Tuesday, 28 December 2010

ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН БУЮУ “ЧИНГИСИЙН ГӨЛӨГ”-НҮҮД

Ерөнхий сайд П. Гэндэн
И. В. Сталин
1934 оны 11 сарын 24-ний үдэш Москва дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн байранд нэгэн зоог болжээ. Зоогонд Ио́сиф Виссарио́нович Ста́лин (Жугашвили), Климе́нт Ефре́мович Вороши́лов, Вячесла́в Миха́йлович Мо́лотов (жинхэнэ овог нь Скря́бин) тэргүүтэй ЗХУ-ын удирдагчид, Монголын талаас Пэлжидийн Гэндэн тэргүүтэй хүмүүс оролцож. Зоог дээр И. Сталин, П. Гэндэн нар харилцан бие биенийхээ эрүүл мэнд болон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хундага өргөжээ. И.Сталин хундага өргөхдөө “...хэрэв та нар унтах юм бол Япон та нарыг бут цохино. Монголын ван, ноѐд Японыг эсэргүүцэж байна. Гэхдээ энэ эсэргүүцэл нь сул байна. Ван, ноѐдын тийм сул эсэргүүцэл ашиг өгөхгүй. Бид энэ хундагыг эсэргүүцэж чадах, тэмцэж чадах тийм Монголчуудын төлөө хундага өргөе.” гэв.  Яг энэ мөчид П.Гэндэн “Ура” хэмээн  хашхирчээ. Тэгэхэд нь И.Сталин “Ура” хашхирах амархан, ажил хэрэг дээрээ Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгтэй... энэ хундагыг эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол орны төлөө өргөе” гэжээ. Хариуд нь Гэндэн түрүүнд өөрийнх нь төлөө нэгэнт хундага өргөчихсөн учраас И.Сталинг алгасаад В.М.Молотов, К.Е.Ворошилов, Г.Я.Сокольников болон бусад хүмүүсийн төлөө хундага өргөснөө, 100 мянган рублийг тооцооноос хасаж өөрөөр хэлбэл ЗХУ-д төлөх Монголын өрийг устгахыг санаачлагч, угсаа нэгтэн бөгөөд шинэ эргэлтийн бодлогыг үндэслэгч Ж. З. Элиавагийн төлөө хэмээн онцлон хундагатайгаа тогтоожээ. Тэгмэгц И.Сталин инээмсэглэж “Чингис хааны цэргийн жанжин Зэв Гүрж нутгаар өнгөрөхдөө гүрж айлын гэрт буугаад мордсоноос хойш үлдсэн Элиава гэдэг овог бол одоо Элиавдун болжээ. Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн  гөлөг” хэмээн хэлэв. Энэ хундага өргөлтийн ар дахь далд утгатай үгсийн учрыг тайлбарлах нэг их шаардлагагүй болов уу. Чухам эндээс Гэндэнгийн Сталинтай тэрсэлдэж эхэлсэн тухай бидний
үед хүрч ирсэн домог эхэлдэг юм. Сталиныг ингэж хэлмэгц П.Гэндэн “Гүрж Сталин Оросын хаан болж байхад, Монгол Гэндэн яагаад Монголын хаан болж болдоггүй юм” гэж хэлсэн гэдэг. Харамсалтай нь энэ үг хамт байсан хүмүүсийн дурсамж ярианд л яригддаг болохоос биш, албан ѐсны уулзалтын протоколд үлдсэнгүй. Дараа нь тэд “Чапаев” кино үзжээ. Киноны үеэр И.Сталин, П.Гэндэнд Чапаев нойрноос болж ялагдсан тухай хэлээд өнөөгийн монголын байдал, тусгаар тогтнолтой холбон ярьж монголчууд олсон амжилтдаа тайвширч болохгүй, Хэрэв та нар унтах юм бол Япон мэт хүчирхэг дайсантай хийх тэмцэлд зайлшгүй ялагдана . . . танай арми нэг дивизээс хэтрэхгүй байна. Япончууд нэг морин дивизийг мото механикжсан хэсэг, нисэх онгоцоор дэмжүүлэн илгээхэд Улаанбаатарыг эзлээд авна. Үүн дээр нэмж хэлэхэд танай цэрэг дайн туулаагүй. Танай цэргийн хагас нь Япончуудад сайн дураар бууж өгч магадгүй. Хэдэн хувь нь урвагчид байх  бол?!” хэмээн асуужээ. “Хэдэн хувь нь” энд би дахин онцлоѐ. “Хэдэн хувь нь урвагчид байх бол?! Гэндэн урвагчид гарахгүй гэхэд О. Дашчирав маш бага хувь гарна” хэмээн үг алдахад Я. В. Щеко- “Командын бүрэлдэхүүнээс сайн дураараа бууж өгөх хүмүүс бий” хэмээн бас нэг үг алдав. Энэ яриа цаашлаад Монголд үзүүлэх ЗХУ-ын техник, хүн хүчний тусламжийн тухай яриа болон өрнөж эцэстээ “Олон улсын харилцаа харилцан туслалцах гэрээ хэмээх зүйл байдаг. Түүний дагуу гэрээ байгуулсан улсууд гадны довтолгооны үед бие биедээ тусалдаг юм. Тийм баримт ЗСБНХУ ба Францын хооронд байж болох юм. Хэрэв Герман Францад довтолбол ЗХУ Францад туслана. Герман ЗХУ-д довтолбол Франц ЗХУ-д туслана. Хэрэв тусламж хүсэж байвал тодорхой тохиролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол хожимдоно” гэсэн И.Сталины үгээр өндөрлөжээ. П.Гэндэн чухам энэ үеэс л өөрийгөө ЗХУ-ын удирдлагын өмнө хувь хүний хувьд хэн болох, монгол улсын удирдагчийн хувьд хэн болохоо улс төрч хүний хувьд ойлгон ухаарч эхэлсэн болов уу гэж хожмын өрнөсөн үйл явдлуудтай уялдуулан дүгнэж үзэхэд өөрийн эрхгүй бодогддог юм. Ганц өдөр хүний үзэл бодол, үйл хөдлөл, ер юм бүхэн 100 хувь өөрчлөгдөхгүй л дээ. Энд би улс төрч хүний оюуны задралыг хэлж байгаа юм. Чухам яг энэ үеэс П.Гэндэнгийн өмнө ЗХУ-ын удирдагчдыг үг дуугүй аялдан дагах уу, үндэсний язгуур эрх ашгаа эрхэм болгож өөрийн үзлээр явах уу гэдэг аль ч үеийн улс төрч, төрийн тэргүүнүүдийн өмнө тавигддаг ацан асуулт тулгарсан юм. Гэндэн 3 дахь замыг олж сонгосон. П.Гэндэн Монголын улс төрийн амьдралд хөл тавьснаасаа хойш яг 10 дахь жилийнхээ нүүрэн дээр И.Сталины багийнхантай энэхүү хүнд хэцүү, алсдаа Монгол улсын хувь заяанд туйлын чухал нөлөө үзүүлэх яриа өрнүүлжээ. Төр улсын төлөө зүтгэхдээ түүнд алдсан ч юм бий, оносон ч юм бий. Цаг үеийн мөн чанарыг таньж мэдэх улс төрийн цараа, хараа дутсанаас Ц. Дамбадорж, Ж.. Цэвээн, Н. Жадамба нартай албан тушаал, эрх мэдлийн дайн хийж, түүнийгээ коминтернд ашиглуулан төр улсдаа тус биш ус хийж, эрх мэдэл, нэр нүүрээ бодож нөлөөгөө алдахгүй бэхжүүлэх санаа өвөрлөн гадны зохион байгуулсан нугалаа завхрал, нууц хуйвалдааны гар хөл болж ижил нөхдөө егүүтгэн явсан бараан намтар түүнд бий. Тэр угаас ам хэл түргэн, үг яриа хурц, омголон цочмог нэгэн байж. Нөгөө талаар олсон боловсрол бага ч хар ухаан сайтай, түргэн гүйлгээ сэтгэдэг удирдан зохион байгуулах байгалийн авьяастай хүн байжээ. Энэ бүх шинж чанарууд нь монголын нам, төрийн томоохон албан тушаалд байх бүхий л үеийнх нь турш сайн муугаар илрэн гарч байлаа. Гэвч тэрээр алдахынхаа хэрээр ухаажсан хүн юм. ЗХУ-ын хэтэрхий өргөн фронтоор хүч түрэн орж ирж буй нөлөө, тулгалтын эсрэг боломжийнхоо хэрээр тэмцэхийг оролдсон ч өдөр ирэх бүр их гүрний шинжийг олж буй хүчирхэг улсын улс төрийн бодлогын өмнө хүчин мөхөсдөв. Хорсон бачимдахдаа мөнөөх цочмог омголон зангаараа дургүйцлээ илэрхийлэн, ЗХУ-ыг “Улаан империализм” хэмээж, Сталинд халамцуухан голдуудаа чанга үг хэлэх болжээ. Түүнийг улс орынхоо бие даасан эрх мэдлийн төлөө бачимдан тэмцэхдээ ийм алхам хийж дээ хэмээн бахархан бодож болох боловч улс төрч хүнийх нь хувьд авч үзвэл туйлын бодлогогүй, болчимгүй алхам байлаа. Нэг талаар өөрийгөө зольж, зориг гаргасан ч нөгөө талаар монголын төрийн удирдлагын зоригийг мохоож, хүчийг сулруулан эвийг эвдэх боломжийг ЗХУ-ын удирдлагуудад олгосон юм. Дуулгаваргүй, өөрийнхөө бодсоноор байх гээд байвал Пэлжидийн Гэндэн шиг болно шүү, тэр ердөө л Чингис овогтой “гөлөг” гэдгийг И.Сталин, П.Гэндэнгийн дараах монголын төрийн удирдлагад сайтар ойлгуулсан юм. Ер нь Гэндэнг монголын төрийн удирдлагаас шахан зайлуулах ажил явуулга
Лев Михайлович Караханыг Москвад очсон үеэс эхлэн Кремльд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд тэрээр П.Гэндэнгийн тухай янз бүрийн шугамаар цуглуулсан хэд хэдэн мэдээллийг өвөрлөн очсон юм. Тухайн үед ЗХУ-ын хувьд олон улсын гадаад байдалтай холбогдон Монголд шинэ дэг журам тогтоох, шинэ удирдагч томилох шаардлага гараад байлаа. Шинэ дэг журам нь ЗХУ-ын Улс төрийн бодлогын чиг шугамыг үг дуугүй аялдан дагах, шинэ удирдагч нь түүнийг үг дуугүй хэрэгжүүлэгч байх ѐстой. Энэ нь 1934 оны 10 сарын 21-нээс 12 сарын 02, 1935 оны 12 сарын 30-наас 1936 оны 1 сарын 7-нд монгол, зөвлөлтийн удирдагчдын уулзсан олон удаагийн уулзалт ярилцлагууд дээрх ЗХУ-ын удирдлагын байр сууриар тун тодорхой илрэн гарч байв. Чухам энэ үеэс Зөвлөлтийн сталинч удирдлага Монголын удирдагчдад илт дарамт үзүүлэх болж хоѐр улсын харилцааны улс төрийн хэлбэр төдий тэнцвэрт харилцааг бүрмөсөн устгаж, монгол улсыг өөрийн зөвхөн нөлөөний хүрээний нутаг биш бүр дагуул, бамбай улс болгох алхамд нэг мөр шилжин орсон юм. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд нь Сталинчуудад Монгол улсын Засгийн газрын тэргүүн Гэндэнгийн улс төрийн бие даасан байдал, үзэл бодол, үйл ажиллагаа саад болж, тэдэнд таалагдахгүй хүмүүсийн жагсаалтад эн түрүүнд оров. Гэндэн ямар үйлдлээрээ тэдэнд үл таалагдав. Юуны өмнө Гэндэн монгол улсын тэргүүн, удирдагч гэдгээ эрхэмлэн үзэж ард түмний дунд нэр хүндтэй байдгаа мэдэрдэг, тэр ч үүднээсээ зөвлөлтийн элдэв шахалт тулгалттай санал зөрөлдөн, хэр хэмжээндээ эсэргүүцэж байлаа. Хэдэн жишээ дурдья. Монголд суугаа Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгчөөс Москва руу илгээсэн нэгэн мэдээлэлд П.Гэндэн Зөвлөлтийн дипломатчтай ярилцаж байхдаа “Бид ЗСБНХУ- ыг Зөвлөлтийн өөрийнх нь болон мөн дэлхийн хувьсгалынх нь төлөө биш харин манай үндэсний тусгаар тогтнолыг хэлбэрэлтгүй бэхжүүлэх үүднээс л түшин тулж байгаа юм” гэлээ хэмээн бичсэн байдаг. Зүүний нугалааны дараа буюу шинэ эргэлтийн бодлого эхэлсэн, “Лхүмбийн хэрэг” мандсан, Гэндэн засгийн эрхэнд гарсан үеэс Монголд Зөвлөлтийн нөлөө өсөх
үйл явцыг сааруулах оролдлого хийгдэж эхэлсэн нь ажиглагддаг. Энэ нь юуны өмнө монголд
ажиллаж буй Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч нарыг цөөлөх явдлаар илэрсэн гэж хэлж болно.
Зөвлөлтийн сургагч мэргэжилтнүүдийг цомхотгох, ажил дээрээ үлдсэн сургагч мэргэжилтнүүдийг албан тушаалдаа тэнцэх эсэхийг нь шалгах, түүнчлэн мэргэжилтнүүдийн
оронд монголчуудыг томилох арга хэмжээг нягтлан шалгах үүрэг бүхий комисс байгуулж
түүгээр үл барам удирдлагын дунд болон зарим дээд шатны албан тушаалыг “монголчлох”
оролдлого хийв. ЗХУ-аас Монголд суугаа бүрэн эрхт төлөөлөгч С.Е. Чуцкаевч монголд ажиллаж буй сургагч ажилтнуудын бэлтгэл муутай, үл тохирох хүмүүс байгааг олон тооны баримтаар дурдан нотлож, энэ нь монгол дахь ЗХУ-ын бодлогод хор хохирол учруулж байгааг Зөвлөлтийн
