Friday, 30 December 2011

“Дамбийжанцан ба Монголын баруун хязгаар”

Дамбийжанцан
ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийн хуудсанд өөрийн ул мөрөө тодхон үлдээсэн харь улсын гаралтай нилээд хүмүүс байдгаас Хаант Орос улсын харьяат Жа лам хэмээн олнаа алдаршсан монгол үндэстэн халимаг Дамбийжанцан юм. Энэ хүний намтар, мөн Монголын баруун хязгаарт өнгөрүүлсэн амьдралаас цухас дурдъя.
Дамбийжанцан болбаас 1860-аад онд Астраханы ойролцоох газар Төмөрсанаа гэдэг хүний хүү болон төржээ. Түүнд эцэг нь Амар гэдэг нэр өгсөн ба хүүхэд ахуй насандаа Долон нуурын дацанд, идэр насандаа Түвэдийн Гоман дацанд тус тус шавилж бурханы шашны мэдлэгийг эзэмшиж, улмаар хөрш айлынхаа ламыг егүүтгэсэн хэргээр Түвэдийн Лхасаас хөөгдсөн гэж судлаачдын бүтээлд тэмдэглэжээ.
1889 он буюу шарагчин үхэр жилийн намар Дамбийжанцан анх Монголын баруун хойд хязгаарын Жинжлиг харуулаар хил нэвтрэн ирсэн аж. Тэрбээр хаанахын, хэн болох нь тодорхойгүй байсан учир албаны түшмэд түүнийг баривчилж Улиастайн манж жанжины  газарт аваачин байцаахад,”Би Оросын харьяат боловч монгол хүн, Монголын газарт явахад бичиг буй, үгүй нь юуны хамаа. Би бол Амарсанаагийн ач, Монголын хувь заяаг зөв замд оруулах тавилантай төрсөн хүн” гэх зэргээр мөчөөрхөж байгаад суллагдсаныг Улиастай дахь орос худалдаачин Элеский буюу А.В.Бурдуков зэрэг хүмүүс батлан бичсэн. Өөрийг нь мөрдөж байцаасан монгол түшмэдэд Дамбийжанцан хандаж “Манай Монгол одоо тусгаар улс болох цаг үес тохиолдсон. Гэтэл та нар Монгол юугаан хэргийг хайхрахгүй манжийн тэжээвэр болж байх нь хөөрхий” гэж өгүүлсэн ажээ. Энэ нь Манжийн эрхшээлийг үл тэсвэрлэн занаж хорсохын туйлд хүрсэн монголчуудын бодол оюунд тодоос тод ул мөр үлдээсэн ба Монголын баруун хязгаарын зарим нутгийн ард олон Дамбийжанцанг авралын од хэмээн бурханчлан шүтэж эхлэхэд хүргэжээ.
Ингэж монголчуудын дунд өөрийн байр сууриа олж эхэлсэн Дамбийжанцан бээр Нарубанчин, Зая бандида, Ламын гэгээн буюу Эрдэнэ бандида хутагт зэрэг Монголын бурхан шашины ихэс дээдэстэй биечлэн уулзаж, мөн Халхын төв рүү орж Их Хүрээнд хэдэн сараар саатжээ. Дараа нь тэрбээр Монголын дорно захын Лхаваанрэгзэн бэйсийн хошуунд очиж хэдэн жил сууж “шинэ лам” нэртэй болж яггүй барилддаг шөрмөстэй бөхийн нэг гэгдэж  яваад өөрийгөө Даваа шабрун гэж нэрлэн хавчиг үүрэгтэй бадарчин болж, Цастын орныг зорин хөдөлж сааталгүй явсаар Засагт хан аймгийн Засагт ханы хошууны хамба хутагт хэмээх хувилгаан ламын сүмд сар хиртэй суугаад цааш одсоноос хойш хэдэн жил сураггүй болсон байна.
