ӨНДГӨН СҮРГИЙН НУТАГ
Монголын шарын шашны тэргүүн анхдугаар богд Жавзандамба хутагтын нөлөөгөөр Монгол, хятад хоёр ард түмнийг хооронд нь заагласан манжийн Энх- Амгалан хааны зарлиг XVII зууны сүүлчээс XIX зууны сүүлч хүртлэх хугацаанд Монголчуудад ч холбогдолтой хэвээр байв. Ингэж заагласан нь Хятад, Монгол ард түмнүүд дарлан мөлжигч дээдсийнхээ эсрэг хүчээ нэгтгэн тэмцэхээс болгоомжилсон хэрэг байжээ. Гэтэл энэ зарлиг хятадын ард түмнийг Монголчуудаас хөндийрүүлэх буюу өөрөөр хэлбэл хятад хүнийг Монголчуудын эсрэг үзлээр хүмүүжүүлэх, Монголчуудыг бас хятадын эсрэг үзлээр хүмүүжүүлэхэд аль алинд нь нөлөөлсний дээр Хятадын үндэсний үзлийг дэвэргэхэд ч дайран дээр нь давс нэмсэн зарлиг болжээ. Тийм ч учраас XVII зууны дунд үед Ар монголд үндэсний эрх чөлөөний бослого гарахад тэр зүгт II Богд Жавзандамба хутагтыг хандахад хүргэсэн байна. Үүнээс болж Манж Чин улсын төр Монголын шарын шашны тэргүүнийг Чингис хааны угсааны хүнээр тавихаас цээрлэж, I, II богдууд Чингис хааны угсааны хүмүүс байсан явдлыг далимдуулан бурхны шашны хутагт хувилгаадыг “дахин төрүүлдэг” номлолын дагуу III Богдоос эхлэн Монголын Богдын хойд дүрүүдийг заавал төвдөөс төрүүлдэг улс төрийн бодлого үйлчлэх болжээ. Үүний зэрэгцээгээр Монголд бурхны шашны бурангуй үзлийг улам хүчтэй дэлгэрүүлэхийн тулд Манж чин улсын улс төрийн бодлогоор бурхны номуудыг хятад нутагт олшруулан хэвлэх, бурхдыг болон бурхны шашны хэрэглэлийг мөн энд /У-тайд/ цутгуулж, Монголд түгээх, Сүм хийдийн барилгыг хятад урчуудаар голлон бариулах зэрэг үйл ажиллагааг Манж чин улсын төр өөгшүүлэн дэмжиж байсан бөгөөд Монголчууд ч бурхны шашинд итгэл бишрэл ихтэй болж, эрэгтэйчүүдийн дийлэнхи хувь нь нийгмийн хөдөлмөрөөс зайлан сууж, монгол хүн амын үржил ч бараг зогсож, Монгол үндэстэн бүрмөсөн мөхөхөд хүрч байлаа. Ийм үед Манж чин улс дэлхийн хөгжингүй орнуудын улс төр, эдийн засгийн хүрээлэлд татагдан орж Хятадын ард түмэн харийн түрэмгийллийн эсрэг хэд, хэдэн удаа зэвсэг барин босч Манж чин улс туйлдан тамирдаж байхад Монголын умард их хөрш Орос оронд 1861 онд хамжлагат ёсыг халж капитализм хөгжиж эхлэв. XVII зууны үеэс оросууд баруун, зүүн Сибирь, алс дорно дахиныг эзэлсэн тэр цагаас орос монгол хоёр орны хувьд сайн хөршийн харилцаа тогтов. Үүнд Монгол орны газарзүйн байдал нөлөөлж Монголчуудын хүн ам, хүрээ, хийдийн нягтшил умард хэсэгтээ Тэс голын адаг хавьд (хөдөөд) хамгийн шигүү байхад хятадтай залгаа нийлсэн өмнө ба баруун өмнө талаар бас сийрэг, хятадын залгаа нутаг ч мөн сийрэг хүн амтай зарим газраа эзэнгүй нутаг нилээд байв. Тийм болоод ч Хятадын залгаа нутгийн хөгжлийн төвшин дорой байхад Монголын умард хязгаартай зах нийлсэн Оросын Эрхүү, Дээд үдийн хязгаар, Байгаль нуурын өвөр тал Оросын Сибирь нутагтаа хамгийн их хөгжсөн (төмөр замтай, фабрик заводтой) бүс нутаг байв. Энэ бүс нутгийг нийслэл хүрээ, цааш нь Хятадын чуулалт хаалгатай холбосон хөгжлийн босоо тэнхлэг бүрэлдчихсэн байв. Энэ байдал Нийслэл хүрээ, тэнд суудаг VIII Богд Жавзандамба хутагтын хувьд ч нөлөөлсөн байна.
