Friday, 31 December 2010

Монгол хэл

 Б. Ринчен



 


Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Хэлний шинжлэлийн ухааны доктор, ардын билэг зүйч, угсаатны зүйч, зохиолч, орчуулагч, академич Бямбын Ринчен багш (1905- 1977)


Монголын алдарт бичгийн мэргэдийн нэгэн болох Бямбын Ринчен агсаны өв их сургаалаас уншигч танаа толилуулан барихын өмнө түүний товч намтарыг хүргэх нь зүйтэй хэмээн саналаа.
Бямбын Ринчен нь 1905 онд Хиагт (одоогийн Алтанбулаг сум)-д төржээ. Яс угсаа Буриад монгол. Овог Еншөөбүү. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд Орос, Чех, Польш, Франц, Англи, Герман, Эсперанто хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ.

Бямбын Ринчен нь "Цогт тайж" киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. "Үүрийн туяа" гурамсан роман, "Заан залуудай" балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа", "Ану хатан" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Максим Горький, Владимир Маяковский, Михаил  Шолохов, Ги Де Мопассан, Назым Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

Thursday, 30 December 2010

Romeo, Guilettо хоёр түүхэн хүмүүс мөн үү?

Итали улс. Өмнөд Европийн Италийн хойгт оршдог энэ улс нь газар нутгийн хувьд тийм ч их биш боловч арвин их түүхийг хадгалан уламжилсан орон билээ. Миний та нарт өгүүлэх эл бяцхан өгүүлэл Итали оронтой холбоотой. Тэр дундаа эрхэм таны харж буй Италийн газрын зураг дээр алдарт Венеци хотоос холгүйхэн оршдог Верона (Verona) салшгүй холбоотой билээ. Ингээд эрхэм таны анхаарлыг та бидний сайн мэдэх нэгэн түүхэнд хандуулъя. Хүн төрөлхтөн түүхийн асар урт хугацааг туулан олон зуунуудыг элээн өнгөрөөж, хөгжлийн шинэ, шинэ өндөрлөгт хүрсэн ч хэзээ ч гээж орхидоггүй олон зүйлс байдгуудын нэг нь хайрын тухай сэдэв билээ. Хайрын тухай яруу тансаг шүлгийн мөрүүд, уянга яруу хөгжмийн эгшгүүд, сэтгэл татам уран зургууд, зүрх догдлуулам урлагын бүтээлүүдийг хүн төрөлхтөн үүсэж бий тэр эрт цагаас өнөөг хүртэл туурвин бүтээсээр иржээ.
Итали улс. Верона хот.
Хойд Италийн Верона хот. 1476 онд энэ хотоос нэгэн эмгэнэлт домог нийт Итали орноор тархах болсон нь Ромео, Жульетто хоёрын гунигт хайрын тухай эмгэнэлт домог байлаа. Эрхэм уншигч та домог гэхээр бодит түүх бишээ гэж бодож байна уу? Гэтэл энэ нь үнэхээр болсон түүхэн үйл явдал байжээ. Италийн Верона хотын Капелетти, Монтекки гэсэн хоёр өрх айлын хүүхдүүд хэн хэндээ хайр сэтгэлтэй болсон боловч гэр бүлийнхэн нь хоорондоо дайсагналцдаг байсны балгаар тэдний хайр дурлал эмгэнэлтэйгээр төгсчээ. Итали орноор тархаад байсан энэхүү эмгэнэлт түүхийг Да Порто гэгч хүн засварлан эмхэлж бичсэнийг Английн Артур Бруке найраглал болгон бичжээ.
Итали улс. Верона хот.
Артур Брукийн найраглалыг олж уншсан аугаа их суутан, Вилльам Шекспир суут "Ромео, Жульетто хоёр" жүжгээ бичжээ.
Ийнхүү Италийн Верона хотын Монтекки, Капулетти гэсэн хоёр гэр бүлийн үр хүүхдүүдийн хязгааргүй үнэнч дурлалын гаслант төгсгөлийн зүрх харуусмаар эмгэнэлт түүхтэй соёлт хүн төрөлхтөн танилцжээ.
Түүх сударт бас энэ дурлалын эмгэнэлт түүхийг бичиж үлдээсэн байдаг. Түүхч, он дарааллын хуудас бичигч Жираломо Далла Кортегийн бичиж, улмаар 1596 онд хэвлүүлсэн "Верона хотын түүх" гэдэг номд ч Ромео, Жульетто хоёрын хайр дурлалын хувь заяагүй түүхийг өгүүлсэн байдаг ажээ.

Өөрөөрөө занданшсан муми

Муми буюу занданшуулсан шарил. Энэ үгийг сонсоход л хүн бүр эртний Мисир (Египет)-ийн цац суварга (пирамид) гайхамшигтай бөгөөд маш их баялаг нууцыг агуулсан үүх түүхийг эргэцүүлэн бодох нь лавтай. Гэвч дэлхийн бусад улс түмэн ч өөд бологсдынхоо шарилыг мөн л занданшуулан хадгалдаг байжээ. Монголд Шарын шашины тэргүүн Богд Жавзандамба хутагтуудынхаа шарилыг занданшуулан хадгалдаг байсан бөгөөд I, IV Богдуудын шарилыг Амарбаясгалантын хийдэд,  II, III, VI Богдуудын шарилыг Дамбадаржаагийн хийдэд,  V, VII, VIII Богдуудын шарилыг Гандантэгчинлэн хийдэд тус, тус хадгалдаг байжээ. Буриадын Иволгын дацангийн Итгэлт хамбын занданшсан шарилыг манай монголчууд сүүлийн үед ихэд мэддэг болсон. Үүнийг бичигч миний бие монголын бус харин Дау-гийн гэх мумиг танилцуулах гэж байна. Аливаа Муми болон занданшуулсан цогцосноос ялгаатай нь Вьетнамын Дау-гийн Муми нь занданшуулж хатаасан цогцос бус гаднын ямар нэгэн оролцоогүйгээр муудалгүйгээр өөрөө хатсан цогцос юм. 

Ву Кхак Мин (Vu Khac Minh)
Тхиен хийдийн бөмбөрийн сүм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын нийслэл Ханой хотоос 23 км зайтай орших Ха Тай мужын Дау хэмээх газар Тхиен сүм бий. Уг сүмд зуун, зууныг дамжин өнөө болтол тэр л янзаараа байгаа ширээт лам Ву Кхак Мин (Vu Khac Minh)-ий хатсан цогцос хадгалагдаж байдаг. Вьетнамын Ан нам улсын Lê-ийн угсааны хаадын хаан ширээ ганхаж байсан үе. Эрдэм чадвараараа хааны ордоныхныг бишрүүлэн татаж чадсан Ву Кхак Мин ламтан элбэг хангалуун амьдрах боломжтой байсан ч эд баялаг хийгээд эрх мэдлээс татгалзсан гэдэг. Тэрээр амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг Тхиен сүмийн захад орших бөмбөрийн сүмд өнгөрүүлжээ. Ламтан бясалгал үйлдэн сууж нийгмээс өөрийгөө тусгаарлажээ.  Зөөлхөн сэвэлзэх салхитай халуун орны тэнгэр дор бөмбөрийн сүмээс жигдхэн цохих бөмбөрийн чимээ намуухан сонсогдсоор л... 
 Анагаах ухаан хүн хоол хүнсгүйгээр 40 хонох боломжтойг магадласан байдаг. Ширээт лам Ву Кхак Мин өөрийн итгэлт шавь нартаа хандан "бөмбөрийн дуу гарахгүй болсон тохиолдолд өөр дээрээ хүрч ирэх"-ийг захисан байна. Ву Кхак Мин ламтан ертөнцөөс ангижрах сүүлийн мөчдөө өмнө сөгдөн суусан ламд хандан "Энэ ертөнцийг орхин одох цаг ирлээ. Миний сүнс биеийг минь орхисон цагаас хойш цогцосыг газарт онгололгүй нэг сар хүлээгээрэй. Эвгүй үнэр салхиар туугдах аваас оршуул, үгүй байх аваас энд нь орхи. Би Бурханд мөнх залбирсаар үлдэе." хэмээн захижээ. Ширээт лам бясалгалдаа суун, бөмбөрийн дуутай хамдаа үлджээ. Нэг л өдөр бөмбөрийн сүм чимээ аниргүй болов. Ву Кхак Мин ширээт лам ертөнцөөс ангижран одож цогт сүнс нь дэгдсэн нь тэр байлаа. Энэ бол манай эриний он тооллын 1639 он. Багшдаа үнэнч шавь нар нь цогцсыг огт хөндөлгүй үлдээжээ. 
Хэдэн сар өнгөрөв. Ламтаны шарил түүнийг амьсгал хураасан тэр л байдлаар нь хөндөлгүйгээр ийнхүү үлджээ. Харин ширээт ламын цогцсыг  гаднын нөлөөллөөс хамгаалан будгаар буджээ. Түүнээс хойш олон жил өнгөрөв. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс (Cộng hòa Xã hội Chủ nghĩa Việt Nam) байгуулагдан тусгаар тогтнолоо тунхагласны дараа нийслэл Ханой хотын Бак Мае эмнэлэгт ламтаны хатсан цогцсыг шинжилж үзжээ. Орчин еийн рентген төхөөрөмжийн дэлгэцэнд харахад ширээт ламын гэдэс дотор, уураг тархи нь хүртэл хэвээр үлдэн хатсан байсанд судлагчид үнэхээр алмайран гайхжээ. Энэ талаас нь авч үзвэл Ву Кхак Мин ширээт ламтаны хатсан цогцос муми-д хамаарахгүй юм. Учир нь Египетийн болон Монголын мумид цогцосны гэдэс дотор болон уураг тархийг авсан байдаг. 
Гэтэл жилийн турш агаарын чийгшилт бараг 100 хувь байдаг Вьетнамын халуун бүсэд ингэж занданшин хатна гэдэг нэн сонирхолтой. Эмнэлэгт Ширээт лам Ву Кхак Миний цогцосыг жигнэж үзэхэд ердөө долоохон кг жинтэй байжээ. Өнөөдөр энэ нууцын учир шалтгааныг шинжлэх ухаан тайлж чадаагүй. Бүрэн тайлах  боломжгүй байх ийм сонин хачин үзэгдэлийн учрыг тийм ч амархан олчих амаргүй л дээ. Энэ бол үнэхээр нууц нь үл тайлагдах магадгүй зөвхөн Ву Кхак Мин (Vu Khac Minh) ширээт ламтантай хамт явсан оюун санааны дээд ололт байсан буйзаа.


