Thursday, 21 April 2011

“Чойжин ламын сүм”-ийн хийц, онцлог



XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” юм.
Нэгэн цагт Монголын ард түмэн 700 гаруй сүм хийд бүтээн босгож, соёлын үр цэцэглэн хөгжүүлж байсан сайхан түүхтэй. Тэр бүх сүм хийд дотроос Чойжин ламын сүм тун өвөрмөц онцлогтой.
Энэ сүмийг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулж Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар бүтээжээ. Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцэж байж. Тиймдээ ч 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүмийг учир битүүлгээр 1903 онд галдан шатаасан юм.
Гэвч Чойжин лам урд хойдохыг нэгэнтээ харах чадалтай байсныхаа хувьд Төрийн чойжин бууж байх, улмаар цэвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулахыг нэн чухалд тооцож, улмаар хойтон жил нь буюу 1904 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр (Маймаа хотын захирагчийн охин, түүний эхнэр болох Сүрэнхорлоогийн хөрөнгөөр) сүм барьж эхэлжээ. Цаг төрийн байдал ороо бусгаа байсан тул Чойжин лам сүм барих ажлыг машид шуурхайлж, ердөө л хоёрхон жилийн дотор 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгож, дотор заслын ажил эхлүүлжээ.
Монголын төрийг хамгаалан чойжин буух сүм хийд барихыг Манжийн хаан зөвшөөрөхгүй хэвээр байв. Иймд 1906 онд Чойжин лам Лувсанхайдав уран арга хэрэглэн Манжийн хаанд бичиг явуулж, түүндээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүм босгов. Таныг урт удаан наслах, Манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлэв” гэжээ. Ингэхэд Манжийн Бадруулт төр хаанаас “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнаж, Богдын төрийн шар ордон Дэчингалбын хийдийн адил эрх олгожээ.
Сүмийг 1908 онд ашиглалтад оруулж, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр шашныг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтаас “Хар, зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж шүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс чойжин буудаг, төр-шашны нууц үйл ажиллагаа явуулдаг хаалттай сүм болгожээ.
Чойжин ламын сүмд 1938 он хүртэл хурал хурж байгаад коминтерны явуулсан бодлогын дагуу хурал номьн үйл ажиллагааг нь хаажээ. Түүхэнд “их хэлмэгдүүлэлтийн жил” хэмээн нэрлэгддэг 1937 оны хэцүү бэрх цагт олон зуун сүм хийд дацанг татан буулгаж, доторх судар ном, бурхан тахил, бичиг соёлын үнэт дурсгалыг устган үгүй хийсэн билээ. Чухамхүү энэ үед шашин, соёлын үнэт эд өлгийн зүйлийг аймаг хошуудаас цуглуулан тус сүмд төвлөрүүлж, улмаар тухайн цаг үеийн эрдэмтэн мэргэд, сэхээтний төлөөлөгчид төрийнхөө дээд байгууллагад албан ёсны асуудал тавьжээ. Монгол урчуудын урлан бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй хэмээн 1939 онд сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтад авснаар хойч үе бидэнд өвлөгдөн ирсэн түүхтэй. Энэ хэрэгт маршал Чойбалсан онцгойлон анхаарсан гэдэг.
