Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Монгол Улсын
Ардын зураач, Төрийн соёрхолт Үржингийн Ядамсүрэн нь 1905 онд Сэцэн хан
аймгийн Түмэндэлгэр сумын “Улаан нүдэн” гэдэг газар төржээ. Өвөг эцэг
Үржин нь арван засгийн “заан” цолтой бөх хүн байснаас гадна модон
эдлэл,тэрэг уналга хийдэг, сийлбэрээр оролддог гарын уртай нэгэн байсан
нь бяцхан ач хүүд нь нөлөөлсөн нь дамжиггүй. Ядамсүрэн 5 наснаас эхлэн
авга ах Чойдаш лам болон багш Агваандорж лам нараар төвд хэл заалгаж
байжээ. 13нас хүрэхэд нь эх нь хүүгээ Чойдаш ламд шавь оруулах хүсэлт
гарган хандахад ах лам Чойдаш нь хүлээн авснаар урлах ухаан,сийлэх арга
барил, бурхан зурах ухаанд суралцан ламын хажууд шавилан суух амьдрал нь
эхэлсэн гэдэг. 1930 онд Улаанбаатар хотод ирээд Гэгээрлийн Яамны харъяа
бэлтгэл сургуульд орж суралцаад хэвлэх үйлдвэрт латин үсгийн өрөгчөөр
ажиллаж байжээ. 1934-1937 онд Москва хотын Дорно Дахины хөдөлмөрчдийн
намын их сургуульд суралцан эх орондоо буцаж ирээд Шинжлэх ухааны
хүрээлэнгийн газар зүйн тасагт ажиллаж байв. 1939 онд Москва хотод
В.И.Суриковын нэрэмжит Уран Зургийн Дээд сургуульд суралцахаар явсан
байна. Дэлхийн II дайн дэгдсэнээс тэрээр сургуулиа дүүргэх боломжгүй
болжээ. 1942 оноос Ядамсүрэн ШУХ-ийн харъяа Хувьсгалын музейд ажиллаж
байв. Энэ хугацаанд Д.Чойдог, О.Цэвэгжав нарын хамтаар Дүрслэх урлагийн
газар байгуулах үйлсэд идэвхтэй оролцож зураачдын дугуйланг явуулж байв.
Тус дугуйланд /нэрт уран бүтээлчид болох /олон хүн суралцаж байснаас
Л.Гаваа, Н.Цүлтэм, Гүрдорж, Л.Намхайцэрэн, Л.Ванган, Цэнд-Аюуш, Б.Чогсом
зэрэг хожим нэрт уран бүтээлч, зураачид болсон хүмүүс байлаа. Мөн лам
нарын артелиас Манибадар, Жамба гэх мэт улс суралцаж байсан байна. 1945
оноос Дүрслэх урлагийн газар байгуулагдсанаар зураачаар орж 1986 он
хүртэл ажиллаж уран бүтээлээ туурвиж байв. ”Ү.Ядамсүрэн нь Монголын
эртний урлаг соёлыг цуглуулагч, цогцлуулан бүтээгч, өрнөдийн уран
зургийн соёлыг дэлгэрүүлэгчдийн гурван гавъяат” гэж Д.Сандагдорж гуай
1991 онд “Зохист аялгуу” сонинд бичиж байсан билээ.
Ү.Ядамсүрэнгийн бүтээлийг 2 үе болгон хувааж болно.
1.1940-1960-аад он-тосон будгаар дагнан ажиллаж байсан.
2.1960-аад оноос хойшхи үе-монгол зургийн аргаар урлан бүтээж байжээ.
Түүний уран бүтээлд хөрөг зураг чухал байр суурь эзэлдэг. Түүний
хөргүүдийн гол нийтлэг шинж нь хүний зан төрхийн онцлогийг харуулах
явдал юм. Нөгөө талаар судалбар, таталбар хийж бүтээдэг онцлогтой, Европ
сургуулийн барилаар ажиллаж байсан. Уран зураач маань “Монгол
зураг”-аар дагнан туурвихдаа манай улсын угсаатны зүйн болон урлаг
судлалын бүтээлүүдийг эмхэтгэсэн “Цам”, “Угсаатны хувцас”, “Ардын эдлэл
хэрэглэл”, “үндэсний хувцас” цомгууд гаргаж байв. Уран зураачийн хувьд
олон хөрөг бүтээснээс “Д.Сүхбаатарын хөрөг”, “С.Магсаржав”, “Малчин
Дуламсүрэн”, “Их эмч Раднаабазар”, “Инжинааш”, “Доктор Ренчин”,
“Эрдэмтэн Пагваа” гэх мэт болно. 1946 онд Ү.Ядамсүрэн “Д.Сүхбаатарын
хөрөг” бүтээлээр БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн. 1965 онд БНМАУ-ын Ардын
Зураач цол, 1975 онд Сүхбаатарын одонгоор шагнагдаж байсан билээ.
Зураачын уран бүтээлийн үзэсгэлэн 1955, 1965, 1975, 1985 онуудад
Улаанбаатар хотноо 1976 онд ЗСБНАвтономит Буриад Улсын нийслэл Улаан-Үд
хотод, 1982 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан байна. Ядамсүрэн нь
1941 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж том, бага хэмжээний 50 гаруй
хөрөг, түүх хувьсгал, аж байдал, байгаль зэрэг төрлөөр хэд хэдэн бүтээл
хийснээс гадна ардын гар урлал, эдийн соёлтой холбогдсон 400 гаруй зураг
зурсан байна.
No comments:
Post a Comment