Sunday 20 March 2011

Буурын гэрээ


Хаант Орос, Манж Чин улсын хооронд Буурын голд хил тогтоох хэлэлцээ явагдаж Найралт төвийн 5 дугаар он буюу 1727 оны 8-р сарын 20-нд түүхнээ Буурын хэмээн тэмдэглэгдэн үлдсэн гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээнд Манж Чин улсын туслагч жанжин, засаг төрийн хошой жүн ван, Эфү /Манжийн хааны хүргэнийг Эфү гэдэг/ Цэрэн, Хаант Орос улсын их элч, төгс зарлигт амбан хааны туслагч гүн Владиславич нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Уг гэрээг Манж, Орос хэл дээр үйлдсэн байдаг.
    Буурын гэрээгээр Тагнын урианхайн нутгийн хойд захын Шавинайн даваанаас эхлэн Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уул хүртэл 2400-аад километрт Монголын хойт хилийг тогтоож, хилийн шугамыг газар дээр нь тодорхойлон, 87 хос хилийн овоо босгож тэмдэглэжээ. Тэнгис голын эх Тэнгис даваанаас эхлэн зүүн тийш Тарваган дахын 58 дугаар овоо хүртэл 1890 км газрын хилд босгосон 76 хилийн овоо тэмдэг нь манай улсын одоогийн хилийг хамаарч байна.
    Уг гэрээг хэрэгжүүлж хилийн овоо, тэмдгийг газар дээр нь тогтоон тэмдэглэхдээ, эхлээд Хиагт горхины баруун талын Ухаа хамарын хөтөл дээр овоо босгон “Дундын овоо” хэмээн нэрлэжээ. Түүнээс баруун, зүүн тийш хилийн овоо, тэмдгүүдийг байгуулах хилийн комиссарууд (комисс)-ыг томилсон байна.
Дундын овооноос эхлэн зүүн зүгт Эргүнэ голын эрэг дэх Авгайт уул хүртэл Халх, Баргын нутгийн хойт талаар 63 хос хилийн овоо, тэмдэг босгосноо тодорхойлсон солилцох бичиг (протокол) үйлджээ.
Манж Чин улсын зуучны дэд зэргийн хиа Хубит, Хаант Орос улсын захын комиссар элчийн туслагч Иван Глазунов нар 1727 оны 10-р сарын 12-нд Авгайт уулан дээр гарын үсэг зурж хоорондоо солилцжээ.
Овоо тэмдэг босгосон газруудыг тодорхойлбол:
1.    Бүрхтэй уулын өмнө хамрын ирмэг дээр
2.    Бүрхтэй уулаас харалдаа тушаа зүүн тийш Цайдам нуурын хойд уулан дээр
3.    Давст нуурын тушаа өмнөх Хүрлэг нурууны үзүүр дээр
4.    Дөрөөгийн харалдаа баруун тийш Цөх голын баруун уулан дээр
5.    Шарвага нугын дээд үзүүр, Цөх голын эргэн дээр
6.    Чагтай голын адаг, Цөх голын баруун эргийн уулын зүүн хажууд
7.    Хазаа голын адаг, Цөх голын эргэн дээр
8.    Ар Хүдэр голын адгийн баруун уулан дээр
9.    Уялга голын адаг, Улиаст нугын өмнөх дэнж дээр
10.    Ар хадны голын адаг, Цөх голын эрэг дээр
11.    Ар хад, Өлөөль голын бэлчирт
12.    Өвөрхад голын адгийн хойд уулан дээр
13.    Хөмөр давааны хойдхи Хянга (ирмэг) дээр
14.    Хүе голын зүүн Хөмөр нурууны үзүүр дээр
15.    Ононгийн Хужир нугын Рашааны хойд өндөр дээр
16.    Онон голын хойд, Ашинга голын адгийн зүүн өндөр дээр
17.    Харъяачуудын хойд уулан дээр
18.    Хаслаг голын хойд уулын бэлд
19.    Балж голын Бат хадын баруун хойдхи мөнх шил дээр
20.    Хүмүль голын хөндлөн бэлчир ууланд
21.    Галдтай голын зүүн бэлчир ууланд
22.    Хярхан голын зүүн нуруун дээр
23.    Бөххүн голын адгийн уулан дээр
24.    Гилбэр голын салааны бэлчир Баянзүрх уулан дээр
25.    Боёгтын нуруун дээр
26.    Агац, Хормоч голын хойд уулын үзүүрт
27.    Гожуултай уулын нуруун дээр
28.    Хэрээ голын хойдхи Адраг уулан дээр
29.    Ханхруу уулын хий овооны хойд уулан дээр
30.    Улхан уулын хойд үзүүрийн ургаа чулууны дэргэд
31.    Онон голын өмнөх Ар Баянзүрх уулан дээр
32.    Өвөр Баянзүрхийн Бүдүүгийн хар толгой дээр
33.    Бэрх голын эхний Борх давааны баруун өндөр дээр
34.    Хурцын нуруун дээр (Жимгэр горхины эхэн)
35.    Мангад нүх, хойд нурууны ирмэг дээр
36.    Их түргэний голын зүүн Дааган дэл уулан дээр
37.    Тосог уулан дээр
38.    Дөч голын хойдхи ухаа шил дээр
39.    Хорин нарс уулын үзүүр дээр
40.    Сэндэртийн хойдхи Шар толгой дээр
41.    Тогтор голын зүүн нуруун дээр
42.    Хөх ишгийн голын баруун хар толгой дээр
43.    Бэрх горхины хойдхи Түргэн уулан дээр
44.    Зүүн Түргэн голын хойдхи өндөр толгой дээр
45.    Ямалхын голын эхний зүүн уулан дээр Цагаан нуурын баруун талд
46.    Ямалхын голын хойдхи хөх толгойд
47.    Ямалхын голын Хар толгойд
48.    Ямалхын голын адгийн зүүн уулын үзүүрт
49.    Ямалхын голоос өмнө зүгийн талд байгаа хоёр хөвд дээр
50.    Нивсийн хойдхи өндөр толгой дээр
51.    Муу гэзэг толгойн хойд үзүүрт
52.    Чивтийн хий овооны хойдхи дэнж дээр (Улз голын зүүн талд)
53.    Зээрэнт уулын хойд үзүүрт
54.    Энх толгойн хойдхи Талын гэзэг толгой дээр
55.    Мөнх толгойн хойд тал дээрхи
56.    Ангархайн хойдхи талд
57.    Хөвөлзөхын хойдхи талд
58.    Тарваган дах толгойд
Энэхүү солилцох бичиг-(протокол)-ийн төгсгөлд “Бүрхтэй уулын нуруунаас Эргүнэ мөрний эхэнд хүртэл өмнө бие цөм Манж Чин улсынх болох, хойд бие цөм Хаант Орос улсынх болох, бид, хоёр гүрний эв эеэр тогтоож хэлэлцсэн ёсоор уул, гол, газар усыг хуваагаад захын газарт овоо босгон, харилцан солилцож, суусан улсыг өөр өөрийн захын дотор суулгасан хоёр гүрний эв эеэр нэн эв эе болгож, захын газрыг цэвэр болгож, ашид шог самуун үл болохын тул зөвшиж бичиг бичиж, гараар тэмдэглэж баталж андалдав” гэжээ.
Дундын овооноос баруун зүгт Шавинайн даваа хүртэл Халх, Хөвсгөлийн Урианхай, Дархад, Тагнын Урианхайн нутгийн хойд захаар хилийн овоо тэмдэг босгожээ. Үүнийгээ батлан солилцох бичиг (протокол) үйлдэж, Манж Чин улсын хиаг захирагч Дорги, Хаант Орос улсын ордны хиа, захын хэргийг даасан комиссар С.А.Количев нар 1727 оны 10 дугаар сарын 27-нд Шавинайн даваан дээр гарын үсэг зуралцан хоорондоо солилцжээ.
Хилийн овоо, тэмдэг босгосон газруудыг тодорхойлбол:
1.    Хилийн дундын овоо
2.    Оргойт уулан дээр
3.    Буйлааст уулын зүүн хойт үзүүр дээр
4.    Хөх чулуут, Ёнхор уулын уулзвар уулан дээр
5.    Хонгор овоон дээр
6.    Гунзан уулын зүүн үзүүрт
7.    Хотгойдын нурууны зүүн үзүүр дээрх
8.    Хулд голын эхний даваан дээр
9.    Гачуурт (Хацуурт) голын эхний даваанд
10.    Цээж голын эхний даваан дээр
11.    Модон хөл голын эхний даваан дээр
12.    Буурал голын эхний Бугат даваанд
13.    Хээгт голын эхний Дашит даваанд
14.    Гурвийн зүүн үзүүр Хэснэгт даваанд
15.    Үзүүр голын эх Гурви даваанд
16.    Гурвийн баруун үзүүр Ханх даваанд
17.    Нарийн голын эхний Нүхэт даваанд
18.    Тэнгис голын эх, Эрхэг дархаг тайга уулын зүүн үзүүрийн даваан дээр тус тус хилийн овоог босгожээ.
Уг солилцох бичиг-(протокол)-ийн төгсгөлд “тэдгээр овооны өвөр биений уул, гол ба аль хэрэгт юм болбоос Манж Чин улсын болгож эзлэх, Ар биений уул гол ба аль хэрэгт юм болбоос Хаант Орос улсын болгож эзлэх, хоёр гүрний сайд эв эеэр нийлж, үнэн зөвөөр хэлэлцэж нааш, цааш андалдах бичгийг бичиж, өөрийн гараар баталж дуусгав” гэж тэмдэглэжээ.
Буурын гэрээгээр Монгол, Оросын хилийг Барга, Халх, Хөвсгөлийн болон Тагнын урианхайн нутгийн хойгуур тогтоон, Халхын хилийн харуулуудаар хамгаалуулсан байна.
Энэхүү баримт нь Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд хэрэв эх баримттай нь танилцахыг хүсвэл тус архивын уншлагын танхимаар үйлчлүүлэх ба Манжийн үеийн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яамны хөмрөгийн М-1, данс-1 /1-р боть/, хадгаламжийн нэгж 1-ийг үзнэ үү. Нийт 12 хуудас баримт буй. Мөн Гадаад Хэргийн Яамны Төв архив болон Хил Хамгаалах Ерөнхий Газрын архивт энэхүү гэрээтэй холбоотой баримтууд хадгалагдаж байна.