Хожим Чойжин ламын сүмийн хойно Д.Сүхбаатар ард түмэндээ үг хэлж, Түр Засгийн газрын ордноо мөн Чойжин ламын сүмийн хойно байгуулсан юм. Их жанжны үгээ хэлсэн яг тэр газар хожим буюу 1925 онд Сүхбаатарын талбайг байгуулсан түүхтэй. 1951 онд Засгийн газрын ордныг мөн л сүмийн чанх хойно барьсан. Энэ нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин ламын сүм, Чойжин сахиусууд хамгаалж байг гэсэн утга билэгдэл агуулсан ажээ. Эдүгээ Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэг, төрийн далбаа Чойжин ламын сүм музейн Гол сүмийн ганжиртай нэг шугамд давхацсан байдаг нь тохиолдлын хэрэг биш юм.
1941 оны 11-р сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигийг үндэслэн түүх соёлын тэргүүн зэргийн дурсгалуудын тоонд багтаан оруулж “Судар бичгийн хүрээлэн”-гийн мэдэлд шилжүүлэв. 1942 оноос “Шашны түүхийн музей” болж, 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, эсвэл тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байснаа 1962 оноос ард түмэнд үйлчилж эхэлсэн байна.
Хожим тус музейн сан хөмрөгөөс Монгол Улсын хосгүй үнэт дурсгалд багтдаг IV богдын Түвдээс авчирсан 108 боть Ганжуур ном, Лхашидын тарни, гүн ухаан, анагаах ухааны бүтээлүүдийг багтаасан Түвдийн гар бичмэл 226 боть данжуур одоо Монгол Улсын Үндэсний номын санд шилжин хадгалагдаж байна. Данжуурыг XVI зууны үед монгол хэлээр орчуулсан юм.
1966 оны 4-р сарын 30-ны тусгай актаар Дүрслэх урлагийн музей байгуулагдахад түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох Өндөр гэгээн Занабазарын эх бүтээлээс язгуурын таван бурхны дөрвийг, Цагаан дарь эх болон цамын баг бүрэн өмсгөлийн хамт танка, зээгт наамлын зэрэг олон бүтээл шилжүүлжээ. Мөн Богд хааны ордон музейд 21 дарь эх болон танка, зээгт наамлын бүтээл зэргийг шилжүүлэн өгч, тус тусын сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй.
Уран барилгын энэ цогцолбор чуулганд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Дэмчиггарав”, ‘”Аюуш”, “Доржсэмбэ”, “Майдар”, “Рэнжүү”, “Минтүг” зэрэг сонгодог бүтээлээс эхлээд 1000 жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суварга, Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил зэрэг Халхын нутаг хошуудын алдартай уран гартны авъяас билэг, бурхан ухаан, сүсэг бишрэлээр урлан бүтээсэн бурхны шашны түүх, соёлын үнэ цэнэтэй 6500 гаруй бүтээлийн дээжис хадгалагддаг.
Цогцолбор чуулга болсон энэ сүм 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалганаас бүрдэл болно. Сүмийн бүх барилга асар маягийн эргэсэн дээвэртэй, тэр нь шаталсан 4 хэсгээс бүрдэнэ. Түүнийг зааглан дагасан хянган хамар дээгүүр морь унасан эртний баатар, ан амьтан, араатан жигүүртэн зэрэг сүлжилдэн харагдах бөгөөд өнцгийн яс модны үзүүрт амьтны дүрс сийлсэн зэрэг нь цөм үлгэр домог, зөн билэгдлийн хэллэгтэй юм.
Хувьсгалаас өмнө 700 гаруй сүм хийд байснаас 1930-аад оны улс төрийн хэлмэгдлийн үед хөндөгдөөгүй үлдсэн цорын ганц сүм Чойжин ламын сүм билээ. Үүгээрээ Амарбаясгалант, Эрдэнэзуу, Богд хааны ордон музейгээс ялгагдана. Иймээс ч амьд сахиус бурхад оршин байдаг учир эргэл мөргөлөөр ч шүтэн биширч байдаг.
Та бүхэн өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн гайхамшигт бүтээлүүдийг сонирхон мэдлэгийн хүрээгээ тэлэхийн сацуу монос модны цэцэрлэгт алжаал юугаа тайлан, амьд бурхад заларсан ариун дагшин газар морилон саатаарай.