Хүрээний төрийн эргэлтийг Богд удирдсан

  
“Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” түүхийн номын тухай зохиогч, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан луга хөөрөлдсөн ярилцлагыг толилууъя. Түүний ном Шинжлэх ухаан, технологийн 2008 оны шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн билээ.
Олны дунд VIII Богдын тухай ойлголт сайнгүй мэт байдаг, энэ талаар яриагаа эхлэх үү?
-Үүнд социализмын үеийн үзэл суртлын нөлөө орсон явдал бий. Тэр үед, VIII Богдыг хамгийн ихээр дайрч гутаан доромжилж, кино, уран зохиолд түүнийг сохор феодал гэх мэт бүхий л талаар нь муучлан бүр түүнийг эцсийн амьсгалаа хүртэл Монголын ард түмний хамгийн заналт дайсан бөгөөд харгис этгээд байсан мэтээр бичиж байсан нь дэндүү өрөөсгөл, түүхэнд харалган байдлаар хандсаны илрэл.
-Сүүлийн жилүүдэд эсрэгээр, VIII Богдыг магтах явдал гарч байна уу?
-Түүхэн үнэнийг тодруулбал, Богдыг магтан дуулахгүй байх үндэсгүй. Гэхдээ түүхэн бодит байдлыг ямар нэгэн үзэл сурталд авталгүй, будаг шунхгүйгээр судалж, энэ хүний үнэн дүр төрхийг тодруулах нь чухал. Чухам ийм зорилгоор, Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд VIII Богдын оруулсан хувь нэмрийг тодруулж, эл номоо бичсэн юм.
-Түүхийн үйл явдлын тоймоос ярина уу?
-VIII Богдын нэр хүнд, нөлөө буддын шашинтай халимаг, буриад, өвөр монгол, барга зэрэг бүх монгол овогтны нийтийн шүтээн нь болсон байсныг 1890-ээд оны үеэс харж болно. Тиймээс, 1908 онд болсон Бат оршил өргөх наадмын дараа “Монголын томоохон ноёдыг нутаг буцаахгүй Богд Жавзандамба хутагт саатуулж байна, түүний зөвшөөрөлгүйгээр, түүнээс адис авахгүйгээр ямар ч хан, ямар ч томоохон лам явж чадахгүй болжээ, тэр одоо Монголын талын удирдагч болсон байна” гэж Оросын консул Я.Шишмарев бичсэн байдаг.
-Богдын хамгийн ойр хүн нь хэн байв?
-1910-аад оны үе гэхэд, лам  нараас Да лам Цэрэнчимэд, ноёдоос Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав нар нилээд ойр байсан гэж бичсэн буй.
-Монголчуудын үндэсний хөдөлгөөн хэдий үеэс эрч хүчээ авсан хийгээд үүнд хэн хэн гэдэг зүтгэлтнүүд нөлөөлсөн бэ?
-Манжийн шинэ засгийн бодлогыг Монголд хэрэгжүүлж эхэлсэн үеэс монголчуудын үндэсний хөдөлгөөн илүү хүчтэй өрнөх болсон болов уу. Баримт үзвэл, Жавзандамба хутагтын дэргэд ноёдууд Монголын тухайн үеийн болон ирээдүйн нөхцөл байдлын талаар олон удаа хэлэлцэж байжээ. Харин Богд болон ноёдын, 1908 оны үеийн нэгэн удаагийн хуралдаанаар онцгой асуудал хэлэлцсэн байна. Учир нь Манжийн эрх баригчид, тухайлбал, Манжийн Сангийн яамнаас Хүрээнд суух амбанаар дамжуулан Монголын чуулган дарга, засаг ноёдоос дараах асуултуудад тодорхой хариулт авахыг шаарджээ. Эдгээр асуултууд нь:
а.Яагаад Монголын уудам газар нутаг дээр цөөн хүн амтай байж хятад иргэдийг нүүлгэн оруулах, газар тариалан эрхлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа,
б.Дээр дурьдсан нөхцөл байдалд Хаалган–Хүрээ хоёрын хооронд төмөр зам байгуулах асуудалд юугаар нөлөөлж байгаа, үүнд ямар хүндэтгэх үндэслэл бий эсэх,
в.Хятад иргэдийг суурьшуулах, газар тариалан эрхлэх, төмөр зам барих, авто машины зам тавих зэрэг нь үнэхээр Монголын нүүдэлчид болон мал аж ахуйг шахах үндэслэлтэй юм бол уул уурхайн үйлдвэр эрхлэх нь ямар шалтгааны улмаас басхүү халгаатай гэж үзээд байгаа талаар хоёрдмол утгагүй, нэгэн хариулт өгөхийг шаарджээ. Иймээс Богд болон ноёд эл асуудлыг нухацтай хэлэлцэж, маш болгоомжтой хариулт өгөх шаардлага гарч.
Удтал хэлэлцсэний дүнд, "хятад иргэдийг Монголын нутагт суурьшуулах болон газар тариалан эрхлэх боломжгүй" гэсэн, Манжийн эрх баригчдад өмнө өгсөн байр сууриа хамгаалж, бэлчээрийн мал аж ахуй нь өвлийн цагт ууланд нүүдэллэх хэрэгцээтэй тул уул уурхай нь төрөл бүрийн үр дагавар авчирна хэмээн үзэж байгаагаа Монголын хутагт хийгээд ноёд илэрхийлжээ.
Монголын ноёдын энэ удаагийн хурал нь, монголчуудын амьдрал түгшүүртэй болж байгааг ухамсарлаж, үүнд багагүй анхаарал тавих хэрэгтэйг хаана хаанаа ойлгоход хүргэсэн. Мөн Жавзандамба хутагт ба ноёдууд Манжийн зүгээс Монголд хэрэгжүүлж эхэлсэн цэргийн шинэчлэлийг онцгой эсэргүүцэж байсан байдаг. "Цэргийн шинэчлэл" гэдэг нь монголын хойд хязгаараар Манжийн харуулын цэрэг олноор суулгах болсныг хэлж буй юм.
-Манж амбан ба Богд Жавзандамба хутагт хоёрын харилцаа ямар байв. Тэр үед болсон "Лам нарын зодоон"-ы тухай та юу хэлэх сэн бол?
-Энэ үед болсон нэг чухал үйл явдал бол, "Лам нарын зодооны тухай" асуудал. 1910 оны эхээр, "...“Хутагт болон Хүрээний амбан Сандо хоёрын харилцаа лам нарын хэргээс үүдэн улам хурцадсаар байна”, “Шанзодба болон Да лам нарыг албан тушаалаас нь зайлуулах тухай Бээжингийн шийдвэрийг Хутагт болон Шавийн яам хэрэгжүүлэхгүй байгаа тухай” Сандо Бээжинд мэдээллээ" хэмээн Оросын консул тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Богд Жавзандамба хутагт Манжийн Засгийн газрын шийдвэрийг сөрж, лам нараа хамгаалан зогсож чадаж байсны нэгэн илэрхийлэл юм. Үүнээс өмнө Богд, Хүрээнд сууж байсан манж амбанг буцааж байсан тохиолдол хүртэл бий.
Харин тэр зодооны тухайд гэвэл, лам нарын танхайрсан хэрэг төдий бус бүр улс төрийн шинжтэй болохыг харуулсан хэрэг байх. Эл зодоон нь Манж амбан ба монголчуудын дундах уур амьсгал хичнээн хурц байгааг харуулаад зогсоогүй хэзээ мөдгүй шүдэнз зурах төдий асахад бэлэн байгааг мэдрүүлсэн болов уу.
-Богдын зүгээс Манжийг эсэргүүцсэн өөр ямар тохиолдол байдаг вэ?
-1911 оны эхээр Богд, манж, хятадуудтай нэг өдөр Цагаан сар хийхээс татгалзаж, монголчуудад, цагаан сараа нэг өдрийн дараа хийхийг зарлиг буулгасан тухай мэдээ бий. Улмаар “Сандо амбан Цагаан сараар Хутагттай золгохоор очиход түүнийг хүлээн аваагүй” тухай ч бас бичсэн байдаг. Энэ бол Хүрээний хутагтын Манжийн амбан сайдаас хамааралгүйгээр оршиж байсныг илтгэж буй хэрэг гэж үзэхэд болно.
-Монголын түүхэнд холбогдох өөр ямар шинэ асуудлыг Та номондоо оруулсан бэ?
-Богд Жавзандамба хутагтын заавар, удирдлагаар 1911 оны зун Монголын төлөөлөгчдийг Петербург руу Оросын Цагаан хаанаас тусламж гуйлгахаар нууцаар явуулсан тухай түүхэнд өгүүлдэг. Энэ үйл явдалд Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан гүн нараас гадна тэдний бие хамгаалагчид, эмч, дагалдан явсан хүмүүсийн тухай болон эдгээр хүмүүс Орост очоод хэн хэнтэй хэдэн удаа уулзаж, ямар зүйл хийсэн талаар Оросын архивын сурвалжид түшиглэж, маш тодорхой өгүүлсэн.
Тодруулж хэлэхэд, Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нарын үйл хэргийг Богдоос, Монгол Улсын эзэн хаанаар суугаад хамгийн түрүүнд сайшаан, хишиг тараах зарлигийн эхэнд оруулсныг тэмдэглэх хэрэгтэй юм.
-Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын тухай шинэ зүйл хэр тусгасан бол?
-Эл газрыг Богд ууланд болсон ноёдын зөвлөгөөнөөс байгуулаад, улмаар нууцаар үйл ажиллагаагаа явуулж байгаад, 1911 оны 11 сарын 30-нд ил болжээ гэж үзснээ бичсэн. Даргаар нь Түшээ гүн Чагдаржавыг Богд томилсон нь энэ хэргийг Богд Жавзандамба удирдаж байсныг давхар илтгэсэн хэрэг. Чагдаржав нь Богдын итгэлийг хүлээсэн, Монголын түр засгийн газрын анхны Ерөнхий сайд юм даа.
-Таны номонд Оросын атаман Семенов Монголын хувьсгалд оролцсон гэж бичжээ.
-Тиймээ, Семеновын дурсамжид бичсэнийг үндэслэсэн юм. Семенов Монголд, 1911 оны үндэсний хувьсгал гарч байх үед Хүрээнд байсан бөгөөд түүний бичснээр, “Агуу Чингис хааны орны түүхийг бичилцэхэд оролцсон” ажээ. Тэрбээр өгүүлэхдээ: “…би Хүрээн дэх манай консулын газрыг хамгаалж байсан хорооны 6 дугаар суманд үлдсэн юм. …Хүрээнд байх хугацаанд, монгол хэл багаас сурсан нь Монголын нийгмийн нэрт төлөөлөгчидтэй ойртох боломж олгосон юм. Цэргийн яамны сайдад нэр дэвшигч Намсрай гүн надаас орчин үеийн цэргийн эрдэмд сурч байв. Мөн энэ үед Норовын тусламжтайгаар казакийн цэргийн албаны жагсаалын дүрмийг би монгол хэл рүү хөрвүүлсэн. Хүрээ улс төрийн давалгаа, шинэ ирмүүн оргилд тэмүүлэн буцалж байв” хэмээн өгүүлээд “1911 оны 12 сарын 11-нд Хятадаас Халх тусгаарлаж, Монголын тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал болов” гэж бичжээ.
Семенов яг 1911 оны 12 дугаар сарын 29-ний үйл явдалд оролцоогүй байх магадлалтай байгаа юм. Харин "Монгол тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал" гэдэг нь Сандо амбанг хөөж явуулсныг хэлсэн үү эсвэл түүнийг хөөж явуулсны дараа Хүрээний түр засгийн газраас гаргасан уриалгыг хэлсэн байж болох талтай. Семенов Сандо амбанг хамгаалж, монголын нутгаас хойш хил гаргах хүртэл явсан нь тун үнэн бололтой.
-Хүрээнд сууж байсан Сандо амбан ямар хүн байв?
-Өвөр Монголын Шулуун цагаан хошуунаас гаралтай, монгол цустай хүн байжээ. Энд юу хэлэхийг хүссэн бэ гэвэл, монгол цустай хүн, монголын тусгаар тогтнолын эсрэг байхад, түвд цустай Богд Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглахад онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхгүй байж болохгүй гэж үзсэн юм. Сандо амбан Хүрээнээс хөөгдөөд буцаж явах замдаа сэтгүүлчид өгсөн яриа нь Японы архивт байгаагаас үзвэл: “Сандо миний бие хэргийг шийтгэгч сайдаар хоёр жилийн хугацааг Их Хүрээнд өнгөрөөсөн боловч тэр хугацаанд нэг ч удаа хоолоо тавтай идэж үзсэнгүй. Учир нь хол газарт бүхий тэнд (Монголд) манай ордны ачлал болон сүр хүч хүрэхгүй тул Монголын хутагтын дарангуйлал хэтэрхий бөгөөд хөрш орон болох Оросын оролцоо туйлд хүрсэн юм” гэж хэлсэн бий.
-Монголын үндэсний хувьсгалын оргил үеийн талаар 2007 оноос эхлэн тэмдэглэж буй "Үндэсний эрх чөлөөний өдөр" чухам юу болсон талаар таны номд дэлгэр тусгагдсан уу?
-Богд Жавзандамба хутагтын санал, санаачилга, удирдлага дор Манж Чин улсаас тусгаарлах монголчуудын тэмцэл үргэлжилсээр түүний оргил нь, 1911 оны 12 сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарласан төрийн ёслол болсон юм. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын наран гэрэлт, түмэн наст Эзэн хаанд, Цагаан Дарыг "Улсын эх" гэж өргөмжилж, оны цолыг "Олноо өргөгдсөн" хэмээн нэрийдэж, Их Хүрээг улсын төв "Нийслэл Хүрээ" болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг явуулсан билээ. Ингэхдээ  Богд эзэн хаанд хааны эрдэнэ, хасын тамга, алтан үсэгт өргөмжлөл ба Монголын газраас гарсан ёсны юм, "есөн цагаан" билгийн цагаан тэмээ, мөнгөн буйл, булган мулцагт нижгээд цагаан морь, булган мулцагт наймаад хадаг сэлтийг бэлэглэн өргөж, төрийн ордноо хуралдсан хүн бүгдээр хичээнгүйлэн Богд хаан, Улсын эхэд тус тус гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж” мөргөсөн гэж бичсэн байдаг.
Ингээд Улсын эзэн хаан зарлиг буулгаж, хишиг түгээсний дараа ёслолд оролцогсод цайлж идээ түгээн, хундага өргөж, ерөөл айлтгасан байна. Энэ хооронд цард бэлдсэн идээнээс гурван мөнгөн цард дээж авч Богд хаан тэргүүтэнд шадар сайд, сойвонгууд барьсаны дараа мөн ёслолд оролцсон бүх хүмүүст хишиг хүртээсэн байдаг.
Харин сонирхолтой нэгэн мэдээ бол, Богдыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд залрах тэр мөчид тэнгэрт “өнгө бүрийн тунамал солонго гэрэл сацран мандаж” байсан тухай Магсар хурц болон Их зуугийн чуулганы дарга, Ордосын засаг хошууны бэйс Арвинбаяр нар тэмдэглэсэн нь бий.
-VIII Богдыг дотоод, гадаадын хүмүүс хэрхэн үнэлсэн байдаг бол?
-Богд эзэн хааны тухай гадаадын хүмүүсийн бүтээлд илүү их тэмдэглэгдэн үлджээ. Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны 1 сарын мэдээндээ, “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” хэмээн онцлоод цааш нь: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэсэн буй.  Оросын цэргийн офицер Тонких: “Хүрээнд болсон төрийн эргэлтийг Хутагт болон түүнийг хүрээлэгчид хийсэн байна” гээд үүнд хятадын засаг захиргааныхны балмагдал хийгээд оросын төлөөлөгчдийн зөв зүйтэй зөвлөмж нөлөөлжээ гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг.
-Монгол улс байгуулагдсан нь Орост ашигтай байв уу. Ер нь олон улсын байдалд нөлөөлсөн болов уу?
-Чухамдаа 1911 онд ч , 1921 онд ч, 1945 онд ч Монголд Оросын ашиг сонирхол байсан учраас Монголыг дэмжиж байсан хэрэг. Энэ бол хөдлөшгүй үнэн. Энэ талаар Сибирийн худалдаачин А.Д.Васенёв 1911 онд Петербургт Оросын Экспортын танхимын Алс Дорнодын хэлтсийн хуралдаан дээр тавьсан “Монгол дахь Оросуудын зорилт” хэмээх илтгэлдээ: “Орос, Хятадын хооронд буфер улс байгуулах хэрэгтэй байна. Бидэнд дайсагнасан үзэлт хятадуудтай хөрш байснаас энхээр нүүдэллэн орших оронтой хөрш байсан нь бүх талаар нийцтэй” гэж хэлсэн байдаг.