Дээр өгүүлснийг зарим судлаачид арай ондоогоор бичсэн нь бий. Тухайлбал Ю.Н.Рерихийн мэдээлснээр бол Дамбийжанцан Улиастайн манж жанжины газарт байцаагдаж байхад нь тэнд байсан оросууд манж хятадуудтай ярилцаж суллуулсан гэнэ. Үүний дараа тэрбээр Улиастайгаас шууд Ховдод очоод тэнд хэдэн сар болж дахин Улиастайгаар дамжиж Их Хүрээ орж, хэдэн жилийн дараа Орос цэрэгт баривчлагдан Хиагтад хүргэгдээд сураггүй болсныхоо хойно 1900 онд Түвэдийн Кам муж руу явж байсан П.К.Козловын шинжилгээний ангид хөлсний ажилчин болж явахдаа өөрийгөө Шарав лам хэмээн нэрлэж байжээ. Уул шинжилгээний анги Түвэдийн нутгийн захад хүрэхэд тэндэхийн эрх баригчид хориглон саатуулж цааш явуулахгүй болохоор П.К.Козлов Дамбийжанцанг илгээж түвэдүүдтэй хэлэлцээ хийх зөвшөөрөл олж ирэхийг даалгасан боловч тэрбээр Дорнод Туркестанаар хэсч нэлээд хугацаа өнгөрсний хойно Ховдыг чиглэн Монгол руу яваад бас л сураг алдарч байгаад 1910 оны орчим дахин Харшаарт ирэхдээ лам дээлийн дотуур европ цэргийн дүрэмт хувцас өмсөж үс сахлаа хусаж зүсээ нэлээд хувилгасан байсныг орос худалдаачин Кряжин үзсэн ажээ.
1911-1912 оны заагаар Дамбийжанцан нэгэн ламын хамт хос тэмээтэй Харшаараас Ховдыг чиглэн хөдөлж, Захчин, Өөлдийн нутгийн захад ирж Торгуудыг дамжин тэр хавийн газар орноор хэдэн сар сууж элдэв аргаар нутгийн олныг өөртөө бишрүүлж чадсан байна. Энэ зуур Нийслэл Хүрээнээс цэрэг ирж Ховдыг манж хятадын цэргээс чөлөөлөх,амбанг үлдэн явуулах гэж буйг явуулын хүмүүсээс удаа дараа лавлан мэдэж, тэр хавиас хэсэг эрчүүдийг цуглуулан Ховдын ойролцоо очиж цэрэг нэмэн элсүүлж, хүнс, агт уналга базааж байгаад Жалханз хутагт Дамдинбазар, С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нарыг очмогц тэдний цэрэгтэй нийлж, харилцан зөвлөж Ховдыг чөлөөлөхөд багагүй гавьяа байгуулсан нь түүнийг хүндлэн бишрэхэд томоохон түлхэц болжээ.
Ховдыг хэрхэн чөлөөлсөн талаар Дамдинсүрэн, Магсаржав, Наваанцэрэн, Дамдинбазар нараас Олнаа өргөгдсөний хоёрдугаар он долоон сарын арван таван буюу 1912 он 8-р сарын 17-нд Монгол улсын эзэн хаан Богд Жибзундамба хутагтад өргөн толилуулсан айлтгалдаа, Ховд хотын манж сайд, түшмэд эв эеийг эрхэмлэн тайван замаар Ховд хотыг орхин гарахыг удаа дараа шаардсан боловч үл ойшоосныг дурьдаад ”... боолчууд бүгдээр зөвлөлдөж шууд дайлаар орохыг тогтож Номун хан Жалханз хутагт Дамдинбазараар тэрсүүд дайсны санааг номхотгож олон амьтныг амар жаргуулахын хутагийг гуйж дээд гурван эрдэнэд даатган залбирч олон лам нар лугаа ном уншиж, сайд Зоригт бэйс Наваанцэрэнгийн хамт авч суусан ба Дамдинсүрэн, Магсаржав нар оролдсон тушаал сахилгыг хүндэтгэж олон аймаг хошуудаас хуралдсан бүх түшмэл цэргүүдийг яаравчлан жагсааж Их Монголын Эрдэнэ бишрэлт засаг лам Дамбийжанцангийн хамтаар энэ оны долоон сарын шинийн наймны үхэр цагт цэргийн хорооны газраас мордож мөн цагт Ховдын хотыг хүрээлэн тойрч Зоригт баатар тайж Тогтохын цэрэг Гэндэн, Найданжав, Насантогтох, Баргын Пунцаг, Сэргэлэн, Доржпалам, Гэлэнгүнж нарын хамт боол Дамдинсүрэн ганцаар огт аймшиггүй тугийг бариулан тэргүүлэн орж буудалцсан ба Магсаржав, Дамбийжанцан, Мянбуу нар олон цэргүүдийг сайнаар дарангуйлан захиран тушааж хашин хөөж тасалдуулахгүй залгалдуулан довтолгож явуулсаар бэхэлсэн худалдааны хотыг эвдэж орж байлдуулан хядуулж сөнөөн дийллээ...”/МУҮТА Х-27, Д-1,ХН-2/ хэмээжээ.