Төрийн их Чойжин,

хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч

Лувсанхайдавын товч намтар

Халхын VIII богд жибзундамб хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуугийн төрсөн дүү Лувсанхайдав 1872 онд Түвдийн Шолао хэмээх газар эцэг Гончигцэрэн, эх Ойдовдуламын 5-р хүү болон төрж, 1874 онд Монгол оронд иржээ.
1883-1884 оны үед Богдын багш төвд лам Ёнзон хамба Балданчоймбол (түүний занданшуулсан шарил эдүгээ музейн Гол сүмд оршин байдаг) Лувсанхайдавт чойжин сахиус оршиж байна хэмээн, 1884 онд Түвд орноос Чойжин Сэтээвийг урин ирүүлж, Лувсанхайдавын Чойжин болох явдлыг удирдуулж, хүрээний монгол лам Лувсанпэлжээгээр чойжин буух уншлага ном уншуулдаг байв. Энэ лам чойжин буух үед түүний авралын үгийг чагнаж, хүмүүст хэлмэрч хийж өгдөг Гомбоо буюу Сойвон лам нь байжээ.
Лувсанхайдав хэдэн жил чойжин болох эрдэм сурсны дүнд өөрийн гол шүтээн Найчин-Чойжин, Зэмэр-Чойжин, Доржшүгдэн зэрэг догшин сахиусаа дуудан онгодоо залжээ. Эдгээр сахиусынхаа тусламжтайгаар ид шид үзүүлэн, далдыг харж, алс ирээдүйн аливаа зүйлийг урьдчилан зөгнөж байв. Тэрээр төр шашин, улс орноо хамгаалах, ад зэтгэр, шулмасын хорлолыг үлдэн хөөхийн тулд догшин сахиусуудын нэрийн өмнөөс чойжин бууж, нууц тарни ид шидийг иогийн эрдэмтэй хослуулан үзүүлэхээс гадна мэргэ төлөг буулгадаг догшин хувилгаан /гүртэмбэ/ байв.
VIII Богд Жибзундамбаас Лувсанхайдавыг жил бүрийн цагаан сарын шинийн 8-нд Зүүн хүрээний Цогчин дуганд гурван сахиусын үүднээс чойжин бууж байх тогтмол журам тогтоожээ. Улмаар Лувсанхайдавыг үеийн үед өөрийнхөө сүмд Чойжингоор тахин сууж байх болтугай гэж ерөөн “Энэтхэгийн хар явдалт Дүвчиннагважодов бодитой мөний тул Монголын шарын шашныг хамгаалан сахих чойжин сахиус тодрон гарав” гэж Монголын ард түмэнд лүндэн (зарлиг) буулгажээ. Үүнээс хойш Чойжин Лувсанхайдавыг шүтэх, итгэх явдал хөгжиж, чойжин сахиусны хурал, жасын албаны орон тоогоор үүсгэн байгуулж, Лувсанхайдавыг Монголын шашны гол Чойжин болгосон түүхтэй билээ.
Монголын ард түмэн Манжийн түрэмгийлэгчдэд 200 гаруй жил боолчлогдон дарлагдаж байсан гав дөнгөө 1911 онд мултлан таягдаж, эх орноо Манжаас тусгаарлав. Тусгаар Монгол Улс байгуулж, VIII Богд Жибзундамба хутагтыг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын хаан ширээнд суулгах баярыг тохиолдуулан Богд хаанаас Чойжин Лувсанхайдавт үе улиран залгамжлах Монголын шашны гол чойжин сахиулсан ариун явдалт, чин сүсэгт гүртэмбэ, гүжир хамба, эрдэнэбилэгт, тунгалаг бишрэлт хутагт хэмээх цол, хутагтын тамга, чойжин сахиусны тамга, Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамга зэргийг тус тус шагнан олгож, сүмийн олон тушаалтныг нэмэн томилжээ. Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамганы дардас бүхий Доржшүгдэн сахиус залах нууц судар музейн өдгөө Занхан сүмд хадгалагдаж байна.
Тэрээр Халх Монголын 13 тамгатай хутагтын нэг. Шашин номын үйл эрхлээд зогсоогүй төр улсынхаа төлөө бие, сэтгэл, оюунаа зориулж, монгол түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө номынхоо ид шид, эр биеийн хүч чадлаар тэмцэж явсан нэгэн. Чойжин лам Лувсанхайдав 1918 онд Чойжин бууж байх үедээ жанч халжээ.