Иймээс ч Оросын зүгээс Монголыг дэмжиж, монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарласаны дараахан Монголд болсон үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл гаргасан билээ. Энэ мэдэгдэлд Монголын тусгаар тогтносоныг шууд дэмжээгүй мэт боловч Монгол дахь үйл явдлын талаар дэлхий нийтэд мэдээлснээрээ ач холбогдол бүхий үйл явц байв. Оросын засгийн газрын энэхүү мэдээлэл нь, Японы засгийн газраас Оросуудад 1907 оныхоо гэрээг эелдэгээр сануулан хандаж, “Монгол” хэмээх нэрийн дор юуг ойлгож байгаагаа тодорхой тайлбарлахыг хүсэхэд хүргэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын асуудал Орос, Хятадын төдийгүй Япон зэрэг эл бүс нутгийн олон улсын шинжийг агуулсан гэж үзэж болно.
-Монголын үндэсний хувьсгалын талаар гадаадын хэвлэлүүд хэрхэн бичиж байсан бэ?
-Гадаадынхан Монголын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байсан нь харагддаг. Тухайлбал, Оросын “Русское знамя” сонин бичихдээ: “Монголын тусгаар тогтнолын ач холбогдол бол их юм. Энэхүү тусгаар тогтнолд хамгийн их сонирхогч нь Орос орон болох бөгөөд түүний хувьд Монгол нь Хятадаас халхавч улс болох юм… Одоо цэргийн хүчээ Монголд илгээх хэрэгтэй. Энэ нь Монголын тусгаар тогтнолын гол баталгаа болно” хэмээн бичиж байв. Английн «Таймс» сонин: «Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо» гэж онцолсон байна.
Францын "L' Asie Francaise" сэтгүүл 1912 оны 2 сарын дугаартаа: “Шинэ Хятад Манжийн дарлалаас ангижирлаа. Энэ мэдээ тус орны өнцөг булан бүрт дөнгөж хүрмэгц Монгол, Төвд, Туркестан Хятадын ноёрхолоос чөлөөлөгдөхөөр хөдөлж эхэллээ. …Хэрэв шинэ Хятад зүй ёсных бол Хятад өөрөө тэр улс түмний хүсэл эрмэлзлэлийг огоорох учиргүй. …Монголын удирдагчид өөрийн орны засаг захиргааг гартаа авлаа” гээд, “Гадаад Монголын лам нар, хошуу ноёд хятадын хяхалт хавчлага хараахан үгүйгээр зоригжин 12 сарын 29-нд Өргөөд суудаг, хязгаарлагдмал эрх мэдэлтэй байсан Хутагтыг эзэн хаанаар өргөмжлөв” хэмээн бичжээ.
Эдгээр гадаадын хэвлэлд тэмдэглэгдсэн дотор нэг содон зүйл байгааг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Францын Орос дахь элчин сайд Гадаад яамандаа илгээсэн мэдээлэлдээ: “Монголчууд манж нар хийгээд хятадуудаас хэл, ёс заншлаараа өөр гэдгийг харах хэрэгтэй” хэмээн тэмдэглэсэн нь чухам үнэнийг өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, монгол нь, уг язгуураасаа манж, хятадаас өөр үндэстэн болохыг олон улсын түвшинд ойлгож байсан гэдэг бол маш чухал зүйл юм.
-Тухайн үед Монголчууд өөрсдөө энэхүү үйл явдлыг хэрхэн ойлгож, хүлээн авсан бол?
-Монголчуудын магнай тэнийтэл баярласан, ойр хавьд болоогүй баярын мөч байсан хэмээн хүмүүс дурссан нь буй. Оросын худалдаачин Корнакова энэ талаар өгүүлэхдээ: “Ерөө голын сав газраар оршин суугаа монголчууд Богд гэгээн бүх Монголын хаан ширээнд залран суух мэдээ авмагцаа баярын нулимс асгаруулан мөргөж билээ” хэмээн тэмдэглэсэн нь нэгийг хэлж байгаа болов уу. Ийм мэдээ нэг бус байдаг юм.
-Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөхдөө, Эзэн Чингисийн үеийн Монголын төрийн уламжлалыг хэр зэрэг баримталсан бол?
-Монголчууд эртнээс төрийн аливаа ёслол үйлдэхдээ есөн цагаан их бэлгийг өгдөг уламжлалтай байсныг 1911 онд энэтхэг, түвдийн төрийн бэлгэдлийн зүйлсээр сольсон аж. Богдыг Монгол Улсын хаанд өргөмжлөхдөө энэтхэг, түвдийн ёсоор Хаан эрдэнийн долоон зүйлийг бодитоор буй болгохыг эрмэлзсэн боловч яг тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 12 сарын 29-ний өдөр болоход зарим нь бэлэн болоогүй байсан учраас эх сурвалжууд, Богдыг Хаанд өргөмжлөөд хаан эрдэнэ, есөн цагааны билэг өгсөн хэмээн бичсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Богдыг хаанд өргөмжлөхдөө энэтхэг, түвдийн ба эртний монголын төрийн уламжлалыг хослуулсан байна хэмээн үзэж болохоор ажээ.
-Богдын алтан тамганд монголчууд хүндэтгэл үзүүллээ гэж хэдэн жилийн өмнө мэдээ гарч байсныг санаж байна.
-Богд хааны алтан тамга бий. Гэхдээ энэ бол ламын тамга нь юм шүү дээ. Монголчууд бидэнд хас тамга, мөнгөн тамга нь утгаараа илүү дээдлэх учиртай зүйлс юм даа.
1911 онд Монгол Улсын эзэн хаанаар Богд Жавзандамба хутагтыг өргөмжлөөд хийсэн, "Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хааны тамга" хэмээх үсэг бүхий цагаан хаш тамга, мөн мөнгөн тамга болон Монгол Улсын Эх дагинын тамга нь Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс хийгээд өөрийн эзэн хаантай болохыг илтгэн харуулсан агуулга, шинж чанартай юм.
-Эх дагина ер нь ямар хүн байсан юм бол?
-Эх дагина Дондогдулам нь Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин бөгөөд 1874 оны намрын сүүл сарын 15-нд төрсөн бололтой байдаг. Богдын хатан Дондогдулам нь “шашин төрийг хослон өрнүүлэгч Эх дагины тамга” гэсэн бичигтэй тамга барьж байсан тул тэр эмэгтэй төрийн хэрэгт хувь нэмрээ оруулж байсныг илтгэнэ. Герман улсаас Бээжинд дэд консулаар 1920-иод оны үед ажиллаж байсан Херман Гиппэрич Дондогдуламын талаар хожим “Уран ухаантай, арга зальтай, зоригтой энэ эмэгтэй нас барснаас хойш Богд хааны ордны эрч хүч ихээхэн суларсан байна” хэмээн бичсэн бол И.Я.Коростовец мөн Эх дагина 1923 онд нас барснаас хойш Богд хаанд зөвлөгч дутсан хэмээсэн санааг бичсэн нь Эх дагины талаарх дээрх саналтай агаар нэгэн.
-Богдын санд маш сонирхолтой зүйлс олон байсан тухай дуулддаг?
-Жавзандамба хутагт амьтанд дуртай нэгэн байсан бололтой, түүнд хоёр ч амьд заан байсан гэдэг. 1890-1899 оны хооронд амьд амьтны үзэсгэлэн байгуулахаар амьтдын цуглуулгатай болж, өөрийн сангаас багагүй хөрөнгө зарцуулсан байна. Амьтдын тэр цуглуулгыг үзээд, Польшийн нэрт аялагч, эрдэмтэн А.Ф.Осендовский бичихдээ, “автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас, болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, энэтхэгийн могой, тоть гээд олон төрлийн амьтад “Бурханы” ордонд янз бүрийн цаг үед байжээ” гээд Богдын үнэт эдлэлийн музейд саатсан тухайгаа өгүүлжээ. Түүний үзснээр, Богдын үнэт эдлэлийн санд “Бей Кемагаас авсан цэвэр алтан гулдмайнууд, Кемчингийн хар булга, гайхалтай бугын эвэр, Энэтхэгийн алмаз, Хятадын зааны яс” гэх мэт олон гойд сонирхолтой, европын музейд харж чадахааргүй тийм ховор зүйлс хадгалагдаж байгааг тэмдэглэн үлдээжээ. Их аялагч, эрдэмтэн П.К.Козлов өөрийн тэмдэглэлдээ: "Хүрээнийхний яриагаар бол Богдын ордон европ маягаар тохижуулагдсан, бүр төгөлдөр хуур хүртэл байрлуулсан байдаг гэнэ. Тэнд үнэ цэнэтэй бүхэн бий. Хутагтад зориулан дэлхийн өнцөг булан бүрээс орос, хятад худалдаачид зөөн авчирч, түүнд худалддаг" хэмээн бичжээ.
Богдод асар баян, ховор номын сан байсан тухай мэдээ буй. Оросын консул Я.Шишмаревын мэдээгээр, 1892 оны нэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хүрээн дэхь Хутагтын ордон шатсан байна. Энэ гал нь Богдын олон үе дамжиж ирсэн алт, мөнгөн үнэт эрдэнэсийг шатаасан гэнэ. Түймэрт “өөр хаана ч байхгүй эртний ховор нандин номын сан” шатсан тухай өгүүлдэг.
-VIII Богдыг архи уудаг, авгай хүүхэн эргүүлдэг их сахилгагүй байсан гэж бичдэг нь хэр ортой вэ?
-Богд билэг танхай нэгэн байжээ. Түүний бие даасан байдал, ухаантай, сэргэлэн, хэн нэгнээс хараат бусаар оршиж ирсэн нь түүнд өөрийн бодлоо хэрэгжүүлэх боломж бололцоог олгосон гэж бодож байна. Би, Богдын тухайн үед гаргаж байсан үйлдлүүдийг зөвтгөх хандлагатай нэгэн. Бид зах зээлд ороод арван хэдхэн жил болоход хөрөнгө мөнгөтэй хүмүүс ямар ааш аягтай болдгийг харж байна. Тэгвэл Богд гэдэг чинь олонд шүтэгдсэн, хичнээн их баян хүн байв, дээр нь, багаас нь монгол боловсрол олгосон гээд бодвол түүний үйлдлүүдийг ойлгож болох юм.  Чухам тиймээс ч өөрийн багш Далай ламыг ирэхэд олны нүдэн дээр тосч авахгүй, үдэж явуулахгүй байж чадсан төдийгүй, Хүрээнээс манж амбанг хөөн явуулж, Манжийн эрх баригчдын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж, нууцаар Орост төлөөлөгч илгээж чадсан хүн шүү дээ. Түүний бие даасан байдал нь Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь болох боломж бололцоог нээж өгсөн болов уу. Тэрбээр Хиагтын гурван улсын гэрээний дараа Дундад улсын Их Жунтангаас тусгай элчийг тусгайлан томилж, Богд хаанд алтан тамга, өргөмжлөл ирүүлсэнд хүлээн авахгүй буцаасан байдаг.
Богдыг амьд сэрүүн байхад нь түүнийг хүндэлдэггүй, түүнд мөргөдөггүй төрийн болон намын удирдах хүмүүс байгаагүй биз. Түүний талаар гарсан сөрөг мэдээллүүд нь ихэнхдээ Богдыг нас барсаны дараа л гарсан хэрэг байх.
-Гэвч түүнийг нь авсан баримт байдаг.
-1919 оны 11 дүгээр сард Хятадын цэргийн эрхтнүүд Монголын Засгийн эрхийг хүчээр булаан авсны дараа л Богд бээр тэрхүү Хятадаас ирүүлсэн алтан тамга, алтан өргөмжлөлийг хүлээн авсан байдаг юм.
-VIII Богдод монголчууд тийм их хүндэтгэл үзүүлж байсныг юугаар нотлох вэ?
-Нийт монголчууд шүтэж байсныг хэлэх нь бараг илүүц биз. Харин түүнийг нас барснаас гурав хоногийн дараа Богдын тамгыг, өөрөөр хэлбэл, төрийн тамгыг Засгийн газарт сүр дуулиантай шилжүүлсэн нь Богд амьд сэрүүндээ төрийн эрх мэдлийг хянаж чадаж байсныг илтгэнэ. Нөгөөтэйгүүр Богдыг нас барсантай холбогдуулан эх орон даяар 21 хоног гашуудал зарлаж байсан болон түүнийг оршуулах ёслол зэрэг нь нэгийг хэлэх биз ээ.
-Богд хааны тухай түүх судлалд явж ирсэн хуучин дүгнэлтүүд хийгээд эдүгээ шинээр түүнд өгч буй үнэлэлтийн талаар өгүүлнэ үү?
-Богдын үйл ажиллагаанд эерэг талаас нь дүгнэлт өгөх оролдлого социализмын үед ч гарч байсан. Монголын эрдэмтэн Ш.Сандаг бүр 1971 онд хэвлүүлсэн зохиолдоо “1911 онд хэмжээгүй эрхт Богд хаант феодалын Монгол улс байгуулсан явдлын ач холбогдлыг олон талаас дэнслэн үзээгүй, тэр үеийн улс төрийн зүтгэлтний үйл ажиллагааг хавтгайруулан дүгнэсэн” гэж бичсэнээсээ болж, дарамт шахалтанд орж байсан удаатай.
Миний судалснаар, Богдын оролцоо, удирдлагагүйгээр Монголын үндэсний хувьсгал ийм үр дүн олохгүй байсан байж мэднэ. Үндэсний хувьсгалын эхний үйл явц Монголд өрнөхдөө Богд Жавзандамба хутагтын бодсоноор өрнөж, Халхын ноёдын дагалдсанаар болсон байж тун болзошгүй. Харин үйл явц нэгэнт эхэлж, үр дүн гарч эхэлсний дараагаар ноёдоос Монголын төрийн уламжлал, угсаагаа бодож, Богд эзэн хааны явуулж эхэлсэн бодлоготой тэрсэлдэх явдал гарч эхэлсэн болов уу хэмээн санадаг.
-Богд хааны хүүхэд нас, гэр бүлийн талаар мэдээлэл ховор байх шиг...?
-Таван настайд нь тодpуулан, Хүpээнд залнаас хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдын эцэг Гончигцэрэн нь замдаа нас барсан тухай мэдээ буй. Хоёр ах, ээж Ойдовдулам, дүү Лувсанхайдав нарын хамт долуулаа, гэр бүлээрээ Монголд ирсэн нь түүний өмнөх дүрүүдээсээ ялгарах онцлог байв. Богдын дүү Лувсанхайдав нь шарын шашины чойжин лам болж, Хүрээнд тусдаа сүм бариулсан нь эдүгээ ч Чойжин ламын сүм нэрээрээ хадгалагдан үлдсэн.
Богд багаасаа сэргэлэн цовоо хүүхэд тул монгол хэл, бичиг чадамгай сурч, их л чөлөөтэй биеэ авч явдаг нэгэн болсон төдийгүй Бээжингийн хяналтанд тэр бүр орохгүй байжээ. Иймээс түүний тухай архи ууж, авгай эргүүлэхээс ч сийхгүй нэгэн хэмээн ярьж бичиж байсан биз. Багаас нь төвд, монгол хэл бичиг, шашны болон дорно дахины ёс заншилыг түүнд сургасан байна. Найман дүрийн Богдоос ганцаараа гавж цолтой хүн байсан хийгээд Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа суусан сүүлчийн хаан билээ.
-Богдыг Монгол Улсын эзэн хаанаар суулгахад өрсөлдөх хүмүүс гараагүй юу. Тэр үед Алтан ургийн хан, ноёдууд бүгд л байсан шүү дээ?
-Чухамдаа түүнтэй өрсөлдөх хүмүүс гараагүй гэж хэлж болно. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, монголчуудын дунд шашины тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Шишмарев бичихдээ, “хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн буй.
Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим холбогдсон хэрэг хэмээн монголчууд үзэж байв.
Цаг үеийн нөхцөл байдлыг сайтар ухаарч харсны улмаас 1911 оны үндэсний хувьсгалын бүхий л сценарийг нилээд эртнээс Жавзандамба хутагт бичсэн бөгөөд түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж чадсан хэрэг. Үүний улмаас Богдын зөвшөөрөлгүйгээр хэн ч өөр алхам хийж байгаагүй бөгөөд 1911 он гэхэд Хүрээнд ноёдын цугларах, тарах нь хүртэл Богдын адисгүйгээр болдоггүй байсныг эх сурвалжид нэг бус тэмдэглэсэн буй.


