүйх тэргэнд 3 морь хөллөдөг байсан хэмээн үзэж байна (Зураг 9-12).
Цэвэрлэгээний явцад уг сүйх тэрэгний шүхрийн үзүүрийн дог хагас дугуй байдлаар анхныхаа байрлалаар 6 ширхэг олдов.
Догнуудыг алтаар нилээн зузаан шарсан бөгөөд түүнд углуургадан хийж байсан нарийн модны үлдэгдэл догны дотор байлаа.
Сүйхний бүхээгний баруун хажуу тал маш сайн хадгалагдан үлдсэн бөгөөд түүнийг хийхдээ зузаан ширийг лакдан түүн дээрээ өнгө өнгийн будгаар үүлэн хээ, усан хээ, хятад ханз үсэг болон бусад хээ чимэглэлийг маш уран чамин, нарийн урласан байв. Энэхүү чимэглэлийн өргөн нь 0,5 м, урт нь 1.1 м хэмжээтэй байлаа. Эдгээрт тулгуурлан энэ сүйх тэрэг нь Хан улсын үеийн “Яо Чэ” тэрэгний дүрслэл болон хийц загвартай төстэй байна.
Д. Хөллөлгөө морины хулдрага хөмөлдрөгний чимэглэлүүд.
Малтлагаар адуу малын тоног хэрэгслийг замбаарагүй хольж тавьсан ба зарим нь өөр хоорондоо барьцалдсан байдалтай байлаа. Энэ хэсгийн хойд тал орчмоос адуу малын тоног хэрэгсэл гарч байсан бол урд хэсгээс нь хүрэл сав суулга, адуу малын тоног хэрэгсэл, мөн сүйх тэрэгний эд ангиуд гарч байв.
Энэ хэсгийн урд талаас болон оршуулгын хэсгийн зүүн урд талаас нэг эвэртэй бэлгэдлийн гөрөөсийг маш нарийн дүрсэлсэн гонзгой 17,5см урттай мөнгөн хөөмөл нийт 20ш, үүнтэй адил хэлбэртэй боловч бар мэт толгойтой, нэг эвэртэй хоёр амьтныг дээр доор нь дүрсэлсэн, далавч, гар хөлийн булчинг улаан ногоон өнгийн оюугаар шигтгэн уран гоёор дүрсэлсэн 18см урттай алтан чимэг 10ш, дугуй хэлбэртэй 13,5см голч бүхий нэг эвэртэй бэлгэдлийн гөрөөс дүрсэлсэн мөнгөн хөөмөл 4ш, үүнтэй адил хэлбэртэй боловч бар толгойтой, нэг эвэртэй, гарьд (garuda) гэмээр домгийн шувууг дүрсэлсэн алтан чимэглэл 2ш, мөн алтаар хийсэн 1, мөнгөөр хийсэн 1 духны хөөмөл чимэглэл тус тус илрэн олдсон юм.
Эдгээр алт мөнгөн хөөмөл чимэглэлүүд нь сүйх тэрэгний хөллөгөө морины хулдрага хөмөлдрөгний чимэглэл ба тооны хувьд голынх нь морийг алтаар хоёр талын морийг мөнгөөр чимэглэсэн гэж үзэж байна(Зураг 13-20). Эдгээр бүх сүйх тэрэгтэй холбоотой олдворуудад тулгуурлан Гол мод II-ын 5-7 төрлийн тэрэгнээс одоогийн байдлаар 3 төрлийг урьдчилсан байдлаар сэргээгээд байна(Зураг21-25).
2.Сүйх тэрэгний талаар түүх сурвалжийн мэдээнд
Хүннү нарын сүйх тэрэг хэрэглэдэг байсан талаарх хамгийн эртний гэж хэлж болох бичгийн сурвалж бол Хүннү Хангийн энх ургийн гэрээ буюу хоёр тал нэг бус удаа харилцан элч солилцож 2 улсын хоорондох асуудлыг шийдвэрлэдэг байжээ. Энэхүү захидлуудын заримд нь сүйх тэрэгтэй холбоотой мэдээ баримт байна.
Үүнийг доор сийрүүлбэл МТӨ 192 онд Хан улсын хаан ширээнд шинэ хаан суухад бас нэгэн гүнж хэмээгчийг Моодунд их хэмжээний бэлэг сэлтийн хамт хүргүүлсэн байна [Ганбаатар, 2008:146]. Моодун шаньюйгаас түүнд нэг удаа илгээсэн захидал түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна [Бичурин,1950:54-55].