Ямпай-Халхавч хаалга

Ямпай буюу халхавч хаалгыг Манжийн хааны зарлигтай сүм болон шашин төрийн томоохон үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн урд барьж бүтээсэн байдаг.
Ямпайн урд талын дунд хананд ертөнцийн дөрвөн хүчтэн хангарьд, арслан, барыг газарт өөд өөдөөс нь харуулан, харин хойд талын дунд хананд 5 лууны дүрсийг Монгол орны байгальтай хослуулан үндэсний зургийн хэв маягаар товойлгон дүрсэлжээ. Ертөнцийн хүчирхэг 4 амьтан хамгаалж байгаа цагт газар тэнгэрийн элдэв ад зэтгэр, хор хөнөөл, хар зүгийн шулмасын хорлол нэвтрэн орохоос найдвартай сэргийлэн хэнд ч дийлдэшгүй бат цайз мэт байж, Бурхны шашин мандахыг үүгээр билэгдсэн ажээ. Сүмийн ямпайд бүтээсэн лууны тоо тухайн сүмийн ажиллагаа, зэрэг дэвийг илэрхийлдэг байв. Тус сүмийн ямпайд 4 хумст таван хүчирхэг луу бүтээсэн нь төр шашны томоохон үйл ажиллатаа явуулж байсныг илтгэж байна.
Сүмийн ямпайг хөх тоосгоор барьж, дээд доод хүрээнд хээ угалз гарган чимэглэж, урд хойно нийт зургаан хавтаст хананд янз бүрийн үйл явдлыг үлгэр домог, зөн билэгдлийн сэдвээр хийсэн байдаг. Энэхүү ингэмэл (хагас товоймол) баримлыг Монголын урчууд Утайн сургуулийн дэг жаягаар чадварлаг урлан бүтээжээ.