-Богд эзэн хаан Чингисийн уламжлалыг баримтлах талаар ямар нэгэн зүйлс хийгээгүй хэрэг үү ?
-Богд бээр Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн Цагаан сарын шинийн нэгний өдөр Түшээт хан Гомбодоржийн эцэг Автай сайн хааны өргөөнд Эх дагины хамт очиж, гал асаадаг байсан нь Монголын төрийн уламжлалыг хадгалж буйг харуулсан илэрхийлэл байсан болов уу. Үүнд мэдээж, алтан ургийн ноёд, төрийн томоохон түшмэд нөлөөлж, Богд хаан ч төрөлхийн ухаан сэргэлэн, мэдрэмтгий хүн тул дэмжсэн хэрэг буй за.
-Монголчуудын амьдралд буддын шашины гүйцэтгэсэн үүргийн талаар асуумаар байна. Богд бол юуны өмнө бурханы шашины тэргүүн байсан биз дээ?
-Тийм ээ. 1911 оноос өмнөх үед Богд Жавзандамба хутагт монгол үндэстний шашины дээд шүтээн болж чадсан бол 1911 оны үндэсний хувьсгалын дараа Монголчуудын шашины төдийгүй төрийн удирдагч, эзэн хаан жинхэнэ утгаараа болжээ. Тэр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг нь мөн. Нөгөө талаар, буддын шашин нэгэн цагт монголчуудын омог бардам занг дарахад ашиглагдаж байсан бол, ХХ зууны эхээр монголчуудыг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж, шарын шашины тэргүүн Богд гэгээнийг үндэсний удирдагч болгоход шууд нөлөөлөл үзүүлснийг ч онцлон тэмдэглэх нь зүй.

-Бидний мэддэг хирнээ огтоос "танил бус" эх түүхийн тухай сайхан бүтээл туурвиж, энэ тухайгаа уншигчидтай минь сэтгэгдлээ хуваалцсан таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.
"Монгол Үндэстний Цахим өртөө Сүлжээ"-с

ЗӨВЛӨЛТ-ОСПАН-МОНГОЛ

Монгол Улсын түүх 5 боть номын 5-р ботийн 257-р талд “1947-1948 онд Хятадын зүгээс БНМАУ-ын газар нутгийн баруун хэсгээр Зэвсэгт халдлагаа улам өргөжүүлж байв. Хятадын тал хил дээр гарч буй хэрэг явдлыг хэлэлцэн зохицуулах гэсэн манай талын санаачлагыг хүлээж авахгүй байв. Иймд БНМАУ-ын баруун ба баруун өмнөд хил хязгаарын тайван байдлыг алдагдуулагчдад цэргийн хүчээр цохилт өгсөн юм. Тэр үеэр шалгарсан дайчдаас Х.Даваадорж, Б.Тэгшээ, С.Лхагвадорж, Б.Гаваан, Их.Нэхийт, нутгийн ард Б.Бадам нар БНМАУ-ын баатар цолоор шагнагдсан юм” гэсэн 4 өгүүбэр бий. Гэтэл энэ үед дөрөв байтугай өгүүлбэрт багтах үйл явдал монголын баруун хил хязгаарт болж өнгөрсөн бөгөөд энэ бүгд нь манай шинэ цагт гарсан түүх бичлэгт бас л бүрхэг бүдэг тусан өнгөрсөн нь харамсалтай.
Баруун хязгаарт болсон байлдаан тулгаралт нь БНМАУ-ыг НҮБ-д элсэхийг хүссэн 1940-өөд оны хүсэлтэд ихээхэн саад тээг болсон бөгөөд энэ тухайд ч 5 ботид мөн л хуучин хандлагаар бичиж орхисныг засаж залруулмаар. Энэ сэдвээр би дараа өгүүлнэ гэж орхиод 1940-өөд оны үед монголын баруун хил дээр Оспан хэмээх хасаг эрийн үйл ажиллагаатай холбогдуулан хэдэн зүйл хэлэхээр шийдэв.
    Энэ тухай би 1992 онд бичиж нэгэн сонинд нийтлүүлж байсан бөгөөд эдүгээ ялимгүй засварлаж уншигч олонд хүргэж байна.
    Оспан: Хасгийн оргодол, дээрэмчин, монголын баруун хилийг 40-өөд оны турш үймүүлсэн этгээд хэмээн цоллогдож ирсэн хүний нэр манай түүхэнд үлджээ. Түүний тухай дуулаагүй хүн уг нь монголд бараг байхгүй байх. Гэтэл хаанаас гараад ирсэн хүн, юу хийж яваад яах гэж монголын баруун хилийг үймүүлэгч дээрэмчин болж, хүн алж хүрээ талах болов гэдгийг манай түүх бичлэг үнэндээ дув дуугүй өнгөрч, таг чиг даржээ.
 Гэсэн хэдий ч манай улсын баруун хилээр Оспан гэгч нэгэн этгээд дээрэм тонуул хийж, хүн амьтан хядсан тухай элдэв зүйл кино, уран зохиол, дурдатгал, дурсамжинд байдаг. Тэгэхлээр Оспан гэдэг нь хятадын төлөөний этгээд юмуу, эсвэл зүгээр л нэг дээрэмчин юм уу гэсэн асуулт гарч хариу өгье гэхээр тодорхой бичсэн зүйлгүй учир мухардаад байдаг ийм нэгэн зовлонт байдал буюу түүхийн цулгуй орхисон зай манай түүх бичлэгт бий. Энэ зайд бичигдэх ёстой түүх бичигдээгүй үлдсэний цаад учир шалтгааныг том улсуудын орооцолдсон улс төрийн түүхэн асуудлыг жижиг улс хөндөж болдоггүй бичигдээгүй нэгэн хууль коммунист дэглэмийн үед баттай үйлчилж байсантай холбон үзэхээс өөр аргаүй. Гэтэл бүх зүйл ил тод, хэнээс ч хараат биш, хэнд ч юу ч хэлж чадах бүрэн эрхт бие даасан монголын түүх бичлэгт энэ тухай мөн л тоомжиргүй хандаад байгааг юунаас эрэхээ би мэдэхгүй байна. Тэгвэл юу болж өнгөрөв?
1.    КОМИНТЕРН, ХЯТАД ХОЁР
     1919 онд дэлхий нийтийн люмпен пролетарийн удирдах хүчний үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, тэднийг хувьсгалт дарангуйллын онол, аргаар зэвсэглэх практик үйл ажиллагааг явуулах үүрэг зорилт бүхий дэлхийн хувьсгалын штаб гэж нэрлэгдсэн III коммунист интернациональ буюу коминтерн хэмээх байгууллага байгуулагдсаныг эрхэм уншигч авхай нар сайн мэдэх билээ.
     Энэ байгууллагын дотоод зохион байгуулалт, гадаад үйл ажиллагааны нүсэр их ажлын тухай олныг үл нуршин зөвхөн хятадад чиглүүлж явуулсан ажлынх нь маш багаахан хэсгийг аргагүй сэдвийн агуулгадаа захирагдан товч өгүүлсү.
     1912 оны 1 сарын 1-нд хятад оронд Манж Чин улсын ноёрхлыг түлхэн унагаж Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдав. 1912 оны 8 сарын 25-нд Бээжинд гоминдан /үндэсний нам/ хэмээх нам зохион байгуулах хурлаа хийж удирдагчаар нь ядуу тариачин гаралтай 45 настай Гонконгод боловсрол эзэмшсэн Сун Ятсенийг сонгов. Энэ нам нь хятадын үндэсний хөдөлгөөний эрх ашгийг хамгаалж байсан бөгөөд бүрэлдэхүүнд нь барууны хүчин зонхилж байлаа. Гэвч Сун Ятсен Зүүний чиг шугамыг хүчтэй баримталж “Ардын гурван зарчим” гэсэн онолоо тууштай хамгаалж байв. Энэ гурван зарчим нь /1. Үндэсний үзлийн зарчим, харь манжийн ноёрхлыг түлхэн унагаж хятадын хан үндэстний байр суурийг бэхжүүлэх, 2. Ардын Засгийн зарчим-Хятадад ардчилсан бүгд найрамдах засаг тогтоох, 3. Ардын жаргалын зарчим-газар тариалангийн шинэтгэл хийх, том аж үйлдвэрийг улсын болгох/ хэрэгжих явцдаа хятадын дотоод дахь үндэсний маргаанаас шалтгаалан ихээхэн бэрхшээлийг хятадуудын дотоод амьдралд бий болгож байв.

