Sunday, 30 January 2011

Боржигины бор тал

 Бавуугийн Лхагвасүрэн



Санаа алдахад
Эхийн минь сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүрий нь залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

 Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг, эгэл боргилын туйл
Нар, хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчилж, чулуу ханарааж төрөхөд тал минь чи
Торго шиг зөөлөн байсан 


Жаргал, зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр, гунигийн нулимсаа унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсаан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээрээ эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгилж, зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан


Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг ч
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний минь шархнаас хожидож анидаг юмаа тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь ирт улаан дөл намайг бадрангуй болгосон
Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон

Байдуу мянганы уулсаан дууриаж толгойд минь буурал сууж
Багадаа хөхсөн эхийн минь сүү гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ хүн чулуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь

No comments:

Post a Comment