Tuesday 15 March 2011

Монголын их хаан Гүюгээс Ватикан хотноо Ромын Пап ламд илгээсэн төрийн бичиг

-Мөнх тэнгэрийн хүчинд бүх аугаа их ард иргэдийн Далай хааны зарлиг. (Зөвхөн энэ нэгэн өгүүлбэрийг Түрэг хэлээр бичээд төрийн албан бичгийн үлдсэн хэсгийг бүхэлд нь Перс хэлээр бичжээ.)

Их хаан Гүюгийн захидал
Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Корал хэмээх газар хурилдай хийж ахуйд та нар элч томилон гуйчлуулав. Гуйчлалыг чинь элчдэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгээ учрах хэрэгтэй бөгөөд би та нарт засагт дурдаж бүхий зарлиг бүхнийг сонсгосугай. Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайны ёс хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон гуйчилсан нь цэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж, Та нар бүх Мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээнэ. Би ихэд цочив. Бидэнд авч хэлбэл энэ нь аль хэр буруу аж? хэмээн надад хэлүүлэв. Эдгээр үгийг тань бид үл ойлгов.
Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэдгээр хоёр хүмүүсийг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг эс дагав. Чиний өгүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алав. Тиймээс мөнх тэнгэрийн хүчинд, тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ? Чи өгүүлсэн бишүү? Би бол Христос мөргөлтөн. Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ. Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ? Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно.
Одоо та нар бид болбол танай харьяат албат, эд хөрөнгийг дуртай өргөнө хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулан нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол бид та нарыг эеэр дагагч хэмээн үзнэ. Хэрвээ та нар тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг минь эсэргүүцвээс даруй лайсан хэмээнэ.
Дээр дурдсан аливаа зарлиг бүхнийг ухаартугай.
Хэрвээ буруу санаа өвөрлөвөл хэрхэхийг тэнгэр мэднэ." гээд захидлын эцэст болон захидлын дундах залгаасан дээр Монголын Их хааны Төрийн тамга даржээ.
Монголын их хааны төрийн тамгын Ромын Папад явуулсан төрийн бичигт дарсан дардас

