Sunday 30 January 2011

Гэр


Монголын архитектурын хөгжилд Монголчуудын үндэсний гэр асар их үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь монгол гэр өөрийн нөлөөг монголын архитектурт аль хэр тусгагдсанаар хэмжигдэнэ.
     Монголын нутаг дэвсгэрт нутаглаж байсан эртний овог аймгуудын орон сууц болох эсгий гэрийн түүх бол манай он тооллоос 500 зуун жилийн тэртээ үес буюу эсгий хийж гэрээ бүрдэг болсон цагаас эхлэх юм. Иймд монгол гэрийн хөгжил нь 2500-3000 жилийн түүхтэй. 13-р зууны монгол гэр, орчин үеийн монгол гэртэй нэлээн төстэй байсан байна.
      Феодалын нийгмийн үед ноёдууд ард олныг захирах, эрх мэдлээ бататгах үзэл санааг илэрхийлэхийн тулд гэрийн гадаад байдлыг хүртэл энгийн ардынхаас өөр болгож, улаанаар халзлаад Өргөө гэж нэрлэх болжээ. Нүүдлийн амьдралтай айлуудын гэр нь ачиж нүүхэд аль болох хөнгөн, барихад хялбар байдлыг харгалзсан байдаг бол хот суурины айлын гэр нь тохилог, гоёмсог байдлыг эрхэмлэдэг учраас гэрийн хийц хэсгүүд маш нарийн ажиллагаатай болжээ. Хот суурин газрын хүмүүс нь гэрийг бороо цаснаас хамгаалж саравч барих, шалан дээр барих мөн хатавчинд гэгээвч хийх зэргээр гэрийн хийцийн хэсгүүдийг өөрчилж иржээ.
     Эрт дээр үеэс эсгий гэрийг монгол ба түрэгийн гэж ялгадаг байжээ. Монгол гэр бол түрэг үндэстний гэрээс хялбар ба хийцээрээ ялгагдана. Түрэг гэр нь бүнхгэр бөгөөд жижигхэн тоонотой, унь нь урт, сагалдрагатай тал нь тахир, хана нь намхан байдаг бол монгол гэр нь том тоонотой, богинохон шулуун уньтай, хана нь өндөрдүү байдаг.
     Монгол гэр нь хийсэн материал, гоёл чимэглэл зарим хийц хэсгийн хувьд харилцан адилгүй байснаас “Монголын нууц товчоо” ба бусад ном зохиолд янз бүрийн нэрээр нэрлэгдэн иржээ. Жишээ нь: харцын гэр, чорхон, тэрэм, соёд гэр г.м.
     Гэрийг тархалтын байдлаар нь үзвэл ар, өвөр монгол, буриад, халимагууд, алтайчууд, хасагууд, киргизүүд, хакасчуудын дунд дэлгэрчээ.
     Гэрийн хоймроор хээ угалз бүхий ширмэл ширдэг, эсгий дэвсгэр, хивс дэвсэнэ. Бас хүндэт зочинд олбог дэвсдэг заншилтай байжээ. Буддын шашин дэлгэрснээс хойш гэрийн хойморт өрхийн тэргүүлэгч суудаг газарт гүнгэрваатай бурхан ба тахилын хэрэглэл тавих болжээ. Гэр бүлийн хүмүүс нь гэрийн зүүн талаар сууцгааж, баруун талд нь зочид суудаг ба хамгийн хүндтэй зочин нь баруун хойт талд бурхны ойролцоо суудаг болжээ. Эртний монголын заншлаар ямар нэгэн хүн урилгагүйгээр хойморт суухыг эелдэг бус зан гэж үздэг байжээ.
     Монгол гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмшихэд ашигтай, намхан байдаг нь салхинд тогтвортой, эсгийгээр бүрдэг нь дулаан, тоононы нүх нь салхи оруулах, гэрэлтүүлэх талтай.
Монголд жилийн 300 орчим өдөр нь нартай байдгаас намар, өвөл, хаврын хүйтэн улиралд тооноор орж байгаа нарны илч нь гэрийг дулаацуулах ач холбогдолтой. Монголчууд нь эрт үеэс тооноор туссан нарны байдлаар өдрийн цагийг тодорхойлдог байжээ. Жишээ нь: Өглөөний нар хананы толгойд тусах тул үдээс өмнө цаг мөчийг хананы толгойгоор тоолж гаргадаг бөгөөд үдээс хойш гэрийн зүүн хоймор дэвссэн ширмэл ширдгэн дээр туссан байрлалаар үдэш хүртэлх цагийг баримжаагаар гаргадаг. Мөн үүнтэй холбогдуулан дурдахад сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн зарим урчууд хоймрын тал дугуй ширмэл ширдгийг нарны цагийн хуваариар ширж байсан гэдэг.
     Монголд гэрийн багтаамжийг ханын тоогоор тогтоодог. Дээр үед гэрийн ханыг сондгой тоогоор тогтоодог байсан бол сүүлийн үед тэгш тоотой хийдэг болжээ. Жишээ нь: Одоогийн монгол гэрийн багтаамж нь 4, 6, 8, 10, 12 ханатай байдаг. Хамгийн том гэрт хана тутам нэг хүн ор хогшилтойгоо багтдаг гэж үздэг бөгөөд үүгээр бодоход хамгийн том гэрт 12 хүн ор дэвсгэр, эд хогшилтойгоо багтах юм.
     Монгол гэр нь өөрийн хөгжлийн эцэст голлох хийц хэсгүүдээр амархан нийлж салгах боломжтой бөгөөд зөөх, барих буулгахад хамгийн хялбар болжээ. Жилийн дөрвөн улиралд бороо, цас, хүчтэй салхи шуурганаас хамгаалах, гэрийн гэрэлтүүлгийг тохируулах зорилгоор тооныг бүтээх өрхтэй болгожээ. Дээр үеийн зарим монголчууд өөрийн гэрийн эсгий бүрээсийг хээ угалзаар чимэглэдэг байсан бол эдүгээ гэрийг голдуу цагаан даавуугаар бүрж, мөн хээ угалзаар зээглэдэг болжээ.
     Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай байдаг. Иймд гэрийг барих ба буулгах дэс дарааллыг дурдвал:
1.    Шал тавих
2.    Хаалга босгох
3.    Хана дугуйлах
4.    Бүслүүр татах
5.    Тооно ба багана босгох
6.    Унь хатгах
7.    Дотуур бүрээс тавих
8.    Туурга нөмөргөх
9.    Цаваг тавих
10.    Дээвэр тавих
11.    Гадуур бүрээс нөмөргөх
12.    Өрх тавих
13.    Хаяавч татах
14.    Оосруудаар бэхлэх зэрэг дараалалтай байдаг байна.