|
VIII Богд Жавзандамба |
Монголын сүүлчийн хаан Богд Жавзандамба хутагт нь 1870 онд Төвдийн Лхас хотод томоохон түшмэлийн гэрт төрсөн их хүрээнд 1874 онд (монгол тооллоор 5 настайдаа ) ирсэн. Тэр цагаас хойш Европын тоглоомууд, зургуудыг хачин их сонирхдог болж их хүрээнд суудаг оросын консул Я. И. Шишмаров хийгээд орос худалдаачдын сонирхлыг тун их татдаг хүүхэд байжээ. 1887 онд хутагтын эх Ойдовдулам нь Их хүрээнд өөд болоход 17 настай залуу богд шадар туслагчид /зөвлөхүүд/-тайгээ үлджээ. Тэрээр Бээжингээс Манж Чин улсын эзэн хаанаас зөвшөөрөл авалгүйгээр их хүрээнээс гарч хөдөө явах, архидан наргих, эхнэр хүүхнүүдтэй танилцаж, жороо морь унаж зугаалдаг хүн байжээ. Өнгөрсөн зууны 90-ээд онд VIII богд нь Эрхүү хотод байсан амьтны хүрээлэнгээс сургуультай заан нэг бас сургуультай буржгар үстэй хав нохой тавыг тус тус худалдан авчээ гэж бичсэн бол Жавзандамба хутагтыг 22 настай асанд нь Юлиус Прис бичихдээ: “тэрвээр түрүү дүрүүдээсээ огт ондоо бөгөөд Монголчуудын хувьд гэгээрсэн хүн. Орчин цагийнхаа гэсэн бүхнийг ихэд сонирхдог, шинийг сэддэг хүн гэдэг нь үзтэл илт байна.” гэжээ. “Өндгөн сүргийн нутаг” гэдэг энэхүү тусгай хамгаалалтын бүс их хүрээнд XIX зууны үе буюу VIII Жавзандамба хутагтын үед бий болжээ. 1855-1892 оны үеийн “Их хүрээ” гэдэг газрын зурагт Туул голын хөвөөнд 1837 онд V Богдод зуны ордон болгож байгуулдсан цагаан сүм буюу Гунгаадэжидлин хийд ба Дамбадаржаагийн рашааны /ганцхан/ сүмийг тэмдэглэсэн байтал цагаан сүмийн хойд талд барьсан малын хашааг тэмдэглээгүй байна. Энэ нь VIII Богд 1874 онд их хүрээнд залагдан ирснээсээ хойш цагаан сүм, 1838 онд байгуулсан Гандан дахь өвлийн ордуудад гол төлөв сууж байсан бөгөөд зөвхөн шашин төрийн ёслолын үед зүүн хүрээний төв орд, баруун өргөөнд очдог байсантай холбоотой бөгөөд 1912 онд зурсан “Монголын нийслэл” хот зурагт цагаан сүмийн хойдох малын хашааг тэмдэглэж байгаа нь VIII богд хүрээнд ирснийхээ дараа энд малын хашаа бариулснаас зайлахгүй. VIII Богд 23 настайдаа 1893 онд цагаан сүмийг анхдугаар богдын уран бүтээлийн сүм болгон үлдээж, өвөг дээдсээ дээдэлдэг монгол ёсыг баримтлан зүүн талд нь өөртөө өвийн шинэ ордон бариулахдаа хойд талд нь малын хашаа бариулснаар өндгөн сүргийн нутагт малын хоёр хашаатай болжээ. Өндгөн сүрэг гэдэг нь VIII богд Жавзандамба хутагт болон түүний гэр бүлийнхний өдөр тутмын хэрэгцээний морь, тэмээ, үхэр, хонь ямаа маллаж айраг, хоормог, сүү, цагаан идээ бэлтгүүлж, ордны дотоод хэрэгцээнд авч хэрэглэдэг байсан ба энэхүү тусгай хэрэгцээний малыг Туул гол, Дунд голын хоорондох