Дээр өгүүлсэн айлтгалын дараа мөн 1912 сарын 8-р сарын 17-нд Дамдинсүрэн, Магсаржав нараас Ховдыг байлдан эзлэхэд онц гавъяа байгуулсан хутагт, лам, сайд нарыг хөхиүлэн шагнах тухай Богд эзэн хаанд өргөсөн айлтгалдаа “Шавь боол Дамдинсүрэн, Магсаржав нар сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь шинэ төр байгуулахад эрхлэн татгалзаж даруй дагахгүйд хүрсэн хойд хязгаарын олон хошуудыг соён элсүүлж дагаар оруулсны дээр мөнхүү тэдний тулгур дагаж орсон улсаас зэвсэг бүрэн, морь сайн, идэр чийрэг цэрэг тус тус үлэмжхэн томилон гаргаж тэрсэлсэн дайн халдаар ирэхэд хавсран туслуулсан ба басхүү хязгаарын самуун байдлыг урьдаас төсөвлөн нарийвчлан мэдэж шууд гурван мянган цэрэг томилж урьдан санаа төрүүлэн дайсны зүг мордож хол ойрын цэргийг шаардан хөөлгөж дайсныг сөнөөхөд түргэн тус болоход хүргүүлсэн ихээхэн хутагт, лам, сайдууд ба дагалдаар одож  зүтгэсэн бичиг, цэргийн түшмэдийг нэр дараалан сайшаан хөхиүлж тулгур байгуулсан төрийн хэргийг чухал болгох бөгөөд хойшид дууриан хөгжих гүн бодлогыг илэрхийлүүлэх явдлыг зүй нь хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр айлдахыг гуйхын учир шавь боолчууд хянаваас ... Их Монголын Эрдэнэ бишрэлт засаг лам Дамбийжанцан болбоос удаа удаагийн байлдах хэрэг тутамд түрүүлэн явсан ба бас ч Алтайн Урианхайн хошууд, захчины зэрэг долоон хошууг элдвээр сэнхрүүлэн сургаж нэгмөснөөр шинэ төрд багтаан дагуулж тэрхүү дагаж орсон хошууны зарим этгээдээс зэвсэг бүрэн морьтой цэрэг тавь илүүг дайчлан томилуулж хүчин туслуулж нэгэнтэйгүүр баруун хойд хязгаарын аймшигтай мэдээг сар дараалан гурван удаа нааш мэдээлэн мэдүүлгэхээр тушааж хүлээлгэсэн ач ийм бөгөөд энэхүү Дамбийжанцанг эрхбиш хэтэрхий сайшаан хөхиүлэхийг үзүүлбээс зохимой...” /МУҮТА Х-27, Д-1,ХН-2/  гэжээ.