Боржигины бор тал

 Бавуугийн Лхагвасүрэн



Санаа алдахад
Эхийн минь сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүрий нь залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

 Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг, эгэл боргилын туйл
Нар, хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчилж, чулуу ханарааж төрөхөд тал минь чи
Торго шиг зөөлөн байсан 


Жаргал, зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр, гунигийн нулимсаа унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсаан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээрээ эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгилж, зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан


Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг ч
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний минь шархнаас хожидож анидаг юмаа тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь ирт улаан дөл намайг бадрангуй болгосон
Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон

Байдуу мянганы уулсаан дууриаж толгойд минь буурал сууж
Багадаа хөхсөн эхийн минь сүү гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ хүн чулуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь

Нууцыг задруулсан захиа

Б. Ринчен 


Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун "хэлэх үг элчийн аманд бий" гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ. Тэр дээр цагт захидалд гагцхүү тийм хүнээр явууллаа гэж уг мэдэгдэх зүйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академч Владимирцов хэлдэг байлаа.
Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг үсэгтэй хөшөө чулуу сураглаж, өртөө уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дүүрэн хуучин тод монгол ном судартай халтар өвгөнийд өнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон үзэхдээ "захих үг элчийн аманд бий" гэсний учрыг тэр хөдөөний түүхч өвгөнөөс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад, одоо үс буурал зохиолч болсон хойно эвлүүлэн бичиж, үзэгч олондоо уламжлах хүсэл төрлөө.
Арван долдугаар зууны үеийн манай ард түмний түүх, эмгэнэлт явдал олонтой бөгөөд сударчин хүн, судлан гүйцээгээгүйн учир "балар үе" гэдэг тэр эрин цагийн гунигт домгийн тоймы нь найруулан өгүүлбээс ийн буюу:

Баруун Монголын Галдан Бошготын цэрэг, Манж Энх амгалан хааны цэрэгт Туулын Зуун модны газар ихэд дарагдаад, Зүүн гар хэмээх монголын хүчин мохож Орхон голын үерт авахуулан сарниж дутаасан Цорос омгийн Гөлөгдэй баатар цэрэг өрхийн хамтаар баруун зүг тэмцэн, говьд манжийн цэрэгт гүйцэгдэж, дийлсэн цэргийн хурц сүрт автагдан, арга буюу дагасан билээ.
Дайнд дарагдсан цэргийн Туулын зуун модны тэнд олсон шарх гүйцэж эдгээгүй, сэтгэлд түмэн гашуудал зангирсан нь алдраагүй, манж ханы цэрэгт өнгөндөө дагавч, өшөө хорсол хөндий цээжээр дүүрэн байжээ.
Гөлөгдэй баатрын өргөөнөөс өртөө хиртэй газар, манж цэрэг хуарагнаж "сүрийг бадруулагч" гэдэг цолтой манж жанжины луут туг жанжины өргөөний өмнө хээрийн салхинаа намиран, манж цэргийн эргүүл харуул хамаагүй хүнийг хуарандаа ойртуулдаггүй байлаа.
"Сүрийг бадруулагч" жанжин Фү гэдэг, бие өндөр туранхай чийрэг өвгөн өглөө бүр цэргээ сургууль хийлгэж, хахир дуут цэргийн бүрээ үлээж, манж цэрэг саран бай харвах, морин сургууль хийхийг нь хоньчин хүүхэд холоос сонирхон хардаг байлаа.
Гөлөгдэй баатар, Фү жанжныд хааяа ирдэг болж, манж цэргийн ноён, өвгөн баатрыг ирэх бүр өргөөнөөсөө гарч угтан улам дотно байдалтай болсон мэт, саяхан дайсагнан байлдаж байсан хоёр цэргийн жанжин бие биедээ ижилсэн дасаж манж ноён, монгол шатар сураад, Гөлөгдэй заримдаа өнжин шатар нүүдэг боллоо.
Отог цэргээ удирдсан өвгөн Гөлөгдэй баатар, манжийн "Сүрийг бадруулагч" Фү жанжинтай гэнэт дотно найртай болж байн байн манж жанжны өргөөнд айлчлан очдог болсонд, хөгшин залуугүй гайхавч, өвгөн баатар маань арай ч дайсанд зусардамгүй шударга журамт хүн, лав нэг учир бий гэж шаг шуг хэлцдэг болжээ.
Тэгтэл өвгөн баатар, сүрийг бадруулагч Фү жанжинг төрсөн өдрийнхөө найрт урин хуримлах чимээ гарч, зуутны тушаалаар аравны дарга нар, найрын хэрэгсэл, айраг цэгээ, цагаан идээ сархад бэлдүүлжээ.
Ийм цагт найр цэнгэл хийх гэдэг юу билээ гэж өвгөд эмгэд идэр цэргийн эрс бие биеэс асуун, арван, зуун цэргийн даргаас лавлацгаавал "Өвгөн баатрын захиа элчийн үг" гэж зууны дарга битүүлэг инээмсэглэн илүү дутуу үг хэлэхгүй ажээ.
Болзсон өдөр тэнгэр цэлмэг, маш сайхан байжээ.
Манж цэрэг туг далбаа барьцгаан, өвч зэвсэглэж, "Сүрийг бадруулагч" Фү жанжин хуарандаа буу талбин, торгон цэргээрээ хүрээлүүлж, Гөлөгдэй баатрын хүрээнд хүрэлцэн ирээд, өвгөн баатар, идэр залуугийн жавхлан бүрдсэн ганц хүүгээ дагуулан, хатантайгаа гарч, хүндэт зочинг холоос угтав.
Манж жанжин мориноос бууж, найрсаг байдлаар өвгөн баатрыг ёслон, арван ханатай улаан халзан хөлтрөгтэй өргөөнд нь оржээ. Жанжины цэрэг, баг багаараа жагсан, цэргийн дохионы бүрээ хангинаж, дарга нарын өндөр дуугаар тушаах манж цэргийн үг өвгөн баатрын хүрээнд дуурсаж, манж жанжны торгон цэрэг, өргөөний дөрвөн этгээдэд хүндэт харуул зогсов.
Гөлөгдэй баатрын тугийн дэргэд манжийн луут туг зоож, өвч хуягт, цэрэг, туг тойрон жагсав. Фү жанжны шадар бие хамгаалагч өндөр чийрэг хэдэн солоон цэрэг, жанжнаа дагаж өвгөн баатрын өргөөнд бэлгийн зүйлс барин орцгоож, удалгүй гаднаас сонсвол, сархад барин хөгжим өргөх чимээ сонсогдлоо.
Гөлөгдэй баатрын өргөөнөс зайдуухан, саахалт хирийн газар нийтийн найр зарласан газар, найр хуримын гоёл чимэгтэй сайхан хувцастай хүн цуглан, өргөн талын тэр хэсэгт нь эмээл хазаартай хэдэн мянган морь хад мэт хантайраастай, хайцаг мэт тушаатай, хоймор талын асраар өвгөн баатар манж ноёдын суудал засаатай баруун талд отгийн өвгөд хөгшид, эхнэр, охид талын цэцэг мэт эрээн мяраан, цөм Гөлөгдэй баатрыг Фү жанжны хамт ирэхийг хүлээжээ.
Тэр завсар өвгөн баатрын өргөө гэрт эгшигт сайхан хоолойт эмэгтэйчүүд хундага барихад өргөх хуримын ая гүйцээгээд, зочныг хүндэтгэн сархад сөгнөж байсан, өвгөн баатрын ганц хүү нүдэндээ галтай нүүртээ цогтой Шуну, хаш хундаганд дахин архи дүүргэж, өвгөн баатар хундага тосон, жанжинд өргөх гэтэл, Фү жанжин нүд ирмэсхийв. Тэр дохиогоор хацавчийн хоёр талд жанжинаас нүд шилжүүлэлгүй зогсож байсан солоон баатарууд гэнэт ухасхийж Шуну, Гөлөгдэй хоёрыг даран унаж, хаш хундага няц гишгэн, хурамхан зуур хүлж орхив.
-"Көк тэнгэр" гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн уулга алдахад чийрэг манж цэрэг эгшин зуур аманд нь таглаа хийж гары нь хүлээд, том гэрт чив чимээгүй болж, гагцхүү ноцолдож амьсгал давхацсан хүний уухилах нь сонсдох ажээ. Фү жанжныг толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч, цэрэгтээ ямархан нэгэн тушаал өгөөд, эргэж өргөөнөө оров. Фү жанжин инээмсэглэн, хүлээстэй, амандаа таглаа шаалттай Гөлөгдэй, Шуну, өвгөн баатрын хатан, охидын зүг хандаж