хэдэн булгын савд адуулан малладаг байсан учир их л энхрий нандин сүрэг гэсэн утгаар ийнхүү нэрлэж, дээрх хоёр голын хоорондох нутгийг "өндгөн сүргийн бэлчээр" хэмээн үзэж энэхүү бүс нутагт бусдын морь малыг оруулах явдлыг цээрлэдэг учир тусгай цагдаа хамгаалалттай байсан гэдэг. Өндгөн сүргийн нутаг нь дээр үеэс рашаан ус элбэгтэй, эндээс Туул, Дунд голууд уруу эх авч урсдаг ундрага сайтай булагуудтай байсан учир энд дээр үеэс VIII богдын багш Балданчоймбол Ёнзонгийнх ирж зусдаг газар байсныг өргөтгөж VIII богд өөртөө орд барьсны дараахнаас зүүхэн талд нь бас багшийнхаа зусланг өргөтгөж, Сэцэн хан аймгийн хөвчийн жонон вангийн хошуунаас тодруулж их хүрээнд залж ирүүлсэн Цагаан дарь эх бурхны амьд дүр (ирээдүйн хатан нь болох) Гимаагийн Цэндийн охин Дондогдуламыгаа анагаахаар зуны ордон бариулах ажил хийжээ. 1911 онд 12 дугаар сарын 31-нд 1911 оны 3 сараас өрнөсөн үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж VIII богдыг "Монгол улсын хэмжээгүй эрхт, шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст хаан" хэмээн зарлахад, цагаан дарь эх бурхны бүрэлбаатай хэмээн зарлагдаж ирсэн Дондогдуламыг VIII богдын хатан “Улсын эх дагина” хэмээн зарлан хатны ширээнд залжээ. Энэ үеэс VIII богдын өвлийн ордонд өөрчлөлт орж Манж чин улсын хааны жишгээр хааны ордны өмнөх их хаан, төр, шашны туг мандуулах суурь зэргийг бэлтгүүлж хаан, хатны суух орд харшуудыг өргөтгөн шинэ барилгууд барих ажилд оржээ. VIII богд хаан болсныхоо дараа 1912 онд Нийслэл хүрээнийхээ зургийг зуруулж 1913 оноос тусгаар тогтносон Олноо Өргөгдсөн Монгол улсынхаа олон аймаг хошуу, улсынхаа газар нутгийн зургийг зуруулж, улсынхаа хүн ам, мал хөрөнгийн нэгдсэн тоо бүртгэл хийх, төрийн тамга, туг сүлдийг сэргээж тахиж , төрийн сүлд дууллаа зохиолгох зэрэг төрийн арга хэмжээнүүдийг авч явуулжээ. Өндгөн сүргийн нутагт VIII богд хааны шинэ ордны зүүн хойд талд Богдын ээж хэмээн бүр XVII зууны үеэс үе улиран хэдэн үеэр хүндэлж ирсэн “Далай ээж” хэмээх алдартай нэг хатагтайнх суудаг байв. Далай ээж нь 1635 онд халхын Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас хөвгүүн Занабазарыг анх мэндлэх үед энэ ноёны нэгэн шивэгчин эмэгтэй бас хүүхэд төрүүлсэн байж тохиожээ. Тэгээд Түшээт хааны хатан Ханджамцын хөх сүү багатай, хүүхдээ цатгаж чадахгүй байсан учир эхийн сүүгээр хүүхдээ цатгахын тулд сайхь шивэгчин эмэгтэйд Занабазарыг хөхүүлдэг байжээ. Тэр цагаас хойш олон жилийн дараа сүүг нь хөхөж өссөн эмэгтэйг анхдугаар богд өндөр гэгээн Занабазар “Сүүн далай ээж” хэмээн өргөмжилж (хамжлага) шавьтай