    Хятадад хэдийгээр бүгд найрамдах улс байгуулагдаж дэвшил хөгжлийн зүг тодорхой алхамууд хийж эхэлсэн боловч улс төрийн үзэл баримтлал нь тодорхой биш, өөрсдийгөө тухайн үзлийг хамгаалагч гэж үзсэн олон тооны бүлэглэлүүд бий болж дотоодын гүн гүнзгий хямрал тэмцэлд идэгдэж эхэлсэн. Чухам энэ үеэс их гүрнүүд өөрийн эрх ашгийн үүднээс хятадад нөлөөнийхөө хүрээг өргөжүүлэхийн төлөө идэхтэй өрсөлдөж эхлэв. Энэ үеэс хойшхи түүхэн он дарааллын хуудсыг сөхөн нэг харъя.
     -Сун Ятсен засгийн эрхээ Юань Шикайд алдан аргагүйн эрхэнд Японд цагаачлан очиж 1914 оны 6 сарын 8-нд Токиод Чжунхуа гоминдан /Хятадын хувьсгалт нам/ гэдэг улс төрийн нууц нам байгуулав.
     -Хятадын өмнөх хэсэгт уг намыг дэмжсэн байгууллагууд байгуулагдаж улмаар Юань Шикайн байр суурийг ганхуулж эхлэв.
     -1917 онд Октябрийн хувьсгал ялж, 1919 онд Коминтерн байгуулагдав.
     -1921 оны 4 сард Сун Ятсенийг Бүгд Найрамдах Хятад улсын ерөнхийлөгчөөр сонгов.
     -Коминтерний шууд тусламжтайгаар 1921 оны 6 сарын 1-нд Хятадын коммунист нам байгуулагдаж даргаар нь Хятадын анхны марксистын нэг гэгддэг Бээжингийн их сургуулийн улс төр эдийн засгийн ухааны профессор Ли Дажао сонгогдов. Удалгүй ХКН гоминданы намын бүрэлдэхүүнд оров.
     -1923 оноос эхлэн хятадын талын буюу гоминданы хүсэлтээр Зөвлөлтийн “Сайн дурын” зөвлөхүүд хятадыг зорьж эхлэв.
    -1923 оны 1 сарын 26-нд Сун Ятсен, А.А.Иоффе нарын гарын үсэг зурсан Зөвлөлт-Хятадын хэлэлцээр байгуулагдаж дараахан нь большевик М.М.Бородин тэргүүтэй бүлэг коммунистууд Сун Ятсений нам, улс төрийн зөвлөхөөр нь, 1924 оны 10 сард цэргийн ерөнхий зөвлөхөөр нь иргэний дайны баатар В.Х.Блюхер нар хүрэлцэн ирэв. Уригдаж ирсэн цэрэг, улс төрийн зөвлөхүүд дараах ажлыг хийсэн байна.
     1. Сун Ятсений засгийн газрын армийн анги нэгтгэлүүдийг эмхлэн журамлав.
     2. Хувьсгалт цэргийн сургууль байгуулав.
     3. Гоминданы намын шинэ дүрэм зохиож хатуу сахилга баттай, хүчирхэг Зүүний улс төрийн хүч болгох талаар эрчимтэй ажил өрнүүлжээ. Энэ үе бол коминтерн, хятад хоёрын түншлэлийн дээд оргил нь гэж хэлж болохоор үе байлаа. Гэвч хүсэхэд хясна гэгчээр Хятад оронд коминтерний бодлогыг бантан болгож орхисон хэд хэдэн огцом эргэлт гарав. 1925 оны 3 дугаар сард Сун Ятсен нас нөгчиж, удалгүй гоминданы дотор хагарал гарч дараахан нь Хятадын Үндэсний хувьсгалт засгийн газрын цэргийн ерөнхий командлагч Чан Кайши баруун тийш огцом эргэлт хийн гоминданыг коммунистууд болон зүүний элементүүдээс цэвэрлэх ажиллагаа явуулж эхлэв. Яг энэ үед барууны орны сонинуудад “...Хятад улс Азид коммунизмын талбар болон хувирахаар заналхийлж байна гэсэн болгоомжлол их гүрнүүдэд бий. Үүнтэй холбоотойгоор энэ аюулыг устгах талаар арга хэмжээ авах хэлэлцээр байгуулсан” гэж бичиж байлаа. Англи, АНУ, Франц, Япон, Италийн төлөөлөгчид Бээжинд цуглаж өөр өөрийн эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар зөвлөлдөж байсан нь үүнийг нотолно. Коммунизмыг тогтооно, коммунизмыг арчина гэдэг хоёр ухагдахуун тухайн үедээ залуухан улаан импери, идэрхэн хар импери хоёрын газар нутаг, эрх ашгийнхаа хүрээг тэлэх гэсэн бодлогынх нь халхавч болж байлаа. Тэдний хэн хэн нь хятадын ядуу тариачин Ван овогтод хайртай байгаагүй юм. Харин хэн хэн нь Ван овогтны хагалж байгаа газар, хариулж яваа гахайнд нь л хайртай байлаа.
      1930-аад оны эхэн болж ирэхэд Хятад орон хэд хэдэн хэсэгт хуваагдаж, хөл толгой нь мэдэгдэхгүй байдалд орлоо.
      Коминтерн чухам энэ үед хятадыг нэг гараараа дал мөрий нь алгадан дотночилж нөгөө гараараа элэг бөөрийг нь унатал дэлсэж байв.
     Хятадын Зүүн, зүүн хойд болон өмнөд районуудад нөлөөгөө алдсан коминтерн, хятадын баруун хэсэгт 1930-аад оны эхнээс эхлэн эрчимтэй ажиллаж хятадын ноёрхлоос ангижрахыг эрмэлзсэн шинжааны уйгар казах голлосон олон үндэстнийг тусгаар тогтнолын төлөө тэмцэлд уриалж эхлэв.
     Хятадын баруун хойд энэ хязгаарт 20 шахам үндэстний 7 сая шахам хүмүүс амьдран сууж Шаньси, Ганьсу, Нинся, Цинхай (Хөх нуур), Шиньцзян гэсэн 5 томоохон засаг захиргааны нэгжид хуваагдаж байв. Энэ дундаас Шинжаан мужид 3 сая орчим Уйгур 450.00 гаруй казакууд оршин сууж байлаа.
2.    ЗӨВЛӨЛТ, ШИНЖААН, МОНГОЛ ГУРАВ
     Энэ үед Шинжааны хавь буюу ер нь баруун хойд Хятадад Чан Кайшийн гоминданчууд ноёрхож байсан бөгөөд тэдэнтэй Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/, хувьсгалт Засгийн газар байр сууриа булаалдан тэмцэж байлаа. Харин Шинжаан болон бусад мужийн хүн амын хувьд Чан Кайшийн гоминдан ч бай, хувьсгалт Засгийн газар ч бай ялгаагүй хятадаас салах гэсэн нэгэн ойлголт баттай байсан бөгөөд чухам энэ эмзэг газрыг зөвлөлтүүд олж дарж байсан юм. Зөвлөлт Орос Улс энэ чигт явуулах үйл ажиллагаагаа Монголоос чиглүүлэн удирдаж байсан бөгөөд тэр үед монголын нам, төрийн удирдлагад коминтерний сонгон тавьсан бидний зүүнтэн хэмээн нэрлэдэг хүмүүс зонхилоод байв. Ер нь хятадын эсрэг нутгийн ард түмний бослого хөдөлгөөнийг зохион байгуулах, салан тусгаарлах үйл ажиллагааг гардан явуулах бүлэг хэсгүүдийг 1920-иод оны эцсээр коминтерний нэрийн дор Зөвлөлтийн удирдлага туйлын эрчимтэй явуулж эхэлсэн бөгөөд үүний уршиг хаялага нь ч монголд тусаж манай баруун хязгаар салаад явчих шахсан юм. Энэ тухай яривал ихээхэн зай, цаг орох тул мөн дараагийн хэсэг болгон үлдээж зөвхөн нэг л тодруулга хийе.
     Тэр үеийн намын удирдлагад нилээд өндөр суурь эзэлж байсан Ө. Бадрах Монголын баруун хязгаарыг бие даасан автономит муж болгон Шинжааны хасаг, монголчуудтай харилцаа тогтоон Шинжааныг түшиглэсэн улс байгуулах зорилт тавьж үүнийг нь коминтернээс монголд ажиллаж байсан Кучумов, Коняев, Черномордик гэх мэтийн хүмүүс дэмжиж байсан баримт бий.
     Коминтерний явуулга бүтэмжтэй эхэлж 1931 оноос Шинжаанд тусгаар тогтнолын төлөө хүчтэй хөдөлгөөн өрнөж улмаар 1933 оны 4 дүгээр сард Шинжаанд Ардын Бүгд Найрамдах Засаг тогтов. Энэ үеэс эхлэн Шинжаан нь бие даасан гадаад, дотоод улс төрийн бодлого явуулах болж Хятадад ёс төдий захирагдах боллоо. Шинжааны БНУ нь ЗХУ болон Англитай дипломат харилцаа тогтоож - Эзэрхэг түрэмгийг эсэргүүцэх –үндэсний мөргөлдөөн ба хятадын доторх өөр хоорондын байлдааныг устгах, ястан үндэстний эрхийг тэгшитгэх, - Шинэ Шинжаан улс байгуулах гэсэн зорилтуудыг тунхаглан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Шинжааны Засгийн газрын бодлогыг үндсэндээ коминтерний заавар халхавчийн дор зөвлөлтийн удирдлага тодорхойлж байсан бөгөөд аажимдаа хувьсгалт дэг журам, үзэл санаа хүчтэй болсоор байсан бөгөөд нөгөө талаар Гоминданыхан нөлөөгөө бэхжүүлэн, хүчээ хуримтлуулж ХАЧА-ийн түрэлтийг зогсоох, АНУ болон Англиас тусламж авах бодлогыг явуулж байлаа. Ийнхүү 1930-аад оны дунд үед Хятадын баруун хойд район туйлын олон эрх ашгийн мөргөлдөөний талбар болон хувирч билээ. Коминтерний удирдлага ч И.Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдагчдын гарт бүрэн шилжлээ.
3.    ОСПАН
     1939 оны эцсээр Шинжааны засгийн газраас Алтайн хасгуудын буу зэвсгийг хураан авч, ноёд тайж нарыг феодал хэмээн баривчилж эхлэв. Энэ үйл ажиллагааг эсэргүүцэж хасгийн Расхаан, Есим нарын толгойлсон бослого гарч бослого нь цаашдаа хасгийг хятадаас бүрэн тусгаарлах хөдөлгөөн болон өрнөсөн юм.
     Босогчдын эгнээнд явсан Оспан гэгч нэгэн эр хятадын цэргийг тагнах, харуул манааг довтлон буу зэвсэг, хөрөнгө мөнгө олзлоход их л тодрон шалгарч удалгүй босогчдын дунд “хасгийн эрэлхэг баатар” хэмээн алдаршиж, яваандаа бослогын удирдлагыг гартаа авчээ.
    Оспан нь Шинжаан мужийн Алтайн Эрчим голын Арал гэдэг газар хасгийн 12 керей отгийн Молох овогтны доторх Айтуган молох ястан Исламын гэрт 1899 онд төржээ. Тэрээр эхнэр Баян, хүү Нягаметдола, Шердиман охины хамт амьдарч байсан бөгөөд хүүхэд үедээ доголон болсон, бие томтой, юманд өөрийн санаснаар ханддаг, гөжүүд зожиг зантай, бусдын зөвлөлгөөг сонсдоггүй нэгэн байжээ. Нутгийнхан нь түүнийг “төхөр огоз” буюу “хазгар шар” хэмээн хочилдог байв.
     Нэг талаас гоминдан, нөгөө талаас босогчдын шахалт түрэлтэд хүчтэй автсан Шинжааны засгийн газар оршин тогтнох чадвараа алдан алдсаар 1942 оны эцсээр гоминданы засгийн газарт бууж өгсөн байна. Гоминданы төв засгийн газар Шинжааны хувьсгалт засгийн газрын толгойлогч цэргийн жанжин Арбайд /Шин Шичай/ ЗХУ-тай тогтоосон харилцаагаа бүрмөсөн таслахыг хатуу шаардсаны эцэст 1943 оны 3 дугаар сараас эхлэн Шинжаанд байсан Зөвлөлтийн цэргийн сургагч мэргэжилтнүүдийг гаргаж эхлэв.
     Зөвлөлтийн удирдлага хүнд байдалд орсон боловч гарах арга замаа түвэггүйхэн олов. Энэ бол Оспаныг хятадын эсрэг ашиглах тактик байв. Харин яаж гэдгээ их л нухацтай бодож болгоосны эцэст монголоор дамжуулан энэ үйл ажиллагаагаа явуулахаар шийдвэрлэсэн юм. Учир нь ЗХУ өөрөө хятадад хүн хүч, зэр зэвсэг, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байгаа шүү дээ. Харин Монгол бол Оспанд, хасагт туслаж болно. Үүнийг хувьсгалыг экспортлож байна гэж хэн ч хэлэхгүй. Хэлбэл монголыгоо бариад өгчихнө. Энэ ажиллагааг гардан удирдах ажлыг ЗХУ-ын Аюулаас хамгаалах яамны тагнуулын газрын дарга хошууч генерал Ланфанг, зөвлөх Греднев, Хба ДЦХЭГ-ын зөвлөх хошууч генерал Пахомов, зөвлөх Артоманов, Монголд суугаа элчин Иванов, Зөвлөлтийн байгалийн фронтын командлагч Рубин нар хариуцан гүйцэтгэсэн юм. Харин Монголын талынхан туслах дүрд тоглож байлаа.
     Ингээд Оспан руу хэд хэдэн удаа тагнуул явуулж, аажим аажмаар итгэлийг нь олж эхлэв. Оспан 1943 оны дунд үед тагнуулаар очсон хүнд ийнхүү ярьжээ. “1940 онд бослого гаргаж одоог хүртэл Хятадтай тэмцэж байна. 1943 оны 7 дугаар сарын сүүлчээр 80 орчим хүмүүсээ монголтой харилцаа барьж болох боломж байгаа эсэхийг ажиглуулахаар монголын хил орчим явуулсан. Тэд хилийн шугамыг мэдэхгүйгээс хил нэвтрэн орж монголын хилийн манаатай тулгаран буудалцаж дөрвөн хүнийг алж, хоёр хүнээ алуулсан. Үүнийг нэхэн санахгүйгээр эв найрамдлын харилцаа тогтооход бэлэн байна.