Гол сүм буюу хурлын сүм

Сүмийн гол хаалган дээр Манжийн Бадруулт төр хааны хайрласан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” гэсэн нэрийг монгол, төвд, хятад, манж хэлээр бичсэн байдаг.
Гол сүм нь шашны үйл ажиллагаа явуулж байсан дэг жаягаараа хадгалагдсан дурсгал юм. Түүнчлэн бурхад, барилгын дотоод засал, дэглэлт, сүмийн тааз, ханан дахь чойжин сахиусны өвөрмөц шийдэл бүхий чимэглэл, зургаараа бусад буддын сүм хийдээс ялгардаг. Одоо эдгээр нь тус музейн үзмэр болон хадгалагдаж байна.
Сүмийн хойд хэсэгт хүндэтгэлийн суудал дээр XVIII зууны үед зэсээр хөөж, алтаар шарж бүтээсэн Бурхан багшийн гоёмсог дүрийг 2 шавийн хамт байрлуулжээ. Баруун талын түшлэгт суудал дээр сүмийн гол лам Лувсанхайдавын /чойжин ламын/ баримал дүр, зүүн талын түшлэгт суудал дээр Лувсанхайдавын багш Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил байна. Түшлэгийн урд талаар хурал номын хэрэгсэл, хонх дамар, цан, хэнгэрэг, бүрээ, бишгүүр сэлтийг бүрэн өрж тавьжээ. Чойжин ламын суудлын түшлэгийн ард Жигжидийн орон (Лойлон), Ёнзонхамба Балданчоймболын суудлын түшлэгийн ард Янсан-Ядамын орны байдал бий. Түүний хойд талын хананд баруун талд Майдарын орон, зүүн талд Авидын орон бий. Үүнийг XX зууны эхээр Монголын уран сийлбэрч Балган модоор сийлжээ.
Уг сүмд хоёр эгнээ жавдан хэмээх лам нарын суудал хуучин байдлаараа хадгалагдаж байгаагийн өмнөх ширээнүүд дээр хурал номын үед хэрэглэж байсан тахилын төрөл бүрийн зүйлс, хөгжмийн зэмсгийг дэлгэн үзүүлж байна. Эдгээрийг шашны номын ёс журмын дагуу байрлуулжээ.
Гол сүмийн дээд хэсгийн дунд Насны гурван бурхны танка зураг, түүний хоёр хажуугаар XVIII зууны чулуун барын аргаар бүтээсэн 18 Найдангийн бар зураг, түүний доод талд 10 хангал бурхдын танка зураг залжээ. Сүмийн 2 талаар байгаа шилэн хоргонд “Цам” шашны бүжигт үйлийн багуудыг байрлуулсан байна. Цаасан шуумал баг бүтээгч авъяаслаг урлаачдын нэг нь XIX зуунд Их хүрээнд амьдарч байсан нэрт уран барималч Пунцаг-Осор юм. Түүний урласан “Улаан Жамсран” бурхны улаан шүрэн багт байгалийн цэвэр 6000 гаруй шүрийг нүүрний булчингийн хөдөлгөөний дагуу битүү шигтгэсэн нь багийг уран гоёмсог болгожээ. Түүнчлэн, догшин ширүүн, сүрлэг байдал илэрхийлэхийн тулд шүрний хэмжээг маш нарийнаар сонгон байрлуулж чаджээ. Энэ бүтээл Монгол Улсын “хосгүй үнэт” бүтээлд зүй ёсоор ордог бөгөөд дахин давтагдашгүй ур хийцээрээ үзэгчдийн анхаарлыг ихээхэн татдаг.
Энд бас хүрээ цамын ур хийцээрээ алдартай эрдэнийн чулуун чимэг бүхий Махгал Гомбын цамын баг, бүрэн өмсгөлийг байрлуулжээ. Гол сүмийн баруун, зүүн хананы гүнгэрваанд Бурхан багшийн шавь 16 Найданг бясалгалын байдалтайгаар зэс хөөмлөөр урласан байна. Их хүрээнд нутаг хошуудаас урлахуйн ухаанд нэрд гарсан урчуудыг цуглуулж, шашны урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, хүрээний томоохон сүм хийдүүдэд залдаг байж. Эдгээр бүтээлээс нэрт уран хатгамалч Аюушийн “Оточ найман манал”, торгон зээгт наамалч Хасгомбын “Авидын шангад” зэрэг дэлхийд гайхагдах дахин давтагдашгүй хосгүй эх бүтээл тус сүмд хадгалагдан бий.