болгосноор Богдын их шавийн Далай ээжийн отог буй болж одоогийн Төв аймгийн Угтаал цайдам сумын нутагт байсан энэ отгийн эзэн Далай ээж 1924 он хүртэл олон үе залгамжалсан гэдэг түүхтэй. Түүнээс гадна VIII богдын хаанд өргөмжлөсний дараа төрийн улсын эзэн хааны орд харшийн хамгаалалтын шадар цэргийн ангийг буй болгож төрийн эзний шинэ ордны баруун талд шадар цэргийн хуаранг байгуулсан байдаг. VIII богд хааны шадар цэргийн нэгэн анги 1921 оны 8 дугаар сард жанжин Д.Сүхбаатарын цэрэгтэй хамт явж одоогийн Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутгийн зүүн Бүрхэд оросын цагаантан Хоботовын цэрэгтэй тулалдаж ялалт байгуулжээ. Жанжин Сүхбаатар энэ ялалтынхаа үеэр цагаантны цэргээс олзолсон пулемет буу нэгийг сумтай нь хамт богдын шадар цэрэгт шилжүүлж өгчээ. 1925 онд Богдын шадар цэргүүдийг Монгол ардын цэрэгт нийлүүлээд хуаранд нь өдөрт 50 литр хятад хар архи үйлдвэрлэх хүчин чадалтай “Монопол” архины үйлдвэр байгуулсан нь одоогийн “АПУ” компанийн үндэс болжээ. Бас VIII богд Эрхүүгийн амьд амьтны хүрээлэнгээс худалдаж авсан, заан болон бусад амьтдаар суурилж байгуулсан “Норовлин сүм” хэмээх монголын анхны амьтны хүрээлэн, Богдын шинэ ордны зүүн урьд талд нэгэн булаг дээр байжээ. Энэчлэн VIII богд хаан дэлхийн их гүрнүүдийн эзэн хаадын жишгээр ордондоо дэлхийн олон орны амьтны чихмэл, түүхт дурсгалт зүйлийн арвин их цуглуулгын сантай байсан. 1924 оны 5 сард өөд болсны нь дараа энэ цуглуулгаар Монгол улсын үндэсний музейн суурь болж хөгжжээ. VIII богд Монгол улсын хаан болсныхоо дараагаар тус улсын хэмжээнд нэрд гарсан дуучин, хөгжимчин, сийлбэрчин, мужаан , уран дархан, барималчин зураач зэргийг ордондоо цуглуулж тэдний алдарт бүтээл, туурвил хийх замыг тавьж өгсөн байдаг. 1913онд 7 сард VIII Богд хаан болон хатан Дондогдулам нарын санаачлагаар хааны ордны дэргэд “Сангай аймаг” гэдэг нэртэй тусгай хамтлагыг байгуулж тэнд уран зураач, дархан, хатгамалчин дуучин хөгжимчин зэрэг 120-иод авьяастнуудыг цуглуулж тэднийг хатан Дондогдуламын удирдлагаар ажиллуулж эхэлсэн1 байна. Энэ хамтлагт алдарт зураач Засагт хан аймгийн засагт ханы хошууны Балдоогийн Шарав, алдарт дуучин Түшээт хан аймгийн дайчин вангийн хошууны Самбуу, Хар дархадын цагаан адуутын тээхний Цэрэндэмбэрэл, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт дархан Чуганц, мөн хошууны харьяат алдарт дархан Дашаагийн Шар зэрэг суут зураач урчууд, дархан мужаан, дуучин хөгжимчин, зээгт наамалч, хатгамалчид, бас Монгол улсын хамгийн өндөр хүн болох алиа марзан зэрэг онцлогтой хүмүүсийг цуглуулж