Thursday, 27 January 2011

Чин ван Ханддоржийн өргөө

Чин ван Ханддоржийн өргөө

Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Гадаад яамны тэргүүн сайд Чин ван Ханддоржийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн дурсгалт байшин Улаанбаатар хотод бий.
     Өөрийн хөрөнгөөр бариулсан энэ байшиндаа Чин ван Ханддорж 1913 оны зунаас эхлэн 1915он хүртэл амьдарч байжээ. 1915оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд ардын засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд Цэрэндорж сууж байв.
     1923 онд уг байшинг судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд 1941-48 онд тус улсын нутаг дэвсгэр дээрх түүх соёлын дурсгалт барилга байшинг хамгаалах, сэргээн засахтай холбогдуулж гаргасан удаа дараагийн тогтоол шийдвэрийн дагуу улсын II зэргийн хамгаалалтад авчээ.
     Чин ван Ханддоржийн байшин нь Монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай юм.
     7.5м x 16.0м-ийн хэмжээтэй, тоосго, модон ханатай, модон дээвэртэй сууцны зориулалттай хоёр давхар эл байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой зун суухад зориулагдсан.
     1973 онд түүнийг засварлаж Дүрслэх урлагийн музейн харъяа Театрын музей болгон байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1975-1977 онд Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хэмжилт судалгаа, сэргээн засварлах зураг төсөл, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн.
      Гэтэл байшинг сэргээн засварлаад Театрын музей байгуулаагүй бөгөөд Хүүхэд Залуучуудын театр “Саран хөхөө” гэр театр байгуулахаар 1991 онд шинэчлэн сэргээн засварласан байна.

No comments:

Post a Comment