-Эрхэм гэрийн эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад үл автагдахын учир жанжин миний бие урьдчилсан сэргийлэх арга хэрэглэсэн билээ. Эс чингэбэл, миний цэрэг даруй толгойгүй чөтгөр болох юмсанж. Би ч таны далд хорт арганд орж болзошгүй байлаа. Гагцхүү Энх амгалан хааны догшин сахиус Гэсэр Гуаньлооеэ ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг өгүүлсэн нь задран мэдэгдэж, би хариу арга хэрэглэлээ.
"-Хараат тугаа сачану би
Хар бухын арьсаар бүрсэн
Бүрхсэн бүхүй дуут хэнгэргээ
Бүгдийн дунд дэлдүүлнэ би
Харь манж цэргийг тэр дохиогоор
Хавчин хядаж хуримлана бид
Урт хараат тугаа сачуна би
Үхрийн хараат тугаа сачуна би
Үй олны дунд дэлдүүлнэ би
Өстэй манж цэргийн тэр дохиогоор
Өрлөн хядаж хуримлая бид"
гэж нууц захиа явуулсаныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт над хүргэж билээ.
төрсөн өдрийн найр хэмээн, манай манж цэргийн жанжин дарга нарыг урин ирүүлж, сархадаар согтоон хүйс тэмтрэх хэмээн сэм хуйвалдсан хорт хэргийн баримт энэ гэж өврөөсөө зурвас бичиг гаргаад, хүйтнээр инээмсэглэн цагаас өмнө сэжиг үл авахуулахын учир энэ бичгииг үлдээн, үсэг дуурайн хуулсан бичгииг шаламгайлан элчид өгч явуулсан билээ гэхэд Гөлөгдэй баатрын хүрэн царай барайж, Шунын зүг харав. Шуну түмэн буруутайн шинж илэрч, толгой даран гагцхүү шүүрс алдав.
Манж жанжныг дохимогц, баатар нь Гөлөгдэй Шуну хоёрын амнаас таглаагий нь сугалаад.
-Та нар хашгираад дэмий, манай цэрэг байлдахад бэлэн, та нарын хашгирвал тэр чимээгээр танай энд цугласан бүгдийг дайран орж хядан ална. Та нар хамгийн түрүүнд гэр хотлоороо алуулна гээд, Гөлөгдэй баатрын хатан, охид хүүхдийн амны таглааг суга татаад, хатны хүлээстэй гар чинэрснийг ажиглан хүлээсий нь тайлжээ.
Өвгөн баатар, хүүгийн өөдөөс хараад гунихарсан сул дуугаар:
-хүү минь, яав даа чи, Дайн хөл ихтийн цаг, элчдээ итгэхгүй бичиг захидалд юунд итгэв дээ чи.
Шуну эцгийн өөдөөс харж чадалгүй толгойгоо дотогш даран:
-Миний түмэн буруу. Очиж очиж, тэр захидал буруу гарт орно гэж мэдсэнгүй гэж шивнэн хэллээ.
Гөлөгдэй баатрын өргөөнд ийм явдал гарч байх завсар, гадна байсан манж цэрэг өвгөн баатрын ойр шадар хүний гэрт орж, нумны хөвч, сэлэм хураан авч, дуу тавьсан хүнийг ална. Гэрээс гарсан хүн ам алдана гэж чангалан тушаагаад, зэвсгийн сан, найрлах асрыг морьтон цэрэг бүслэн тэнд байсан хүнийг сууцгаа босвол харвана гэж, хотон дахь хонь шиг хашин хүрээлжээ.
Yл мэдэх манж түшмэлийн үг, чимээгүй хэлмэгдсэн олны чихэнд харилхаг сонсдож, нэгэн хэсэг манж цэрэг, мориноос буугаад, монгол аравтын зуутны сэлэм хурааж авахад өндөр биетэй, өргөн цээжтэй, урт соёо сахалт нэг өвгөн мянгатан.
-Гэнэн залуу Шунын захианаас боллоо, гэж гашуудан хэлээд есөн үеийн мисир болд юлдийг ингэж хураалгахыг үзлээ гээд жийжүү мөнгөн хуйд нь нал эрдэнэ шигтгэсэн юлдээсээ адис авч, манж цэргийн аравны даргад өглөө.
-Закаанд илүү үг үгүй гэж бодоод, манж цэрэгт зам зуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гээд нэг залуу чийрэг цэрэг эр, хутгаа сага татан, өвгөн Эргилийн юлдийг авч сонирхон үзэж байсан манж аравтны хоолойн тус бариулд нь тултал шаагаад, мисир болд юлдийг шүүрэн авч хуйнаас суга татан, зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зуур хэдэн хүнийг цавчин унагав. Цоохор царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран эрээн нумаа шүүрч сумаа булцуунд нь хүртэл татаад харвамагц, хар хийж, хавирга яс нэвт цохих чимээ сонсдон араас нь туссан сумын зэв залуу эрийн цээжнээс гялсхийн гарч, хөөрхий залуу, юлдээ атган далайсаар ойчлоо.
Цочсон олон, уулга алдаж, манж цэрэг нум сумаа харвахад бэлдэн манж цэргийн дарга
-Гар хөдөлбөл цөмийг харван ална гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гөлөгдэй баатрын өргөөний зүг нэг цэрэг давхиулж, найрын талбайгаас үхэгсдийг зайлуулах тушаал өгчээ.
Удалгүй өргөөний зүгээс нэг манж баатар давхин ирээд, өндөр дуугуур
-Чонос Гөлөгдэй баатар, сүр бадруулагч жанжин фү, тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа өвөрлөн, сэм хуйвалджээ. Эзний сүлд харж, буруу санаат муу хулгай Гөлөгдэй жанжны гарт тушаан өгчээ. Муу хулгайн хорхой мэт амь хэрхэн болохыг аюун эмээн хүлээ, хөдөлбөл харвана гээд манж цэргийн дарга нарт ямархан тушаал өгч, даруй өргөөний зүг довтлон одов.
-Көк тэнгэр тэнэг муу эм би, баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа.
Көөркий баатар ноён минь, көөркий баатар ноён минь. гэж нэг өвгөн үнэн сэтгэлээс гаслан, олон хүний гашуудах чимээ зөөлөн салхинд хулс зэгсний шуугиан мэт, зарим хүн цг цг гэж гашуудан шагширч, зарим хүн гашуунаа шүүрс алдав.
Гөлөгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сүр үзүүлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хүрч ирэн, сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хүрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын зүг ширтэс хийж,