Занхан сүм

Занхан сүмд Лувсанхайдав чойжин буух ёсоо сахиж, шашны зан үйлээ үйлддэг байв.
Сүмийн гол хэсэгт тусгай зассан тавцан дээр Лувсанхайдав чойжин буудаг байж. Хойморт Богд хааны сэнтий түшлэг байрласан нь чойжин буух үед Богд хаан тус сэнтийд залардаг байсныг гэрчилнэ. С
энтий жамбийлийн баруун хойд талын хоргонд шарын шашныг үндэслэгч Богд Зонхов, улааны шашныг үндэслэгч Ловонбадамжунай нарын зэс гүнтэн баримал дүрийг хүндэтгэлтэйгээр, сүмийн баруун, зүүн талын том гүнгэрваануудад Чойжин ламын гол сахиус болох Очирваань, Найчин-Чойжин, Дамдинсандүв, Жигжид, Пэрэнлэйжалбуу, Зимэр-Чойжин, Доржшүгдэн зэрэг догшин ядам бурхдыг залжээ. Монголын уран барималчдын урлан бүтээсэн эдгээр зэс хөөмөл бүтээл уран дүрслэлийн үлэмжийн сүрлэг догшин дүр төрх, хөдөлгөөний огцом хурц хэмнэлээрээ бусдаас ялгардаг. Эдгээр цогц бүтээл Монголд цорын ганц байдаг үнэт өв сан юм.
Сүмийн тааз, чойжин буудаг тавцангийн дээрээс өлгөсөн янш (хүн, заан, барын арьсыг өвчин, эд эрхтэнг нь гарган дүүжилсэн маягаар хийсэн даавуун чимэглэл) зэрэг нь догшин чойжин бурхдын сүр хүчийг илтгэн, нисваанисыг дарж нигүүслэл амирлуулах агуулгатай. Буддын бусад сүм хийдэд сүмийн ийм чимэглэл байдаггүй юм.
Сүмийн үүдний зүүн хэсэгт Шамбалын орны Рэгдэндагва баатрыг морь унан тэрсүүтнийг дарж буйгаар дүрслэн цаасан шуумлаар бүтээжээ. Энэ нь замбуутивд шашин доройтож, буруу номтон олшрохын цагт Бурхны орноос Рэгдэндагва баатар ирж аврах болно гэж билэгшээсэн утгатай. Чойжин лам өөрөө ид шидтэн, хувилгаан хүн тул тахин шүтэх үүднээс үүдний баруун хэсэгт Энэтхэгийн 84 шидтэний тоонд орох Дүвчиндилав, Дүвчиннаровын дүрийг цаасан шуумлаар урлан залжээ.
Мөн үүдний баруун, зүүн хананд ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч дөрвөн их махранзыг босоо байдлаар өнгө будгийн гайхамшигт зохицлыг шингээн зурсан байна.

Зуу сүм буюу мөргөлийн сүм

Энэ сүмийг Буддын шашныг үндэслэгч Шагжамунид зориулан барьжээ. Уг сум эртний улбаатай бөгөөд үүнээс уламжлан шарын шашны (Махаяана) урсгалд ордог улс оронд томоохон сүм хийдийн дэргэд бурхан багшийн дурсгалд зориулан “Зуу” сүм барих болсон байна.
Богд Зонхов (1357-1419) буддын шашинд эргэлт хийж, шарын шашныг эртний Энэтхэтийн дэг ёсоор дахин бий болгосон нь бурхны шашинд оруулсан том гавъяа юм. Шарын шашныг үндэслэгч богд Зонхов Лхас хотын орчимд Төв дацанг сэргээн, Бурхан багшийн тэргүүнд рэн-аа өмсгөн бүтээж “Зуу” бурхан хэмээн нэрлэжээ.
Бурхны шашин орчлон ертөнцөд сайн цагийн 1000 бурхан заларч, өөр өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх юм гэж үздэг. Буддын сургаал ёсоор ертөнц дахинд шашнаа дэлгэрүүлсэн дөрвөн бурхан заларч сургаал номоо айлдсан гэдэг.
Зуу сүмийн хойморт “Зуу” бурхан хоёр шавийн хамт өнгөрсөн, одоо, ирээдуй гурван цагт залран буйг Их хүрээний урчууд бурхан дүрслэлийн тиг жаягийн дагуу цаасан шуумлын аргаар маш чадварлаг бүтээжээ. Ингэхдээ ялимгүй инээмсэглэсэн, тайван амирлангуй, бясалгасан дүртэйгээр урдаа бадар аяга барин, очир завилгаагаар оршин буйг алтлаг дулаан өнгөөр хулдаж сүмийн хойморт залжээ. Эдгээр гурван цагийн “Зуу” бурхад мутрын хөдөлгөөнөөрөө ялгагдана.
• Сүмийн баруун хойморт орчлон ертөнцөд заларсан гурав дахь сайн цагийн бурхан болох өнгөрсөн үеийн Одсүрэн (Гэрэл сахигч)
• Голын бурхан нь одоо үед залран байгаа дөрөв дэх бурхан болох Бурхан багш Шагжамуни (Шакийн даяанч)
• Сүмийн зүүн хойморт замбуутивийн орон их доройтолд орон цөвүүн цаг ирэх үед бурхан шашнаа аврахаар тав дахь бурхан болон залрах ирээдүй цагийн Майдар (Асралт).
Сүмийн баруун, зүүн хананд буддын шашныг дэлгэрүүлэгч 16 Найданг хад агуйд даяанчлан сууж, ном судар бясалгаж байгааг харуулсан баримлууд бий. Найдангууд нь давтагдашгүй сонин донж төрхтэй, янз бүрийн бодол төсөөлөл, хүсэл эрмэлзлэлтэй байгааг уран баримлуудын дүрслэл хэллэгээс харж болно.
Сүмийн хад агуйн доод хэсэгт байгаа 4 махранз, тэдгээрийн барьсан зүйл сэлт нь шашны зөн билэгдлийн утга агуулгатай. Тэд сүмийг буддын шашны буруу номтон, элдэв муу нүгэл хилэнцээс хамгаалж байгаа утга илтгэнэ. Эдгээр бүтээлийг Монголын уран барималчид Утайн сургуулиар урлажээ.
Зуу бурхдын өмнөх тахилын ширээн дээр эртний Энэтхэтээс бурхан шүтээндээ тахиж ирсэн төр түвшин байх билэгдэл бүхий Төрийн долоон эрдэнийг цаасан шуумлын аргаар жижиг хэмжээтэй нарийн урлан залжээ. Монгол орон Манжийн захиргаанаас ангижирч тусгаар улс болсон 1911 онд Богд хааныг Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөөд энэхүү төрийн долоон эрдэнийг биетээр бүтээлгэн залсан байна.