удирдлагад анхааруулжээ. 1933 оноос Монценкооп, Монголтрансс, Монгол банк болон Мал тариалангийн яам зэргээс олон тооны сургагч, ажилтнууд эгүүлж татагджээ. (1933 оны эцсийн байдлаар Монголд 4000 гаруй оросын албан хаагч, сургагч нар байжээ.) Мөн энэ үеэс экспорт, импортын худалдааг дан ганц ЗХУ-тай хийж байгааг эргэн харах асуудал ч яригдаж эхэлсэн байна. Энд би П.Гэндэнд холбогдох хоѐр баримтыг сонгон авч түүн дээр үндэслэн 1935-1937 онд П.Гэндэнгийн эргэн тойронд болсон үйл явдлыг өгүүлэхийг оролдьѐ. 1935 онд ЗХУ-аас БНМАУ-д суух бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон В.Х.Тайров, (БХК(б)Н-ын ТХ-ны онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн үүргийг хавсарсан) П.Гэндэнг шууд л албан тушаалаас нь зайлуулах улмаар ЗХУ-д аваачиж тэнд нь үлдээх санал шаардлагуудыг тавих болжээ. 1935 оны 10-р сард дээрх саналаа Монголын комисст дахин тавихад, комисс П.Гэндэнг ерөнхий сайдаас зайлуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. В.Х.Тайров 1935 оны 9 сард ЗСБНХУ-ын ГХАК-т бичсэн захидалдаа “Гэндэн шууд урвахаар бэлтгэн зөвлөлтийн эсрэг санаа сэтгэлийг өдөөхөд чиглэсэн ухамсартай тооцоолсон бодлого явуулж байна” гэсэн бөгөөд К.Воршиловт бичсэн захидалдаа түүнийг (Гэндэнг) Чан-Кайшитай адилтгасан байна. Харин С.Е.Чуцкаев монголын нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж П.Гэндэнгийн байр суурийг сайтар гадарладаг хүний хувьд 1935 оны 10 сарын 28-нд “маш нууц”-ын зэрэглэлтэй дэлгэрэнгүй захидлыг И.Сталинд бичсэн байна. Тэрээр захидалдаа “Тайров ... маргашгүй, бодитой үнэн зөв мэдээ баримт гаргаж ирэхгүй байна. Тэр П.Гэндэнгийн “зөвлөлтийн эсрэг” хэлсэн зүйлийг Монголын бусад ажилтнуудын өөрт нь дамжуулсан яриа хөөрөө, дам сургаар багцаалж байна. Тэгэхдээ тэрхүү ярьж хэлж байгаа хүнийх нь өчүүхэн явцуу ашиг хонжоо харсан шалтгаан болоод дотоод агуулгыг нь шүүн тунгаасангүй... Гэндэн бидэнтэй эцсээ хүртэл явахгүй гэдгийг би үгүйсгэхгүй. Хэрэв япончууд монголд орж ирвэл тэрээр тэдэнтэй нийлнэ гэж хувийн яриандаа хэлж чадахыг, тэр ч бүү хэл ингэнэ гэдгийг үгүйсгэхгүй боловч... Гэндэн бодож тооцоолсон, ухамсартай өдөөн хатгалга явуулж, урван тэрслэхээр бэлтгэж байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй...БНМАУ-ын тусгаар тогтнолын үзэл санааг баримталдаг, шинэ эргэлтийн бодлогын туйлын үнэ цэнтэйд итгэлтэй байдаг болон Монголын бие даасан байдалд халдахгүй гэсэн ЗСБНХУ-ын удирдлагын эргэлзээгүй хүслийг хүлээн зөвшөөрдөг хэр нь Гэндэн нь заримдаа ийм итгэл үнэмшилд харшлах санаа бодол илэрхийлэх, тэр ч бүү хэл тийм шийдвэр гаргаж чадах хүн. Иймд түүнтэй тэвчээртэй, нөхөрсөгөөр хандаж ажиллахыг шаардана. Тайров тэгж чадахгүй байна... Гэндэн өөрийгөө үнэлж мэддэг, өөрийгөө ард олны цорын ганц удирдагч гэж үздэг (энэ нь үндэсгүй ч юм биш), ба сохор бүдүүлгээр буюу сайтар бодож тунгаагаагүй шүүмжлэлийг өөрийнх нь эрх мэдэлд шууд халдаж байна гэж үздэгээс бүр илүү ойлгомжтой болж байна. Эрх мэдлээ  хамгаалахын тулд тэрээр их хол явах хүн. Гагцхүү ЗСБНХУ-ыг тулж түшсэн нөхцөлд тэрээр БНМАУ-ын эзэн байна гэдгээ эргэлзээгүй ойлгож мэддэг... Тайров, Гэндэнг халах нь ердийн зохион байгуулалтын ажил гэж үзэж байна... Энд Тайровын бас нэг төөрөгдөл харагдаж байна. ... Гэндэн ардуудын амьдралд гүнзгий орсон ба түүнийг авч хаях, ялангуяа хэт яаравчлах нь улс төрийн том хэрэг явдлыг бий болгоно. 1 дүгээрт: - Засгийн газрын даргыг халахад БНМАУ- ын тусгаар тогтнол зөрчигдөхгүй гэж цөөн тооны идэвхтэн төлөөлөгчдийг итгүүлэхэд бэрх, 2 дугаарт: - Энэ үйл явдлыг өргөн олон ардууд чухам юу гэж үзэх, тэр ч бүү хэл лам нар ч энэ үйл явдлыг ЗСБНХУ-ын эсрэг ухуулга хийхдээ ашиглах боломжтой болно... Гэндэнг хэтэрхий яаран улс төрийн хувьд бэлтгэлгүйгээр халах буюу Монголд энэ тухай хэтэрхий их яриа гарах нь эсрэгээр улс төрийн хувьд ялангуяа одоо ихээхэн аюултай гэж би үзэж байна” гэжээ.
Захидлыг И.Сталин хүлээн авсан байна. Дараа нь С.Е. Чуцкаев П.Гэндэнг ЗХУ-д Дэмидийн
хамт ирэхэд нь буюу 1935 оны 12 сарын 12-ны 17 цагт “Националь” зочид буудалд ганцаарчлан
уулзжээ. Уулзалт дээр С.Е.Чуцкаев П.Гэндэнд ерөнхийдөө аядуу байхыг, засгийн ажлаа орхиод
намын ажилд шилжин ажиллавал зүгээр гэдгийг битүүгээр хэлжээ. Гэндэн түүнийг бүрэн
ойлгосон эсэх нь бүү мэд.  Гэндэнтэй уулзсаны дараа С.Е.Чуцкаев Г.Дэмидийг уулзах шаардлагатай байна гэж хэд хэд  хүссэнийх нь дагуу 1935 оны 12 сарын 20-ны орой гэртээ уулзжээ. Уулзалтын үед голчлон Г.Дэмид ярьжээ. С.Е.Чуцкаев өөрөө товчхон ярьж асуулт тавьж байсан бөгөөд Г.Дэмидийн ярианы гол сэдэв нь П.Гэндэнг буруутган муушаахад чиглэжээ. Ер нь Г.Дэмид 1934 оноос зөвлөлтийн удирдах болон төлөөний хүмүүст МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчдийн үзэл бодлын болон үйл ажиллагааны талаар их ярих болсон бөгөөд ярихдаа ТХ-ны 11 тэргүүлэгчийг гурвал (тройка), наймуул (восмерка) гэж 2 хуваан тройкад Гэндэн, Мэнд, Намсрайг оруулж восмеркад нь өөрийгөө болон Б.Элдэв-Очир, Д.Лувсаншарав, Х.Чойбалсан, А.Амар, Д.Яндаг, О.Дашчирав, Х.Лувсандорж нарыг нэрлэж восмерка дотор бас нааш цааш явдалтай хүмүүс бий гэдгийг ч хэлдэг байжээ. Одоо Г.Дэмидийн, С.Е.Чуцкаевт хандан ярьсан ярианаас товчхон та бүхэнд толилуулъя. “Халхын сүмийн мөргөлдөөн, Япон-Манжуурын түрэмгий санаархлын дараа Япончууд гүнзгий давшсан үед яах вэ? гэсэн яриа удирдагчдын дунд үүссэн. Тэгэхэд Гэндэн өвчтэй хүний нь хувьд Элдэв-Очирыг ЗХУ-руу дүрвүүлэхийг санал болгож, ТХ-ны бусад тэргүүлэгчид ч мөн адил Холбоот Улсад явах болно гэсэн санал гаргаад өөрийн тухайд Монголоос хаашаа ч явахгүй, харин ч үлдэж япончуудтай ажиллах болно гэсэн. Энэ нь найман гишүүний (восмерка) зэвүүг хүргэж тэднийг Гэндэнгийн эсрэг сонор сэрэмжтэй байх болгосон... Манжуур станц руу Японтой хэлэлцээ хийх төлөөлөгчдийг явуулахдаа зөөлөндүү байхыг Самбууд зөвлөж, ямар нэгэн маргаан ЗХУ болон Япончуудын хоорондын харилцаагаар шийдэгдэх асуудал гарсан үед манжуурынхтай дайсагналцах явдлыг өдөөн турхирах нь монголчуудын хувьд утгагүй гэсэн, ... Улаанбаатарт өөрийн төлөөлөгчдийн газраа байгуулах гэсэн япончуудын шаардлагад буулт хийхийг санал болгосон... Гэндэн нэг хязгаараас нөгөө рүү тасралтгүй тэвдэн цовхчиж байгаа нь удирдлагын олонхийн өмнө “энэ чинь юун хүн бэ” хэмээн харагдаж тэрээр ажил удирдаж чадахгүй нь бүгдэд маш тодорхой боллоо гэхэд нь С.Е.Чуцкаев: -Гэндэн бүх талаар гуйвж байгаа боловч ардуудын дунд ихээхэн нэр хүндтэйг нь харгалзвал өөрийгөө тойруулан удирдлагыг нэгтгэх чадвартай цорын ганц хүн гэж үзэж байна гэхэд Дэмид – татгалзаж байгаагаа илэрхийлээд түүнээс доргүй нэр хүндтэй хүн бол Чойбалсан, түүний тойронд удирдлага гарцаагүй нэгдэж болох юм гээд үүнээс үндэслэн ТХ-ны олонхи болсон бид одоо үед зохион байгуулалтын асуудал тавих хэрэгтэй юм гээд энэ бол найман нөхдийн нэгдсэн санал, тэд танд болон Элиава мөн  зөвлөлтийн бусад нөхдөд уламжлахыг хүссэн юм гэхэд нь Чуцкаев –Амар мөн ийм саналтай байна уу? хэмээн асуухад нь Дэмид – Амар энэ асуудлаар шууд юм хэлээгүй боловч тэрээр Гэндэнг монголын ард түмний хувь заяаны тухай боддоггүй, сэтгэл зовнидоггүй, харин гагцхүү өөрийн хувийн сонирхлоор амьдарч буй хүн гэж тодорхойлсон ... гэхэд нь Чуцкаев - ... Үдийн зоог дээр зөвлөлтийн нөхдүүд намайг ЗХУ-аас урвасан гэж сэжиглэж байгааг би мэдэж байна хэмээн Гэндэн мэдэгдсэнийг юу гэж бодож байна гэж Дэмидээс асуухад – Гэндэн асуудлыг халамцуугаар хатуухан тавихын тулд үдийн зоог дээр ахиухан ууна гэж надад ярьсан гээд ... бүр Улаанбаатараас явахын өмнө Гэндэн намайг ЗХУ-д удаан хугацаагаар саатуулах төлөвтэй тул надтай адилхан эхнэр хүүгээ авч явахыг зөвлөсөн, мөн Дэмид Лхүмбийн хэргийг том, зөв хэрэг гэж үздэгээ хэлж харин энэ хэрэгт Гэндэн Намсрай нар холбогдолгүй олон хүмүүсийг хутгалдуулсан гэжээ. ДХГ Гэндэнгийн бүрэн мэдэлд байдаг тэрээр Намсрайгаар хүссэнээ хийлгэдэг хэмээн ярьжээ. Эцэст нь лам нарын асуудлаар их л олон зүйл хэлж, Гэндэн лам нартай тэмцэл явуулахыг хүсэхгүй байна”гэжээ. Тэрээр энэ ярианы тэмдэглэлийг Б.С.Стомоняковт маргааш нь хүргүүлсэн бөгөөд түүний ярилцлагыг дүгнэсэн дүгнэлт нь туйлын сонин байдаг. Тэрээр “... Энэ яриа Улаанбаатарын захидалтай харьцуулахад шинэ зүйл алга. Зохион байгуулалтын дүгнэлт хийж буй нь сонин юм. Харин энэ яриа Улаанбаатарын захидлын мэдээллийн эх үүсвэрийг, мэдээлэгч болон түүний зохиогчдыг, зарим харилцан үйлчлэлийг илрүүлж байна. Хоѐрдугаарт ямар ч наймуул, гурвал тэргүүлэгчдийн дунд байхгүй нь илэрхий харагдаж байгаа нь чухал. Амар, Дэмидийн бүлэгтэй эв санааны нэгдэлгүй бололтой. Долоогийнхонд бүрэн тохиролцоо алга. Дэмидийн ярьсан энэ бүх зүйл Дэмид, Элдэв-Очир, Лувсаншарав нарын ярианы бүтээгдэхүүн мөн” гэжээ. Сталин энд яригдсан бүх зүйлийг Гэндэнд тулган асууж хариуд нь –Гэндэн, миний тухай хэн ингэж ярьдаг байнаа гээд гайхаад байдгийн, 1936 оны 3-р сард Гэндэнг нам, төрийн бүх албан тушаалаас нь зайлуулж ЗХУ-д цөлсний учир энд л байгаа болов уу? Эндээс бид хэд хэдэн гаргалгаа хийж болно.
1. П.Гэндэн ерөнхий сайд болмогцоо бие даасан, үндэсний онцлогоо харгалзсан бодлого
явуулж эхэлжээ. Үүнд нь зүүний нугалаа, 1932 оны ардын зэвсэгт бослого түүний улмаас авч
хэрэгжүүлж эхэлсэн шинэ эргэлтийн бодлого болон тухайн үеийн дотоод улс төр, эдийн засгийн байдал нөлөөлсөн байна. 2. Монголын нам, төрийн удирдлага дотор зөвлөлтийн удирдлагад таалагдах, өөрсдийн байр суурийг бэхжүүлэх явцуу эрх ашгийг урьдал болгосон хуваагдал үүссэн байна. Энэ нь Зөвлөлтийн удирдлагад монголын удирдагчдын үзэл бодол, үйл ажиллагаа, зан чанарын талаар чөлөөтэй мэдээлэл олж авах үүд хаалгыг нээж улмаар дуртай зүгтээ чиглүүлэн удирдаж байх боломжийг олгожээ. 3. Зөвлөлтийн удирдлага өөрийн бүрэн эрхт төлөөлөгч, сургагч, зөвлөхүүдээр дамжуулан монголын улс төр, аж ахуйн үйл ажиллагааны шийдвэр гаргах эрх мэдлийг 1929 оноос үндсэндээ гартаа авч эхлээд байсан бөгөөд энэ нь Гэндэнгийн засаглалын үед хумигдаж эхэлсэн нь Зөвлөлтийн удирдлагын зүгээс П.Гэндэнд сөрөг хандах уур амьсгалыг бүрдүүлсэн. 4. Монголын гадаад улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөж монголын Дорнод хилтэй шууд залгаа Японы ивээл дорхи Манж Го хэмээх тоглоомын улс байгуулагдсан ба ЗХУ энэ үед Манжуураас бүрэн шахагдаж стратегийн онцгой ач холбогдолтой бүсийн хувьд Алс дорнодод зөвхөн БНМАУ-тай л үлдээд байв. Түүнчлэн японы нөлөө Манжуур төдийгүй Өвөрмонголд хүчтэй болж Баргын автономит мужийг Манж Го улсын бүрэлдэхүүнд байгуулав. Ийм нөхцөлд 1935 оны 5-р сард Манжуур өртөөнд БНМАУ, Манж Го-гийн хооронд эхэлсэн хэлэлцээрийн үед П.Гэндэнгийн баримталсан байр суурь зөвлөлтийн удирдлагад огт таалагдсангүй. 5. Монголын дотоод, гадаад улс төрийн нөхцөл байдалтай уялдан лам нарын асуудлыг шийдвэрлэх, цэрэг батлан хамгаалахын хүч чадлыг бэхжүүлэх, зөвлөлтийн цэргийг монголын нутаг дэвсгэр дээр байршуулах зэрэг асуудлаар П.Гэндэн, А.Амар нарын болгоомжлон цэнэсэн байр суурь зөвлөлтийн удирдлагын монголд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улс төр, үзэл суртал, цэрэг стратегийн бодлого үйл ажиллагаатай зөрчилдөж улмаар тэднийг албан тушаалаас нь зайлуулах, алж устгах хүртэл арга хэмжээ авахад хүргэсэн байна. П.Гэндэнг 1936 оны 3 сарын 22-нд Монголын нам, төрийн удирдлагаас зайлуулсныг бид мэднэ. Зөвлөлтийн удирдлага П.Гэндэнг зайлуулахдаа В.Х.Тайровын саналыг хүлээн авч харин С.Е.Чуцкаевын сануулга, зөвлөгөөг хэрэгссэнгүй. И.Сталин 1936 оны 3 сарын 19-нд БХК(б)Н-ын ТХ-ны Улс төрийн товчооны 38 дугаар хурлаас гарсан шийдвэрийг В.Х.Тайровт явуулжээ. Уг цахилгаанд “...-Гэндэнг огцруулах, түүний хүсэлтээр өвчний учир авч хаясан болон түүний алдааны тухай мэдээ хэвлүүлэхгүй байхыг Монголын удирдлагад зөвлөх, ийм зүйл нийтлүүлэх нь ... Гэндэнгээр төлөөлүүлсэн ноцтой урсгал Монголд байсан, Гэндэнг Москвад байхад БНМАУ ба ЗХУ-ын засгийн газар хооронд улс төрийн ямар нэг санал зөрөлдөөн илэрсэн мэт хувилбар зохиох бололцоо Япончуудад олгоно гэдгийг сануулах ... Гэндэнг Төв хорооноос гаргасан тухай дүгнэлтийг түүний алдааг тайлбарлахгүйгээр хийх боломжгүй юм. Түүнээс гадна П.Гэндэнг ТХ-ноос гаргасан тухай дүгнэлт болон түүний алдааг хэвлэн нийтлүүлэх нь түүнийг Москвад бүрэн эрхт төлөөлөгчөөр томилох боломжгүй болно. Иймд Гэндэнг Москвад томилох учир ТХ-ны тэргүүлэгчид үлдээхийг ТХ-нд зөвлөгтүн” гэжээ.