Монгол, Хятадаас тусгаарлаж тусгаар улс болсны нэг адил хасаг бид төрсөн нутаг дээрээ тусгай улс болохыг хүсэж Хятадтай тэмцэн 3 жил болж байна. Хятадын хүчинд хавчигдах хүнд үе тохиолдвол манай гэр бүлийн хүмүүсийг түр байлгаж биднээс Хятадтай тэмцэхэд туслана уу. Мөн эд бараагаар гачигдаж байгаа тул бага зэрэг бараа, сайн дуран нэгийг өгнө үү” гэжээ. Харилцаа тогтоохыг зөвшөөрч байгаа Оспаны энэ хариуг сонсоод зөвлөх Пахомов, ДЯЯ-ны орлогч сайд Дүйнхэржав нар “Монгол Шинжааны хилийн шугам Хайртын даваан дээр 2 талаас уулзаж чухал яриа хийе” гэсэн хариу явуулж Оспанд бэлэг болгон 36 метр даалимба, нэг цай, нэг дуран өгчээ.
     1943 оны 10 сарын 5-нд Монголын ДЯЯ-ны орлогч сайд Дүйнхэржав, зөвлөх Пахомов нартай Оспан өөрийн туслах 40-өөд хүнтэй ирж анхны уулзалт хийлээ. Оспан энэ уулзалт дээр Хятадын эсрэг тэмцэж бослого гаргасан тухайгаа танилцуулаад монголын талаас зэвсэг, бараа таваарын тусламж хүссэн бөгөөд 10 дугаар сарын 6-нд хоёр талын хамтарсан хэлэлцээр байгуулсан байна. Хэлэлцээрээр дараах асуудлыг тохиролцжээ. Үүнд: -Эв найрамдлын хэлэлцээ тогтоолоо, -“Алтайн хасгийн бослогын байгууллагаас өөрсдийн Үндэсний эрх чөлөөнийхөө төлөө явуулж буй тэмцлийг монголын зүгээс талархан дэмжинэ.
-Монголын тал хүсэлт ёсоор буу зэвсэг, таваарын зохих тусламж үзүүлнэ. –хэрэв хэрэг тохиолдвол босогчдын байгууллагын гэр бүл ба өөрсдийн биеийн монголын нутагт байрлуулж болно. –монголын талаас биет туслалцаа үзүүлэх зорилгоор 40-50 хүнийг босогчдын штабт суулгана, -энэ хэлэлцээрийг нийтэд дэлгэрүүлэхгүй нууцална гэсэн байна. Уулзалтын үеэр босогчдод винтов 27, сум 2600, маузер 10, бөс бараа 600 м Оспанд өөрт нь англи автомат 1000 сумтай өгсөнд Оспан хариуд нь морь 82, хивс 8, алт 137 граммыг бэлэглэв.
     1943 оны 11, 12 дугаар сард Оспан гоминданы хятадын цэрэгт түрэгдэн монгол улсын хилийн дотор байрлахаар 360 өрхийн 2200 гаруй хүмүүстэй нэвтрэн ирсэнд монголын тал хэд хэдэн газар нутаг заан суулгасан байна. Үүнээс хойш Оспаныг мөшгөсөн гоминданы цэргийн анги монголын хилийг зөрчих болж хилийн тулгаралт байнга гарах болов. 1944 оны 2 сарын 25-нд Ховдын Булган голын Алаг тохой дахь застав дээр Х.Чойбалсан, зөвлөлтийн элчин Иванов, Байгалын фронтын командлагч Рубин, зөвлөлтийн тагнуулын газрын дарга Лафланг, ДЯЯ-ны сайд Шагдаржав, зөвлөх Греднев нар Оспантай уулзав.
     Үүний дараахан буюу 1944 оны 3 сарын 1-нд Ховдын Булган сумын төвд Оспаныг баяр ёслолын байдалтай хүлээн авч орос винтов 395, сум 200,000, хөнгөн пулемёт  30, хүнд пулемёт 6, автомат 45, гранат 2000-ыг цэргийн яамны хэлтсийн дарга дэд хурандаа Сүхбаатарын Галсан гардуулж өгсөн байна.
     1944 оны 3 сарын 5-нд Оспан, маршал Чойбалсанг тусгай бэлдсэн монгол гэрт урин ирүүлж уулзжээ. Удалгүй “Босогчдод туслах цэргийн групп” байгуулж улмаар түүнийгээ цэргийн зөвлөл болгон өргөтгөснөө сүүлд нь бүр “Алтайн эрх чөлөөт хасгийн түр засгийн газар” гэсэн нэр өгч, Оспаныг “Баатар хаан” хэмээн өргөмжлөв. “Баатар хаан” Оспан ч гоминданы Хятадыг балбаж эхлэв. 1944 оны 3 сарын 11-нд Хятадын цэргийн Лю Зухайн дивизийн гол хүчинд монгол, зөвлөлтийн нисэх эскадрил, цөөн хүнтэй морин цэргийн хүчээр Оспантай хамтран цохилт өгөв.
     1945 оны зуны дунд үе гэхэд Шинжааны Алтайн босогчид баруун хойт хэсгийн Или Тарвагатайн аймгийн босогчидтой нэгдэн гоминданы хятадыг үндсэндээ шахан зайлуулж чадсан байна.
     Ингээд одоогийн хятадын нутгийн бараг тал нь буюу Алаша хүртэлх өргөн уудам нутаг зөвлөлтийн гарт орж ирэв.
     1945 оны 9 сард зөвлөлтүүд энэ нутаг дэвсгэр дээр Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс байгуулж шинэхэн улсынхаа Засгийн газрын ерөнхий сайдаар Алейхаан гэгч хүнийг тохоон томиллоо. Энэ том улсын бүрэлдэхүүнд Шинжааны Алтай аймгийг оруулж аймгийн тэргүүнээр нь “Баатар хаан” Оспаныг баталжээ.
     Оспанд ёстой л газар тэнгэр хөмрөх шиг санагдсан байхдаа, үүнийг би санахдаа өөлдийн Амарсанаагийн үйл явдалтай таацуулан боддог бөгөөд түүх давтагддагийн нэг жишээ,  их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэр мэт.