Ховдыг чөлөөлөхөд гарамгай үүрэг гүйцэтгэсэн олон хүнийг Богд эзэн хааны зарлигаар хөхүүлэн шагнасны дотор мөнөөх Дамбийжанцанд “Эрдэнэ бишрэлт хүчин төгөлдөр ноён хутагтын хэргэм” хүртээж Баруун хязгаарын олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайдаар томилсны дараа тэрбээр Ховдын сайд зоригт бэйл Наваанцэрэнгийн хамт 300 цэргийг захиран өрнө хязгаарыг сэргийлэн суух болсон байна. Хэдхэн сарын дотор өндөр нэр хүндийг олсон Дамбийжанцан 1912 оны эцэс 1913 оны эхээр Ховдын баруун урд захын Цагаан Түнгэ хэмээх газар сэм нэвтрэн ирсэн хятад цэргийг сүр үзүүлэн буцааж олон хүний амь хохироогоогүй нь  нийтэд сайшаагдан дээдсийн таалалд нийцсэн учир Монгол улсын эзэн хаан Богд Жибзундамба хутагт бээр соёрхон таалж, зарлиг буулгажээ. Уг зарлигт “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хааны зарлиг, Дамбийжанцан болбоос миний биеийг их сууринаа сууж, шашин төрийг хослон барьж монгол язгууртныг нэгэн хамт болгон амгалан жаргаланд жолоодох цагийг тохиолдуулан умар зүгийн адгийн хязгаараас үнэн санаагаар баруун хойд монгол аймагт ирж тэдний сэтгэлийг тохинуулан дагуулж чармайн зүтгэсэнд би ихэд сайшааж Эрдэнэ бишрэлт Дамбийжанцан чамд хишиг хүртээж Үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагт, улбар шар жолоо нэмэн шагнаж, сайд талбиад басхүү Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагтын тамга олгуулав. Чи миний дотно хишгийг хүртсэнийг тулд шашин төрийн үйл хэрэгт номын ёсчлон чин үнэнээр зүтгэж олон монгол аймгийг сайхнаар тохинуулан гадаадын дайсныг номхотгогтун битгий осолдтугай хэмээн сургаж хойч өдөр гавъяаг илэрхийлэх эрдэнэ дарсан шар торгоны өргөмжлөл шагнан олгуулбай. Олнаа өргөгдсөний гуравдугаар он.” /МУҮТА, Х-А173, Д-1, ХН-116/ хэмээжээ.
Мөн сайд ноён хутагт Дамбийжанцанд Халхын баруун хоёр аймаг, Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгаас шавь ардыг олноор өргөж, улмаар Монгол улсын Засгийн газраас түүнд шавь хошуу байгуулах эрх олгож, уг шавь хошууг сайд ноён хутагт Дамбийжанцангийн хүсэлт ёсоор Бат ерөөлт Далай хан Галсаннамжилын хүү гүнгийн зэрэг тэргүүн зэрэг тайж Түмэнбадам-Аюурзанаар захируулж, Түмэнбадам-Аюурзанад улсад туслагч гүнгийн хэргэм, шавь хошууг захиргах тамга үйлтгүүлэн олгуулжээ.
Дамбийжанцан одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт тэр хавийн хэд хэдэн хүрээг нүүлгэн аваачиж Шажинбадрахын хүрээ буюу “Их Монгол улсын хан орд” гэгчийг байгуулж өөрийн шавь нарыг долоон отог болгож үлэмж баяжиж хөлжсөн байна. Гэвч тэрбээр улам бүр сувдаглан шуналхийлж зүй бусаар аашлах болж улмаар өөрийн нэр хүндийг түргэн зуур унагасны зэрэгцээ Ховдын консул А.Вальтер Дамбийжанцан нар хурцаар маргалдах болсон. 1914 оны 2-р сарын 20 буюу Олнаа өргөгдсөний гуравдугаар илүү арван хоёр сарын хорин зургаанд Ховд дахь орос консул сайдын газраас Монгол улсаас санаа урваж тэрслэн оргож Оросын хязгаар Хөшөө мод хэмээх газар орсон хасагуудыг хүчлэн хураалгах хэрэгт томилон гаргасан гэх ахмад Булатовын захирсан гурван түшмэлтэй тавиад орос цэрэг ирж, мөн маргааш өдөр нь буюу 2-р сарын 21-нд хоёр түшмэл зуугаад цэрэгтэй нэмэн ирээд сайд ноён хутагт лугаа уулзах хэрэг буй хэмээн хэлж гурван түшмэл цэргүүдийн талыг нь авч Хатан баатар бэйстэны хамтаар сайд хутагтын суусан газарт хүрч гэнэт цэргээр бүслэж, Дамбийжанцанг Цагаан хааны зарлигаар барин авч явсан гэж архивын баримтанд тэмдэглэсэн байна /Х-А2, Д-1,ХН-202 4-р бичиг/. Чухам Дамбийжанцангийн  баригдах гол шалтгаан бол Хөшөө мод гэдэгт очсон хасаг нар тус хотын эрх баригчдад түүний талаар гомдол зарга мэдүүлсэн болно. Дамбийжанцанг Бийскээр дамжуулан Томскт хүргэж ял унаган Эрхүүгийн ойролцоох Александровский централь хэмээх шоронд хорьж байгаад Якутад цөлж 1916 онд Астрахань мужид нутаг заан суулгаад хоёр жил болж байтал Октябрийн хувьсгал гарчээ.