Эндээс харахад П.Гэндэнг төрийн удирдлагаас зайлуулж, ТХ-ны тэргүүлэгч хэвээр нь үлдээн ЗХУ-д БНМАУ-аас суух бүрэн эрхт төлөөлөгчөөр томилохоор төлөвлөж байсан бололтой. (Д.Намсрайг Тувад бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон билээ) Гэвч үйл явдлын цаашдын өрнөл өөрөөр эргэж П.Гэндэнг МАХН-ын ТХ-ны дарга агсан Ц.Дамбадоржийг дайрсан улс төрийн дайрлага яг ижил нөхцөлтэйгээр дайрлаа. Ц.Дамбадорж эмнэлэгт учир битүүлгээр нас барсан бол П.Гэндэн, өөрийнх нь мэдэж зөгнөж байснаар ЗХУ-д удаан хугацааны амралт эмчилгээнд гэр бүлийнх нь хамт явуулж улмаар 1937 оны 7 сарын 17-ны өдөр Сочи дахь “Кавказская” зочид буудалд байхад нь ЗХУ-ын ДХАК-ын Азов хар тэнгисийн хязгаарын удирдах газрын ажилтан Кабаев нар очин баривчилсан юм. П.Гэндэнд- 1932 оноос японы тагнуул болж, түүний даалгавраар ЗХУ-аас улс төр, эдийн засгийн харилцааг таслан японы хараат феодалын улс байгуулах зорилго бүхий алан хядагч бослогын өргөн хүрээтэй байгууллагыг БНМАУ-д байгуулж тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан гэсэн ял тулган хатуу харгисаар байцаажээ. Байцаалтын дүнд П.Гэндэн “-Би 1932 оноос эхлэн японы тагнуулын газраас байгуулсан хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүнд Лхүмбэд элсэгдэн орсон. 1932 оны 11-р сард Лхүмбэ, Өлзий-Очир бид гурав Их Монголын хувьсгалын эсэргүү байгууллагыг байгуулж тангарагт гарын үсэг зурсан. Лхүмбэ нь Дэмидтэй ярилцан тохирч Гиваапилийг элсүүлсэн. Би Мэнд, Намсрай нарыг элсүүлж Лхүмбэд шилжүүлсэн. Лхүмбэ энэ байгууллагад бүгд 2000 хүн оролцож байгаа гэсэн” мэдүүлэг өгөөд гол төлөв томоохон албан тушаалын 35 хүнийг нэрлэжээ. П.Гэндэнгийн энэ мэдүүлэг нь 25 хуудас бөгөөд 1937 оны 8 сарын 30-нд өгсөн гэжээ. Мэдээж түүнээс ийм л үг авах гэсэн. “Лхүмбийн хэрэг” гэгчийн үлдэгдэл 2000 хүн үлдсэн гэдгийг П.Гэндэнгээр хэлүүллээ. Ийнхүү Монголд улс төрийн их хядлага эхэллээ. Сталинчууд 2000 бүү хэл түүнээс 10, 20 дахин их “хувьсгалын эсэргүү, японы тагнуулуудыг” монголчууд дундаас олж илрүүлэн нөгөө ертөнц рүү илгээсэн юм. Тэд нар ч бас Чингисийн гөлөгүүд байлаа. Ийнхүү Монгол улёын ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг удаан хугацаагаар тамлан зовоож байж эсэргүү байсан гэсэн хилс хэргийг тулган хүлээлгээд зогссонгүй, түүгээр энэ худал мэдүүлгийг гаргуулан авч Монголын төр, нийгэм, цэрэг армийн олон шилдэг зүтгэлтнүүдийг баривчилж, хэлмэгдүүлэх ажиллагаа эхэлжээ.

БОГД ХААНЫ ШАГНАЛЫН ЗАРЛИГ



Буриадын Итгэлт хамба И. Дашдорж (1852- 1927)
ҮТА-ын сан хөмрөгт хадгалагаж буй  нэн сонирхолтой нэгэн баримтын  талаар та бүхэнд толилуулж байна. Энэхүү баримт нь Богд Жибзундамба  хутагт Буриадын Иволгын дацангийн Итгэлт хамба лам И. Дашдорж (1852- 1927)-ийг  “Эрдэнийн Очир” одонгоор шагнасан тухай зарлиг юм.  

 Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт хаан Жибзундамбын блам бээр:
           Их орос их баатар цагаан хааны зарлигаар тавигдсан зүүн Сибирь дэх орны бурхан шагжамуны тэргүүн Бандид хамба блам хийгээд шагжамуны бурханы шашныг шүтэгч Буриад монголын бүгдийн сайныг лавлахын учир эдүгээ та бүхэн уг язгуур үндэс ба нэг бурханы шашныг шүтсэнээн бодон хөгжүүлж миний биеийг Mонгол улсыг мандуулан хаан ширээнд суусанд баясгалангийг илтгэн бичиг хүргэж тухайд хүн зарж илгээсэнд би бээр ихэд баясаж хүлээн авав.

      Эрхэм Бандид хамба тэргүүн шагжамуни бурханы шашныг шүтэн түүний ёсыг гол болох олон та бүхнээр хамаг амьтны тусын тулд дөрвөн цаглашгүйн үүднээс номлол бүтээлийн шашныг улмаар бадруулан дэлгэрүүлж хэзээ ямагт харшлахын шалтгаан үгүй зохилдохын шалтгаан зөндөө бүтсээр нас буян  иш онолын эрдэм агуу хүчин цог учрал бүхэн улам улмаар шинийн сар мэт арвидан  дэлгэрч баяр билэг хослон амгалан жаргалан лугаа төгөлдөр оршсоор байх ба бас ч та бүхний эзэн их баатар Цагаан  хааны хутаг урт, төр нь бат, албат бүхэн амгалантай байтугай хэмээн чухаг дээд гурван эрдэнэд залбирсаар буйг сонсохоос гадна эрхэм Бандид хамбад  шашныг хүндлэгч цол, тэргүүн зэрэг эрдэнэнийн очир, зарагдан ирсэн ширээт цорж Шагжид хамбын янба, дэд зэрэг эрдэнийн очир, цорж Нянбууд цоржийн янба, гутгаар зэрэг эрдэнийн очир, түшмэл Гомбожавт гүнгийн зэрэг жинс, дэд зэрэг эрдэнийн очир, гавж Пэлжинд хувилгааны янба тус тус  шагнасан явдлыг мэдэгдэж үүний тул хариу бичиж илгээв.
Олноо  өргөгдсөний гуравдугаар он
Зуны  дунд  сарын  сайн  өдөр
Эрдэм  Итгэмжит  сүмд  бичив

Олноо Өргөгдсөн Монгол Улсын засаг захиргааны зохион байгуулалтын талаар товч өгүүлэх нь


Чин гүрэн XX зууны эхээр "син чжэн" буюу "Шинэ засгийн бодлого" хэмээх арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү бодлогыг хүлээн авах эсэх талаар 1911 оны 6 дугаар сарын 21-ний өдөр халх дөрвөн аймгийн хан, чуулган дарга, хамба, шанзодба зэрэг ноёд нууцаар зөвлөлдсөн байна. Энэхүү зөвлөгөөнөөс Хаант Орос улсаас тусламж авч Чин улсаас салж, тусгаар улс байгуулж,  VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсууг Монгол  улсын эзэн  шашин, төрийг хослон баригч Богд Эзэн хаанаар өргөмжлөх тухай тус, тус санал нэгдэж , Халхын Түшээт хан аймгийн жанжин хошой Чин ван Ханддорж,  Хүрээний Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг  Орос улсад төлөөлөгчөөр томилон илгээжээ.
Энэхүү үйл явдлын дараа 1911 оны 11 дүгээр сарын 28-нд Жавзандамба хутагт “Одоо монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан, бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон” гэсэн лүндэн буулгаж, үүний дараагаар цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн еснөө буюу Европын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залах ёслол болон, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрлэж, "Олноо Өргөгдсөн Монгол Улс"-ыг албан ёсоор тунхаглан зарлаж, төрийн таван яамыг байгуулсан билээ.    
1911 онд Монгол улсыг тунхагласан нь монголчуудын төр, хууль зүйн сэтгэлгээ сэргэн мандахад нэн таатай нөлөө үзүүлсэн юм. Шинэ тунхагласан улс орны улс төр, нийгэм-эдийн засгийн харилцааг зохицуулахад сайтар боловсруулсан хууль цааз нэн шаардлагатай байдаг.
Энэ ч жаягийн дагуу Олноо Өргөгдсөн Монгол улсын үеийн эрх зүйн түүхэнд холбогдох “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг” хэмээх хууль цаазын эх сурвалжийг эл үеийн хамгийн гол эх сурвалж гэж судлаачид үзсээр ирсэн. Үүнийг нь үгүйсгэхийн аргагүй юм. Гэтэл энэхүү цаазыг зохиолгохоор 1915 онд Богд хааны зарлигаар комисс байгуулж Манж Чин улсын үеийн "ерөнхий хууль 100 дэвтэр, тусгай хууль 180 дэвтэр, цэргийн дүрэм 69 дэвтэр, эрүү шүүлтийн хууль 47 дэвтрийг орчуулан ашиглаж, мөн монголын эртний хууль зүйг баримтлан” 1918 онд уг хуулийг зохиож, хэлэлцэн батлах үе үндсэндээ дуусаж хэвлэх ажиллагаа эхэлжээ.
Энэхүү "Зарлигаар Тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг"-ийн 51 дэвтэр нь “Манжийн хуучин хуулийн заалтыг Монголын төрийн уламжлалын дагуу өөрчлөн найруулсан” гэж судлаачид бичсэн байдаг ч монголын уламжлалт хууль цаазад анх удаа төрийн байгууллагуудын бүтэц, эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага, түшмэлийн зэрэг дэв, цалин пүнлүү, татвар зэрэг нэлээдгүй асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Үүнээс тус хуулийн тэргүүн дэвтэрт Олноо Өргөгдсөн Монгол Улсын засаг захиргааны бүтэц, нэгжийн талаар хэрхэн өгүүлсэнийг дор дурдсуу.
Манай улс өгүүлэн буй үед үндсэн 4 аймагтай байсан. Тэдгээр нь бүгд нутгийн хойноос урагш сунасан байдалтайгаар оршиж байв. Олноо Өргөгдсөн Монгол Улс нь Богд Жибзундамба хутагтын шавь Баруун Хүрээний, Эрдэнэ номунханы, Мэргэний, Эрхийн гэх мэт отгууд 30 их отог, улсын Эх дагины 1 отог, тамга бүхий хутагтуудын харъяат 5 отог, цорж, ван, улсад туслагч гүн, бэйсүүдийн харъяат 10 отог, Богдхан хайрхан уулын чуулганы Түшээт хан аймгийн 21 хошуу, Хан Хэнтий уулын чуулганы Сэцэн хан аймгийн 25 хошуу, 2 отог шавь /эдгээр нь Эрдэнэ ялгуугсан хутагт, Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба хутагт 2-ын шавь отог болой/, Хантайшир уулын чуулганы Засагт хан аймгийн 20 хошуу, 3 отог /эдгээр нь самади багщ Номунхан хутагт, нэвтэрхий сайн самади багш ялгуугсан хутагт, Номунханы шавь гэсэн 3 отог билээ/, Цэцэрлэгийн уулын чуулганы Сайн ноён хан аймгийн 25 хошуу, 8 отог / Зая бандид, Эрдэнэ бандид, Чин сүжигт, Эрдэнэ мэргэн ноён, Нар ванчин, Наран хутагт, Хамба хутагт Номунхан, Шива ширээт хутагтын гэх отгууд/, Дөрвөд 2 аймгийн 27 засаг хошуу буюу нийт их, бага 59 отог, 118 хошуудаас бүрэлдэж байжээ.
Эдгээр хошуу, отгуудын дийлэнх нь Манжийн үед байсан хэвээрээ байв. Дээр өгүүлсэн Сайн ноён хан аймгийн 8 отгийн тухайд нэг зүйл дурдахад, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгээс 1995 онд эрхлэн гаргасан “XX зууны Монгол” хэмээх хамтын бүтээлийн 1 дүгээр бүлгийн 3 дугаар зүйлд тус аймгийг 7 отогтой байсан гэжээ. Гэтэл Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Зарлигаар Тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг”-ийн тэргүүн дэвтэрт 8 гээд, бүгдийнх нь нэрийг жагсаан бичсэн байна. Үүнийг түрүүнд дурдсан хамтын бүтээл дэх отгуудын нэртэй тулган үзэхэд Эрдэнэ бандидын шавь отгийг орхигдуулсан  явдал нь ямар нэгэн учир шалтааны улмаас хэмээн санахад бэрхтэй юм. Үүнийг тодруулан судлах шаардлагатай байна.