-Таны хар санаа өвөрлөснөөс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд үнэхээр гашуудалтай. Энэ цөм таны ял. Хэлтрүүлж үл болно. Самуун чагийн чэргийн чаажаар гүйцэтгэвээс, таны харъяат олны арван хүн дутмаас нэгийг чаажаар аваачин сүрдүүлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгүй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хүлээж есөн үе хүртэл албанаа зүтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны өршөөлт жарлигт, тэрслүүг цээрлүүлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны цэрэг ардаас ял үл асууна. Гагцхүү таны нэгэн гэрийн төдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай түмэн үед зүрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгүй болгохын тулд эхнэр хүүхдий нь нүдний өмнө хорон санаат хэргийн гол эжэн эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг үзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож үлдсэн хүмүүсийн нь жүгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гөлөгдэй Шуну, сэтгэл түмэн түгшүүртэй боловч, харь хүнд муугаа үзүүлэхгүй гэж, хоёр бага хүүхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув.
Уг хэргийг үүсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
Зүүн гар улсын цэргийг дарсан та нарыг хөгшин цэргийн эр би яахан боол мэт дагаж, зарц мэт сөгдөх билээ. Эр хүн гэрт төрөөд эрэлхэг баатраар дайсантай тулалдаж хээр үхэхэд гомдолгүй хэрэг. Харийн халдан түрэмгийлсэн этгээдтэй зэвсэг барин тулалдахаас үл эмээх миний бие таны гарт ороод толгой авахуулахаас өчүүхэн ч үл зовно. Гуйх үг амнаас гарах нь түмэн бэрх боловч үхлийн өмнө үг хэлж миний өвгөд дээдсийн гал голомт залгамжлах ганц хүү Шуну баатрын амь хэлтрүүлмуу гээд өвгөн Гөлөгдэй баатар Фү жанжны өөдөөс хариу юу хэлэхийг ширтэн хүлээв.
-Аав, яаж болох вэ? Эртний мэргэн ёс алдаж, элчдээ итгэлгүй эрээн захидалд итгэж, нууцаа задруулснаараа хамаг ялыг би ганцаар эдлэх ёстой. Эцэг, эх гэгч биеий нь төрүүлэхээс биш санаагий нь төрүүлэх ёсгүй. Зоосны нүхээр сүвлэж хэрчин тамлах битгий хэл, хүний ухаан хүрч тамлах битгий хэл, хүний ухаан хүрч бодож сэдэж олж чадах ахул тэрнээс илүү ялаар ганцхан намайг л цаазалж эцэг, эх дүү нарын амийг хэлтрүүл гэж Шуну, манж жанжны зүг мэхийн хэлэв.
-Төрсөн ганц хүүгийнхээ мууг үзсэнээс түрүүлж би үхье, үр хүүхдийнхээ мууг бүү үзье. Эх хүн гэж байхгүй бол энэ ертөнцөд хүү хаанаас төрөх вэ. Гэнэн болгоомгүй өсгөсөн нь эх миний л мянган буруу. Yр хүүхдийн минь оронд зоосны нүхээр намайг л сүвэлж цаазал, үр хүүхдий минь өршөө. хөөрхий тэр минь алтан нарны гэрлийг ханатлаа үзэж амжаагүй яваа юм шүү гэж Гөлөгдэй хатан уярангүй дуугаар хэлэв.
-Манж жанжин тав ханасан байдалтай гэдийн сууж, баригдан олзлогдсон тэдний сэтгэлийн зовлонд бахархан харж нэгэнм хэсэг дуу чимээгүй байснаа,
-Эр хүн нэгэн сэтгэл, нэгэн амтай байвал зохино. улс төрийн хүнд ял хэлтрүүлж үл болно. Гагцхүү Гөлөгдэй баатрын өвгөд дээдсийн тахилга тасарч, гал голомт балрахын гашууныг бодон, нэгэн болзол тавьж, гуйн хүссэн ёсоор Шунын амийг хэлтрүүлье. Шуну, чи эцэг эх, дүү нарын толгойг өөрийн гараар авбал тэнгэрийн хишиг хүртэж эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэх ялыг өөрчлөхөөр барахгүй чамайг амьд үлдээж, Чонос Гөлөгдэйн гал голомт залгамжлуулъя. Миний санал нэгэнт тогтов. Yүнээс өчүүхэн ч өөрчлөх ёсгүй. Бүгдээр цаазаар авахуулах, Шуныг амьд үлдээхийг та нар зөвлөн тогт гээд, цаазаар аваачихын бэлтгэл хийх тушаал өгсөнд шадар баатрын нэг нь гадагш гарч, төдхөн манж цэргийн бүрээ хангинах чимээ гарав.
-Хэрэг нэгэнт ийм болсноос хойш, хүү минь зориг хатуужин , бидний толгой ав. Эр хүний жолоо урт. Чи амьд явбал, нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил гэж Гөлөгдэй баатар Шуну хүүдээ энхрийлэн зоригжуулж хэлэв.
Би та нарын түрүүнд толгойгоо авахуулъя гэж Шуну намхан дуугаар хэллээ.
-Тугалган жад мэт битгий зориг шантар, Yхлээс залсан хүн, энэ ертөнцөд байдаггүй. Чамайг амьд явбал, нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг дага. Хүний гарт эцэг хүү хоёроо зүрх хагарам тамлуулахыг үзсэнээс хүүгийнхээ гарт үхье гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамлуулах эсэхийг үрийн минь зориг л мэдэх нь байна. Жанжин та хэлсэн үгэндээ эзэн болдог юм бол, Шунын биед гар л хүрэхийг цэрэг олны өмнө амладаа. Биднийг цаазаар аваачин, Шуныг үлдээ гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц, Шуну, эцэг эхийн өмнө сөгдөн мөргөж,
-Эртний бичгийн ёс алдсанаас би та бүхэнд ийм гамшиг зовлон даллан ирүүлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хүн болгосон хэмжээгүй ачтаныхаа өөдөөс юлд яаж далайх вэ? Яалаа ч сэтгэл төвдөхгүй нь гэж Шуну хэлэхэд,