Барон Унгернийг "Баатар" цолоор шагнасан Богд хааны зарлиг

Барон Унгерн фон Штернберг

Зөвлөлтийн нэрт дипломатчдын нэг А.А.Иоффегээс В.И.Ленин, Л.Д.Троицкий, Г.Е.Зиновьев, И.В.Сталин нарт илгээсэн захидалд: "Монголыг зөвлөлтжvvлсэн явдал бол сайтар бодож боловсруулсан цэгцтэй төлөвлөгөөний vр дvн бус. Хэрвээ Монголд Унгерн байгаагvй бол манай нөхөд тэнд нэг их амжилт олохгvй, бид Дорнод Туркестаныг, хэдийгээр тэнд Бакич байсан ч гэсэн зөвлөлтжvvлж чадаагvй шигээ Монголыг зөвлөлтжvvлж чадахгvй байсан. Чeчерин тэндхийн өлбөгөрvvдэд зохих ёсны хариу цохилт өгөөгvй" гэсэн байна. Тvvнийг ухаан солиотой, хийрхvv, японы гар хөл бологч, муу жанжин, алуурчин гэх мэтээр бичсээр бидний тархинд суулгажээ. Гэвч тvvний Монголын тvvхэнд байгуулсан гавъяа нь Богд хаант Монгол Улсыг сэргээн байгуулсан ба Зөвлөлтийн цэргийг Монголд орохоос өөр аргагvй нөхцөл байдалд оруулсанд оршино.
Vнэхээр "солиотой" Барон 800-хан цэрэгтэй зvvн хязгаараас гэнэт орж ирээд Хvрээнд бэхжсэн 15000 хvнтэй Хятадын байнгын цэргийг хиар цохиогvй бол, гаминг цэвэрлэж, Монголыг бvрмөсөн тусгаарлаад өөрсдийн нь эсрэг тvшиц газар болгочихоогvй бол улаантнууд Монголын төлөө хуруугаа ч хөдөлгөхгvй байв. Улаантнууд Монгол дахь хятадын армитай байлдахаас болгоомжилж байв. Хvрээнд бэлтгэл хvчтэйгээ нийлээд 15 000, Чойрт 2 000, Хиагтад 3 000 нийтдээ 20 000 гаруй цэрэг, 50 орчим их буу, 150 пулеметтай армийг "тэнэмэл" Барон өчvvхэн хvчээр гэнэтхэн бут цохиод сарниулчихна гэдэг vнэндээ байж болшгvй "домог" авч бодтой болсон л юм даа. Тэгээд ч дипломат шалтгаан байсан нь большевикууд Хятадын зөвшөөрөлгvй Монголд орж чадахгvй байлаа, харин Баронд ийм "зөвшөөрөл" огтхон ч шаардлагагvй байв. Тэгээд ч дэлхийн дайнаар суларсан Оросуудын араар урвагч феодалуудтай хуйвалдан гурван улсын хэлэлцээрийг зөрчсөн Хятадын тvрэмгийлэгчдийг хөөсөн тvvний vйл ажиллагаа шударга ёсонд нийцсэн, хууль ёсны vйлдэл байсан билээ.
Хэрэв Барон "Сибирьт халдаж, алсдаа нvvдэлчдээс бvрдсэн арми байгуулж, Зөвлөлтөд заналхийлдэггvй юм гэхэд морин цэргийн байнгын довтолгоо өрнvvлж, Сибирийн ард тvмнийг боcгох сэдэл төрvvлж магадгvй" гэж улаантнууд болгоомжлоогvй бол хэзээ ч Монголд цэрэг оруулахгvй байв. Тэр шvvх хурлын өмнө өгсөн мэдvvлэгтээ "Би Зөвлөлтөд довтлох зоригтой цагаантнуудын сvvлчийнх" гэж хэлсэн нь vнэн юм. Зөвлөлтийн цэрэг Монголд орж ирээд цагаантнуудыг л мөрдсөн болохоос гамингуудыг Барон цэвэрлэчихсэн байсан тул Монголын талаар Хятадууд элдэв өгvvлэл гаргах шалтгаан бий болгож чадаагvй билээ. Зөвлөлтийнхөн харин ч Баронд цохиулсан гамингуудыг өөрийн нутгаар дамжуулан Хятад руу гаргаж байсан юм. Барон бол Монголд элэгтэй, шашин, ёс заншлыг нь хvндэтгэн vздэг цөөхөн Европ хvний нэг байв. Тэр хосгvй ховорхон нөхцөл байдал vvегэж чадсаны ачаар л Монголчууд тусгаар тогтнох замдаа гарсан билээ. Бароныг бут цохисны дараа Ардын намынхан Хятадын тvрэмгийллээс болгоомжилж Зөвлөлтийн цэргийг гаргахгvй байх хvсэлт тавьсан юм. XX зуунд Зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж байсныг бид шvvмжилдэг авч vнэндээ тэр нь манай тусгаар тогтнолын хэрэгт их тус болсон билээ. Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю 1960-аад оны эцсээр колоничлогч англичуудаасаа "Цэргээ бvv гаргаач" гэж гуйж явсантай л адил хэрэг.
Тvvний хvмvvжил төлөвшил зан араншин vvнд нөлөөлжээ. Нэгдvгээрт тэр өөрийнхөө биеэр эртний Хvннvчvvдийн цус гvйж байгаа гэдэгт бат итгэсэн байв. Унгерн, Унгариа гэдэг овог бол Атиллын удмын овог гэж тэр хэлдэг байжээ. Хоёрдугаарт XX зууны эх, дэлхийн I дайны дараа Европын хаадын ордонд нэвтэрсэн оккультизм, далд нууц шинжлэх ухаан ба Буддизмыг шохоорхон судлах явдалд гvнзгий автсан хvн байв. Тиймээс тэр "амьд Будда" гэгдэж байсан Богд хаанд ихэд хvндэтгэлтэй хандаж, ямар нэгэн нууцлаг хvчийг буддизмын нэгэн төв Монголоос олно гэдэгтээ огтхон ч эргэлздэггvй хvн байв. Тэр Хvрээг чөлөөлсөн ялалтынхаа дараа дайн тулаанд лам нарыг байнга авч явдаг байсан ба давших өдөр, цагаа асуудаг байж. Харин орос офицерууд нь тvvний энэ vйлдлийг зvгээр л солиорол гэдэг байжээ. Vvний бас нэг нотолгоо нь Зөвлөлтийнхөнд ялагдсаныхаа дараа тэр ойрхон Манжуурт биш алс Төвдөд очихыг зорьж байжээ. Богд хаанд захидал илгээж, Хvрээг орхин Улиастайд төвлөн суухыг ч хvсэж байв. Хэрэв тэр Төвдөд очсон бол улаантнууд дагаад Төвдийг салгах гэж оролдох байсан болов уу? Тvvний ялалт бас л гайхмаар vйл явц байлаа. Чухам тийм учраас улаантнууд хятадуудтай байлдахыг хvсээгvй мөртлөө Хятадыг ялсан Бароны хvчийг устгахыг чухалчилжээ. Унгерн Америкийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: "Монголчууд Европчуудын эдгээж чадаагvй өвчнийг ч эдгээж чаддаг" гэж хэлснийг Бурдуков дурджээ.