Мөн түүнчлэн цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ололтыг бэхжүүлэх, өөрөөр хэлбэл тусгаар улс болсоноо бататган, харийн түрэмгийллээс хамгаалах шаардлага урган гарч, үүнээс үүдэн 1912 оны туршид Өвөр Монгол, Цайдам, Алшаа, Хөхнуур, Хөлөнбуйрын хошууд Монголын төрд дагаар орон, нэгэн туурганд нэгдэх хүсэлтээ илэрхийлэн, зарим нь дагаар орж байв. Эдгээрийн нэг нь Монголын төрөөс Манлайбаатар цол авсан баргын Дамдинсүрэн юм. Түүнд Дорнод аймагт тусгайлан хошуу байгуулж өгч байсан нь өдгөө сурвалжид бичигдэн түүх болж үлджээ. Энэ мэтчилэн дагаар орж буй аймаг, хошуудад тусгайлан засаг захиргааны нэгж байгуулах явдал нилээдгүй байсан юм.
Өнөөгийн улс төрчдийн зарим нь хуучин 4 аймаг байсан засаг захиргааны зохион байгуулалтанд шилжих нь зүйтэй гэж үзэж байдаг. Энэ нь зүйн хэрэг мэт боловчиг тухайн нутаг орны газарзүйн байрлал, угсаатны бүтэц, хэл соёл, түүхэн уламжлал, хуучин газар усны нэршил зэрэг олон зүйлсийг баримталж байж гэмээ нь сая нэг хэрэгжүүлж болох асуудал юм. Өдгөө Монгол улс 21 аймаг, 334 сумтай байгаа нь засаг захиргааны зохион байгуулалтын хувьд нүсэр бөгөөд үрэлгэн зардалтай, тархай бутархай байдалтай байгааг харуулж буй хэрэг бизээ.   
Энэ үеийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын талаар эрдэмтэн, судлаачдын дунд “Цагаан ном” хэмээх нэршлийг хүртэн, олдоц муутай, ховор бүтээлийн тоонд зүй ёсоор багтаж явдаг нэгэн ном буй. Тэр бол түүхч, архивч Ц.Сономдагва агсаны “Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт” хэмээх бүтээл билээ. Эл ном нь өдгөө Манжийн ноёрхолын үеэс одоог хүртэлх /1691-1997 оныг хүртэлх үеийг хамардаг/ Монголын засаг захиргааны зохион байгуулалтын талаарх түүх судлаач хэн бүхний эн тэргүүнд нээж үздэг гол гарын авлага нь болсоор байна.
Олноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн засаг захиргааны зохион байгуулалтын талаар цухас дурдахад ийм буюу.

Амарбаясгалантын хийдийн тухай


Өндөр гэгээний бунхан болгож босгосон энэхүү иж бүрэн том хийдийг Манжийн Энх Амгалан хааны зарлигаар анх барьж байгуулсан байна. 1727 онд Амарбаясгалант хийдийг бариулахаар Манжийн хаан 100 мянган лан мөнгө зарцуулж, 1736 онд хийдийн барилга дууссаныг тохиолдуулан хөшөө босгуулжээ.
Сэлэнгийн Шивэнгийн хөндий дэхь "Амарбаясгалантын хийд"

Уг хийд Орхоны голын зүүн этгээдийн цутгал Еэвэн голын үзэсгэлэн төгөлдөр Шивэнгийн хөндийн Бүрэн хан уулын хормойд оршино. Хийдийн сүм дуганыг хэрмэн хашаанд барьсан бөгөөд дотроо хамарлаж, шаталсан хашаа хүрээгээгээр цогцлуулжээ. Гол хаалганы өмнө талд янпайтай. Хашаа янпай хоёрын дундах талбайд цам цамнуулдаг байжээ. Хийдийн суурийг тавихад эзэн хааны буулгасан зарлигийн үг бүхий самбарыг гол хаалганы үүргийг гүйцэтгэж байгаа тамгын сүм хэмээх жижиг барилгад хаджээ.
Сүмийн хоёр талд мөргөлчдийн орж гарах хоёр үүд байх бөгөөд эдгээр үүдээр анхны хашаанд ормогц түүний гол тэнхлэгийн зүүн, баруун талд тахилын хоёр мод ба “Хан хонх”, “Хан хэнгэрэг” гэдэг хоёр ижил жижигхэн сүм байна. Тамгын сүмийн яг харалдаа уг хийдийн сахиус болох дөрвөн Махранз бүхий Махранзын сүм байна. Энэ сүмээр дамжин мөргөлчид хоёр дахь хашаанд орох бөгөөд тэнд тусгай талбай гаргаж  “Цогчин дуган” хэмээх хоёр давхар гол сүмийг барьжээ. Түүний хоёр талд монгол, манж, хятад хэлээр хийдийн түүхийг сийлж бичсэн чулуун самбар бүхий зургаан талтай хоёр барилга бий.

"Амарбаягалантын хийд"-ийн гол цогчин дуганы хоёр давхар барилга
Хийдийн барилгуудын дотроос Цогчин дуганын хоёр давхар барилга хамгийн их сонирхол татна. Доод давхарт нь хурал ном хурах бөгөөд хоёрдугаар давхарт нь номын сан болон туслах өрөө тасалгаанууд байна. Энэхүү 32х32м дөрвөлжин баганат саравчгүй барилга нь дотуураа ус урсгах хоолой бүхий вааран дээвэртэй байв. Борооны ус дээврээс урсаж, барилгын хоёрдугаар давхарт орон, улмаар тэндээс ховилоор дамжиж дөрвөлжин огтлол бүхий модон хоолойгоор дамжиж шалан доорхи чулуун ховилоор урсаж гадагш гардаг байв.

Цогчин дуганын ар талын дэвсэг дээр Будда багшийн сүм байх бөгөөд түүний зүүн талд нь Өндөр гэгээний бунхан ба Аюушийн сүм, баруун талд нь дөрөвдүгээр Богд гэгээний бунхан, Маналын сүм хоёр байжээ. Энэхүү дэвсгийн хойд тал нь дотроо таван хэсэгт хуваагдсан гурав дахь хашаатай нийлнэ. Түүний дунд талын том хэсэгт нь Богд гэгээний Лавран хэмээх орд байх ба хоёр хажууд нь аж ахуйн хэрэгцээний хоёр дан зэрэгцээ байшин байрлуулжээ. Зүүн хойд буланд нь “Майдарын сүм”, баруун хойд буланд нь түүнтэй ижилсүүлэн “Нархажидын сүм”-ийг тус тус байрлуулсан байна. Энэхүү иж бүрэн барилга байгууламжийг тоосгон хэрмээр хүрээлж, улмаар хоёр дахь хэрмээр хашаалсан нь дотроо янз бүрийн дуган сүм бүхий шатлан өндөрлөсөн “П” маягийн хашаа хүрээ үүсгэжээ.
Энэхүү зургийг Sister Johnson, Sister Баярмаа нарын номлолын үеийн зургаас авч ашиглав.

Энэхүү хийдийн иж бүрэн барилга байгууламжийг архитектурын болон инженерийн арга барилын хувьд маш уран чадамгай барьж босгосон учир монголын уран барилгын гарамгай бүтээлийн нэгэнд зүй ёсоор тооцогдох юм.
Тус хийдийн нэрийн талаар Монгол ардын домог яриагаар уламжлагдаж ирсэн нь: Манжийн хаанаас энэ сүмийг байгуулахын тулд Эрхэм сайн газрыг хайж олох, газар шинжигч нарыг томилон явуулсанд тэдгээр газар шинжигч нар нь Бүрэн хаан уулын энгэрт хүрч иртэл Амар, Баясгалан хэмээх эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд бүжиглэж, тоглож байсныг үзээд бэлэг дэмбэрэл төгс бүрдсэн сайн газар хэмээн сонгож тэр хүүхдүүдийн нэрийг Энх Амгалан хаанд айлтгахад Энх Амгалан хааны соёрхсоны үндсэн дээр хийд байгуулж Амарбаясгалант хэмээн цол хайрласан гэжээ.

Ким Ир Сенээс БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбалд илгээсэн захидал

Өнөө цагийн даяаршлагдсан гэх нийгэмд дэлхийн тэргүүлэгч улс орнуудын ярианы сэдэв болсон хэд хэдэн орон байдаг. Иран, Ирак, Гүрж, Израйль-Палестин, Афгинастан, Латин Америкийн Венесуэл тэргүүтэй орнууд гэх мэт.
         Мэдээж энэ жагсаалт дээр дэлхийн өргөрөгийн 38 дугаар зэргэдээр хуваагдсан 2 Солонгосын нэг болох БНАСАУ нэмэгдэнэ. Энэ улс социалист үзэл санааг дэмждэг. Одоо ч тэр үзэл баримтлалдаа тууштай үлдсэн цөөн орны нэг. Энэ ч утгаараа Монгол Улстай дипломат харилцааны тал дээр сайн байсаар ирсэн.
         Монгол Улс ардчилалын замыг сонгохоос өмнө социалист лагерийн орнуудтай ихэд дотночлон харилцаж байлаа. Тиймээс ч БНАСАУ-тай хамтын ажиллагааг гүнзгий хөгжүүлж иржээ. Түүний нэгээхэн тод томруун жишээ бол Ким Ир Сенээс Ю.Цэдэнбалд илгээсэн захидал юм.
        

         Дор түүний явуулсан захидал, намтрыг нь хүргэж байна. Энэ захидлаар ямар нэгэн улс төрийн үзэл санааг эргэн сануулах гэсэнгүй. Харин түүхийн үнэн, тухайн үеийн бодит байдлыг мэдүүлэхийг зорилоо.
 
                                 Ким Ир Сений товч намтар:
Ким Ир Сен- 1946 он
    Гэр бүлийн байдал:
         1912 оны 4 сарын 15-нд төрсөн
         Эцэг-Ким Хен Жик
         Эх-Кан Бан Сок
         Анхны эхнэр Ким Чен Суктэйгээ 1940-1949 онд сууж байв. Түүний дараагаар Ким Сон Этэй гэрлэсэн.
         Хүүхдүүд-Ким Чен Ир, Ким Пен Ир
    Яс үндэс:
       Солонгос
   Харъяалах нам:
        Солонгосын Хөдөлмөрчдийн нам 
 Эрхлэж байсан албан тушаал:
        1948 оны 9 сарын 9-нөөс 1972 оны 12 сарын 28 хүртэл БНАСАУын Сайд нарын Зөвлөлийн даргаар,1972 оны 12 сарын 28-наас 1994 оны 7 сарын 8-ныг хүртэл БНАСАУ-ын Ерөнхийлөгчөөр тус тус ажиллажээ. Тэрээр 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр таалал төгсжээ. Түүний залгамжлагчаар том хүү Ким Чен Ир нь тодорсон юм. 
Ким Ир Сений бунхан өдгөө БНАСАУ-ын нийслэл Пхеньянд байрлаж байна.

 
 
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ю.ЦЭДЭНБАЛ ТАНАА
ХҮНДЭТ НӨХӨР ЦЭДЭНБАЛАА!

           Бүх дэлхийн энх тайвныг эрхэмлэгч улс түмний дэмжлэг, талархалтайгаар өөрийн эх орны нэр төр, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа Солонгосын ард түмэн зөвхөн фронт дээр төдийгүй бас ар талд амжилтуудыг олсоор байна.
           Хэдийгээр дэвшилтэд хүн төрлөхтний нийгмийн дайсан Америкийн махчинууд зэрлэг хорт хэргийг өдүүлэн хэрцгийлж байгаа боловч Солонгосын ард түмэн энэ жил их Зөвлөлт Холбоот Улсаар толгойлуулсан ардчилсан лагерийн найрамдалт орнуудынхаа ах, дүүгийн дэмжлэг тусламжтайгаар сүүлчийн жилүүдэд үзэгдээгүй өндөр их ургацыг хурааж, хүнсний фронт дээр их амжилтыг олсон юм.
          Ах, дүү Монголын ард түмэн маш олон тооны мал ба өргөн хэрэгцээний үнэт зүйлсийг Солонгосын ард түмэнд явуулж, үүгээрээ түүний дайчин хүчийг зузуутгах ба мөн хөдөө аж ахуйг хөгжүүлэн бэхжүүлэх хэрэгт их тусламжийг үзүүлсэн бөгөөд одоо ч үзүүлж байна.
          Дайсантай ширүүн тэмцлийг явуулахдаа Таны байнгын анхаарал ба ах, дүү Монголын ард түмэнд онцгой хайр, талархалтай байдгийн тэмдэг болгож энэ жилийн ургацын дээж үчүүхэн бэлэг явуулсан. Үүнийг Та хүлээж авна уу.
         Солонгос ба Монголын ард түмний найрамдлыг бэхжүүлэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг цэцэглүүлэн хөгжүүлэх тусын тулд эрүүл энх, урт удаан наслахыг нөхөр Цэдэнбал Танд хүсье.


       БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН
      ДАРГА КИМ ИР СЕН

      Пхеньян, 1952 оны 11 дүгээр сарын 3.

Биллярд тоглохыг хориглосон шийдвэрийг цуцлаж өгөхийг хүсэн 1923 онд Засгийн Газарт мэдүүлсэн бичиг

Монголчууд бид эрт үеэсээ биеийн тамир, спортын олон төрлөөр хичээллэж ирсэн баялаг уламжлалтай ард түмэн юм. Тухайлбал, шагайн харваа, мөс түлхэх (одоогийн боулингийн үндэс байж болох талтай.), морин поло, морьдын уралдаан, сур харваа, бөх гэх мэтээр дурьдаж болно.
         Анх хүн төрөлхтөний үзэл санаа, эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн их наадамд 1964 онд оролцсоноос хойш өдгөө арван нэгэн наадмын нүүрийг үзэн, авч болох бүхий л өнгийн медалийг авчээ. Гол төлөв бөхийн төрлөөр амжилт гаргаж байсан нь үндэсний онцлог бизээ.
        Мөн үүний зэрэгцээ 1972 онд анх Монгол хүн дэлхийн аварга болохдоо /байт сурын харваач Дэмбэрэл/ байт сурын төрөлд төрийн дууллаа эгшиглүүлж байсан бол энэ жил уг төрлөөр пара-олимпийн аварга / Д.Баатаржав/ хэмээх эрхэм алдрын оргилд хүрсэн нь нэгийг үгүүлж байгаа бусуу.
               Манай улсад 1990 оны цагаан морин жилийн өөрчлөлт шинэчлэлтийн үр шимээр гадаад харилцаа асар өргөжин тэлж, түүний хэрээр улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, спортын салбаруудад олон шинэ уур амьсгал, чиг хандлага, өөрчлөлтүүд бий болсон гэдэгтэй хэн ч маргахгүй нь лавтай. Энэ л шинэ өнгө аясыг даган спортын салбар, холбоодын тоо олшрон, шигшээ багаа бүрдүүлэн, олон улсын тэмцээн уралдаанд оролцох болсны нэг нь “Монголын биллярдын холбоо юм.
Нэгдсэн холбоо нь хожим байгуулагдсан болоод нийтийн дунд биллярд Монголд саяхан нэвтэрсэн мэтээр ойлгох хандлага хүмүүст, ялангуяа залуучуудын дунд зонхилж байдаг. Энэ нь өрөөсгөл ойлголт байж гэдгийг архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтаас үзэхэд тодорхой байна.
              Үндэсний Төв Архивын Сайд нарын Зөвлөлийн хөмрөгийн 1924 оны баримтаас шүүрдэн үзэхэд биллярдтай холбоотой нэгэн өргөх бичиг байсныг дор бүрэн эхээр нь сийрүүллээ. Үүнд:           
“Нийслэл Хүрээнээ худалдаалан суугаа олон гадаад улсын харъяат хүмүүс ба буриад нар бичгээр Монгол улсын Ардын Засгийн газрын Ерөнхий сайд танаа өргөв. Өргөн толилуулах учир.
              Эдүгээ Нийслэл Хүрээний газар бүхий зочид буух газар бэлтгэсэн биллярд хэмээх бөмбөгөн наадмыг цагдан сэргийлэх газраас мөрийтэй наадам хэмээн энэ өнгөрсөн аргын /Бичиг өргөн мэдүүлсэн огнооноос үзэхүйд 1923 оны 12 дугаар сар бололтой/ арван хоёр сард зогсоосон байнам.
              Энэхүү бөмбөг харвах наадам бусад хонжих, хохируулах наадам лугаа огт адил бус харин хүн төрөлхтөний бие махбодийн тамир хүчнийг сайжруулах зэргийн тустай наадам хэмээн олон улсад үл цаазлагдсан наадам болох учрыг сонсгохоос гадна хэрвээ энэхүү наадмыг хувиар цаазлан зогсоох аваас өчүүхэн бид бүгд алба, амины аж явдал гүйцэтгэсэний дараа завсар уйтгар сэргээх газаргүй болох учрыг гаргаж Ардын Засгийн газрын Ерөнхий сайд танаа өргөн мэдүүлээд, байдал учрыг байцаан толилж, хэл мэдүүлсэн зүйлийг ёсоор болгон өршөөхийг гуйж үүний тул өргөв.
Нэгэн мянга есөн зуун хорин дөрөвдүгээр оны январь сарын таван”-  гэсэн байна
             Үүнээс үндэслэхэд биллярд хэмээх спорт нь Монголчуудын хувьд шинээр орж ирсэн спортын нэг төрөл бус харин ч манай ард түмний эл спортын талаархи төсөөлөл багаар бодоход 80-аад жилийн өмнөөс эхтэй гэж үзэж болохоор байна. Мөн уг бичгийн төгсгөл дэх огноо бичсэн байдал нь жижиг боловч хэл шинжлэлийн сонин баримт юм.