-Yрийн сэтгэлээр төрүүлж өсгөсний минь ачийг санаж мэдэж яваа бол үхэхийнхээ өмнө эцэг эхийнхээ захисан сургаалыг дагах нь ёстой дээд элбэрэл гэгч тэр шүү. За хүү минь зориг хатамжил. Энэнийг давж гүйцээж чадвал ёстой хүү төрүүлсэндээ ээж аав нь бахадсаар үхнэ гэж эх нь хэлэв.
Аав ээжийн алтан сургаалыг өгүүлшгүй бэрх ч гэсэн чин их хайрлан сэтгэлээсээ хүндэтгэж яая гэх вэ дагая даа гэж зүрх алдан байж хэлээд манж жанжны зүг эргэж /би бэлэн/ гэж сэтгэл хатуужиж хэлсэнд:
-Ингэвээс та нар харилцан хагацах ёс хийтүгэй.
Цаазын газар хүргэхэд жүй нь та нарын гарыг хүлвээс зохих бүлгээ. Зоригт баатрын гэр бүлийг хүндэтгэж гар хүлээсгүй явуулна гээд гарахад нь үүдний хацавчийн тэнд хоёр манж баатар, гэрийн гадна харуулын цэрэг үлдэн, сүрийг бадруулагч жанжин фү, найрын талбайд шадар цэргээр хүрээлүүлэн очиж, Гөлөгдэй баатрын асарт цэргийн ноёдын хамт суув.
Найрын газар цугласан олныг манж цэрэг, гоё эрээн асрын өмнө этгээд нум мэт тойруулан суулгаад фү жанжины тушаалаар манж цэргийн ноён, асрын өмнө гарч ирэн, Гөлөгдэй баатрын ял тоочин, тэнгэрийн хишиг хүртээн, хүү Шунын гараар дайчин улсын Богд эзэн хааны дайсан Гөлөгдэйн гэр бүлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цөм хирдхийн цочиж, сүрт тушаалын үгийг чив чимээгүй сонслоо. Манж ноён нэгэн хэсэг дуугүй зогсоод, дахин өндөр дуугаар сонсгон өвгөн баатар Гөлөгдэй, хатны хамтаар гуйж, хүүгийнхаа амь хэлтрүүлэхийг хүсэн илэрхийлснийг сүрийг бадруулагч жанжин фүлэ эеэ тогтоож, Шуну хүү, эцэг эх дүү нарын толгойг өөрийн гараар авбал амь хэлтрүүлэх зөвшөөрөл олгосныг мэдэгдсэнд, олон цөм цочин санаа алдав.
-Тэгтэл, өргөөний зүгээс манж цэргээр туулгасан Гөлөгдэй баатар , хатан хоёр бага охины хамт хүрч ирсэн, асрын өмнө манж цэрэг тушааж тэднийг сөгтгөн суулгажээ. Цэргийн бүрээ татаж, нам гүм болсон олон хүний нүд, баярт зориулж барьсан гоё эрээн асрын өмнө сөгдөн дөрвөн хүний зүг ширтэн, манж цэргийн дарга, цаазын сумаар дохио өгмөгц Шуну, эцгийн өмнө сөгдөн мөргөөд, өвдөгнөөс нь мөлхөн адис аваад босож сэлмээ далайн гялсхиймэгц өвгөн Гөлөгдэй баатрын толгой өнхрөн унав. Олон мянган хүний хөндий цээжнээс ганц хүн шиг санаа алдах чимээ сонсдож, эмэгтэйчүүд ханцуйгаараа нүүрээ халхалцгаав. Шунын өргөн цээжин дотор нь хорслын гал бадарч байгаа боловч, утаагий нь хамрынхаа нүхээр гаргалгүй, царай нь чулуун хүний царай шиг огт хөдөлбөргүй, гагцхүү нүдний харц туйлын хачин болжээ.
Эхийн өмнө сөгдөн, хормойноос нь адис аваад, доголон нулимс хацарт тогтсоны нь хараад, сэтгэл үл түвдэх мэт байдал царайд мэдэгдснийг эх нь үзээд,
-Харьтанд муугаа бүү үзүүл. Хатуужин, түргэл гэж зоригтой дуугарсны нь асрын өмнө чимээгүй хүрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо.
Жаргал зовлон хамтатгасан буурал Гөлөгдэй баатрынхаа амьгүй биеийг нэг хараад , хатан хүзүү сунган, огцом дуугаар за гэж дуугармагц, сэлмийн жур хийх чимээ гарч хатны толгой дэргэд өнхрөн ойчоод, чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалдан тогтов.
Шунын дүү, үг дуугүй нарийхан хүүхэд хүзүүгээ сунгаж, хонгор үстэй толгой нь бага дүүгийн хормойн өмнө нүдээ харан ойчиход тав зургаан настай отгон бага охин, эгчийнхээ толгойг нүд цавчилгүй харан, хүзүүгээ сунгаад, хүүхэд хонгор хоолойгоор,
-Ах аа, миний энд хатиг гарсан юм, Хөндвөл их өвддөг. Энүүгээр цавчаарай. Хатиг битгий хөндөөрэй гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж, чимээ аниргүй байгаа олонд тов тод сонсдон, зүрхийг шөвгөөр чичих шиг болов.
Отгон охины толгой ойчмогц, манж цэргийн бүрээ хангинаж Шуныг манж цэрэг дарга дундаа авч, өглөөний мандах улаан нарнаар элэг бүтэн айл байсан бага үдийн нарнаар өнчирсөн гэр өргөөнд нь хүргэж өгсөн билээ. Нууцыг задруулсан захидлын гайгаар Цорос Гөлөгдэй баатрын нэгэн гэрийг хүйс тэмтрэн хядсан тэр явдлаас хойш өвгөд эмгэд, хүйсийн говь гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны үг бий.
Шуну яасан бэ гэвэл, тэр шөнөдөө хэдэн цэргийн хамт оргон босож, манж цэргийн ганц нэгээр бүлгээр явахад нь хядан устгаж, сүрийг бадруулагч фү жанжин ч гадагш гарах бүр, хамгаалах баатар цэрэггүй гарахаа байж, Шуныг уулын хулгайч гэж амьд барьсан хүнд түмэн лан, толгойгий нь хүргэж ирсэн хүнд таван мянган лан шагнана гэж зарлавч, амьсгал тасартлаа өшөө зангирсан Шуныг барьж санаа амарч чадсангүй, өдөр бүрийн цэргийн мэдээнд хэд хэдэн амь хохирсныг хөмсөг зангидан сонсож, "уулын хулгай" хэзээ надаас хариу авах бол? гэж манж нутаг эгэх зөвшөөрлийн бичиг алс бээжингээс хүлээсээр байсан гэж урьдын гунигт домгийн үг сонссоноо энд чадан ядан эвлүүлэн бичлээ.