Мөн тэр нvvдэлчдийн цэргийн чадварт огтхон ч эргэлздэггvй цөөхөн европ хvний нэг байлаа. Тохь тух, илvv зvйл шаарддаггvй, хатуужилтай нvvдэлчдийн морьт арми байгуулахыг тэр мөрөөдсөн ба улаантнуудтай байлдахдаа оросуудад биш монголчуудад гол найдлагаа тавьж байснаа огтхон ч нуудаггvй байжээ. Гэвч харчин, цахар, буриад, монголчууд нь сахилга бат сул, дээрэм тонуул, архи дарсанд дуртай, дураараа аашилдаг байсныхаа горыг Баяр гvнийг алдсаныхаа дараа л мэдсэн юм. Ингэлээ гээд Барон монголчуудыг шийтгээгvй, харин ч шархадсан харчин цэргийг эмчилсэнгvй гэж эмчээ vхлvvт болтол нь зодож байжээ. Хятадууд монголчуудтай байлдахаас зайлсхийж, элдэв хорт явуулгаар эрхэндээ барьж байхыг хичээж, харин улаантнууд Монголын байлдах чадварыг шууд муу гэж байв. Щетинкиний илтгэлд энэ тухай тодорхой бичсэн байдаг.
Тvvнд дарлагдан зовсон, эрх чөлөөгөө эрсэн монголчуудын тэмцэл таалагддаг байв. Тиймээс ч тэр буриад, харчин, татаар, башкир зэрэг монгол угсаатнаас бvрдсэн арми байгуулахыг хvсдэг, тvvндээ ч хvрсэн юм. Барон Унгерн фон Штэрнбэрг бол ёстой л "Халхын заяагаар гэнэт тодорсон" хvн байлаа. Тэр төрөхдөө ямар сонин хувь заяатай болохоо мэдээгvй байх. Алс хол Австрид төрсөн сахилгагvй, бяцхан Роман хvv Дорнын тvvхэнд мөнхрөн vлдэнэ гэдгээ мэдэж байсан болов уу? Хэрэв Барон байгаагvй бол тvvх яаж эргэх байсныг бодоод vзвэл сонирхолтой л юм. Бид тvvхийн ийм агшнуудыг, нэг хvний гvйцэтгэх vvргийг огт анзаардаггvй гэмтэй л дээ. Гэвч эцэст нь тэмдэглэхэд тэр Mонголыг тусгаар улс болгох санаатай хvн байсангvй, харин хуучин Чин гvрнийг сэргээн байгуулах, vvндээ нvvдэлчдийг ашиглах сонихолтой л байсан нь тvvний бvхий л бичиг захидлаас харагддаг.
Харин Барон Унгерн ялагдан баригдсанаар түүний хувь заяаг хэрхэн шийдэх талаар "Оросын коммунист большевикуудын намын Төв хорооны улс төрийн товчооны 1921.08.29-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд 55-р протоколд ингэж бичжээ. Барон Унгернийг шvvхэд шилжvvлэх тухай санал дээр В.И.Ленин өөрийн гараар цохoлт хийхдээ "Энэ хэрэгт маш анхааралтай хандаж, ялын vнэн магадтайг шалгаж, бvрэн дvvрэн нотолсон тохиолдолд л ил шvvх ажиллагааг яаралтай зохион байгуулж, буудвал зохино гэдэгт эргэлзээ байж болохгvй" хэмээгээд гарын vсгээ зуржээ. Унгернийг баригдсаны дараа улаантнууд тvvнд их зөөлөн хандаж байсан ажээ.
Ингээд Новониколаевск дахь хувьсгалт цэргийн шvvхээс 1921 оны 9 дvгээр сарын 15-нд Москвагийн цагаар 03 цаг 15 минутад тvvнд ялын дээд хэмжээ оноосныг сонсгож 16-нд гvйцэтгэжээ. Тэр 35-хан настай байлаа. Монголын шинэ үеийн түүхэнд өөрийн гэсэн нэрээ үлдээсэн энэ хүмүүнийг Монголын төр үнэлэн шагнаж байсан нь эдүгээ түүх болон үлджээ. Түүнийг "Баатар" цолоор шагнасан тухай Богд хааны зарлигийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна. Таалан соёрхоно уу!
Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хааны зарлиг
Орос жанжин генарал Барон болбоос бидний Монголын өөрийн эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн зүтгэсэн гавъяа бүхий хүмүүн мөн.
Түүний бие анх цэрэг авч ирснээс инагш хүйтэн жихүүнд халшрал хийхгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслагсангүй, эцэстэл зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний газрыг байлдан авч гавъяа бүтээсэн ба шан хорыг тэгшлэн, цэргийн цаазыг явуулсанийг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой.
Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж, генарал Баронд үе улиран ханы зэрэг, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отог, улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнавай.
Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун. Иймийн тул шар торгоны өргөмжлөлд эрдэнэ дарж олговой.
Олноо Өргөгдсөний арваннэгдүгээр он хэмээжээ. Эл зарлиг эдүгээ Монголын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Thursday 10 March 2011