VIII Богд Жибзундамба хутагт нууцаар мэс ажилбар хийн, гэрэл зураг сонирхдог байжээ

VIII Богд Жибзундамба хутагт нь Монголын шарын шашны тэргүүн төдийгүй Монгол улсын эзэн хааны хувьд XIX зууны эцэс, XX зууны эхэн үеийн монголын улс төрийн бүхий л үйл явдалд тэргүүлэх үүрэг, нөлөөтэй оролцож ирсэн шашин, төрийн нэрт зүтгэлтэн юм. Түүний улс төрийн үйл ажиллагааны гол онцлог нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэнд оршино. Тиймээс түүний намтар, үйл ажиллагааг нэхэн судлахгүйгээр тухайн үеийн монголын түүхийг үнэн бодитойгоор нээн гаргах бололцоогүй юм.
      VIII Богд Жибзундамба хутагтын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг түүхчдийн хүрээнд шүүн хэлэлцэх ажил ардчилалын үеэс эхэлсэн гэж үздэг.
    Өнөөдөр эргэн харахад, VIII Богд Жибзундамба хутагтын намтар судлалд зарим ахиц гарч байгаа боловч төдийлөн олигтой урагшилж чадахгүй, нэг түвшиндээ эргэлдэж, тусгайлан хийгдсэн дорвитой судалгаа илт үгүйлэгдсээр байна. Мөн  VIII Богд Жибзундамба хутагт хувь хүний хувьд хэн байсан бэ? гэдэг асуулт хариултгүй шахам, олон нийт « сохор түвд»,« архичин», « садар самуун явдалтан» гэсэн өрөөсгөл ойлголтоосоо салж чадаагүй хэвээрээ байна.
Гэтэл И.М.Майский, А.Ф.Оссендовский зэрэг гадаадын эрдэмтэд, жуулчид, Я.Цэвэл, Дэндэв нарын хуучин цагийн бичгийн сэхээтэн нарын дуртгал, дурсамж, аян замын тэмдэглэлд VIII Богд Жибзундамба хутагтын талаархи үзэл сурталчлагдсан хуучин хэвшмэл ойлголт, төсөөллүүдийг залруулах маш сонирхолтой олон мэдээ байдаг ажээ.
     Бид, VIII Богд Жибзундамба хутагт хар тамхи татах, архи уух, мөрийтэй тоглох, завхай зайдан явах, элдэв хараал хэлэхийг хориглосон, хор холбогдлыг нь ухуулан сэнхрүүлсэн олон зарлиг лүндэн гаргаж, заримыг нь барлан хэвлэж аймаг, хошуудаар тархааж байсан, ном судрыг эрхэмлэж тухайн үедээ хамгийн баян цуглуулгатай номын сантай байсан, эрдэм номтой хүмүүст түүх, уран зохиолын ховор сонирхолтой номуудыг олж цуглуулах , орчуулах, хуулбарлан олшруулах зарлиг буулгаж эрдмийг хөхиүлж байсан, 1924 онд Богд Жибзундамба хутагтыг нас барсны дараа түүний номын сангийн номыг судар бичгийн хүрээлэнд шилжүүлэхэд олон машин ном болж байсан, тэрхүү номууд нь эдүгээ ч УННС-ийн сан хөмрөгийн ховор эрдэнэс болж байдаг, Богд гэгээнтэн Хаант Орос улсаас хүний анатомийн ном, мэс ажилбарын багаж хэрэгсэл захиалан авчруулж, нууцаар мэс ажилбар хийж байсан, гэрэл зураг сонирхон оролддог байсан гэх мэтчилэн олон баримтыг сөхөн тавьбал түүний хувийн зан чанар, үзэл бодлыг тодруулах, нийтэд ойлгуулахад багагүй хувь нэмэр болно.
      Богд хаантаны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор Богд хаантаны зарлигаар 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” хэмээх олон сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, галын наадам гарган пуужингуудыг харвасан нь ихээхэн дуу чимээ гаргаж Хүрээний хятад цэргүүд Монголын хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв үү хэмээн айн сандарч шөнийн цагт зүг зүг явган, морьтой сарнин үймэлдэхэд хүргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.
    Ийнхүү монголын ноёд, лам нарын хамт Монголын автономит эрхийг хадгалан хамгаалах, сэргээхэд чиглэгдсэн өргөн цар хүрээтэй тэмцлийг явуулж, түүнд Богд хаан удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэгтэй оролцож  байжээ.
1919, 1920 оны үеийн Монголын улс төрийн хоёр дахь бүлэглэл болох Ардын нам буюу Консулын бүлгийнхэн Богд хаантай шууд харилцаж байсангүй, гагцхүү түшмэдийн намтай нэгдсэнээс хойш хамтын үйл ажиллагааны хүрээнд Богд хаантай харилцаж байжээ.
Түшмэдийн нам буюу Хүрээний бүлгийнхэн уг бүлгэм үүсэн тэрлэж эхлэх үеэсээ Богд хаантай харилцаж, үйл ажиллагаагаа зохицуулж байжээ. Тус бүлгэм болон МАН-аас Богд хаантай харилцах харилцаа нь Хаант Орос улсын консул Орлов, ЗОУ-тай харилцахад тусламжийн бичигт Богд хаантаны соёрхлыг олж, тамга даруулан баталгаажуулах хүрээнд ихэвчлэн явагдаж байв.
       Богд хаан Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Монгол Ардын Намын хүсэлтийг зөвшөөрөн соёрхохдоо цагийн байдлыг сайтар дэнслэн хэсэг хугацаанд түдгэлзүүлж байсан нь тодорхой учир шалтгаантай юм. Энэ нь ЗОУ-д эзэн хаангүй төрийг байгуулж, дотоодод нь иргэний дайн дэгдэн, дотор зуураа самуурч байсан, нөгөөтэйгүүр АНУ, Япон зэрэг улсаас тусламж хүсэн, түүний хариуг хүлээж байснаар тайлбарлагддаг.
Богд хаан АНУ, Япон зэрэг улсаас тусламж олох горьдлого бараг үгүй болсон нөхцөлд ЗОУ-аас тусламж хүссэн МАН-ын тусламжийн бичигт «өөртөө эзэрхэх  улсыг байгуулж, Богд Жибзундамба хутагт юугаан эзэнд дахин өргөмжлөх» болзолтойгоор тамга дарж өгсөн байдаг.
      ЗОУ-д тусламжийн хэргээр одсон намын төлөөлөгчдийн харилцааны нууц түлхүүрт Богд хааныг “ Бутков”, “ Буянов” хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд намын төлөөлөгчид тусламжийн хэргийн бүтээмжийн талаар Нийслэл Хүрээнд үлдсэн гишүүдээрээ дамжуулан Богд хаантанд тухай бүр айлтгал өргөж, тогтмол харилцаатай байсан.
      1920 оны эцсээр Монгол орны улс төрийн байдал үндсээрээ өөрчлөгдөж, барон Унгерн өөрийн цэргийн хамт монгол нутагт цөмрөн орж, монгол орныг гамин цэргээс чөлөөлж, Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд нь залахад туслахаар ирлээ хэмээн сурталчлах болов. Ийм нөхцөлд, Богд хаан барон Унгерний цэргийн хүчийг ашиглан монгол нутгаас хятад цэргийг хөөн гаргаж, автономит засгаа сэргээн босгох тактик баримталж, барон Унгернийг цэргийн хамт Нийслэл Хүрээнд нэвтрэн орох зөвшөөрөл олгожээ. Чингэснээр барон Унгерн монгол цэргийн хүчинд дулдуйдан Нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлж, 1921 оны 2 сарын 22-нд Богд хааныг хаан ширээнд нь дахин залж, Автономит Монгол улсыг сэргээн байгуулсан билээ. Энэ нь аль ч утгаараа түүхэн дэвшилт үйл явдал байв. Богд хаан барон Унгернд анхнаас нь хэзээ ч бүрэн итгэж байсангүй. Барон Унгерний цуст аллага, дээрэм тонуул, ЗОУ-ын эсрэг дайнд монгол орныг түшиц болгон ашиглах бодлого нь Богд хаан, барон Унгернийг ахархан хугацаанд зааглан салгаж, эрс зөрчилдөхөд хүргэсэн юм.
Барон Унгерн Нийслэл Хүрээнээс мордохын өмнө Богд хаанд бичсэн захидалдаа “Богд хааныг өөрөөс нь салж, улаантны талд орсон хэмээн зэмлээд, Богд хааныг удалгүй большивикуудын гарт үрэгдэж, улс орноо мөхөхөд хүргэнэ. Надад монголын хязгаараас гарч явахаас өөр гарц үлдсэнгүй” хэмээсэн нь үүний хамгийн тодорхой баримт болж байна.
     Монголын хувьсгалчид ЗОУ-ын цэргийн хүчний тусламжтайгаар барон Унгернийг бут цохиж, Нийслэл Хүрээнд довтлон ирэхэд Богд хаантанаас тусгай элч заран угтуулж, ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр засгийн эрхийг Ардын Түр Засгийн Газарт шилжүүлэн, улмаар 1921 оны 7 сарын 11-нд Богд Жибзундамба хутагт хэмжээт эрхт хаанаар өргөмжлөгдөн, өдгөөгийн улс төрийн нэр томъёогоор “эвслийн” засгийн газар байгуулагдсанаар монголд үндэсний ардчилсан хувьсгал ялжээ.
     Ийнхүү Монголын автономит эрхийг хадгалж хамгаалах, сэргээх, улмаар эрхийг нь ихэтгэн өргөтгөх тэмцэлд Түвдийн Далай ламын сангийн нягтлан бодогч түшмэлийн хүү /Жибзундамба хутагт нь 1870 онд төрсөн бөгөөд 1874 онд VIII Богдоор тодрон Монголд ирсэн/, Монгол улсын шашин-төрийг /теократ төр/ хослон баригч эзэн хааны хувьд өөрт ноогдсон түүхэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.

Ард Аюушийн тухай нэгэн баримт дэлгэхэд...

“Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ бүү март
      Хэзээ нэгэн цагт чамайг хойч үе чинь өвөг дээдэс минь гэнэ”

Яруу найрагч Очирбатын Дашбалбар.

 
             Буурал түүхийн тоос юу эсийг, хэн эсийг нөмрөн булшилдаг билээ. Энэ жамыг хүлцэхийн ялдам, буянт үйлсийнх нь насыг өртөөлөн уртасгах үүднээс хэрэг зориг юуг нь үндэсний ухамсарт зориуд шингээн үеийн үед дээдэлж байх учиртай ухаант мэргэд, баатарлаг зоригтнууд олон. Тэдний нэг бол алс баруун хязгаар Ховдоос төрөн гарсан домогт Ард Аюуш юм. Гэвч Монголын түүхнээ өөрийн гэсэн ул мөрийг үлдээж, “Цэцэг нуурын дугуйлан” хэмээх бүлгэмийг байгуулан, тухайн үеийн нийгмийн шударга бус явдлын эсрэг зарга тэмцэл хийн тэмцэж явсан Ард хэмээх тодотголтой Аюушийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй билээ. Энэ түүхэн хүний талаар урлагаар дамжуулан авсан ойлголт буюу өөрөөр хэлбэл дэлгэцийн бүтээлээр эчнээ танилцан, ямар хүн байсан тухай анхан шатны мэдээлэлтэй байдаг хүн олон гэхэд хилсдэхгүй бизээ. Тиймээс Ард Аюуш гэх эл хүний тухай зарим нэгэн баримтыг сонирхуулж байна. Ард Аюуш гэх энэ түүхэн хүний жинхэнэ овог нь Алдаржав бөгөөд ард олны тусын тулд зүтгэж явсаны учир олноо Ард Аюуш хэмээн нэрийдэгдсэн болно. Энэхүү Алдаржавын Аюуш нь 1859 онд Засагт хан аймгийн Маньбазарын хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Мухар ирэгт гэх газар Алдаржавын 2 дугаар хөвүүн болон мэндэлсэн ажээ. Алдаржавын Аюуш нутгийн олныг удирдан хошууныхаа ноёдыг эсэргүүцэн 1903 онд хөдөлгөөн гаргасан байдаг. Эл эсэргүүцэл нь төдийлөн амжилт ололгүй дарагджээ. Аюушийн зохион байгуулсан хөдөлгөөний 2 дугаар үе нь найман жилийн дараа буюу 1911 онд эхлээд бараг 1918 он хүртэл үргэлжилжээ. Хятад дахь И-Хэ-Туаны бослогын нөлөөгөөр 1900 онд дэгдсэн Улиастайн цэргийн бослогоос хойш гурван жил болоод Аюушийн хөдөлгөөний нэгдүгээр үе эхэлсэн бол хоёрдугаар үе нь 1911 онд гарсан Манжийг эсэргүүцсэн нийт Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалтай холбоотой бөгөөд Аюушийн тэр хөдөлгөөн нь өөрөө 1911 оны нийт явдлын нэг шижим нь болж байв. Энэхүү хөдөлгөөний гол цөм нь Цэцэг нуурын дугуйлан хэмээх бүлгэм байсан ба Гижээ хэмээх хүнээр алдарт зүйл бүхий заргын бичгийг үйлдүүлэн, энэ заргын бичиг нь шийдэгдэлгүй явсаар бүр Нийслэл Хүрээ хүрч давж заалдсан байдаг. Гэвч хэргийн баримт дутуу гэдгээр шалтаглан хойшлуулсаар байтал заргын гол эзэн хошуу ноён Маньбазар өвчний улмаас өөд болсноор энэ хэрэг замхарсан түүхтэй.
Тэгвэл Аюушийн хувийн амьдралын талаар цөөн зүйл өгүүлье. Тэрээр 1930 онд намын 8 дугаар Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдон, үг хэлж байсан нь орос хэлээр бичигдэн хадгалагджээ. Учир нь тэр үед тус хурлын тэмдэглэлийг хөтлөж байсан хүн нь орос хэлэнд сайн буриад хүн байсан тул үгийг нь оросоор бичсэн гэдэг. Аюуш хоёр хүүтэй бөгөөд томыг нь Далхаа, багыг нь Цэвэг гэдэг. Харин охинтой талаар тодорхой баримт гарч байгаагүй ч зарим баримтанд энэ талаар дурдагдсан байна. Үүнийг нотлох үүднээс 1933 онд улсын хэмжээгээр явагдсан хүн амын тооллогын баримтанд энэ түүхэн хүн, түүний гэр бүл хэрхэн бүртгэгдсэн талаар баримт сөхье.
        Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 1933 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын баримтанд: Ховд аймгийн Цэцэг сум, 10 дугаар баг. өрхийн тэргүүлэгч Алдаржавын Аюуш нас 74, бутач зээ Ванчигжав нас 14, бутач зээ Сосоржав нас 18, бутач зээ Сэржээ нас 11, охин  Жагдал, нас 44 гэж бүртгэгджээ. Мөн тус бүртгэлийн дараагийн хуудсанд: өрхийн тэргүүлэгч Аюушийн Цэвэг /Аюушийн бага хүү/  нас 32, хүү Цэвгийн Дорж нас 3, эхнэр Даваагийн Сэржээ нас 26 хэмээн бүртгэгджээ. / х-550, д-1, хн-1912, хууд 25-27-д үзнэ үү/
        Өдгөө Аюушийн үр сад түүний төрсөн нутаг болох Ховд аймгийн Цэцэг сумандаа амьдран суусаар байгаа бизээ.
        Алдаржавын Аюуш буюу түүхнээ "Ард" хэмээн алдаршсан Аюуш 1939 онд 80 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн аж. Түүний үйл хэрэг Монголын ард түмэнд шударга ёсны төлөө тэмцэх ирмүүн сэтгэгдлийг төрүүлсэн нь дамжиггүй.  Түүний хөшөө Ховд аймгийн төв Ховд хотноо хойч үеийнхэнд түүхийн үнэнийг мөнхөд сануулж байхаар сүндэрлэн байна.