Энэ захидлын хариу болгож Люй хатан хэрхэн өчсөн хэсгээс нь  Б.Ринченгийн орчуулсанаар энд оруулвал: Өтөлсөн болхи буурай нийслэлт, эрхэм Шаньюйн өмнө осолдсон буруутсан зүйл үгүй тул Шаньюйн захидалд хүссэн санааг гүйцэтгэн үл чадах буруугаа илтгэж, хүлцэн уучлахыг түмэнт өчнө.
Эл учраа элтгэн тоочиж, Шаньюй танаа хаан хүний унах ёслолын хоёр сүйх тэрэг, түүнээ хөллөх сургуультай сайн морь хоёр дөрвийг өргөн дэвшүүлж, үүний тул амрыг эрэн ёсловой [Ринчен, 2004] хэмээн бичжээ. 
Мөн Модун шаньюйгаас МТӨ 176 онд  Хан улсын шинэ эзэн хаан Вэндид өөрийн сүр хүч бардам омголон байдлыг илэрхийлсэн захианы төгсгөл хэсэгт ноён Сиду Цянийг элч болгон энэхүү захидлыг өгч, түүний хамт нэгэн тэмээ, уналгын 2 морь, тэргэнд хөллөх дөрвөн хүлэг илгээвэй.
Хэрэв хүннүчүүд танай хил орчмоор түвэг болоод байваас хилээс холдон дотогшлон суурьшихыг та бас иргэддээ зарлиг болгох ажаамуу [Бичурин,1950:54-55] хэмээсэн байна.
 МТӨ 198-135 оны хооронд Хан улс болоод Хүннүгийн хооронд нийтдээ арав шахам удаа энх ургийн гэрээ байгуулагдсан байна. МТӨ 198, 192, 179, 174 онд 2 удаа 162, 161, 156, 155, 135 онд тус тус байгуулагдсан тухай түүхэнд үлджээ [Ганбаатар, 2008:150].
Ийнхүү энх ургийн гэрээнд сүйх тэрэг, сургуультай мориор  бэлэг авч, өгч   байгаа нь хүннү улс  байгуулагдсан цагаасаа эхлэн сүйх тэрэг хэрэглэж байсан нотолгоо болох юм. Чухам тэрхүү тэрэг нь ямар хийцийн тэрэг байсан нь тодорхой бус боловч Шаньюй болон тэдний угсааны сурвалжтан язгууртнуудад зориулсан тансаг сүйх байх нь эргэлзээгүй юм.
  Мөн түүнчлэн Эртний Хятадын түүхэн сурвалжуудад  МЭӨ 8 онд хятадууд хүннүгийн нутгийн нэг хэсэг газрыг авах гэхэд гэр, тэрэг хийх модтой газар гээд хүннү нар өгөхөөс эрс татгалзжээ. [Бичурин, 1950:99], хүннү нарт 4-6 морь хөллөдөг тэрэг байжээ.
Хангийн Вэй Цин жанжин МЭӨ 19 онд Ичжисе шаньюйг бүслэхэд тэр 6 луус хөллөсөн тэргээр зугтжээ. Хятадууд МЭ 109 онд Өмнөд хүннүг довтлон 1000 гаруй тэрэг олзолжээ. Тэрчилэн Чэши нар МЭ 134 онд умард хүннүгийн 1000 гаруй тэргийг олзолсон [мөн тэнд] зэрэг баримтууд хүннүчүүдэд тэрэг олон байсан, өөрсдөө тэрэг бүтээж, хэрэглэж байсныг баталж байна.
Одоогоор мэдэгдэж буй хүннүгийн сүйх тэрэгнүүд нь Хангийн үеийн морин тэрэгтэй мөн ижил буюу хятадын хийцийн тэрэг байхаас гадна хятад тэрэгтэй төстэй тэрэгнүүд ч тохиолдож байна. Гэвч чухам аль төрлийн тэрэг нь тэдний өөрсдийн бүтээсэн тэрэг вэ гэдгийг тодруулахад бэрхшээлтэй юм. Учир нь өмнө өгүүлсэнчлэн археологийн судалгааны хэрэглэгдэхүүн, хятад сурвалжийн мэдээнүүд хангалттай бус юм.
Ямар боловч язгууртны булшнаас гарч буй  тэрэгнүүд нь гол төлөв чий будагтай, хүрэл тоноглол бүхий хятад хийцийн хөнгөн, гоёмсог тэрэгнүүд байна. [Ерөөл-Эрдэнэ, Гантулга, 2007:258] хэмээн дэвшүүлсэн саналыг бидний малтлага судалгаагаар илрүүлэн олсон сүйх тэрэгний олдворууд тодорхой хэмжээний  хариулт өгөх болов уу.