Би хаана төрөө вэ?

Б.Явуухулан


Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Монгол хаадын тамганы түүх



Бидний хувьд мэддэг хэмээн санадаг ч үнэндээ мэддэггүй хичнээн олон явдал түүхийн харгуйд бүдгэрэн хоцорсон байна вэ? Энэ бүхний нэгнийх нь тухай та бүхэнд дэлгэн хүргэе үү.
Бид бүхний мэдэхээр “Цогт тайж” хэмээх түүхэн киноноо Чингис эзний алтан ургийн сүүлчийн хаан болох Лигдэн хутагт хаан Манж улсын Абхай хаан лугаа тэмцэлдэн цохигдоод буруулан дутааж хөх нуурын газраа одон Чингис хаанаас уламжилсан Монголын их хааны тамгыг нуун далдлаад өвчний учир бие бардаг билээ. Тэгвэл үнэндээ Монгол хаадын тамганы түүхийн бодит үнэнийг өгүүлэхээр зорилоо.
Чингис хаанаас өмнө Монголын нэгэн их аймаг болох Найман аймгийг захирч байсан Таян хан хэмээх Байбухын тамга хэрэглэж байсан нь түүхэнд тодорхой тэмдэглэгдэсэн бөгөөд Чингис хаан тамга хэрэглэсэн явдал ч түүнтэй холбогдон үүсчээ. Монголын нууц товчоог сөхөн үзье.
“Таяны аймгаас нэгэн хүн дутаав. Хасар түүнийг барь гэсэнд Бат гүйцээд амьдаар барин ирэв. Үзвэл өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгүүлрүүн: “Танай олон аймаг цэрэг цөм манийг дагаж байхад чи энэ юмыг өвөртөлж хааш одно” гэвэл тэр хүн өгүүлрүүн: “Миний бие тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав.” Хасар өгүүлрүүн: “Чи аль овгийн хүн, ямар тушаалтай вэ? Тэр хүн өгүүлрүүн: “Би язгуураас уйгар газрын хүн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ.” Хасар бас асууруун: “Энэ тамгыг юунд хэрэглэнэ?” Тататунга өгүүлрүүн: ”Сайн хүнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэнэ” гэвэл Хасар сайшааж шударга элбэрэлт хүн гэж Тэмүүжинд мэдүүлж аливаа бичиг явуулахад хэрэглэхээр тэрхүү тамгыг Тататунгад тушаав.” хэмээн Монголын нууц товчооны Ван хан сөнөсөн нь хэмээх долоодугаар бүлгийн 196-д өгүүлжээ. Энэ бол Чингис хаан тамга хэрэглэсэн анхны албан ёсны баримт болно.

Түүнчлэн Чингис хаан эхлээд миний төсөөлөн бодож байгаагаар бол мөнөөх Таян ханы хуучин тамгыг хэрэглэсэн ч байж болно. Гэвч Чингис хаан билгийн улирлын тооллын гуравдугаар жарны гал улаан бар жил буюу гаргийн тооллын 1206 онд бүх Монголын нэгдсэн төрийг байгуулж Их Монгол улсын хааны сууринд өргөмжлөгдсөнөөс эхлэн нийт Монголыг захирсан агуулгатай шинэ тамга хэрэглэсэн нь эргэлзээгүй зүйл юм. Энэ нь одоо болтол Ватикан хотноо бүхий Ромын Папын архивт хадгалагдаж буй Монголын  их хаан Гүюгийн төрийн бичигт хэрэглэсэн цул Монгол үсгээр сийлсэн тамгын дардас хэрэг дээрээ Чингис хааны тамга болно.  Чингис хааны үеэс үүсгэн үйлдсэн энэхүү Моголын их хааны тамга хаант Монгол улсын дөрөвдэх их хаан Мөнхийн үе болтол хэрэглэгдэж, Хубилай хааны гарт ороод хэрэглээнээс гарсан нь бас тодорхой тэмдэглэлтэй юм.  Жишээ өгүүлсүү:
Өгөдэй эцэг Чингис хааны их орыг залгамжилсаны дараа мөнөөх Тататунгагаар “Хас тамга болон дотоод ордны эд эрдэнийг хамааруулахаар тушаажэээ”. Өгөдэй хааны энэ Хас тамга Чингис хааны хэрэглэж байсан тамга болох нь дамжиггүй. Түүний дараа 1246 онд Өгөдэй хааны ахмад хөвгүүн Гүюг хаант Монгол улсын гурав дахь их хаан орыг залгамжлах үед Европ дахины Пап ламд явуулсан төрийн бичигт энэ тамгыг дарсан байжээ. Энэ бол манай үе болтол хадгалагдаж ирсэн Монголын их хааны тамгын ул мөр болно. Гүюг хааны дараа Монголын их хааны ор Чингис хааны дөтгөөр хөвүүн Тулуй эзний ахмад хөвгүүн Мөнхөд шилжсэн тул Монголын их хааны тамга ч Мөнхөд шилжсэн байх учиртай. 