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү



 Очирбатын Дашбалбар (1957- 1999)


Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмүү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмүү
Амьд яваа минь таны таалал гэмүү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмүү
 
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очимуу
Аньсан нүдэндээ ч би таныгаа хармуу
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймүү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмүү...

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хилмаа гялалзан гялтагнахыг ажмуу
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс
Тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг хармуу

ЭХ ОРОН минь!
Таны хүч л надад шингэснээс би хүчтэй явмуу
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурмуу

Аяа ЭХ ОРОН минээ!
Догшин ширүүн галыг ч би таныг л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам

Аяа ЭХ ОРОН минээ!
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм

Аяа ЭХ ОРОН минээ!
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмүү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмүү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмүү
Хамаг амьтаны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холдуулмуу

Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таных гэмүү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар
Эгнэгт эс мөхөгч бас бий эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөрөө өөр тэнцэх юм огт үгүй ээ
ЭХ ОРОН минь тандаа би мөргөмүү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгаамуу

Ариутгагч бас аврагч цэг нь
Алтан мутраараа адислаж хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтас дуугарч чадахгүй дөлөг

Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсныг тэрчилэн би ачлаг
Амсгалах тоолон надад та нэвтрэн орж ирнэм
Аньсан нүдэндээ ч би таныгаа хармуу
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уудам болог
Уг чанар минь хүн чанар л болог
ЭХ ОРНЫ минь мөн чанар, гоо сайхныг бусдад түгээж
Энэ ерөнцийн олныг жаргаахад минь надад тусла
Энэ бие, ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх, би таны гэгээн гэрэлд аж төрмүү.

Thursday 27 January 2011

1872 оны наадмын талаар


Монголчууд төрийн их баяр наадам хийхийн зэрэгцээ уул овоо тахих, зэрэг дэв хүртэх зэрэг олон үйлийг тохиолдуулан найр наадам хийдэг байсан уламжлалтай. Үндэсний Төв Архивын сан хөмрөгт тамга тэмдгийн цуглуулга, ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэлийн цуглуулга, газрын зургийн цуглуулга, наадмын баримтын цуглуулга зэрэг олон хөмрөг үүсгэгч баримтууд хадгалагдаж байдаг. 
цуглуулга зэрэг олон хөмрөг үүсгэгч баримтууд хадгалагдаж байдаг.  Эдгээрээс наадмын тухай баримтаас сонирхуулахад: Наймдугаар богд Жавзандамба хутагтыг 1874 онд Хүрээнд залахаас өмнө түүнийг дээрхийн гэгээнтнээр тодруулсан явдлыг тохиолдууулан Манжийн он тооллоор Бүрэнт засагчийн 11-р (1872) онд түмэн өлзий бүрэлдсэн эрхэм сайн өдөр халх дөрвөн аймаг шавь таван газраас олон бүгдээр хуран чуулж дээрхийн гэгээнтэнийг даруй түргэнээ залж шашин төрийн үйлс наран саран мэт гиин мандаж, хар шар олон ардад харшлахын шалтгаан үгүй, арван цагаан буян зүг бүрдээ дэлгэрч, олон зуун жил энх түвшин амар жаргаж, улам уламаар өрнөн дэлгэрэхийн ерөөлийг билэгдэн их баяр наадмыг хийжээ. Энэ наадамд халх дөрвөн аймаг шавь таван газраас ирсэн олон бөх, харваачид оролцсон байна.
Бөхийн барилдаанд дээрхийн шавиас 106 бөх, Түшээт хан аймгаас 108 бөх, Цэцэн хан аймгаас 108 бөх, Засагт хан аймгаас 108 бөх, Сайн ноён хан аймгаас 108 бөх нийт 528 бөх барилджээ. 5-ийн даваанаас 9-ийн даваа хүртэл нэг бөх гоц мөргөжээ.
- Бөхийн барилдааны 8-ын даваанд  дээрхийн шавь Жигмэд заан амбантаны Түвдэн заантай барилдаж Түвдэн заан даван, амбан Цэцэн хантаны Дашдоной заан дээрхийн шавь Луузан арслантай барилдаж Луузан арслан даван, дээрхийн шавь Санжайдорж гоц мөргөжээ.
- 9-ийн даваанд дээрхийн шавь Луузан арслан амбантаны Түвдэн заантай барилдаж Луузан арслан даван, дээрхийн шавь Санжайдорж гоц мөргөж,
- 10-ын даваанд дээрхийн шавь Санжайдорж дээрхийн шавь Луузан арслантай үзүүр түрүү булаалдан дээрхийн шавь Санжайдорж түрүүлсэн байна.
Энэ барилдаанд 8 давсан Түвдэн заанд нэг тэмээ, нэг бүхэл торго, нэг үнэгний арьс, хоёр хонь, далан шар цай, 9 давсан Луузан арсланд нэг буу, нэг тэмээ, нэг бүхэл торго, хагас булигар, хоёр хонь, далан шар цай, 10 давж түрүүлсэн Санжайдоржид нэг магнаг, нэг хуй, хоёр тэмээ, нэг бүхэл торго, нэг бүхэл булигар, гурван хонь, далан шар цайгаар шан хүртээжээ.
Сурын  харваанд шавь, Түшээт хан, Цэцээ хан, Сайн ноён хан аймгаас тус бүр гучин харваачид, Засагт хан аймгаас арван дөрвөн хаарваач, ноёд тайж нийлэн нийт нэг зуун тавин таван  харваач цэц мэргэнээ үзсэнээс эхний тавин таван харваачаар тасалж бай шагнал хүртээсэн байна. Сур харваанд хорь оносон хүн хорин нэг, арван ес оносон хүн гучин тав, саалт харваж хорь оносон хүн нэг байв.
Үүнд: Түшээт хан аймгаас хорь оносон хүн дөрөв, арван ес оносон хүн гурав, Цэцэн хан аймгаас хорь оносон хүн арав, арван ес оносон хүн арван найм, арван найм оносон хүн нэг, Засагт хан аймгаас хорь оносон хүн хоёр, арван ес оносон хүн гурав, шавиас хорь оносон хүн тав, арван ес оносон хүн тав, Сайн ноён хан аймгаас арван ес оносон хүн тав байжээ. Хорь оносон эхний нэг хүнд нэг тэмээ, гучин шар цай, хоёрдахь хүнд нэг морь, гучин шар цай, удаах хүмүүст нь нэг зах торго, гучин шар цай, арван ес оносон хүнд долоон зуун шар цай, арван найм оносон хүнд хоёр зуун шар цай, саалт харваж хорь оносон хүнд долоон зуун шар цайгаар бай шагнал хүртээж байсан байна. Энэ наадамд гаргасан зарлага, бай шагналыг дөрвөн аймаг шавиас хуваан гаргуулж байжээ.