Сурвалжид хүннүгийн язгууртнууд Хан улсаас тэрэг бэлэглэсэн тухай мэдээ цөөнгүй бий. Тухайлбал, МЭӨ 51 онд Хуханье шаньюйд суудалтай тэрэг бэлэглэсэн [Таскин, 1973:35], Сяо шаньюйд суудалтай тэрэг, бөмбөртэй тэрэг ,....1000 цэн алт...бэлэглэсэн [мөн тэнд:57], мөн МЭ 50 онд Өмнөд Хүннүгийн Би шаньюйд өдөр шүхэр, гоёмсог чимэглэл бүхий 4 морь хөллөсөн суудалтай тэрэг бэлэглэсэн [мөн тэнд:72], Хуланьжо Шичжу Цзю шаньюйд 4 морь хөллөх хар адартай тэрэг, бөмбөртэй тэрэг, суудалтай тэрэг, соёрхсон тухай мэдээнүүд байна.
Гэвч эдгээр мэдээнүүд нь он цагийн хувьд нилээд хожуу буюу Хүннү нар умард, өмнөд болон салсан үед холбогдож буйг тэмдэглэх нь зүйтэй. Тодруулбал, Хан улсаас тэрэг соёрхсон Сяо, Би, Хуланьжо Шичжу Цзю шаньюй нар нь Хан улсад дагаар орсон Өмнөд Хүннүгийн шаньюй нар билээ [Ерөөл-Эрдэнэ, 2007:258].
Эдгээр сүүлийн үеийн судлагааны түвшинд Хүннүгийн язгууртны хэмээх дөрвөлжин далан бүхий булшны хамрагдах он цагийг ихэнх судлаачид МЭӨ 50 оноос хойш холбогдохыг тодруулаад байгаа нь дээрхтэй нийцэж байгаа ч тухайн үеэс өмнөх шаньюй нар нь сүйх тэрэг хэрэглэж байсныг дээрх энх ургийн гэрээнд тусгагдсан сурвалжийн мэдээ нотлоод байгаа ч чухам ямар хийц загвартай тэрэг хэрэглэж байсан нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Хэдий тийм боловч бэлгэнд ирж буй эдгээр тэргэнээс жишээлэн Хүннүчүүд лавтайяа байгуулагдсан цагаасаа хаан хүний унах ёслолын сүйх тэрэг унаж, хэрэглэж байсан ба эдгээр тэргэнээс жишээлэн өөрсдийн амьдралын хэв маягт тохируулан тэргийг хийдэг байсан байж болох юм.   
Дүгнэлт
Энэ бүхний эцэст бидний судалж буй сүйх тэрэгний талаар Гол модII-ын язгууртны 1-р булшнаас илрэн олдсон эд өлгийн дурсгалаар түүний хийц загвар нь мэдэгдэхүйц хэмжээний хэрэглэглэхүүнтэй болоод байна.
Өмнөх судлаачдын хүннүгийн сүйх тэрэгний талаар шүхэрт тэрэг, мухлаг тэрэг хэмээхтэй санал нэг байгаа хэдий ч дотор нь дээрх хэрэглэгдэхүүний судалгааны үр дүнд сүйх тэргийг зориулалтаар нь аяны болон өдөр тутмын албаны шаардлагаар хэрэглэгдэх,  ёслолын болон зөвхөн төрийн арга хэмжээний хэмээн ангилах саналтай байна.    
БНХАУ, БНАСАУ-ын  нутгаас  олдсон тэрэгнүүдтэй харьцуулан үзэхэд шүхэртэй тэрэг нь Хан-улсын үеийн “Яо чэ” ,бөмбөгөр  оройтой, дөрвөлжин  мухлагт тэрэг  нь  “Цы Чэ хэмээх  тэрэгтэй адил байна гэж үзэж буй судлаачдын саналтай нэг байгаа боловч энд дурдахад тэрэгний хэлбэрийн хувьд төстөй шинжүүд ажиглагдаж байгаа хэдийч энэ талаар дахин судлах шаардлагатай байна.
Иймээс  хүннү  нар  хэд хэдэн төрлийн тэргийг өөрсдөө  хийдэг байсан ,хүннүгийн язгууртаны булшнаас гарч байгаа тэрэгнүүд нь цөм Хан улсаас ирсэн зүйлс үү , эсвэл тэднээс хуулбарлан өөрсдөө  хийж байсан уу зэрэг нь одоо хэр эргэлзээтэй боловч энэ асуудлыг тодруулахад сүүлийн үед монгол нутагт малтан судалж буй хүннүгийн язгууртны булшнаас илрэн олдсон хийгээд  олдвор дээр тулгуурлан  нарийвчилсан судалгаа шаардлагатай.