Мөнх хаан 1259 онд нас барсны дараа түүний гутгаар хөвүүн Өрүндаши Монгол- Алтайн орчим нутаглаж байжээ. Тэр үед Мөнх хааны дүү Аригбөхийн мянганы ноёд Алтайн хавь газарт хүрч “Бид цэрэг морио авч их хаанд /өөрөөр хэлбэл Хубилай хааныг хэлж байна./ бууж өгөх санаатай. Энэ тухай таны саналыг сонсъё. ” гэж Өрүндашийн дэргэд хүн томилон хэлүүлжээ. Энэхүү сануулгыг Өрүндаши зөвшөөрсөн бөгөөд “Аригбөхийн ордонд түргэн элч томилон, түүнээс эцгийнхээ /Мөнх хааныг хэлж байна./ нэгэн том Хас тамгыг авахаар шаарджээ. Аригбөх тэр тамгыг нь тушаан өгчээ.” Ингээд Өрүндаши Аригбөхийн мянганы ноёдын хамт цэрэг морио авч Хубилай хааны дэргэд хүрсэн байна. Энэхүү “Том хас тамга” гэдэг нь Чингис хааны үеэс уламжилсан их Монгол улсын Далай хааны Хас эрдэнийн тамга болох нь дамжиггүй. Энэ тэмдэглэл тэр үеийн бодит байдалтай яв цав тохирч байна. Тухайлбал Мөнх хаан их ор суусныхаа дараа 1257 оноос биеэр өмнөд Сүн улсыг дайлах байлдаанд мордсон тул их хааны тамгыг дайны газарт аваачаагүй нь тодорхой бөгөөд өөрөө ч 1259 онд байлдааны талбарт нас баржээ. Тиймээс юуны түрүүнд их хааны тамгыг гардан хадгалж төрийн хэргийг хамааран үүлдсэн дүү Аригбөх нь Хархорумд биеэ их хаанаар өргөмжилсөн байв. 

Дараа нь Тулуй эзний гутгаар хөвүүн Хубилай байлдааны талбараас буцаж ирээд хожим их  Юань улсын хаадын зуны орд буюу дээд нийслэл Шанду хэмээгдэх болсон өөрийнхөө хувь өмчийн газар Кайфенд өөрийгөө их ор залгамжлав хэмээн тунхаглажээ. Энэ үед Монголын их хааны тамга Аригбөхийн гарт байсан нь зайлбаргүй. Ингээд ахан дүүс Хубилай Аригбөх нар хоорондоо байлдаж Хубилайн ялалтаар Монголын их хааны суурь Хубилай болон түүний хойчист  шилжсэн билээ.   Их Монгол улсын далай хааны тамгыг Хубилай хаан цаашид хэрэглэсэн үү гэвэл ийм тэмдэглэл харагддаггүй бөгөөд Хубилай хаан бүх Юань улсын хууль журамд тохирсон өөр тамга хэрэглэсэн нь түүхэнд тэмдэглээтэй юм.  Тиймээс Чингис хааны үеэс уламжлан ирсэн Их Монгол улсын далай хааны Хас эрдэнийн тамга ч Хубилайн гараар дууссан бололтой. Хубилай хааны гардан байгуулсан их Юань улс бол Хаант Монгол улсыг багтааснаар зогсохгүй бүх Хятадын нутаг дэвсгэрийг багтаасан өргөн их хаант улсын хувьд Хубилай хаан бүх талаар эртний Хятадын хууль засаг, дүрэм, тогтоолыг хэрэгжүүлсэн байна. Үүний дотор тамгын дүрэм ч багтаж байсан. Хятадын хааны тамгын дүрэм маш эртнээс Хятадын анхны нэгдсэн төр их Цин улсын Цин Ши Хуандигаас уламжилж иржээ. Тэр цагт хааны тамгыг “Ши” гэдэг байв. Харин Тан улсаас хойш “Бау” буюу Эрдэнэ гэдэг болжээ. Гэвч Хятадын сүүлчийн төрүүдэд тамгын тоог харилцан адилгүй хэрэглэж байв. Жишээ хэлбэл: Монголчуудын мөхөөсөн өмнөд Сүн улсын хаад 14 тамгатай байжээ. Юань улсын үед Сүн улсын тамгын дүрмийн ихэд өөрчилж хааны тамгыг наймаар тогтоожээ. Тамгыг нэрийдэх нэрийг Тан улсаас улирсан ёсоор “Бау” гэж нэрийджээ. Юань улсын найман Бау тамга нь доорх мэт.
1.      “Шэү минь бау” буюу “Зарлигийн тамга” убилай Ар
2.      “Чувань күвэ бау” буюу “Төрийн сулд тамга”
3.      “Тиянь зи хэ бау” буюу “Тэнгэрлиг эзний тамга”
4.      “Хуанди хэ бау” буюу “Хааны тамга”
5.      “Тиянь зи син бау” буюу “Тэнгэрлиг эзний албан тамга”
6.      “Хуанди син бау” буюу “Хааны албан тамга”
7.      “Тиянь зи синь бау” буюу “Тэнгэрлиг эзний итгэмжийн тамга”
8.      “Хуанди синь бау” буюу “Хааны итгэмжийн тамга” эдгээр болно.
Энэ найман тамга дотроос “Төрийн сүлд тамга” болон “Хааны тамга”-ын талаар тусгайлан дурдъя.  Энэхүү”Төрийн сүлд тамга” бол Их Цин улсын Цин Ши Хуандигаас уламжилсан Хятадын төрийн сүлд тамга болох бөгөөд нэг ёсондоо шинэ төр барьсан хаан нь өмнөх мөхсөн төрөөс уламжлан авдаг байжээ. Гэвч Юань улсын Шицзү хаан Хубилай сэцэн хааны төр барьж асан нэгэн үед энэ тамгыг уламжлан авч чадаагүй юм. Харин Хубилай хаан наснаас нөгчсөн тэр Жи Юаньны 31-р он буюу 1294 оны хөх морин жил өвөг хааныхаа их орыг залгамжилсан Төмөр Өлзийт цолтойгоор  хаан ор суух үед  Чингис хааны их жанжин улсын Го ван Мухулайн жич хөвүүн Шиде гэгчийн гэрээс нэгэн эртний тамга олджээ. 
Эртний Цин Ши Хуанди