Эртний Монгол цэргийн зарим зэвсэг, хэрэглэлийн тухай

Монгол угсаатан олон зууны туршид мандаж, буурч түүхийн асар урт хугацааг туулан дэлхийн цэргийн урлагын түүхэнд өөрийн баларшгүй ул мөрөө үлдээсэн билээ. Олныг үл нуршин Монголчууд эрт үед /энэхүү эрт үед галт зэвсэг гарахаас өмнөхийг хамаатуулан ойлгоно. Л.Х/ ямар зэр зэвсэг хийж, хэрхэн ашиглаж байсан талаар эргэн сануулах үүднээс цөөн зүйлийг өгүүлье.   
              Монголчууд аян дайн хийхдээ цэргийн амь насыг хамгийн чухалд үзэж, аль болохоор бага хохирлоор, арга билгээр дайснаа дийлэх бодлогыг голлон баримталдаг, ашигтай байрлалыг түргэн эзэлдэг, шаардлагатай үед хурдан бөгөөд эмх замбараатай ухардаг, гэдрэг байлдаж дайсны хүчийг сарниулдаг, зоригтой давшиж байгаа дайсныхаа гол хүчийг аль болохоор тарамдуулахыг хичээж, сарниад ирэхээр нь хэсэгчлэн цохидог, хөнгөн морин цэргээр бамбай хийж давшаад, хүнд морин цэргээ тулгадаг зэрэг асар олон байлдааны арга тактик хэрэглэж ирсний дээр цэрэг эрсийн амь насыг бүрэн хамгаалахуйц хуяг, дуулга, бамбай, маневр сайтай сэлэм, хурц жад, эрчтэй агаад овор бага хавчаахай нум сумыг их чадамгай хэрэглэдэг байжээ.

           Мөн онги, муна, цалам гээд төрөл бүрийн өөртөө тохиромжтой зэвсгийг монгол цэргүүд эзэмшсэн байв. Энэ нь Монголчуудын өөрсдийнх нь эрхлэх аж ахуйтай уялдаа холбоотойгоор бий болсон зэвсгүүд юм.

СЭЛЭМ:
        Монгол цэрэг хүний хамгийн чухал, ойрын зайнд өөрийгөө хамгаалж, дайснаа хөнөөх гарын зэвсэг. Монгол сэлэм нэг богиновтор, хүнд биш, гар цуцахааргүй, морин дээрээс цавчих, хамгаалахад хялбар зэргийг бодож хийсэн байдаг. Одоогийн байдлаар монгол цэргүүдийн хэрэглэж явсан хоёр төрлийн сэлэм олдоод байгаа.
        Тэр үеийн нэг төрлийн төмөр сэлэмний жин нь дунджаар 3.5 кг, урт нь алд орчим, махир агаад хүндийн төв нь үзүүртээ ойрхон байжээ. Нөгөөх нь хоёр талдаа иртэй, нарийхан урт сэлэм юм.
        Энэ сэлмийг Юань улсын дурсгалтай холбоотой зураг сэлт дээрээс олноор харж болно. Мөн монголчуудын бууж байсан Японы Хакатагийн тохойгоос нэлээд олон олдсон. 
Зураг дээр: Японы Хаката булангийн усны ёроолоос гарсан Хубилайн цэргийн эд хэрэглэлүүдээс
 Yүнд эртний дорнын соёлын нөлөө байж болох талтай юм. Махир сэлэмний хувьд бариул нь гарт таарсан тавиу алагтай, ардаа бөөрөнхий булцуутай, булцууныхаа хоёр тал дээр “таван нүдэн” голдуу хээтэй, булцууныхаа оройгоор дэлгэсэн ангийн арьс нөмөргөсөн юм шиг дүрстэй, зэрвэс харахад булцуу нь хүний толгой мэт хэлбэртэй байна. Бариулыг голдуу эврээр хийдэг байсан ба Их Монгол Улсын гадаад харилцаа өргөн хөгжсөн үед үүнийг Африкийн хирсний соёoгоор хийж байжээ. Бариулны урд талын гарын хамгаалалт их өвөрмөц, сэлэмний ирэн тал руугаа эргэсэн амсартай аягaтай байна.
        Дайсны сэлэм энэ хамгаалалтын аяганд тулахад үзүүр нь хальтарч бие рүү орохгүй зориулалтай болов уу. Энэ хамгаалалт нь монгол сэлмэнд 6 талтай цэцэг хэлбэртэй байна. Хятад, япон сэлэм яг иймэрхүү хамгаалaлтай ч талууд нь зөвхөн 4 байдгаараа монгол сэлэмнээс ялгаатай, бараг үүнийг монгол сэлэмнээс хуулсан байж болoх талтай. Япончууд сэлэм хийхдээ эртний Тан улсын үеийн уламжлалыг хадагласан. Гэхдээ эрт үед тэд ийм аяга гаргадаггүй байсан. Тан улсын соёлоос Юань улс ч өөртөө ихийг шингээсэн байх талтай. Тан улс бол их өвөрмөц соёлтой агаад суурин, нүүдэлчин аймгуудын нэгдлээс тoгтoж байсан учир хожим хаа хаанаа нөлөөлсөн байж таарна. Монгол сэлэмний ир нь ар хэсгээрээ нарийвтар, урдуураа өргөсч ирээд үзүүр нь холоос ташсан, шувтан байдаг.
        Yүнийг үхрийн сүүлэн хэлбэр гэж нэрлэнэ. Зүрчид, манжууд сэлэмний үзүүрийг дээрээс нь огцом ташуу буулгасан хэлбэртэй, япончууд ирэн талаас нь дээш хагас дугуй маягаар дугуйруулж мөрөнд нь тулгасан маягтай хийдэг байж. Аль ч тохиолдолд манж, япон сэлэм нь махир боловч монгол сэлэмнээс арай л урт. Учир нь нэгт явган цэргийн байлдаанд зориулагдсан, хоёрт чац багатай хүмүүст тохиромжтой, муу тал нь гар амархан цуцмаар хүндэвтэр байна. Монголчууд сэлмэн дээрээ Дамаск хээ тавьдаг байсан. Энэ нь баруун зүгт байлдаж ирсний дараа Иранаас нэвтэрсэн тexнoлoги учир үүнийг төмөр хээлэх Дамаск арга гэнэ. Энэ хээг сайн харах юм бол хэсэг хэсэг газар язмагтсан юм шиг дүрc тогтcон чөлөөт хэлбэрийн хээ юм. Их л өвөрмөц сайхан харагддаг. Сэлэмний нурууны хажуугаар хoвилноос дээгүүр хэд хэдэн газар таван нүдэн хээг тавьсан байх нь олонтой тохиолдоно.
         Ховил нь давхар бөгөөд дээд ховил төгсгөл хэсэгтээ дөрвөлжлөн эргэж, доод ховилоо ороосон мэт байдаг. Юуг билэгдсэн гэдгийг судар номноос хараахан олж хараагүй байна. Сэлэмний мөрөн дээр бариуланд ойрхон олoн хэрчлээс бий. Зарим судлаачид үүнийг хэдэн хүн алснаа тэмдэглэсэн гэж хэлдэг ч оргүй зүйл байж болно. Одоогоор энэ ёс сайн тайлагдаагүй байгаа. Сэлэмнийхээ хуйг мoдooр хийж, амьтны арьсаар бүрж хатаасан байна. Тэр хуйн дээрээ зүүлт хийх бүслүүр бөгж хoёрыг гаргаж хооронд нь төмрөөр хамарлан бэхэлсэн байдаг. Хуйны доод ёроолыг мөн төмөрлөсөн байна. Төмөр бөгжөө аль болохоор голдуу эвэр угалзаар хээлнэ.
         Монгол cэлэмний хуй дунд хэсэгтээ эрдэнийн чулуун шигтгээтэй, тэр нь ихэнх тохиолдолд оюу байдаг. Монгол сэлэм хятад, манж сэлмийг бодвол харьцангуй гоёл багатай. Хэрэгцээнээс илүү юманд дургүй нүүдэлчдийн зан шингэсэн мэт. Их Монгол Улсын үеэс сэлэмний хуйг бүлээн устай гадаад далайн загасны арьсаар бүрэх болсон. Загасны ийм арьс маш бэх бат, элэгдэл багатай юм байна. Yүнээс үзэхэд бидний дээдэс эдийн сайныг хэрэглэж ирсэн тэнгэрлэг хүмүүс байжээ. Шулуун хэлбэртэй сэлэм нь эрт үед хятадад дэлгэрч байсан ба Юань улсын үеэс монголчууд хэрэглэх болсон болов уу гэсэн таамаг төрж байна. Энэ хэлбэрийн сэлэм Японы далайн ёроолоос олдсoноос гадна монголчуудыг дүрсэлсэн дорнын зургууд дээр түгээмэл тэмдэглэгдэн үлджээ.
          Перс зүгийн зурагнуудад ч хаа нэгтээ таарах боловч бариул хэсэг нь нэлээд түркжүү кинжаал хэлбэртэй байна. Тийм хэлбэр еврoп зүгийн сэлмэнд их бий. Бас л Перс хавийн теxнoлoги гэлтэй. Харин олзуурхууштaй нь энэ шулуун сэлэмний бариулын төгсгөл хэсгийн булцуу нь эвэр угалз хэлбэртэй, мөнгө ба зэсээр хийсэн хуйн дээрээ бас шигтгээтэй, хуйн дээрх хээ угалз нь ч илт монголжуу байдаг. Мөн хятадууд ч үүнийг монгол сэлэм гэж нэрлээд байдаг тал бий. Тэд юмаа хүний гэж бараг хэлдэггүй улс даа. Хятадын Мин, Манжийн Чин улс Монголын Юаниас их соёлыг өвлөн авсан учир аль ч соёлын элемент нь холилдож, хоорондын нарийн ялгааг нь гаргахад төвөгтэй болсон ч монгол хэлбэр бол ялгархуйц өөрөө.
ЖАД:
        Жад бол чулуун зэвсгийн үеэс эхлэн хэдэн мянган жилийн турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд хүрэл болон төмөр цутгамал жадны хошуу арxеoлoгийн дурсгалууд дотор нэлээд олддог. Хэлбэр, галибар нь иx түгээмэл зэвсэг юм.
Нүүдэлчдийн соёлын гол онцлог нь хаанаас ч олдсон зүйлээ өөрийн болгож ирсэн тул өрнө дорнын нөлөө багагүй байдаг. Байлдааны үед хоёр талын шалaмгай баатар эрсээс шaлгарсан нь эрүүлд гарч цэргүүдийг уухайлан xөгжүүлэх буюу дийлдсэн талыг сэтгэл санаагаар унагах зан үйл байсан. Эрүүлд гарахад жад хэрэглэдэг, эрүүлд гарсан баатруудын хэн нэг нь сүлбэгдэн үхдэг, ямар ч зузаан хуягийг нэвтэлдэг байсан нь хоёр талаас ирсэн морины хүч жаданд төвлөрдөг байсныг илчилж байна.
        Одоогийн байдлаар хадгaлагдаж үлдсэн хуягнууд ихэнхдээ эрүүлд гараад эрсэдсэн баатрынх байдаг нь бас сонин юм. Мөн хөндлөн хянгартай жад морин дээр ширвэж байлдахад их тохиромжтой, эсвэл нэвт жадална, эсвэл хөндлөнгөөс хавж цохих тул маневр сайтай байжээ. Жадны үзүүр хоёр талдаа иртэй хавтгай байхаас гадна сэрээ жад бас байсан. Жаднаас монгол овог аймгуудийн туг үүсэлтэй гэж үздэг.
НУМ СУМ:
       Одоогийн Монгол нум сум нэлээд том хэлбэртэй, манж нарын уламжлалтай тун адил байна. Монголын эртний нумнууд судар бичигт хамаагүй бага хэлбэртэй, манж солонгос японынх нэлээд томоор зурагдаж үлджээ. Монгол нумыг үхэр, янгирийн эврээр нааж хийдэг байсан тул одоогоор хадгалагдаж үлдсэн нь нэн xовор. Сумны зэв янз бүр байсан нь Монголын тал хээр нутгаас одоогоор олдсоор байна. Мoнголчуудыг дуут сумыг aнx зохиосон гэж бусдаас онцлон үздэг. Гэтэл бас цүүц хэлбэрийн хавтгай сумны зэв хэрэглэж байсан ба түүгээр эсрэг талынхаа манлайлагч жанжны гүрээг тас харвадаг мэргэн харваачид байсан хэмээн дорнын сударт өгүүлсэн бий. Монголчууд хэрэм цайзыг эзлэхдээ мөн галт сум хэрэглэн байлдаж байжээ. Сумны зэвнээс гадна чулуугаар хийсэн эрхийвч хадгaлaгдaж үлдсэн байдаг. Монголчууд төмрөөр зэв хийхдээ их нимгэн, хат сайтай, овор ихтэй, нэг үгээр хэлбэл хөнөөх чадвартай зэв хийдэг байжээ. Хүрэл зэв олон хэлбэртэй, урт түүхтэй байдаг.

