Sunday 25 November 2012

БНМАУ-ын Засгийн газрын ордоны барилга



Улаанбаатар хотын музейн ЭША
Гэрэлийн Очбаяр

Хувьсгалын өмнө “Хүрээний сайдын Яам” хэмээх автономитын дотоод яам байсан газар дээр 1929-1930 оны үеэс тус улсын Сангийн яамнаас эрхлэн хоёр давхар барилгыг бариулсанд Засгийн газар байрлажээ. Уг байшинг 1942-1943 онд өргөтгөн давхарласан бөгөөд энд Х.Чойбалсан 1937-1951 онд ажиллаж байжээ. 1951 оноос эхлэн Улсын багшийн дээд сургууль байрлах болж тус сургуулийн цаашдын өсөлт хөгжилтийн дагуу уг барилгад 1958-1959 онд өргөтгөл хийж, баруун хойт хэсгийг нэмэн барьсан бөгөөд 1970-1971 онд дахин өргөтгөж хичээлийн дөрвөн давхар барилгыг хойт хэсэгт нь залган барьжээ. 
1926-1930 он хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт нийт 12 байшин барилга барьж, үүнд 9560 мянган төгрөгийг зарцуулжээ. Тус хугацаанд барьсан 12 байшингийн нэг нь Ардын засгийн газрын байшин юм. Мөн 1943 онд 17.4 сая төгрөгийн 7 барилгыг барьсаны дотор Ардын засгийн газрын барилгын өргөтгөл багтаж байлаа.    
Өнөөгийн Боловсролын Их Сургуулийн хичээлийн “А” байр байгаа барилгыг анх барихдаа, нүүр талаас харахад тэгш бус хэмтэй, гурван давхартай хэсэгт гол хаалга гаргасан, зүүн тийш хоёр давхараар үргэлжилсэн тоосгон барилга агаад дээвэрт нь стропиль хийц хэрэглэж хоёр тийш налуу дээвэр үүсгэн хуудас төмрөөр бүржээ. Тэгш өнцөг үүсгэн хойш үргэлжлэх жигүүр нь нэг дан, автомашины зогсоол гарааш байхаар төлөвлөжээ. Энэ барилга нь хүн суухаар төлөвлөсөн давхар барилгуудын нэг юм. Хуучин Нийслэл хүрээнд олон давхар мэт барилгууд байсан боловч дээд давхруудад хүн суухаар хийж байсангүй зөвхөн Богд хаанд зориулсан Лавиран сүмүүдийг хүн суух давхартай хийж байсан ба Богд хааныг бурхан мэт өргөмжилж байсан учир дээд давхарт нь заларч, 1-р давхарт үйлчилгээний хүмүүс байхаар бодож байжээ.
Монголчуудын өөрийн дээр малгай бий, малгай дээр хөх тэнгэр байдаг гэсэн уламжлалт ойлголт байсан учир дээд давхруудад цэвэр бурхан шүтээн буюу номын сан (тавиуруудыг) байрлуулж байжээ. Ийнхүү Засгийн газрын барилгыг давхар барьсан нь монголчуудын уламжлалт ёс заншилд хүчтэй хандаж хэнийг ч үл тоон дээгүүр нь алхан гарч болох мэт ойлголтыг өгчээ.

No comments:

Post a Comment