              Судлаачдын үзэж байгаагаар Хүннүчүүд төрт улс байгуулсан цагаасаа эхлэн Хан улсаас Модун Шаньюйд хаан хүний унах сүйх тэрэг, Модун шаньюйгаас Хан улсын хаанд сургуультай морь бэлэглэж байгаа зэрэг нь Хүннүчүүд сүйх тэрэг хэрэглэдэг мөн сургуультай морь бэлддэг байсан нь өөрсдөө ч сүйх тэрэг хэрэглэж байсан бололтой.
Хятадууд хүннүгийн нутгийн нэг хэсэг газрыг авах гэхэд гэр, тэрэг хийх модтой газар гээд хүннү нар өгөхөөс эрс татгалзсан, мөн Хятадууд МЭ 109 онд Өмнөд хүннүг довтлон 1000 гаруй тэрэг олзолжээ. Тэрчилэн Чэши нар МЭ 134 онд умард хүннүгийн 1000 гаруй тэргийг олзолсон  зэрэг баримтууд  түүхийн сурвалжийн мэдээгээр Хүннүчүүд сүйх тэрэг хэрэглэж хийж байсныг давхар батлаж байна.
Гол мод-2 ийн 1-р булшнаас гарсан сүйх тэрэгтэй холбоотой олдворууд нь одоогийн байдлаар Хүннү судлалд үнэтэй хувь нэмэр оруулах шинжлэх ухааны ач холбогдолтой олдворууд болоод байна. Эдгээр олдворын эд анги чимэглэл зэрэг 1270 гаруй олдворт  тулгуурлан энд нийт 15-16 сүйх тэрэг байх боломжтой байна.
Мөн хятадын эртний улсуудад холбогдох тэрэгнүүдийн шүхрийн үзүүрийн чимэг болох дог, дугуйны цөн бул, чих, буулга, тэрэгний аралын хийц, тэвш болон түүний үзүүрийн чимэглэлүүд, морины тоног хэрэгсэл, алт мөнгөн чимэглэлүүд нь бүгд хийцийн хувьд одоогийн байдлаар давтагдахгүй байна.
Гол мод-2 болон бусад хүннүгийн язгууртны булшнаас гарч буй сүйх тэрэгнүүд нь Хан болон хятадын эртний улсын үеийн сүйх тэрэгтэй төсөөтэй гэхээсээ илүүтэйгээр хоорондоо төстэй зүйл ажиглагдаж, гагцхүү орон нутгийн хийц загвар ажиглагдаж байна.
Энэ бүхний эцэст хэлэхэд Хүннүчүүд хятадаас сүйх тэрэг, бусад эд зүйлс авдаг байсан хэдий ч өөрсдөө аж ахуйн хэрэглээний зүйлсээ хийж чаддаг байсны нэг жишээ нь энэхүү илтгэлд тусгалаа олсон гэж бодож байна.

Резюме
В этом докладе рассматриваются разнобразные детали колесниц хуннов, которые выявлены нами из первого кургана Гол Мод II. Мы зафиксировали 1270 разных деталит колесниц. Сравнительный анализ показывает, что в этом кургане были захоронены 15-16 колесниц, пяти или семи разных типов. Мы предполагаем, что некоторые виды колесниц были хуннского производства, а другие типы колесниц китайского происхождения из Ханьской империи. 


