Ядамын сүм

Ядамын сүм нь Гол сүмийн ард бусдаасаа онцгой баригдаж, эргэн тойрон тоосгон хэрмээр тусгаарлагджээ. Үүнийг Чойжин ламын нууц тарни, нандин шүтээний сүм гэж нэрлэдэг. Энд Чойжин лам Лувсанхайдав нууц тарниа бясалгадаг байв. Иймээс ч энэ сүмд эргэл мөргөлчид, жирийн хүмүүсийн хөл хориотой байсан гэдэг.
Чойжин лам тарнийн ёс, ид шидийг эрхэмлэн гол болгодог учир Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчиннагважодовын алтан шармал зэс хөөмөл дүрийг сүмийн голд, баруун хойд талын гүнгэрваанд Ловонбадамжунайн хөрөг, түүний урд уран сийлбэрч Жанцангийн урласан нууц тарнийн ядам бурхан Нархажидын сийлбэр байрлуулжээ. Зүүн талын хоймрын гүнгэрваанд нууц тарнийн гол шүтээн Янсан Ядам бурхныг бас залжээ. Энэ бурхныг зөвхөн сэрийн чойртой газар залдаг байсан аж.
Баруун талын шилэн хоргонд тарнийн ёсны Дүйнхор, Дэмчиг, Махамаяа, хос бурхад бий. Эдгээрийн дотроос ур хийц, уян налархай хөдөлгөөн, зохиомжийн баялаг эвслээрээ Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар хийсэн Дэмчиггарав бурхан эрс ялгарна. Зүүн талын хоргонд XX зууны эхэн үеийн авъяаслаг уран сийлбэрч Сүрэнгийн (1867-1940) бүтээл Улаан Жамсран бурхныг хоруудын хамт бүтээсэн модон сийлбэр байна. Сүмийн тахилын ширээн дээр XIX зууны сүүл үед хийгдсэн найман тахил байрлуулсан байна.
Сүмийн хананд нэр нь үл мэдэгдэх бурханчдын бүтээсэн шашныг хамгаалагч догшин бурхдын шүтээн зураг залжзэ. Уг сүмд нууц тарнийн хос ядам бурхдыг залсан байдгаараа бусад сүмээс онцлогтой.