Тэр тамгыг төв бичгийн мужийн сайд Цүй Иүй болон төрийн түшмэл Ян Хуань нар уншиж эртний Цин Ши Хуанди хааны Төрийн сүлд тамга мөн хэмээн тодорхойлж Төмөр хааны эх Хөхжин хатанд өргөжээ. Их хатан биеэр Төмөр хаанд тушаан өгчээ. Ингээд Юань улс Хятадын уламжлалт төрийн сүлд тамгыг олов гэдэг билээ. Тэрхүү тамгын агуулга нь "Тэнгэрийн бошгот Өлзий хутаг өнөд мөнх" гэсэн үгийг эвхмэл үсгээр бичжээ. Гэвч энэ нь төдий л бүрэн оновчтой утга бус юм. Хятад сурвалж бичгийг үндэслэвэл уг тамгын үг нь иймэрхүү ойролцоо агуулга бүхий байсан гэж үздэг. Гэхдээ Цин Ши Хуандигаас уламжилсан Лантияан хасаар үйлдсэн ууган тамгыг нь зүүн Хань улсын Сянь Ди хааны үед алдсан гэдэг тул түүнээс хойших хаадын уламжлан ирсэн энэхүү “Төрийн сүлд тамга”-ыг хуурмаг тамга гэдэг билээ. Тэр ч байтугай энэ тамгыг Төмөр хаанаас хойших Юань улсын хаад төрийн уламжлалт сүлд тамга болгон тасралтгүй уламжилсаар ирсэн нь лавтай юм.  
“Хуанди хэ бау” буюу хааны тамга гэдэг нь тун өвөрмөц онцлогтой байжээ. Энэ тухай мэдээ ба тамгын дардсыг БНХАУ-д хэвлэгдсэн “Сүй, Тан улсаас нааших албан тамгын цуглуулбар” хэмээх номд мэдээллэсэн байдаг. Тус номд Юань улсын үеийн 35 тамгын нэг болох Чингис хааны дүү Ди ван Хавт Хасарын дэд хүү Есүнгэгийн тамгыг оруулсан байна. Түүний тайлбарт “тус тамгыг Шаньси” мужийн зүүн өмнө орших Шань Ян газрын Дин овогт хүн хадгалж байв. Эдүгээ хаана байхыг үл мэднэ. Тамганд бариул үгүй. Харин тамгын ард өөр нэгэн маш сонирхолтой тамгыг сийлсэн ажээ. Энэхүү тамга нь гурван мөр үсэгтэй. Түрүү мөр нь Монгол үсэг, дараа мөр нь Самгарид үсэг, сүүлчийн мөр нь “Хэ бау” гэсэн хоёр эвхмэл үсэг буруу талд нь буй.” гэжээ.  Харин эл тамгын учир агуулгыг эрдэмтэн Зууннаст гуай шинжлэн үзээд Монгол хэлнээ дөрвөлжин үсгээр бичснийг нь “Хуанди”, Самгарид үсгээр бичснийг нь ”Өлзий хутаг” гэсэн агуулгатай гэж дүгнэсэн бөгөөд Юань улсын нэгэн хааны тамга гэж үзжээ. Дараа нь Ван Нень Ху гэгч Зууннастын саналтай адилавтар саналыг дурьджээ. Энэ тамгыг Пагвагийн дөрвөлжин үсэг зохиогдсон 1269 оноос хойш үйлдсэн нь тодорхой юм. Лүвэ Женьиүй тэс тамгыг “Есүнгэ их вангийн тамга”-ны ард сийлсэн гэсэн нь бодит байдалтай нийцэмгүй. Учир нь энэхүү хааны тамгын хэмжээ нь 12,6 см ам дөрвөлжин, Зууннаст гуайн хэмжилтээр бол 12,5 см байхад, Есүнгэ вангийн тамга 11,2 см ам дөрвөлжин байв. Иймээс чухамдаа бага тамгыг их тамгын ард сийлж болохоос биш их тамгыг бага тамгын ард сийлнэ гэдэг байж болшгүй. Тэгэхээр Есүнгэ вангийн тамгыг энэхүү хааны тамгын ард сийлсэн гэвээс зүйтэй бөгөөд хожим нь хүмүүс засварлан үйлдсэн гэж үзэлтэй.
Юань улсын түүхэнд Хавт Хасарын дэд хүү Есүнгэ ванд  Хубилай хааны Чжүн Түнгийн 3-р оны 4-р сард буюу аргын тооллын 1262 онд алтан үсэгтэй тамга шагнав гэсэн тэмдэглэл байдаг бөгөөд энэ Пагва ламын дөрвөлжин үсэг бүхий хааны тамгаас өмнөх явдал болно. Тиймээс энэ хоёр тамгыг нийлүүлж сийлсэн явдал нэлээд хожим болсон онцгой нэгэн хэрэгцээний ажил байсан нь илэрхий байнам. Миний үзэж байгаагаар бол ингэж үйлдсэн нь умард Юань улсын үед үйлдсэн хэрэг болох юм. Учир юун хэмээвээс умард Юань улсын хаадын дотор Чингис хааны төрсөн дүү Ди ван Хавт Хасарын хойч Адай гэгч 1425 онд их хааны орыг түр залгаж 1438 онд хороогджээ. Түүнээс хойш Хасарын хойчис дахин Монголын их хааны орыг залгамжлаагүй бөгөөд үүнийг Монголын түүхэнд нэгэн онцгой явдлаар үздэг билээ. Ийм учраас Адай хааны хэрэглэж байсан тэр тамга нь түүний хойчист нуугдан үлдэж Хасарын үр хойчис нэгэн үе ч гэсэн Монголын их хааны ор суусан тэрхүү түүхэн явдлаа мөнхөд тэмдэглэхийн тулд Хасарын хоёрдахь хүү түүх шастирт алдар цуутай Чингисийн чулууны бичигт нэрийг нь сийлж мөнхлөсөн Есүнгэ мэргэний тамгыг хааны тамгын ард сийлсэн болов уу гэж бодном. Магадгүй Адай хаан өөрөө Есүнгэ мэргэний үр хойч ч байж мэдэх юм. Энэхүү хааны тамга нь хаан төрийн эрхийг залгамжлах сүлд тамга биш болохоор түүх шастирт төдийлөн тэмдэглэдэггүй байна. Харин өмнө дурдсан Мухулай жанжны  жич хөвүүнээс өргөсөн тамга бол Юань улсын Ү Цзүн хаан Өлзийт Төмөрөөс Юань улсын эцэс үе болтол үе улиран залгамжилсан хаан төрийн сүлд тамга болно. 1368 онд Тогоонтөмөр хаан төрөө алдаж нийслэл Дайдү хотоосоо “ханцуйлан гарсан Хас бау тамга” гэдэг нь тэрхүү Хятадын хааны төрийн сүлд тамгыг багтаасан Монголын их Юань улсын хаадын тамга байсан нь дамжиггүй юм. Ингээд Мин улс эцэслэтэлээ хаан төрийн сүлд тамгыг олсонгүй гэдэг билээ. Тогоонтөмөр хаанаас хойш умард Юань улсын үед хаан төрийн эрх мэдэл булаалдах явдал тасралтгүй гарч байсан тул төрийн тамга ч олонтоо алдагдаж гээгдэж байв. Жишээлбэл: Өлзийтөмөр хаан /зарим сурвалжид Буяншири гэх/ Мин цэрэгт сүрхий дийлэгдэж зөвхөн долоохон морьтны хамт Хархорумд  дутаан хүрчээ. Дараа нь Ойрадад очсонд Ойрадын эзэн  Махму буюу Батула чинсан түүнийг хороов. Үүнээс умард Юань улсын үе улирсан хаан төрийн сүлд тамга Ойрадын гарт оров гэдэг билээ. Тэгээд Батула чинсан “Дэлбэгийг хаан өргөмжилсөний хамт эртний Юань улсын хаан төрийн уламжлалт тамгыг Мин улсад өргөх” –өө илэрхийлжээ. Гэтэл Батула чинсан хэрэг дээрээ энэхүү тамгыг Мин улсад өгсөнгүй. Үүнээс сүүлд 1357 онд Татарын /Зүүн Монгол/ Булай тайш “их Юань улсын төрийн уламжлалт тамгыг Ойрадаас булаан авч Мин улсын хаанд өргөнө” гэж хэлсэн боловч үнэндээ Маркус хаанд өгчээ. Үүнээс бүүр хол сүүлд Монголын Батмөнх даян хааны жичэнцэр хөвүүн 1593-1603 онд их хаан ор суусан Буян сэцэн хааныг умард Юань улсын их хааны сууринд суусан тухай Лувсанданзаны бичсэн “Алтан товч”-д мэдээллэхдээ “Бас түүний хойно Буян сэцэн хаан Эрдэнэ шашин номыг дэлгэрүүлж эртний Тайсун хааны алдсан тамгыг авч энэ төрийн улам байгуулж эн их улс иргэнээ амарлуулав.” гэж тэмдэглэжээ. 