ДУУЛГА:
        Монгол цэргийн төмөр дуулга дэлхий дээр түгээмэл олддог. Хэлбэр их өвөрмөц, бусад үндэстнийхээс шууд ялгарна. Сайн дархан хийсэн дуулга давталт сайтай, магнай дээрээ нэг зүйдэлтэй байна. Төмрийн олдоц дархны чадвараас шалтгаaлаад 2 талаас бүрдсэн хойно урдаа зүйдэлтэй, 4 талааc бүрдсэн 4 талдаа зүйдэлтэй, 6 талаас бүрдсэн зургаан талдаа зүйдэлтэй байна. Зүйдэл олшрoх тутмаа хэврэг, хийхэд хөдөлмөр их шаардана. Дуулганы оройн хэсэгт гэр хэлбэрийн дугaриг бэхэлгээ төмөр байх ба түүний дээр мухар сөөм илүү хөхөл тогтоох төмөр байна. Манжууд энэ хэлбэрийг монголчуудаас шууд хуулсан байдаг. Mонголчууд нарийн төмөр хоолойн оройд бүргэдийн өд багсайтал хатгаж, эсвэл зэвтэй xaмт адууны дэл сүүл хатгаж сүр хүч оруулдаг байжээ.
       Монгол дуулганы нэг онцлог нь жижгэвтэр төмөр саравчтай байдаг. Дуулганд бэхэлсэн хамрын хамгаалалт иран, турк хэлбэрт, нүдний хамгаалалт орос дуулгат түгээмэл орсон байна. Монгол дуулганы шил, хацрын хамгаалалтыг хуруулдаж холбосон төмөр унжлага ялтcаар хийж байжээ. Одоогийн монгол дуулга гээд байгаа хацар шилэндээ товруутай (ард нь хавтай бэхэлгээ төмөр бий) хэлбэр нь манж, солонгосынх. Чин улсын үед манайд хэрэглэгдэx болсон эд биз ээ. Турк, ирaн зүгийн дуулга нь хөө хуяган шил, хацрын хамгаалалттай байдаг.
       Хөө хуяг Иран, Перс гаралтай. Ингэж хөө хуягаар шил, хийхдээ нэг цагирaгт 6-8 цагираг холбож ихэд зузаалж хийсэн байдаг. Юань улсын үеийн олдвор гэж хэлэгдэж байгаа хэд хэдэн дуулган дээр хоёр талдаа луун сийлбэртэй байна. Тэр дуулгын шил, хацрын хамгаалалт яалт ч үгүй Чин үеийн хэлбэртэй юм билээ. Монголчуудын уламжлалыг манжууд хэдийгээр авч үлдсэн байх талтай ч ямар нэгэн ялгарах онцлог баc байдаг.
       Сүхбаатар аймгийн Дархан уулнаас олдсон дуулга мөн хоёр талдаа луу сийлсэн, магнай дээрээ бурхантай, хээлсэн хээнд нь хoрол болон бадам цэцэг орсон, Энэтхэг, Перс зүгийн маш чамин хээтэй мөртөө монгол төрхөө алдаагүй хэлбэртэй байсан. Yүнийг Юань улсын үеийн дурсгал гэж үзвэл Японы Фүкүока мужийн “Юанийн дарлалын музей”-д хадгaлагдаж байгаа дээр дурдсан луут дуулгыг монгол oрoйтoй гэхээс өөрцгүй. Цутгамал дуулгууд гадаад хэлбэрээрээ зэрвэс харахад монгол дуулгатай адил ч Иран, Oрос, зүүн еврoп талдаа түгээмэл олддог.
       Оросууд Иран, Турк дуулганы хийцийг авсан нь илт байдаг. Одоогоор Оросын музейд хадгалагдаж байгаа Новгородын ван Александр Невскийн гэгдэх алтадмал дуулга эртний Иран, улмаар Алтан орд, Цагаан орд, Хөх ордны хаадын дуулгатай нэн адил юм. Оросын уудам нутагт тархан амьдардаг олон бага үндэстэн талын нүүдэлчдээс улбаатай нэг соёлтой байсныг их гүрний дээрэнгүй бодлогoдоо хөтлөгдсөн оросууд аль болохоор түүнийг задaлж, олон жижиг соёл иргэншил байсан мэтээр бусдад ойлгуулах гэж оролдсooр ирсэн. Монгол дуулганы тархалт баруунтаа Унгар, зүүнтээ Солонгос, урагшаа Энэтхэг, хойшoo аглаг Сибирь хүртэл тархаж, өөр өөр үндэстний соёлын нөлөөг өөртөө шингээж байжээ. Монгол цэргийн гол зэвсэг болох эдгээрийн тухайд товчхондоо өгүүлэхэд ийм буюу.

Чингис хааны тухай домгууд

“Тэмүжин нумны хөвчнөөс төрөөгүй юм
     Тэмүжин сумны зэвнээс төрөөгүй юм
     Тэмүжин Өэлүн эхээс төрсөн юм
     Тэмүжин өрлөг түүхээс төрсөн юм”


         Тэртээ найман зууны тэртээ Монгол нутагт Тэмүжин хэмээх нэгэн хөвүүн мэндэлсэн нь дэлхийг эзэгнэсэн, хожмоо ч алдар суу нь амьд байх үеийнх нь мэт мандан бадарсан их удирдагч болсон түүхийг Монгол хүн бүр төдийгүй энэ хорвоогийн олон хэлийн үндэстэн, ястнууд сайн мэддэг.
         Тэмүжин буюу Чингис хааныг их удирдагч, байлдан дагуулагч гэдгээр нь манайхны олонхи нь шуугиж байдаг болохоос бус энэ энгүй хүмүүнтэй холбоотой түүх, домгууд олон бийг тэр бүр мэддэг нь ховор.
Тиймээс Чингис хаантай холбоотой хэлцэгдэж байдаг домгуудаас цувралаар эрхэм уншигч та бүхний хүртээл болгохоор зорилоо. Эдгээр домгууд нь түмэн олны маань гэгээн мэлмийд тэр бүр тольдогдоогүй байгаа болов уу хэмээн санаж байна. Эдгээр домгуудад ямар нэг байдлаар засвар оруулж, дүн шинжилгээ хийхийг хойш тавьсаны учир нь дүн шинжилгээ хийх эрхийг мэргэн уншигч таньд олгохын төлөөнөө билээ. Оюуны тань далайд дусал нэмэр болох болтугай.

Домог 1. Хар нөж

      1. Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэ, Хорибөх тэргүүтнийг дайлж ирэхэд Өүлэн үжин хэвлий давхартай байлаа. Онон мөрний Дэлүүн Болдогт байхад Чингис хаан төржээ. Чингис төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атгасан байв. Татарын Тэмүжин-Үгэг ирэхэд төрөв хэмээн Тэмүжин нэр өгсөн учиртай ажээ.
/Монголын Нууц Товчооноос/

     2. Гахай жил Есүхэй баатар Татарт мордоход эхнэр нь Өүлэн эх Чингисийг давхартай байв. Татарын эзэн Тэмүжин-Үгэ, Хорьбөх хоёрыг Есүхэй баатар байлдаж дайлаад дайлаад гэр тэрэг, адуу малыг нь булааж Дэлүүн Болдогт ирж буув. Тэгж байтал тэр жил нь Чингис хаан жаргалын совингоор мэндлэв. Хаан баруун гарын алгандаа хатсан элэг адил нөж атгаж төржээ. Хааны магнай дээр нь дэлхийг эзлэх тэмдэгтэй, царайнаас нь аз заяа мэдэгдэж, цог заль бадарч байв.
/Түүхийн чуулганаас/

    3. Есүхэй баатар Татарын Тэмүжин, Хорьбөх тэргүүтнийг дайлж ирэхэд Өүлэн үжин хөл хүнд байлаа. Онон мөрний Дэлүүн Болдогт байхад хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанд улаан тэргэл өдрийн туулай цагт Чингис хаан төрөв. Төрөхдөө баруун гартаа шагайн төдий хар нөж атгаж төржээ. Энэ үеэр Татарын Тэмүжин-Үгэг авч ирсэнд төмөр өлгийд өлгийдөж, Тэмүжин хэмээн нэрийджээ.
/Алтан товчоос/

     4. Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өүлэнээс гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гайхамшиг билэг төгс, гоо жавхлант нэг хөвгүүн гартаа гэрэлт улаан эрдэнэ атгасаар мэндлэв. Мөн өдөр огторгуйгаас солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов. Тэр үед Есүхэй баатар Татар аймгийг дайлж, аймгийн эзэн Тэмүжинийг олсон тул нэрийг нь тэнгэрийн заяасан Тэмүжин гэж нэрийдэв.
/Гэгээн толь, Ордосын тухай тэмдэглэлээс/

     5. Есүхэй баатрын Өүлэн хатнаас гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд үүр гийхийн сацуу гайхамшиг билэг төгс нэг хөвгүүн мэндлэв. Тэр цагт огторгуйгаас солонго татах тэргүүтэн сайн ёр бэлгэс болов. Тэр хөвгүүнийг мэндэлсэний гурав хоног дээр эцэг Есүхэй баатар Татар аймгийн улстай дайлалдаж, Татар улсын эзэн Тэмүжин-Үгэ хэмээгчийг барьж ирсэн нь тохиолдсон тул билэг зохиж баясуулан баяр хурим хийж, тэр хөвгүүний нэрийг Тэмүжин гэж нэрийдэв. Мөнхүү хойд жилд Есүхэй баатрын их хатан Махагалаас нэг охин төрснийг Тэмүлүн Гуа гэж нэрлэв. Бас түүний хойд жилд Өүлэн хатнаас нэг хөвгүүн атгандаа бөгмэг цус /нөж/ барьж төрөв. Түүний нэрийг Хасар гэж нэрийдэв.
/Болор толиос/

Монголчуудын захидал харилцааны түүхэн уламжлал

Монголчууд олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн түүх соёл, эд өлгийн баялаг уламжлалтай билээ. Тэдгээрийн нэг хэсэг болох утга соёлын түүхэнд холбогдох чухал дурсгалуудын нэг бол захидал бичгүүд юм.
Манай ард түмэн эртнээс нааш бие биесээ эрхэмлэн хүндэтгэж, өөр хоорондын өдөр тутмын харилцаандаа хэрэглэж ирсэн эвлэг сонсголонтой мэндчилэх ёс заншилтай, түүндээ таарч тохирсон мэндчилгээний үг хэллэгээр нэн баялаг ард түмэн билээ.
Аливаа захидал бичгийн мэндчилгээний үг хэллэг нь нийгмийн хөгжлийн бодит онцлогтойгоо холбогдон байнга өөрчлөгдөж хувирч байдаг түүхэн үзэгдэл юм. Хүн төрөлхтний хэл ярианы соёлын анхдагч цагаан толгой болсон мэндчилэх ёс, мэндчилгээний үг хэллэг нь хүмүүсийн хоорондын зөв боловсон эелдэг харилцааны эхлэл суурийг тавьж өгдөг жамтай.

Монголчууд олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн түүх соёл, эд өлгийн баялаг уламжлалтай билээ. Тэдгээрийн нэг хэсэг болох утга соёлын түүхэнд холбогдох чухал дурсгалуудын нэг бол захидал бичгүүд юм.
Манай ард түмэн эртнээс нааш бие биесээ эрхэмлэн хүндэтгэж, өөр хоорондын өдөр тутмын харилцаандаа хэрэглэж ирсэн эвлэг сонсголонтой мэндчилэх ёс заншилтай, түүндээ таарч тохирсон мэндчилгээний үг хэллэгээр нэн баялаг ард түмэн билээ.
Аливаа захидал бичгийн мэндчилгээний үг хэллэг нь нийгмийн хөгжлийн бодит онцлогтойгоо холбогдон байнга өөрчлөгдөж хувирч байдаг түүхэн үзэгдэл юм. Хүн төрөлхтний хэл ярианы соёлын анхдагч цагаан толгой болсон мэндчилэх ёс, мэндчилгээний үг хэллэг нь хүмүүсийн хоорондын зөв боловсон эелдэг харилцааны эхлэл суурийг тавьж өгдөг жамтай.
Монгол захидал бичгийн мэндчилгээний үг хэллэгийн гол зорилго, үндсэн үүрэг нь эелдэг зөөлөн, сайн сайхныг бэлгэдэн ерөөх чин эрмэлзэлтэй байдагт оршино. Монгол ардын зүйр цэцэн үгэнд "Амраглах гэгч анхны ёс, мэндчилэх гэгч мөнхийн ёс" хэмээн мэндчилэх ёс нь хэзээ ямагт байх өнө мөнхийн бодит үзэгдэл мөн гэдгийг чухалчлан тэмдэглэсэн нь буй. Монгол захидал бичгийн түүхэн өв уламжлалыг мөшгөн үзэхэд цаг төр үймээн самуунтай үед элдэв нууцыг ихэд чандлан хамгаалах үүднээс аман захиаг бичмэл захидлаас илүүд үздэг байсан ажээ. Үүнээс улбаалан “элчийн үг аманд” гэх хэлц үг гарсан байдаг. Чухамхүү энэхүү элчин харилцааны уламжлалаас улбаалан   “элч эс урвабаас нууц үл алдагдъюу” гэх зарчим бий болсон хэрэг.    
Үүнийг манай өвөг дээдэс "дуу бариулах" гэсэн тусгай үг хэллэгээр оноон нэрлэдэг байсан билээ. Эртний монголчуудын дунд элч зарлагын мэдээ, захиаг толгой холбон, ёгт битүү утгатай үг хэллэгээр маш чадамгай шүлэглэн өгүүлдэг уламжлал заншилтай байсан бөгөөд "дуу бариулах", "хэл хүргүүлэх" ёс заншил нь монгол түмний нүүдлийн соёл иргэншлийн нэгэн өвөрмөц агаад давтагдашгүй сайхан өв уламжлал мөн. Энэ тухай нэрт Монголч эрдэмтэн С.А.Козин “аман захиан гэдэг бол зүйр цэцэн үг, мэргэн ончтой үгс, ардын уянгат болон түүхэн дууны хэсэг, тууль, орчилт туулийн тасархай зэргийн нэгэн адил ардын аман зохиол мөн”1 гэжээ. Эдүгээ амаар дамжуулсныг нь "захиа", бичгээр өгүүлснийг нь "захидал" гэж ялган нэрлэх болсон байна. Захидал бол хувь хүний сэтгэлийн толь төдийгүй хүний эгэл жирийн харилцааны ердийн хэрэглүүр юм. Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн хэлсэнчлэн "Захидал бол жаргах цагт сэтгэлийн жигүүр-баярын идээ, зовох цагт итгэлийн жолоо-тайтгарлын эм тан" болдог далдын увдистай билээ. Академич Б.Ринчен доктор "Газрын шуудан, агаарын шуудангаар явдаг захианы зүйл тун их болж, агаарын шуудангийн тусгай; газрын шуудангийн захианд дугтуй хэрэглэх үүнд, гоо зүйн шаардлагын үүднээс манай холбоочин, энгийн цагаан дугтуй, баяр ёслолын захианд хэрэглэх уран сайхан дугтуй, агаарын шуудангийн гоёмсог дугтуй, мөн агаарын шуудангийн өнгийн дугтуй, янз бүрийн ил захидал зэргийг тоо төрлөөр олшруулахын хамт, бас захидал бичих энгийн цаас, тусгай захидлын сайн чанарын цаас, түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнгээс зураг гаргасан газрын шуудан, агаарын шуудан, гоёмсог цаас, хөнгөн нимгэн цаас зэргийг боловсон улсын хэрэглэдэг журмаар бий болгож, эндээ хэвлүүлэх, цаасны захиалганд хүндэтгэлийн захиа, ёслолын захиа тэргүүтэнд дэлхий нийтэд хэрэглэдэг цаас зэргийг захиалах шаардлага нийтийн хөгжил боловсролын үүднээс бий болж байна"2  хэмээн онцлон тэмдэглэсэн нь өнөөгийн шуудан, холбооны асуудал хариуцсан хүмүүст ч хэрэгтэй санамж, зөвлөгөө болох нь дамжиггүй билээ.