4.ОСПАНЫ ТӨГСГӨЛ
     1945 оны дунд үеэс эхлэн Оспан монгол улсын баруун хил хязгаарыг байнга зөрчин дээрмийн чанартай халдлага өдүүлэх болов. Тэрээр хилийн цэргийн болон хил орчмоор оршин суугчдыг олзлон аваачиж эрүүдэн тамлах, эд хөрөнгө, мал хүнс дээрэмдэх зэргээр онц хэрцгий авирлаж эхлэв.
     Оспаны энэ үйл ажиллагааг таслан зогсоох улмаар Оспаныг устгах асуудал монголын ДЯЯ-ны өмнө нэн чухал асуудал болон тавигдлаа. Энэ асуудлыг монголын тал өөртөө бүрэн авсан бөгөөд овоо босгосон орос эзэд ор сураггүй алга болсон мэт байв.
     Оспаныг устгах талаар явуулсан ажиллагаанууд дотроос хоёрыг сонгон авч уншигч та бүхэндээ товчхон толилуулъя.
     Оспаны үйл ажиллагаанд хил орчмын ардууд ихэд жигшин дургүйцэж даруй сөнөөн дарахад бүхий л талаар тусалж байлаа. Оспан маш их хартай, харуул хамгаалалт сайтай, газар нутгийн байдлаа сайн мэддэг учир богино хугацаанд байрлалаа хурдан өөрчилдөг зэргээс шалтгаалан түүнийг тохиолдлын газар устгачихаж болохгүй байлаа. 1948 оны 1 дүгээр сард Оспан руу Өбчин овогтой Сагадай гэдэг хүнийг оргодол маягаар явуулав. Сагадай нь 1909 онд Шинжаан мужийн Хар Булган гэдэг газар төрсөн, 1933 онд Монголд амьдрахаар нүүж ирсэн хүн байлаа. Сагадай Оспаны дэргэд очоод түүнд итгэгдсэнээр барахгүй хамгийн ойр дотно шадар хүмүүсийнх нь нэг болжээ. Тэрээр Оспаныг боломж гармагц устгах даалгавар л хүлээж байлаа. Гэтэл яагаад ч юм төвөөс тийм даалгавар ирэхгүй байж байтал Оспан Сагадайг өөрийнхөө хамгийн шилдэг эрчүүд гэгддэг хорь шахам хүмүүсийн хамт гэртээ дуудуулжээ. Очтол Оспан, шилдэг 21 эрийнхээ даргаар нь Сагадайг томилж Монголын хилийн цэргийн дарга нараас хэн нэгийг нь эсвэл торгууд нараас нэг хүнийг амьд хэл болгон барьж ирэх даалгавар өгөв.
     Сагадай хэсгээ удирдан 1948 оны 5 сарын 27-ны шөнө Хавтаг уулын орчмоор хил нэвтэрч, 6 сарын 1-нд Ховдын Булган сумын нутагт ирлээ. Нэг бол өөрийнхөндөө алуулах, эсвэл оспаныханд алуулах эгзэгтэй мөч Сагадайд тулгарав. Гэвч тэр ухаан сийллээ.
    Сагадай хэсгээ хоёр хувааж ихэнхийг нь Булган голын өмнөх Ээвийн улаан үзүүрт нутаглаж байгаа торгууд айлаас амьд хэл олзлох даалгавар өгөөд өөрөө нөгөө хэсэгтэйгээ хамт Булган сумын ойролцоох Цөөхөр нуурын хөвөөнд тэднийг хүлээж байхаар тохирчээ. Хэл баривчлах хэсэг явсны дараа Сагадай бид энд хүлээхээ болъё. Баян суудлын Хар үзүүрт байгаа манай хасгийн хуучин өвөлжөөнд очиж хүлээе. Та нар тэнд яаралгүй сэмхэн яваад оч. Би энэ тухай нэг чухал даалгавар нөгөө хэддээ өгөхөө мартсан тул очиж хэлээд ирье гээд ганцаараа салж амжсан байна. Сагадай Булган сумын төв дээрх тагнуулын тасагт ирж болсон явдлаа дуулгав. Мэдээг авсан монголын хилчид тэднийг бүслэн авч 4 хүнийг алж, 3 хүн баривчилжээ. Бусад нь зугтааж амжсан байна. Энэ тулгаралтад хилийн албаны офицер Лхагвадорж, бэлтгэл офицер ард Халтмат нар амь үрэгдсэн бөгөөд Лхагвадорж улсын баатар болжээ.
     Сагадай ирснийхээ дараа “... Та нөхөд анх намайг явуулахдаа бүрэн итгэж даалгасан бол би Оспаны дэргэд очсоныхоо дараахан л тун түвэггүйхэн тонилгочихоод толгойг нь авч ирэх байсан юм. Намайг өвдөж байгаад эдгэрсний дараа Оспан нэг өдөр уулзаж – Би суурьшил алдаж зүдэрлээ. Чи ч шоронд орж арай чарай гэж ирээд өвчилж хүнд зовлон эдэлж явна, хоёул морь унаж хээр салхинд явж уйтгар гунигаа сэргээе гэв. Ингээд бид хоёулахнаа хоёр сайн морь унаж Оспан өөрөө маузер, дуран зүүж, надад нэг винтов өгөн гэрээсээ 20 км алс гарсан. Бид айл амьтангүй элсэн дунд зугаалан бүтэн өдөржин явахдаа Оспан мориноосоо бууж элдвийг сонирхон, ялангуяа тогтмол үйлддэг мөргөлийнхөө цагт морь буугаа над өгөөд мөргөлөө хийж байсан юм. Яг энэ үед нь би түүнийг алж элсэнд булчихаад явчихаж болох байсан боловч ийм даалгавар аваагүй учир аль нэг талаар буруудахаас болгоомжлон тэвчин өнгөрөөсөн юм. Харин сүүлд нууц хайрцагтай бичгийг авч үзээд энэ нь Оспаныг алаад баримт болох зүйл авч ир гэсэн үг болохоос зайлахгүй гэж бодоод дээрх байдлаар дахин тийм завшаантай үе тохиолдвол алъя гэж бодож явтал Оспан гэнэт даалгавар өгч нааш явуулчихлаа” хэмээн харамсангүй ярьж суужээ.
     Үүний дараа Оспаныг устгахаар улсын баатар Дандар ахлагчтай хэсэг хоёр удаа оролдсон боловч амжилт олсонгүй. Эхний удаа Оспаны байрлаж байгаа гэж мэдэгдсэн таван гэрийг бүслэж автомат, винтовоор нэг зэрэг галлажээ. Тэдний эсрэг хэн ч гарч ирсэнгүй. Дандарынхан үүргээ биелүүллээ. Оспаныг устгалаа гэж үзээд хойш буцсан байна. Гэтэл тэнд болсон үйл явдлын үр дүнд ганцхан эмэгтэй хүүхдийн хөл шархадсанаас өөр ямар нэг хохирол гараагүй болох нь хожим тодорхой болжээ. Хоёр дахь удаад нь Оспан зүүн өмнө зүгийн битүү аманд бүгсэн учир хэсгийнхэн очиж чадалгүй буцжээ. Үүнээс хойш түүнийг устгах томоохон оролдлого хийгээгүй байна. 1949 оны 9 сард Шинжааны засгийн газар Хятадын Коммунист Нам, ХАЧА-д бууж өгөхөө албан ёсоор зарлав. Энэ үеэс эхлэн Шинжаан, Ган-су мужид гоминдаан, америкийн даалгавраар ажиллаж байсан бүлэглэлүүд Шинжааны төв, Урүмчид сууж байсан америкийн дэд консул Дуглас Маккараны заавраар Оспаныг тойрон нэгдсэн байна. Дараахан нь Маккаран ч өөрөө Оспан дээр хасгийн нөлөө бүхий том эздийн хамт ирж нийлжээ.
     Д.Маккаран тэнд 1 сар гаруй хугацаанд байж байгаад Түвдээр дамжин Энэтхэг явсан байна. Оспан 1950 оны 4 сараас эхлэн ХАЧА, Дорнод Туркистаны цэргийн ангиудын цохилтод хэд хэдэн удаа өртөж, сарнин бутрав. Оспан 1951 оны 2 сарын сүүлчээр Энэтхэг рүү оргон гарах гэж яваад Хөх нуурын орчим Хайцай гэдэг газар ХАЧА-ийн ангид баригдаж Урүмчи хотод  хүргэгдэн тэндээ цаазлагджээ. Олны өмнө дүүжлэн хороосон гэдэг.
     Түүхэнд өгүүлсэн “Гоминданы зүгээс монголын энх цагийн бүтээн байгуулалтыг таслахын төлөө байнга хил зөрчиж байв” гэсэн нэг өгүүлбэрийн цаадах бодит үйл явдал ингэж өрнөжээ.
 Архивын Ерөнхий Газрын дарга доктор
Дэмбэрэлийн Өлзийбаатар

Монгол улсын 1929 оны хүн амын тооллогын баримтын хүндийн жин нь 30 кг байна

 1929 оны Цэцэрлэг мандал аймгийн Эрдэнэбулган уулын хошууны  Өлзийт сумын 9 дүгээр хорины хүн амын тооллогын   баримтыг сонирхуулахад   Булган сум 15, Баян-уул сум 15, Мандал -уул сум 15, Эрдэнэ-уул сум 15, Хануй сум 15, Оюут сум 15, Орхон сум 15,  Өлзийт сум 18 хоринтой байсан бөгөөд бүгд 8 сумын 121 хорины  хүн ам тооллогод хамрагдсан  ажээ.   Өлзийт сумын 9-р хорины  тооллогын бүртгэлд:    •    20 өрхийн 108 хүн тооллогод хамрагдсан.
-Үүнээс  энгийн хар хүн 45, лам хүн 8, бүгд эр хүн 53, эмэгтэй хүн 55, бүх хүн ам 108
-Эрхэлсэн ажлын талаар гэрийн ажилтай 19, оёдол хийдэг 24
•    төвд хэл мэддэг:
- 18-25 насны хүн 1, 26-45 насны хүн 5, 46-с дээш насны хүн 2  байна.
•    Малын дүнг авч үзвэл:
-Адуу: морь -46, гүү-32, төл- 7
- Үхэр: эр үхэр -86, охин үхэр -105, төл-44
- Сарлаг: эр сарлаг -2, охин сарлаг  2, төл-1
-Хайнаг: эр хайнаг -1, охин хайнаг- 4, төл-4,
- Хонь : эр хонь-122, эм хонь 327, төл-157_
- Ямаа: эр ямаа-27, эм ямаа-54, төл 49
Тоо .бүртгэлийн хэргийг  эрхэлж хянаж гүйцэтгэсэн, хорин гэрийн дарга Самдан
Туслан хавсарсан Нацагдорж
Энэхүү бүртгэлийг  баталсан  хорины өрхийн хурлын дугаар 2
Хурлын дарга Гэндэн
Нарийн бичгийн дарга Шарав
Монгол улсын 19 он 9 сарын 28-ны өдөр хэмээжээ. 

 Энэхүү Цэцэрлэг мандал аймгийн Эрдэнбулган уулын хошууны  8 сумын  1929 оны хүн амын тооллогын баримт нь  68 см –ийн зузаантай, 6690 гаруй  хуудастай, сураар үдсэн, данс хэлбэртэй, хүндийн жин нь 30 кг бөгөөд үйлдсэн арга, хэмжээний хувьд өвөрмөц сонин баримтад зүй ёсоор орно.

Үндэсний төв архив. Ү.Дэлгэрмаа




/Жич: Энэ материалыг олж аваад блогтоо тавьж байхдаа өдгөөгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын тухай бодож суулаа. Энэ нутаг миний сэтгэлд их ойр болсон нутаг л даа. Яагаад ийнхүү энэ нутгийг санах болов гэвэл энд дурдагдан бүхий Цэцэрлэг мандалын аймгийн Эрдэнэбулган хошууны Мандал уул сум, Эрдэнэ уул сум, Оюут сум нь одоогийн Эрдэнэмандал сум болсонтой холбоотой юм. 1993 оны хуртай зун анх хөрсөн дээр нь хөл тавьж байсан тэр өдөр саяхан мэт л санагдаж байна.  Б. Даваасүрэн /

“Халхын Хүрээний Газрын Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Захиран Шийтгэх Газар” ба Монголын тусгаар тогтнол


 
VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу
1911 оны YI сарын 21-нд Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд, хамба, шанзудба нарын зэрэг эрх мэдэлтэн Их Хүрээнд цугларч, Жибзундамба хутагтад бат оршил өргөхөөр Эрдэнэ Шанзудбын яаманд нууц зөвлөлгөөн хийж, Чин улсын шинэ засгийн бодлого гэгчийг хүлээх, эсэх талаар зөвлөлджээ. Тэгэхэд олонхи нь шинэ засгийн бодлого монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд, түүнийг бүхэлд нь хүлээж авч болохгүй хэмээх санал нь давамгайлж, колоничлох бодлогоос мултрах арга сүвэгчлэн хэлэлцэж байх үеэр Түшээт хан аймгийн жанжин Ханддорж, мөн аймгийн чуулган дарга Чагдаржав зэрэг ноёд, Их шавийн да лам Цэрэнчимэд нар Богд хан уулын модонд сэм хуралдаж, Орос улсаас тусламж авч монголчууд Манжаас салж, тусгаар улс болох санал сэдэж, нууц зөвлөгөөнд оруулан хэлэлцүүлээд, улмаар Жибзундамба хутагтаас соёрхлыг олжээ.
Түшээт хан аймгийн чуулганы дарга, засаг улсын түшээ гүн Г.Чагдаржав
 
Тэгээд тэрхүү нууц зөвлөгөөн Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилохыг Жибзундамба хутагтад мэдүүлж тогтоолгоод зөвшөөрөл авсан байна.
      Орос улсад явсан төлөөлөгчид уван цуван буцаж ирсний дараа Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг тунхаглах бэлтгэл ажил шаргуу хийгдэх болов.
     1911 оны XI сарын 28-нд Монголын ноёд, дээд лам нар Жибзундамба хутагтад айлтгахдаа: “...Одоо өмнө газар их самуун дэгдэж олон шинэ төр байгуулан улс болон тогтож буй чимээ машид олон болсон ба Манжийн хаан аймагтны эрх мэдэл тун ч өчүүхэн болжээ. Иймд шавь нар бид бүхэн яахин хүмүүжвээс сайн болохыг тодорхойгоор айлдахыг хүснэ” гэжээ. Үүний хариуд Жибзундамба хутагт лүндэн [зарлиг] буулгахдаа: “...Таны ийнхүү асуусан нь маш сайн. Ер нь аливаа юманд цаг хэмжээгүй нь огт үгүй. Манж, хятадын энэ байдал мөн цаг болсны тулд болой. Одоо монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон. Гэвч бүгдээрээ нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж чармайн зүтгэхийг харгалзана. Бас лам би олон монгол шавь нараа цөмийг нэгэн адил авралдаа авсаар бөлгөө. Миний энэ үгийг улам улмаар лам надад мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил сонсговол зохино” гэжээ.
Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин, засаг хошууны бэйс Гомбосүрэн 
Ийнхүү Богд гэгээнтнээс үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг эрс шийдэмгийгээр явуулах лүндэн буулгаснаар Их Хүрээнд цугларсан Халхын ноёд, лам нар Их Хүрээн дэх Манж сайд Саньдо-г хөөн гаргаж, улс төрийн эргэлт хийхээр эрчимтэй бэлтгэж эхэлжээ. Энэ үед тусгаар тогтнолын тэмцлийг удирдан зохион байгуулах байгууллага хараахан байгуулагдаагүй тул хэрэг явдлыг нийтээрээ хэлэлцэн шийдвэрлэж, албан бичгээ “Эдүгээ Хүрээнээ сууж бүхий Халхын ван, гүн, засаг нар хамба, шанзудба, да лам харын бичиг” хэмээн хаяглаж байв.
Өвөр Монголын түшмэл Хайсан

     Цаашид тусгаар тогтнолын өрнөлтөөр уг тэмцлийг 1911 оны XI сарын 30-нд шууд удирдан эрхлэх байгууллага болох Түр Засгийн Газрыг байгуулах шаардлага гарсан тул Халхын Хүрээний Газрын Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Захиран Шийтгэх Газар нэртэйгээр байгуулжээ. Хэдийгээр Түр Засгийн Газрын нэр нь “Халхын Хүрээний Газрын Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Захиран Шийтгэх Газар” боловч Нэгдсэн Монгол Улс байгуулах зорилготой нь холбогдож, үйл ажиллагааны цар хүрээ нь Халхын дөрвөн аймгаар хязгаарласангүй, нийт Монгол аймаг, хошуудын нутгийг хамрах болов.
Улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэргийн тайж М.Намсрай

