Friday, 29 April 2011
Гэсэр сүм
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршдог Гэсэр сүмийн баригдах болсон шалтгаан нь Монголд хөхийн шашны номлолыг дэлгэрүүлэх зорилгоос үүдэлтэй. Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар гэдэг хүн 1919-1920 онд Гэсэр сүмийг бариулжээ. Хятадын хөхийн шашин нь Хятадын тооллын тавдугаар зууны үед Буддын шашныг хятадад дэлгэрүүлсэн нэгэн урсгал шашин юм. Сүм барих хөрөнгийг хятад лам нар, их хүрээний пүүсүүдийн хятад эзэд сүсэг бишрэлээрээ гаргасан байна. Гуанди шүтээн буюу Гэсэр сүмийг Тасганы овооны өвөрт байгуулжээ. Гуанди гэдэг нь хятадын нэгэн том цэргийн эрхтэн Гуан Юу-гийн өргөмжилсөн нэр. Гуан Юүг тахисан сүмийг Гуан димио гэдэг байж.Манж нар Манж чин улсыг байгуулах үедээ Гуан Юү жанжны сүнс залран ирсний ивээлээр дайснаа дарж улсаа байгууллаа хэмээн шүтэж, Гуан Юүгийн дүрийг залсан сүм хийдийг байгуулах болжээ.Гэсэр сүм нь гол хаалганы зүүн, баруун талд жин хэнгэрэг, жин хонхны хоёр сүүдрэвч, гол сүм болон дарь эхийн сүм, өргөл мөргөлчдийн байшин, хөлгийн сүм, хөхийн шашны сургуулийн хоёр байшин, Гүвэ овогт Захарын сууцны байшин, хэрмэн хашаанаас бүрдэж байв.Гол сүмд сүмийн шүтээн Гуанди, туслах баатруудынх нь дүр бүхий баримал, Тансан ламын үлгэр намтарчилсан зураг, баримал дүрс байжээ. Өргөл, мөргөлчдийн байшинд сүмийг барих үед мөнгө өргөсөн хүмүүсийн нэрсийг жагсаан бичсэн чулуун самбар байв. Энэ байшинд хятад лам нар суудаг байж. Хөхийн шашны сургуулийн хоёр байшинд хятад хүмүүс сайн дураараа ирж сурдаг байжээ.Хөхийн сүмийн баруун тасалгаанд Гуан-ди хааны улаан дэлт хүлэг морь, баруун тасалгаанд цагаан хүлэг морины баримал байжээ.Жин хэнгэрэг, жин хонхыг цаг хэмжүүрийн дохио болгон ашиглаж байсан гэдэг.Гэсэр сүмээс ший янгууны тоглолтыг жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өдрөөс 15-ны өдрийг дуустал хийдэг байсан нь учиртай. Гуан-ди шүтээнтэй бүх хот суурин газруудад ийм тоглолт зохиодог байж.Сүмийг 1933 онд улсын мэдэлд авснаас хойш барилга байгууламжийг нь янз бүрийн байгууллага эзэмшиж анхны төрх байдлыг нь алдагдуулсан тал бий. Гандантэгчинлэн хийдийн уран барималч, зураач Данзан лам 1966 онд Гуан-дигийн хятад баримлыг өөрчилжээ. Данзан лам Гэсэрийн туужаас санаа авч Гэсэрийг морь унасан баатрын байдалтайгаар урлаж, баруун талд нь Цасчихэр, зүүн талд нь Рогмагуа хатны дүрийг цаас, шавар баримлаар хийсэн байна. Хятад хийцийн сүм дуганы төрөлд багтах дурсгалт уран барилгын нэг болох Гэсэр сүмийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.Өдгөө Гэсэр сүмд Гандантэгчинлэн хийдийн Бадма Ёга Дацан болон тус хийдийн шашны дунд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.
No comments:
Post a Comment