Уг хувьсгалын дараа улс төрийн хоригдлуудыг сулламагц тэрбээр 1918 оны зун Засагт хан аймгийн Ахай бэйс Цэдэндоржийн хошууны нутгаар дахин Монгол улсын хилийг давж, Жалханз хутагтын хүрээнд ирж “Намайг Орос улсын Засгийн Газар элдвээр дарлан зовоовч тэсвэрлэн агсаар атал дотроо самуун гарч шинэ хувьсгалд орж бас дайн байлдаанд туслалцан байлаа” гэж ярьжээ. Харин түүний үгэнд итгэх хүн бараг үгүйд тэрбээр тэндээсээ шууд явж Засагт хан аймгийн Дайчин бэйс Жалчингомбодоржийн хошуунд очиж урьдын түрэмгий байдлаа гаргасанд тус хошууны эрх мэдэлтнүүд Монголын  Гадаад, Дотоод Яаманд мэдүүлэн түүнийг  хэрхэх тухай  лавласанд Богд хаан танилцаад “Хэрэг түвэг өдүүлэхгүй сууваас түүнийг хөөн явуулах хэрэггүй”, ”Хүндэтгэн үзэх явдалгүй” гэжээ. Нэгэнт түүнийг хөөн явуулахгүй нь тодорхой болмогц тэрбээр Монголын баруун өмнө хилийн ойролцоо Маажинсан уулын Цонжит толгойн булаг буюу Гонфожан хэмээх газар суурин байгуулж замын хүмүүсийн ачаа хөсгийг дээрэмдэх, монгол нутгийн ард олныг айлган шоглох замаар түргэхэн зуур бэхжсэн байна. Тэр үед нь Монголын Засгийн газраас  аймаг, их шавь, Ховд, Улиастай, Хиагтын эрх баригчдад тушааж “Дамбийжанцанг хуучин удаагаар хүндэтгэн хэрэглэж үл болохоос гадна ийн тушаасан хойно” зөрчиж үл болохыг мэдэгджээ. Энэ тухай Дамбийжанцан сонсож өөрийнх нь үйл хэрэг буруудахад хүрч болзошгүйг түргэн ухаарч хэсэг зуур жирийн байдлаар гэмгүй суух болсон байна.