Монголчуудын захидал харилцаа, дипломат ёсны уламжлал нэлээд эрт үеэс эхлэлтэй юм. Эдгээрээс Их Монгол улсын хаан Гүегээс Ромын IV пап Иннокентийд илгээсэн захидал (1246 он) хамгийн эртнийх нь юм.
Захидлын агуулга нь Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг зарлиг болгосон байдаг. Захидалд дарсан Гүег хааны тамганы дардас нь Монголын их хаадын тамганы тухай төсөөллийг бидэнд өгдөг билээ. Тамганы дардас нь:
“Мөнх тэнгэрийн хүчин дор
Их монгол улсын далай хааны
Зарлиг ил булха иргэн дур хүрвээс
Биширтүгэй аюутугай” гэсэн бичээстэй билээ.
Чингисийн үр удмынханы Дундад Азид байгуулсан улсыг түүхэнд Ил хаадын улс хэмээдэг. 1289 онд Аргун хаан Францын ванд илгээсэн захидалд Египетийн эсрэг дайн эхлэх тухай өгүүлсэн бөгөөд уг захидлын эхийг 1824 онд Францын Үндэсний архиваас олсон ажээ.
Ил хаан Газан Ромын пап VIII Бонифациод 1302 онд илгээсэн захидал байна. Захидалд Газан хаан Египетийн эсрэг тэмцэлдээ хүч хавсрахыг зарлиг болгожээ. Уг захидлыг 1921 онд Ватиканы нууц архиваас олсон.
Өлзийт хаан 1304-1316 онд төр барьж байхдаа Францын IV Гоо Филипп ванд 1305 онд илгээжээ. Монгол бичгээр бичсэн тэр захидлыг 1824 онд Франц улсын Парис хотын Үндэсний архиваас олсон. Өлзийт хааны захидалд "Тэнгэрээс заяат суу хүчит эзэн хааны түмэн хэргийг шийдэх тамга" гэж хятадаар эвхэн бичсэн тамгыг даржээ.
           Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн хүндэт гишүүн, Польшийн монголч эрдэмтэн В.Котвич Ил хаан Өлзийтөөс 1305 онд Францын гоо Филипп ванд илгээсэн албан захидлыг судлаад “XIII зуунд монголчууд дэлхий нийтийн энх тайвны /pax mongolica-дэлхийн энх/ асуудлыг сэдэж үүсгэжээ ” 3
Оросын эрдэмтэн Л.Н.Гумилев: “Энх тайвныг хоёр тал хоёулаа хүсэх ёстой, эс тэгвэл энх тунх байх нь бүтэшгүй зүйл болно. Хэрэг дээрээ энх байдал тогтооход саад болдог наад захын боловч, гол зүйл нь тэр үед нэгэнт тогтоосон дипломат элч нарын харилцааны хэлбэр юм. Хаан энх тайвныг тогтоогч байж, өөрийн хүсэл зоригийг ард түмэнд тулган хүлээлгэж чаддаг байхыг ёс журам шаардаж байна. Тиймээс Германы императорууд, Грекийн базилевууд, Арабын халифууд, Хятадын тэнгэрийн хөвгүүд зэрэг тэр үеийн тусгаар орнуудын тэргүүлэгчид өөрсдийн нот бичгийг зохиодог байв. Гэтэл ийм өнгө аяс нь үг үсэгчилэн ухаарагдах бүрий журам эвдэрч, цус урсгасан хэрэг мандана. Элч нарыг алцгаана. Зочин гийчдийг алсан учир Монголчууд залхаан цээрлүүлэх дайнд мордоно. Чингэхгүй ч байх аргагүй. Учир нь гэвэл, монгол угсаатны сэтгэл зүй нь харилцан итгэлцэл, гишүүдийнхээ бүхий л үйл ажиллагааны төлөө хамт олноороо хуулийн хариуцлага хүлээх зарчимд үндэслэдэг юм”4 хэмээн Монголчуудын элчин харилцааг тодорхойлсон байдаг. Дээр өгүүлсэн захидлуудаас гадна 1691 онд Галдан бошготоос Оросын хаанд /захидалд Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж нарыг буруушаан, Оросын хаанаас тусламж хүссэн байдаг/, 1750 онд Зүүнгарын хаан Даваачаас Дөрвөдийн Цэрэн увшид илгээсэн захидлууд /захидалд эзэнгүй мал, эд зүйлсийг бүртгэн мэдэгд. Эс тэгвээс хулгайн зүйл гэж тооцогдох болно гэх утга байна/ зэрэг баримтууд Монголчуудын захидал харилцааны түүхэн уламжлалыг тодотгон харуулах нэн чухал өв болж байна.
Монголчуудын захидал харилцааны тухайд эргэн өгүүлэхүйд Манжийн үеийн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газар нь гаднаас ирсэн монголоор бичсэн албан бичгийг манжаар орчуулж танилцдаг байжээ.5
Тухайн үеийн дийлэнх захидалуудад илгээгч болон хүлээн авагчийнх нь нэр тодорхой бус харин “Мунхаг, тэнэг боол, өчүүхэн дорд, ах ван, хан дүү, хөгшин ах, дүү бэрээ, гүн бээрээ, ах бээр” гэхчлэн дурдсан байдаг нь эзэн холбогдогчийг нь тогтооход бэрхшээл учруулж байна. Түүнчлэн нэрээ товчлон, үеэр нь таслаж бичих явдал Манжийн эрхшээлийн үед түгээмэл байв. Мөн он нь байгаа хэдий ч сар, өдөр үгүйгээр дан гагц “Сайн өдрөө” гэх бичлэгийн хэлбэр нэлээдгүй тархсан нь ажиглагддаг. Түүнчлэн захидал бичигт мөр тэтгэх ёс, ямар утга агуулгатай болохыг нь хараад ерөнхийд нь мэдэж болохоор бичгийн өнгөний мөрдлөгө /гашуудлын, албаны гэдгээр нь ялган улаан, хөх, хар гэх мэт өнгөөр бичдэг/ зэрэг арвин баялаг уламжлал, тогтсон хэв маяг үйлчилж байжээ. Өдгөө манай улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт захидал бичгийн бүхэл бүтэн хөмрөг судалгааны томхон бааз болон оршиж байна. Энэ удаад Монголчуудын захидал харилцааны уламжлалын талаар товч дурдав. Дараагийн дугаараас эхлэн захидал бичгийг хэрхэн бичиж байсан дэг жаяг, тамга тэмдэгийг хэрэглэх ёсон, үг хэллэгийн сонголт, архивын сан хөмрөгт хадгалагдаж буй захидлын хөмрөгөөс зарим сонирхол татахуйц захидлуудыг нийтлэх болно. 

Монголын тулааны урлаг - Нударган зодоон

Монгол үндэстэн эртнээс цэргийн зохион байгуулалтанд шилжсэн хүчирхэг овог, аймгуудаас бүрдэж байсан бөгөөд чухамхүү тэр л үеэс Монголын тулааны урлагийн үндэс суурь тавигдаж эхэлсэн юм. Тодруулбал аливаа дайн тулаан болон бусад үйлээр шалгарсан баатар дайчид өөрийн үр хүүхэд болон овог, аймагтаа өөрийн эзэмшсэн зэвсэгтэй болон зэвсэггүй тулалдах сонгодог арга мэхүүдийг заан сургадаг  байсан. Мөн бидний нүүдэлчин амьдралын онцлог, ахуйн хэв маяг нь бидний үр хүүхэд, залуусыг бэлтгэх нэгэн шат дамжлага байсан юм. Нударган зодооны Банди-Зо гэсэн оноосон нэртэй урлаг гарч байсан. Энэхүү урлаг нь нэрнээсээ л алдаатай байсан гэж болно. Учир нь Банди гэсэн үг нь Төвд үг бөгөөд Буддын шашинд анх орж сахил хүртэж буй хүний “Гэнэн” гэсэн сахилын нэр билээ. Гэтэл манай ард түмний ёс заншилтай уусаж ирсэн Буддын шашны энэ үг, нэр монгол хүний сэтгэхүйд их ойрхон сонсогдож байсныг тухайн үедээ үгүйсгэх аргагүй юм. Орчин үед Банди-Зо нь Монгол-Зо нэртэйгээр хөгжиж байна. Манж чин улсыг мөхсөний дараа Монгол улс тусгаар тогтнолоо олж хүрээ хийдэд байсан манж, хятадын дарангуйлагчид, хятадын шунахай худалдаачид, мөнгө хүүлэгчидийн эсрэг тэмцэхдээ нударган зодооны тэмцлийн аргыг өргөн хэрэглэж байжээ. Тухайлбал: Бадруулт төрийн 27 он /1901 оны үе/ Маймаа хотын хятад иргэд Хүрээний баруун зүүн талд худалдаа хийдэгээс үүдэн Дамнуурчны гудамжинд үе үе томоохон зодоон болдог байж. 1911 онд гарсан монгол хятадын өргөн их зодоон нь Манж амбан Сандог хөөхөд ихээхэн түлхэц болсон гэдэг. Тэр үеийн аливаа нэг зодоон нь иргэд хоорондын ахуйн шинжтэй бус эх орноо гэсэн чин зүрх сэтгэлийн хөөрлөөр илэрдэг байжээ. Ялангуяа зүүн, баруун Дамнуурчны гудамжинд хятад, монгол иргэдийн хооронд 1920 он хавьцаа цөөнгүй зодоон болдог байв. Дамнуурчин гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл одоогоор ачаа зөөгч буюу хүний барааг хусан дамнуургаар дамнан зөөж зардаг бүлэг хүмүүсийг хэлдэг байлаа. Тэр үед яг л Майдар эргэх гэж байгаа юм шиг олон хүн цуглаад зодоон үзнэ. Зарим сэтгэлийн хөөрөлдөө автсан жирийн ардууд зодоонд оролцож цус нөжиндөө холилдчихсон байдаг гэдэг. Хүрээний зодоон нь хятадын шунахай худалдаачид, манж эздийг эсэргүүцсэн ард түмний жижиг бослого мэт байж. 1921 оны партизануудын олонхи нь хүрээ зодоонд гарамгай байж. Тухайлбал: Хожим нь Монгол улсын ерөнхий сайд болсон, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Догсомын Бодоо лам байхдаа зүүн хүрээ, баруун хүрээний банди нарын хооронд болсон нэгэн зодоонд түрүүлж байсан байна. Энэ үеийн зодоон хоёр цагаас илүү үргэлжлэхгүй бөгөөд монгол эрчүүд хятад худалдаачдыг дээрэмдэх, чулуудах зэргээс үүсдэг. Зодооныг харах гэж хийдийн лам, эгэл ард, гуйлгачид тэр ч байтугай ноёд түшмэдүүд хүртэл ирдэг байж. Хятадын талаас Элбэг-Амгалант гацааны "Цагаан шаахайт" буюу Бан Ляо хэмээх шөрмөслөг байрын эрийн толгойлсон кунфу, ушугийн мэдлэгтэй хятад залуус ирдэг байж. Бан Ляо хоёр хөлдөө нийт зургаан жингийн туухай зүүж явдаг байжээ. Түүнийг туухайгаа аваад үсрэхэд морьтой хүний дээгүүр гардаг, тэр ч байтугай өндөр дааман хаалган дээгүүр дүүлэн гарсан гэж нүдээрээ сургуулилалтыг нь харсан хүмүүс ярьцгаадаг байжээ. Тэр үнэхээр сайн зодоонч байсан. Түүнийг зодолдох сургаар хятадууд хөөрцөглөж, монголчууд бутран алга болдог байж. "Цагаан шаахайт"-ын зодолдож байгаа нь яг л бүжиглэх шиг санагддаг байлаа. Үе үе гутлынх нь цагаан ул гялалзаад л дор хаяад арван монгол эр нармайгаа нээлгээд хоцордог байв. Тэр энд тэнд яваа харагддаггүй, худалдаа наймаа хийдэггүй байсныг бодоход монголчуудын дээрэм тонуулыг дарахын тулд Бээжингээс авчирч эүгээр тэжээдэг байсан бололтой. Тэр зүгээр ч нэгэн байсангүй бас хятад залуусыг тулааны урлагт сургадаг байжээ. Манай хүрээ хийдэд дээр үеэс олон сайн нударган зодоончтой байлаа. Жишээ нь гэхэд Богдын хар Жамба, хүрэл Төгсөө гээд шээзгий араган дээр гарч зодолддог сайн зодоончид байжээ. Арган дээр гардаг нь өөрийгөө хэр сайн суурь сайтайг харуулж байгаа хэрэг. Нэг удаа хар Жамбыг даншигийн начин Сундуй арагнаас нь түлхэж унагаад дараа нь айхтар гүвшүүлсэн гэдэг. Манай зодоончид "Цагаан шаахайт"-тай ер тулгардаггүй байлаа. Таарсан ч гэлээ хэрсэн бух шиг өөд өөдөөсөө муухай харж байгаад л хоёр тийшээ сална. Харин засагт ханы "Солгой" Бадамжав гэдэг сайн зодоонч эр "Цагаан шаахайт"-тай нэг удаа нударга зөрүүлсэн юм. Тээр туулай жилийн өвөл Засагт ханы "Солгой" Бадамжав Дамнуурчны гудамжинд хэд хэдэн хужааг цус нөжтэй нь холиод "Та нар Бан Ляогоо дагуулаад ир" гэжээ. Ер нь тэр үед монгол иргэд Маймаа хот руу зүглэхээ байгаад байсан цаг. Тэнд дор хаяж гурав дөрвөн мянган хятад иргэд суурьшсан болохоор ганц нэгээрээ яваа монголчуудыг тэр дор нь л балбаж орхино. Харин хятадууд наймаа хийхийн тул хүрээний зүүн, баруун дамнуурчинд заавал ирнэ. Зүүн дамнуурчинд хятад монгол зодоонч эрсийн тулаан болох сураг сонсогдож тэр хавийн худалдааны пүүсний мухлагууд нэг хоногийн өмнөөс үүд хаалгаа барьсан байна. Зодоон болох өдрийн үд дундад тас хар хувцастай өндөр цагаан хятад залуу гудамжинд гарч ирсэн нь Бан Ляо байж. Тэгтэл баруун талаас толгойгоо цагаан даавуугаар боосон солгой Бадамжав ээтэн монгол гутал өшиглөсөн шиг өвлийн тачигнасан ид хүйтнийг үл тоон дан цагаан цамцтай уур цан татуулан гарч иржээ. Хүрээний борчууд хүүхдүүд хэрэгт дуртай авгай чавганц нар ч хашаа гэрээсээ гүйлдэн гарч ирцгээжээ. Бан Ляо дороо бүжиглэх мэт дэвхцэн жороолж, харин Бадамжав Богд уулын оройг харсан шигээ толгой дээгүүр зогсчээ. Бан Ляо түүнд ойртонгуутаа гэнэт муухай хашгираад үсрэн өшиглөхөд Бадамжав хагас доош суун дээгүүрээ гаргаад хятад эрийн ар зоонд нь өшиглөж орхиж. Нүд ирмэхийн зуур болсон энэ гайхалтай өшиглөлт хятад эрийн тэнцвэрийг алдагдуулж орхив. Бадамжав энэ боломжийг ашиглан зогсоо зайгүй довтолж цохилт хийсэн ч амжилт олсонгүй. Бан Ляо зодолдохын тулд зайгаа авч ухарч эхлэхэд хөлийн нь аясаар бужигнасан цас бүжиглэх мэт үнэхээр гайхалтай байсан гэдэг. Хүмүүсийн сэтгэл хөдөлж "наад муу хужаадаа үзүүлээд өг" гэж хашгирцгаана. Төд удалгүй Бадамжавын ээтэн хоншоорт монгол гутал хятад кунфучийн булталтыг угтуулан өшиглөж хамрыг нь чихэж орхижээ.
Ингэж анх удаа монгол эр монгол нударган зодооноор хятад кунфучыг ялж ард түмнээ баясгажээ. Бадамжавыг нэгэн ноёны сүйх тэргэнд суугаад явахад зодоон харж, сэтгэл нь хөөрсөн монголчууд гудамжинд тааралдсан хятадуудыг нэлд нь зоджээ.
          Солгой Бадамжав 1937 оны хэлмэгдүүлэлтэнд өртөж цаазлагдсан бол Бан Ляо хэмээх хятад эр Барон Унгерн нийслэл хүрээг эзлэх үед ор сураггүй алга болсон гэдэг.