     Түр Засгийн Газар нь анх байгуулагдахдаа Богд Жибзундамба хутагтын нэр тушаалын дагуу Түшээт хан аймгийн чуулганы дарга, засаг улсын түшээ гүн Г.Чагдаржав, Сэцэн хан аймгийн хамаарсан чуулганы дарга жүн вангийн зэрэг засаг төрийн бэйл Ц.Гомбосүрэн, Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин, засаг хошууны бэйс Гомбосүрэн, Сайн ноён хан аймгийн жүн вангийн зэрэг засаг төрийн бэйл Цэдэнсоном, улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэргийн тайж М.Намсрай, да лам Г.Цэрэнчимэд нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Төдөлгүй Түшээт хан аймгийн жанжин, засаг чин ван М.Ханддорж нэмэгдсэнээр бүгд долоон хүмүүний бүрэлдэхүүнтэй болсон боловч ван Цэдэнсодном албанаас түр чөлөө авч, хэрэг дээрээ зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажилласаар ирсэн байна. Энэ байгууллага нь  гүйцэтгэх үүргээрээ бүх Монгол даяар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байгааг ашиглан, юуны урьд Их Хүрээн дэх Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж, Монголын төр улсыг сэргээх явдлыг бэлтгэн зохион байгуулах түр засгийн газар шинжтэй байлаа.
Да лам Г.Цэрэнчимэд

    ХХГБХТЕЗШГ байгуулагдмагц Жибзундамба хутагтын лүндэнг Өвөр Монголын засаг ноёд, Барга, Алашаа, Хөх нуурын Монголчуудад яаралтай дамжуулахдаа, Жибзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх гэж байгааг нэгэн адил мэдэгдэж, юуны урьд Халхын 4 аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тухай тушаал гаргажээ. Түүнээс хойш 1-2 хоногийн дотор Хүрээний ойрх хошуудаас 500 орчим цэрэг цугларчээ.
     Энэ бол үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Түшээт хан аймгийн жанжин Ханддоржийн шууд мэдэлд байгаа хошуудын цэрэг юм. Ингэж Чин улсын захиргааны эсрэг зэвсэгт бослого эхлэх бэлтгэл хангагдсан байна. Гэвч үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагчид шууд зэвсэг хэрэглэхийг урьдал болгосонгүй. Харин тэрхүү дайчилсан цэргээ Манжийн эзэн хааныг хамгаалах зорилготой мэтээр Хүрээний сайд Сань До-д XI сарын 30-нд мэдэгдэхдээ: “Сонсвоос дотоод олон мужууд дараа удаагаар тусгай улс болсон бөгөөд гэмин  цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсч буй хэмээнэ. Манай Халхын монголчууд Чин улсын хишгийг хоёр зуу илүү он болтол эдэлсний тулд, суусаар үзэхэд сэтгэл төвдөхгүй. Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган морьт цэрэг татаж Бээжинд орж, Дай Чин улсын хааныг хамгаалахаар тогтсон тул цалин, хэрэглэл, буу зэвсгийг тоо ёсоор олгомуу. Тухайн хариуг энэ өдрийн гурван цагийн дотор илэрхий тодорхой өгмүү” гэсэн. Тэгэхэд Сань До бичгийг хүлээн аваад, Их Хүрээний монгол сайдтай уулзах гэсэн байна. Гэтэл монгол сайд элдэв шалтаг хэлээд уулзаагүй тул тэр дэмий л яамандаа яах аргаа олохгүй байтал хэдэн монгол лам, ноёд Богд Жибзундамба хутагтын зарлигаар ирлээ хэмээн Сань До сайдад очиж: “Энэ өдөр мэдүүлсэн өргөдлийн хариуг одоо болтол тушаасангүйг үзвээс зөвшөөрөхөд бэрх хэмээн татгалзах болов уу? Иймд монголчууд бүх газар орноо өөрсдөө хамгаалж, бүрэн эрхт Их Монгол улсыг байгуулж, Богд Жибзундамбыг хаан болгон өргөмжлөхөөр тогтжээ” гэж мэдэгдээд, түүнийг харъяат албаны хүмүүсээ авч, маргааш манай өртөө улаа хэрэглэж хилээс гарч явахыг шаардсан байна.
     Ийнхүү Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт хүчин Манжийн ноёрхлыг түлхэн унагааж, монголын үндэсний улсыг байгуулах эрх чөлөөний тэмцэлд нэгдэж боссоны дүнд ХХГБХТЕЗШГ мөн өдрийн оройн 7 цагт Их Хүрээн дэх Чин улсын сүүлчийн сайд Сань До-г гурав хоногийн дотор хилээс гарах шаардлага тавимагцаа, Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гаргаж гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна.
     Сань До дагалдах манж, хятад түшмэдээ дагуулан Оросын консулын газар хоргодохоор явмагц ХХГБХТЕЗШГ -аас Чин улсын сайдын яамыг устгаж, харъяат яам ба сайд түшмэдийн гэр, хашаа юмсыг тусад нь гарган данслуулаад, сэргэн мандах яамдын суурь болгохоор бэлтгэв. Дараа нь Хүрээн дэх бүх хятад цэргийн зэвсгийг хураан авч, улмаар Оросын консулын газар хоргодож буй Чин улсын сайд түшмэдийг XII сарын 4-нд монгол түшмэд цэргүүдээр харгалзуулан, Хиагт хүртэл өртөөгөөр явуулж, Монгол нутгаас үлдэн зайлуулсан ажээ.
     ХХГБХТЕЗШГ XII сарын 3-нд Манж Чин улсын Хэвт ёс [Сюаньтун]-ны он тооллыг халж, монголын 12 жилийн цаг тоог баримтлан “цагаагчин гахай” жил гэж нэрлэхээр шийдвэрлэж, мөрдүүлэх болсон нь Монголыг сэргээн мандуулах үйл хэргийн эхлэл байв. ХХГБХТЕЗШГ Монгол улсаа сэргээн байгуулах зайлшгүй бэлтгэлийг төв орон нутагт яаравчлан хийв.
Ийнхүү Очирдара Богд гэгээнтнийг Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залах өдрийг сонгон тогтоосныг зарлан мэдэгдсэн  байна.
Энэ тухай архивын баримтанд :
Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх Да түшээ гүн Ча явуул, хамаарсан да жүн ван Го явуул, Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр зөвлөн шийтгэх жанжин чин ван Ха, хамаарсан жанжин бэйс Го үзэв, ван Цэ,  гүн На үзэв, да лам Цэ үзэв.
     Өргөн илгээв. Довтолгон яаран сонсгон явуулах учир: энэ жил зуны цаг манай халхын дөрвөн аймгийн хан, ван, гүн, олон засгууд шарын шашныг өрнөн дэлгэрүүлэх ба улс төр баттаж, амар цэнгэлээр жаргах учир бүгдээр санаа нийлж зөвлөлдсөн явдлыг нэгэнт тогтсоны тулд, одоо монголчуудыг яахин амаржуулбаас зохихыг эвхмэл бичиж, Очирдара Богд гэгээнтнээ айлтгаад, буулгасан лүндэн зарлиг зэргийг ёсоор сийрүүлж хичээнгүйлэн дагаж, нийтээр олон газраа довтолгон явуулжээ.
     Эдүгээ манай Ерөнхийлөн шийтгэх газраас олон монгол шавь нар бүгдээрийн багш аврал, итгэл хамгийг айлдагч Очирдара Богд гэгээнтнийг манай Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залж ёслон мөргөж их төрийн ёслолыг гүйцэтгэх маш сайн өдрийг сонгон үзүүлбээс, энэ Цагаагчин гахай жилийн арван нэгэн сарын шинийн есөн нь баасан гариг,  усан тахиа, энэ өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бүрдсэний тул энэ цагт өргөмжлөн их ёслолыг гүйцэтгэвээс болох, үл болохыг лүндэнг эрмүй хэмээн мандал өргөж айлтгасанд, буулгасан лүндэн зарлиг ёсоор болгон соёрхсоныг хичээнгүйлэн дагаж, үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, туслагч жанжин нар, Хүрээний хамба номун хан, Дуйнхор хутагт, хамаарсан шанзудба нарт довтолгон явуулаад уламжлан өөр өөрийн харьяат аймаг шавийн хан, ван, гүн, олон засгууд, хутагт хувилгаан лам нарт нийтээр эрдэнийн сууринд залж суулгахын наана эрхгүй нэгэн дэсээр Их Хүрээний газар хуралдан  ирж, улсын их ёслолыг хичээнгүйлэн гүйцэтгэхээс гадна төрийн монгол орд байгуулах ба бат оршил өргөх зэрэг зүйлийг дараа өөр зарлан тушаасугай.
     Үүнийг басхүү их Орос улсын генерал консул сайдтанд сонсгон явуулаад, зохих газраа уламжлан гүйцэтгэх ажааму. Үүний тул өргөн илгээв.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван хэмээжээ.
    Тэгээд цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ний баасан гаригт Жибзундамба хутагтыг Монгол улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их Хүрээнд болж, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулсныг албан ёсоор тунхаглав. Мөн өдөр шашин төрийг хослон барьсан хааны зарлигаар төрийн таван яамнаас бүрдсэн Монгол Улсын байнгын Засгийн Газрыг байгуулнаар ХХГБХТЕЗШГ -ын үйл ажиллагааг үргэлжлүүлэн авсан болой.

Wednesday, 29 December 2010

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН ИРЭХ ОНД 35 НАС ХҮРНЭ

Хүмүүний  амьдралын мартагдашгvй сайхан vе гэж асуувал олонх нь хурим хийсэн vеэ дурсах нь лавтай. Учир нь хvний амьдралын хамгийн сайхан торгон агшины нэг. Гэрлэх ёслолын ордон анхны гэрлэгсдээ 1976 онд  бvртгэж байжээ. Ирэх онд 35 дахь жилтэйгээ золгох гэж байна.

Энэ хугацаанд  гэрлэгсэдийн тоо 35.000 гаруй хvрээд байгаа юм байна. Жилд дунджаар 1000 хос гэрлэлтээ бvртгvvлжээ гэсэн vг. Зарим жил харьцангуй цөөхөн байдаг байна. Гэхдээ жил ирэх тусам гэрлэгсдийн тоо нилээд нэмэгдэж байгаа. Энэ нь гэр бvлийн vнэ цэнийг мэдрэх, залуус өөрийгөө vнэлэх vнэлэмж дээшилж байгаатай холбоотой бөгөөд  улсын дунджийг харахад жилд 10-15 000 хос бvртгvvлдэг 25% орчим нь гэрлэх ёслолын ордонд ордог байна.
Гэрлэх ёслол бол амьдралд тохиолдох хvнд хэцvv vеийг даван туулахад бэлэн, бас хариуцлагатай, гэр бvлдээ vнэ цэнэтэй хандах хэрэгтэйг харуулж байгаа юм. Өдрийн сайныг сонгон байж хоёр талын бvх ах дvv, найз нөхөд, аав ээж гээд хамгийн хайртай бvх хvнээ цуглуулан тэдний өмнө өөрийгөө таньж мэдэх, бусдыг хайрлах, бусдын төлөө өөрийгөө зориулахад бэлэн гэдгээ зарлан тунхаглаж буй хариуцлагатай мөчийн нэг..
Сvvлийн vед ихэвчлэн 22 - 24 насныхан их гэрлэж байна. Ер нь хvн дунджаар 25 хvрч байж тодорхой хэмжээгээр боловсрол, ёс суртахуун, эдийн засгийн чадавхиа дээшлvvлж, хvнийг болоод өөрийгөө vнэлж дvгнэх чадавхийг эзэмшдэг учраас хамгийн тохиромжтой нас юм.
Хуримлах ёслолд  гэрэл зураг авах, видео бичлэг, бөгж гээд 10-аад vйлчилгээ үзүүлдэг бөгөөд  vйлчлvvлэгчид  хvсвэл лимvзэн машин авах зэрэг тусгай vйлчилгээ байдаг. Энэхүү  байшинд  vргэлж сайхан энерги хуримтлагдаж байдаг.

Анхны гэрлэсэн хосууд болох Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, машинист Л.Жаргалсайхан нар-1976 он    
  Гэрлэсэний баталгаа гарын үсэг зурж буй нь 1976 он
Гэрлэх ёслолд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид-1976 он
Гэрлэсэн хосуудад Ю.Цэдэнбал, А.И.Цэдэнбал-Филатова нар баяр хүргэж байна-1976 он

ҮТА-ын КГЗДАБТөвийн архивч М.Уртнасан