Хотол чуулган тус-энх амгалангийн тив сүм буюу өргөлийн сүм

Гол сүмийн зүүн талд оршин, бусдаасаа нэлээд өөр 8 талтай өвөрмөц зохиомжтойгоор баригдсан тус сүмийн хаалганы дээд хэсэгт сийлбэрдэж урласан алтан шар өнгийн жаазтай, хөх номин дэвсгэр дээр алтан өнгөөр “Хотол чуулган тус-энх амгалангийн тив” хэмээн соёмбо, санскрит, хуучин монгол үсгээр товойлгон бичиж байрлуулжээ.
Энэ сүмд XVII зууны суут хүү, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын (1635-1724) өөрийн мутраар урлан бүтээсэн дэлхийд алдартай сонгодог бүтээлийн тоонд зүй ёсоор тооцогддог хосгүй нандин хүрэл цутгуур, алт шармал бүтээлүүд хадгалагдан үзэгч олны нүд хужирласаар байдаг тул Өндөр Гэгээний сүм гэж нэрлэгддэг.
Өндөр Гэгээний бүтээлийн энэ сүм уран барилгын хийц загвараараа өвөрмөц, урлахуйн ухааны олон төрлөөр хослуулан чимэглэсэн түүхийн үнэт дурсгалт барилга юм. Сүмийн хоймрын хананд Өндөр гэгээн Занабазарын цаасан шуумал хөрөг баримал залж, сэнтий жамбийлийг хананд нь шууд урлан бүтээжээ. Жамбийлийн хүрээг модоор урлахдаа алс хязгаар орны тэнгэрт дүрэлзэн асч буй галын дунд сүлжилдэх мэт олон лууг маш нарийн товойлгожээ. Ялангуяа луунуудын толгойг зориуд нааш гарган сийлбэрдэж урласан нь тэнгэрт луунууд сүр жавхаатайгаар хүрчигнэн чангаар дуугарах мэт сэтгэгдэл төрүүлэх нь гайхамшигтай. Жамбийлийн голд ертөнцийн хүн амьтанд цаглашгүй их нас бэлэглэгч насны гурван бурхан Аюуш, Жүгдэрнамжил, Цагаан дарь эхийн ингэмэл баримлын бие лагшинг алтаар хулдаж, өнгө ялган бүтээгээд өвчин зовлонгоос ангижруулж, урт удаан жаргалтай амьдрал билэгдэн залжээ.
Сүмийн ханан дээр дорно дахины сургуулийн тиг жаягийн дагуу бүтээсэн Бурхан багшийн шавь 16 Найдангийн ингэмэл (хагас товоймол) баримал бий. Ардын урлагийн уран элэглэлийн хэллэг болох ёгт хошигносон өгүүлэмжээр хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг гадаад төрхөд нь уран сайхны аргаар маш чадварлаг гаргасан эдгээр бүтээлийг Утайн сургуулиар монгол урчууд урлажээ.
Тус сүмд Өндөр гэгээн Занабазарын бараг бүх бүтээл хадгалагдаж байсан. Одоо Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Ринжү, Аюуш, Дорж сэмбэ, Майдар (босоо) зэрэг сонгодог бүтээл оршин байна. Мөн Занабазарын тиг сургуулиар бүтээсэн түүний шавь нарын бүтээлүүдээс Цагаан, Ногоон дарь эх, Манал, Бодьсадва бүтээлүүд, Өндөр гэгээн Занабазарын Монголд авчирсан 1000-аад жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суварга зэрэг олон гайхамшигт эх бүтээлийн дээжис хадгалагддаг юм.

1 comment:

  1. үнэхээр сонирхолтой гоё мэдээлэл байна. Хэрвээ та Wikipedia дээр байгаа "Чойжин ламын сүм музей" хуудсанд update хийвэл энэ мэдээлэл илүү олон хүнд хүрхээс ганда тус болох байх. :)

    ReplyDelete