Ардын хувьсгалын дараа Ардын Түр Засгийн Газар 1921 оны 4 дүгээр сарын 6- нд  Дамбийжанцанд хүргүүлэх тусгай бичгийг үйлдэж түшмэл Хасбаатар нараар илгээсэн байна. Уг бичигт, Дамбийжанцанг баруун хязгаарын монголчуудыг хамгаалан тохинуулах их түшмэлийн тушаалд тохоон тавьсныг мэдэгдэж, Баруун хязгаарын цэргийг захирах жанжны яам байгуулж хамаарсан нутгийн харьяат нарын залуу идэр эрчүүдээс сонгон суулгаад дотоодын аливаа хэргийг цэргийн хуулиар таслах боловч басхүү ард олны амийг дэмий дуусгахгүй өөрийн амь мэт хайрлан өршөөвөөс зохих ба зодож занчих зэрэг хүнд эрүүгээр ард олныг зовоохгүй байхыг онцлон анхааруулсан байдаг. Мөн түүнчлэн Ардын Түр Засгийн Газраас Дамбийжанцанд түмэн ардын зовлон зүдгүүрийг аль болохоор хамгаалан амар жаргалангийн үйлсэд зүй зохисоор жолоодон, Дөрвөд, Засагт хан, Танну, Урианхайн аймгуудаас болох зохих аргаар цэрэг элсээж дайчлан баруун хязгаар дахь олон монголчуудыг боолчлон дарлаж бүхий цагаан намын орос ба тэдний цэрэг түшмэл жич, халдаар ирсэн оршин суугаа гамин иргэдийг шүүрдэн сөнөөж цэвэрлэн газар орон юугаан амар тайван болгохын төлөө чармайн хичээхийг тушаасан байдаг.
Ардын Түр Засгийн Газраас хүргүүлсэн уг бичгийг Дамбийжанцан хүлээн аваад хариу өгсөн эсэх нь тодорхойгүй боловч тэрбээр Ардын хувьсгалыг талархан угтаагүй нь мэдээж биз ээ. Харин зарим нэгэн дам мэдээгээр бол тухайлбал Улиастайн сайд Ламжаваас Намын Төв хороонд бичсэн захидлаас үзвэл Дамбийжанцан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч “найрлын гэрээ” гэгчийг байгуулах аястай байжээ.
Гэвч түүний балмад харгис, овжин зальхай, шунаг сувдагт монголчууд нийтээрээ дургүй байсны сацуу тэрбээр өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх бололцоо олдвол баруун монголд бяцхан боловч хаант улс байгуулж өөрөө эзэн суух гэсэн олон жилийн санаархлаа огт орхиогүй ба ялангуяа баруун өмнө хязгаарын хэд хэдэн хошууны ардаас өөртөө шавь болгож Ганьсу мужид дагаар орсон зэрэг нь Ардын засгийн бодлогод илэрхий сөргөлцөх болсныг харуулдаг. Түүний энэхүү байдалд эгдүүцсэн Ардын засгийн газрын шийдвэрээр Дотоодыг Хамгаалах Газрын дарга Д.Балдандоржоор удирдуулсан тусгай хүмүүс болох цэргийн дарга Нэрингийн  Дугаржав, Дамирангийн Нанзад, бага даргын сургуулийн цэрэг Даш хэмээн алдаршсан Дашзэгвэ, цэрэг Дамдингийн Содномдаржаа, Манинбуугийн Лувсандамба, дуугүй хэмээх цэрэг Даваа нарыг илгээж Дамбийжанцанг цаазаар аваачсан билээ.
Архивын баримт бичгийг судлан үзэхэд сайд ноён хутагт Дамбийжанцан бээр  Монголын төрд зүтгэхдээ Жалханз хутагт Дамдинбазар, Манлай баатар Дамдинсүрэн, Хатан баатар Магсаржав нарын зэрэг төр хийгээд бурханы шашны зүтгэлтнүүдтэй ихээр дотносож багш шавь, анд нөхдийн барилдлагыг тогтоосон байдаг. 
Төгсгөлд нь өгүүлэхэд Монголын баруун хязгаарт өөрийн хүчээр төрийн хэрэгт оролцож, Богд эзэн хаанаас өндөр цол, хэргэм зэрэг хүртэж, тамга өргөмжлөл шагнуулж байсан удалгүй эрх ямба, хэргэм зэрэгээ эвдүүлсэн, мөн 1918 онд Монгол улсад эгэж ирсэн, 1922 онд Монголын баруун өмнөд хилийн ойролцоо төрийн цаазаар авахуулсан Ижил мөрний халимаг ойрд Дамбийжанцангийн тухай цаашид нарийн судалж, түүнд холбогдох бүх баримт сурвалжуудыг цуглуулж, эмхтгэн судалгааны эргэлтэнд оруулах хэрэгтэй.

No comments:

Post a Comment