Тэрэг, түүний  зарим эд  ангийн нэрийн тайлбар

Арал
Тэрэг  чарганд морь мал хөллөхөд зориулсан хоёр урт иш мод
Бул
Тэрэгний дугуйн төвийн бүдүүн  хэсэг ,тэрэгний бул
Буулга
Тэргэнд  хөллөх ,малын  хүзүүн дээгүүр тавьж уях  бөгтөр мод тэрэгний  буулг,
Гуя
Зарим юмны өрөөсөн  төр ,тэрэгний  гуя.хайчны гуя
Дог
Юмны оройд   чимэг болгон хийсэн зүйл

Дугтуй
1.      Юманд  углах  гэр ,хуй
2.      Юмны  үзүүрт  углах углуур
Жууз
Хүн сууж явах дамнуурган сүйх
Мөөр
Дугуй юмны  хүрээ  ,дугуны мөөр,мөөртэй шал
Мухлаг
1.      Дээгүүрээ бүрхүүл  бүхий  үүдтэй тэрэг :мухлаг сүйх тэрэг
2.      Бүхээг
Сүйх
Морь  малд хөллөж  хүн  сууж явахад зориулсан мухлаг :сүйх тэрэг 
Тэнхлэг
Тэрэгний арлыг тоссон булны  нүхэнд  дүрэх  хөндлөн   төмөр  буюу мод
Төмөр тэрэг
Дугуйны  мөөрийг төмрөөр  бэхэлсэн тэрэг
Хасаг тэрэг
Мал  хөллөж   ачаа ачих том тэрэг
Цөн
Тэрэгний голд хамгаалалт .бэхэлгээ болгож  хийх төмөрлөг ,тэрэгний  цөн

Чих
Тэрэгний чих – үхэр ,морь  .тэмээн тэрэгний хүрдний нүхнээс гадагш илүү гарсан голын хоёр үзүүр
Чих цүү  -тэрэгний  тэнхлэгийн  хүрдний  нүхнээс гадагш гарсан голын хоёр үзүүр торгох хадаас /тал821/
 Археологийн судалгаагаар илрэн олдсон тэрэг, түүний эд ангиудыг судлаачид янз бүрээр нэрлэж байгааг нэг мөр болгох зорилгоор Я.Цэвэл, Норжин, Хорин наймт, Гучин зургаатын тайлбар толиудаас нягтлан үзсэн судлаач Доктор (Ph.D) Ч.Ерөөл-Эрдэний нийтлүүлсэнээр






НОМ ЗҮЙ
Архангай дахь хүннүгийн судалгаа 2007 – Архангай дахь хүннүгийн судалгаа / Монгол –Францын хамтарсан археологийн эспедицийн  15 жилийн ойд зориулсан товхимол/УБ., 2007(ред .Ж.П.Дерош,Г.Андре)
Andre G.2003-Une tombe princiиre xiongnu a Gol mod ,Mongolie- Arts  Asiatigues,tome 58,pp.194-205
Баттулга Ц.1998 – Дэл уулын Баруун билүүний 2 .3 бичээс .SA.Tom. XYIII, fasc. 9, УБ., 109-115 тал
Бичурин Н.Я. 1950 Собрание сведений о народах, обитавших в середней Азии в древние времена. Т.I, М-Л
Волков В.В.1972 –Древние колесницы  Монгольского  Алтая. Монголын эртний түүх соёлын зарим асуудал .А.С, Tom. Y, fasc. 6, УБ., стр.75-89, рис. 5,6
Дорж Д., Новгородова Э.А.1975- Петроглифый Монголии. УБ.,стр.14-17 табл. YI, рис. 6,7
Ерөөл-Эрдэнэ Ч., Гантулга Ж., 2007. Хүннүгийн сүйх тэрэг. – Археологийн судлал. УБ., Fasc. 18. 258-р тал.
Миняев С.С., Сахаровская Л.М 2006 – Миняев С.С., Сахаровская Л.М Элитний комлекс захаронений сюнну в пади Царам.-Российская археология №1, стр. 194-201, М.
Miniaev S.S., Sakharovskaia L.M.2007- Miniaev S.S, Sakharovskaia L.M. Investigation og a Xiongnu royal complex in the tsaraam valley, part 2; the inventory of barrow No.7 and the chronogoly of the site.-“the silk road” Volume 5, Number 1.
Руденко С.И. 1962 – Култура хуннов и Ноинулинские курганы. М-Л., 1962
Тэргүүнбаяр С. Төв Азийн хадны зургаас эртний нүүдэлчдийн тэрэгний загвар, бүтцийн хувьсгалыг шинжлэх нь 2012. – Монгол болон Байгал нуур орчмын Сибирийн эртний соёл. Олон Улсын Эрдэм Шинжилгээний III хурлын илтгэлийн эмхэтгэл. Тэргүүн дэвтэр. Fasc. 40. УБ., 248-р тал
Төрбат Ц. 2001 – Хүннү булшнаас гарсан үйсэн дээрх тэрэгний зураг. УБИС-ийн ЭШБ. Tom.III, fasc.2, УБ., 2001, 66-68-р тал
The ancient culture of Nangnang 2001 – The ancient culture of Nangnang. The national Museum of Korea & Sol Publication co.2001
Эрдэнэбаатар Д., Идэрхангай Т., Мижиддорж Э., Оргилбаяр С., Маратхаан А., 2011 – МУИС – н Улаанбаатар сургуулийн Нийгмийн Ухааны Факультетийн “Гол мод II ба Хүннүгийн түүх соёлын өв” төслийн тайлан. Археологийн тэнхмийн ГБСХ. УБ.,
 

No comments:

Post a Comment