Үүний дараа Буян сэцэн хааны ач хүү Лигдэн хутагт Чингис хаан умард Юань улсын сүүлчийн их хаан орыг залгамжилсан тул хаан төрийн сүлд тамга ч Лигдэн хааны гарт шилжжээ. Лигдэн хаан 1634 онд манж нарт ялагдсанаас хойш Монголын хаадын үе улиран барьсан хаан төрийн сүлд тамга  манжийн хожуу алтан улсын хоёр дахь хаан Хуан тайж Абахайн гарт оржээ. Энэ тухай “Богдын цэрэг дайны тэмдэглэл” гэдэг номд “Тайцзүн Вень хаан Тяньцзүнгийн 9-р он /1635/ Юань улсын Сиюү Ванзигийн /Даян хааны Хятад сурвалж бичигт ингэж тэмдэглэдэг/ хойч Цахар аймгаас хаан төрийн уламжлалт тамгыг олж авсан бөгөөд Монголын 49 бэйл болон Түмэд 2 хошуу нийлэлдэн хаан цол өргөн оны нэрийг Зүн де хэмээн өргөмжилсөн /1636 оноос эхлэн хэрэглэжэ/ явдал болбоос манай Дай Чин улс тэнгэрийн бошго хүлээсэн цаг билээ” гэж тэмдэглэсэн буй. Ийнхүү умард Юань улсын хаан төрийн сүлд тамга ч  энэ мэт хаан төрийнхөө хамт дуусчээ.