Sunday 7 August 2011

Өндөр Жанрайсигийн сүм


Манж чин улсын ноёрхлоос салж 1911 онд үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээсэн түүхт үйл явдалтай холбогдуулан Богд эзэн хааны зарлигаар 1911 оноос Монгол улсын тусгаар тогтнолын бэлэгдэл болгож Мэгжиджанрайсэг бурхныг 80 тохой өндөр бүтээж түүнийг дотроо багтаах 42 метр өндөр сүмийг Гандан хийдийн баруун хойд талд 1911-1913 онд Монгол урчууд барьжээ. 1950- иад онд Мексик улсад болсон спортын олон улсын тэмцээнд оролцож явсан манай нэг тамирчнаас нэгэн Мексик өвгөн “Танай урга хотыг би урьд үзсэн, дэлхийн хот бүхэнд Москвагийн кремль, Бээжингийн тэнгэрийн сүм, Парисын их цамхаг гэх мэт гайхамшигт бүтээл байдаг юм. урга хотын баруун дэнж дээр том байшин дотор 27 метр өндөр зэс хөшөө байсан тэр одоо бий юу” хэмээн асуусан гэдэг.
Гандантэгчилэн хийдийн хашаанд гурван (V, VII, VIII) богдын шарилын дуган нэг хамбын шарил буй. Өөд болоочдыг хөдөөлүүлэх хуучин шинэ хосолсон ёсны дагуу хамба лам Гомбожавын цогцосыг авслаад хийдийнхэн хашааны баруун хойд өнцөгт бунхалж дээр нь шарилын суврага залж, маань хөгжөөж, дэргэд нь олон бурхад залсан байхад эртний дээдсийн чандарлан оршуулах эрхэм ёсны дагуу тав, долоо, наймдугаар богдуудын цогцосыг шатааж үнсээр нь суврага бүтээж сүмд хүндэтгэн залжээ.
МАХН-ын төв хорооны тэргүүлэгчдийн 1937-12-27-ны 7 дугаар хурлын тогтоолоор Гандан тэгчилэн хийдийг олон нийтийн мөргөлийн газар байхыг болиулж, байшин барилга эд хөрөнгийг нь улсад хурааж, хийдийн дуган сүмийг орос хэвлэлийн газарт , Мэгжиджанрайсигийн дуганыг орос цэргийн хуаранд тус тус өгч, тав долоо, наймдугаар богдын шарилын суврагийг устгажээ. Ийнхүү Зөвлөлтийн удирдагчдын шахалт шаардлагаар Монголын бурхны шашны хүрээ хийдүүдийг хоосон балгас болгон үгүй хийж, лам санваартнуудын нь аль л эрдэм номтой, мяндаг тушаалтай бүхнийг хэлмэгдүүлж, заримыг хүйс тэмтрэн устгасныхаа эцэст Зөвлөлт холбоот улсын дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.И.Калинин 1943 онд Монголын удирдагчдыг хүлээн авч ярилцахдаа Монгол дахь бурхны шашныг устгасныг ихэд зэмлээд дахин сэргээх зөвлөлгөө өгснөөр Гандантэгчилин хийдийг сэргээж олон нийтийн мөргөлийн газар болгоод, тэр үед лам нарын Артелийн дарга, ерөнхий ня-бо байсан Эрдэнэпил, Гомбодоо нарыг тус хийдийн хамба, гэсгүйгээр тохоон тогтсон гэдэг. Үүнээс үзэхэд Зөвлөлтийн удирдагчид Монголын ард түмний чөлөөтэйгээр шүтэн бишрэх эрхийг хэрэгжүүлэх ямар ч бололцоогүй болгосныхоо дараа зарим талаар ухаарч Монгол улст ганц ч болхноо хүрээ хийдийн үйл ажиллагааг хатуу хяналтын дор явуулж байх болгосон байна. Дараа нь буулгах гэж байсан Мэгжиджанрайсигийн дуганыг 1950 –иад оноос улсын архивын хэрэг эрхлэх газрын мэдэлд өгөөд улмаар 1960-аад оны эхэн үеэс улсын архивын хэрэг эхлэх газрын мэдэлд байсан уг сүмийг улс мэдэлдээ авч 1971-1973 онд сэлбэн засварлах ажил эхэлж Орос улс руу тээвэрлэж аваачаад сураггүй болсон Мэгжиджанрайсиг бурхныг Монгол урчууд дахин бүтээж, одоо цаашид 1000 бурхдыг сэргээх ажил үргэлжилж Гандан хийдийн орчимд шинэ дуган сүмүүд ч барих үйл ажил үргэлжилсээр байна.

1 comment:

  1. таны түүхэн холбогдолтой нийтлэлүүд тань үнэхээр сайн болдог юм байна.

    ReplyDelete