алдаршуулж байжээ. Нэгэн жишээ хэлэхэд Д. Шарын бүтээл 1 метр гаруй диаметр бүхий дүүжин цаг VIII богдын зуны ордны хашаан дотор байсан хиймэл нуурын арал дээрхи шилэн ордонд байсныг Улаанбаатар хотын захиргааны жижүүр байсан өндөр настан Шир Машина гуай үзэснээ ярьж байсан. Жавзандамба хутагтын их шавийн хар дархадын зүүн отгийн харьяат дүвчин Цэрэндэмбэрэлийн голлож зохиосон VIII богдын бага хатан Гэнэнпилийн тухай “Хандармаа” гэдэг дуу зохиогдсон байдаг. 1923 оны зун Сэцэн хан аймгийн жонон вангийн хошууны Дэчинчойлин хийдийн дэргэд 18 настай 33 хүүхэн цуглуулж нүцгэлж лагшин /фигур/ үзлэг хийхэд Наваанлувсангийн охин Цэенпил шалгарч VIII богдын бага хатан болсон гэдэг. Түүнд зориулж Богдын ордонд үйлчилдэг хүмүүсийн дундаас зохиож гаргасан энэ дууны үг нь:
"Эрэн-аан таван бурхныг Тэргүүн дээрээ байгуулсан
Эрхт дагинын гэгээн гэж Эрдэнэ богддоо бараа болсон
Аръяан дүрийн хандаамаа
Арван наймтай хандаамаа
Хандаамаагийн алдар нь Дайчин доржийн хандаамаа
Дахилт: Ногоон торгон дэджигийг Цээжиндээ асаасан
Номхрон үгүй уурыг Номын орон болгосон
Хүрэн торгон мадъёгийг Хүйснээс доогуур асаасан
Хүсэл ихтэй тачияалыг Хүрэл тээрэмд оруулсан
Барс цоохор гутлыг Бойвондоо асаасан
Балран харанхуйлах мунхгийг Баясгалангийн орон болгосон" гэж байжээ.
Тэр бүхнээс гадна Өндгөн сүргийн нутагт ялангуяа 1911 оноос хойш зарим ноёд, эрх хэмжээ болон бусад шалгаанаар хүч түрэн нутаглаж суух явдал ч мэр сэр гарч байв. Жишээлбэл: олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Сайнноён хан Т. Намнансүрэн VIII Богд Жавзандамба хааны сэрүүн ордны хойно өөртөө хоёр давхар орд бариулсны дээр Монгол улсын Бүгд ерөнхийлөн захирах яам /засгийн газрын ордны/ барилга бариулсныг нь хожим хятадын түрэмгийлэгчид 1919 онд зугаа цэнгээний газар болгон доромжилж байсан гэдэг. 1919 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хятадын түрэмгийлэгчид Монголын тусгаар тогтнолыг өөрсдийн сайн дураар устгахыг шаардсан бичигт Богд хааны засгийн газрын тэргүүн сайд Эрдэнэ Шанздав Бадамдорж, Гадаад яамны сайд хичээнгүй гүн Цэрэндорж, Цэргийн яамны сайд чин ван Жамъяндорж нар гарын үсгээ зурж Гадаад Монголыг хятадын бүрэлдэхүүнд оруулж, өөртөө засаг эрхийг сайн дураар устгасан тухай Сюи-Шү-Жанд илэрхийлэл гардуулжээ. VIII Богд Жавзандамба хаан илэрхийлэлд гарын үсгээ зурахаас татгалзжээ. Үүний төлөө хятадын түрэмгийн цэргүүд энэ өдөр генерал Сюй-Шү-Жань-ий тушаалаар VIII Богд хааны өвлийн орд уруу гал нээжээ. (ийнхүү гал нээсний мөр нь түүхэнд мөнхөрч үлдсэн байдаг)
No comments:
Post a Comment