Их монгол хэмээх Шаравжамц аваргын товч түүх


Их монгол хэмээх Шаравжамц аварга бол европын 1871 онд халхын хуучин Түшээт хан аймгийн Бадрах гүн буюу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын гуравдугаар багийн нутагт малчин ард Жамба гэгчийн 3 дугаар хүү болон төржээ. Одоо 69 настай.
Шаравжамц аваргын эцэг Жамба бол энгийн нэгэн сайн малчин байсан бөгөөд төдий л их онцлох бяр тэнхээ их хүч байгаагүй гэнэ.
Мөн Шаравжамц аваргын нэг ба хоёрдугаар ах нар Цэрэндорж, Уламдэвсэг хэмээх нэртэй хүмүүс байсан боловч тэд нар барилддаггүй ба нэр цол үгүй энгийн хүмүүс байсан бөгөөд цөм насан залуу байхдаа нас эцэслэсэн гэнэ. Гагцхүү Шаравжамц аварга хэмээх их монгол бол европын 1894 он буюу үүнээс 51 жилийн өмнө өөрийн нутгийн Хайрхан уулын тайлаганы наадамд 18 настайдаа эхлэн барилдаж тэр наадамд 60 гаруй бөх барилдахад Шаравжамц нь дөрөвт үлдээд мөн хошуу нутгийн Гомбожав тайж гэдэг даншигийн начин хүнд унаж бөхийн ажлыг эхэлсэн юм гэнэ. Дараагаар мөн хошуу нутгийн мөн жилийн овоо уулын тайлгын наадамд дахин ахин барилдаж 2 бага наадамд тэргүүлээд 2 бага наадамд унасан гэнэ.
19 насандаа Богд хааны даншиг хэмээх бөхийн наадамд эхлэн ирж барилдаад 6 давж Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Булган сумын Цэрэн-Очир арслангийн ах Жамц заан гэдэг хүнд унасан гэнэ.Түүний дараа 20 насандаа өнжөөд 21 насандаа их хүрээний Богд хааны даншигийн бөхөд оролцон барилдаж 7 даваад Лха бэйсийн Лувсанжамц заан буюу одоогийн Дорнот аймгийн Булган сум хуучин Баянтүмний хошууны Лувсанжамц заан гэгчид унасан гэнэ. Мөн Тус Монгол улсын нэртэй цолтой шалгарсан бөхчүүд болох Хэнтий аймгийн Мөнххаан суманд одоо буй Буянтогтох аварга, зүүн аймгийн Дашцэрэн аварга, Булган аймгийн Булган сум хуучин Түшээт хан аймгийн Ханд дайчин вангийн хошууны Намхай аварга мөн хошууны Дамжил арслан мөн хошууны хулгар Нацаг зэргийн их нэр цолтой бөхчүүдтэй барилдаж байсан буюу тэд нарын барилдахыг биеэр үзэж, тэд нараас бөхийн барилдааны арга мэх сурах буюу урьдчилан бөхийн сургууль сорилт дор барилдаж үзэж байсан болно.
Миний ид залуу байх цаг үес дор халх голын Хөлөн буйрын хошууны Балсанлхүндэв арслан хэмээх маш сүрхий их хүчтэй хүмүүн байсан юм. Балсанлхүндэв арслангийн гар хүмүүний гуян дор хүрвээс ямарч хүмүүн тэсвэрлэж чаддаг үгүй унадаг байсан. Би тэрхүү Балсанлхүндэв арслантай нэг барилдаад унагаж дийлж байсан. Мөн тэр үед зүүн аймгийн Дугар, Гэлэгсэнгэ аварга гэж ах дүү 2 аварга байсан. Би тэднийг барилдаж байхад бага залуу байсан учраас тэдний ам дор ноогдоогүй тул барилдаж үзээгүй юм. Тэр үед би хэдийд боловч их цолтой бөхчүүд бага цолтныг амлаж авдаг заншилтай билээ. Би бүгд наадамд жил өнжөөгүй барилдсан бөгөөд барилдсан наадмын тоо маш олон тул тоог мартжээ. Өөрийн хошуу нутаг ба эргэн тойрны их бага наадамд бүтэн арван дөрвөн жил газарт унал үгүй ямагт тэргүүлж байсан билээ. Урьд богд хааны даншигт зүүн аймгийн Буянтогтох аваргатай хоёул үлдэж Буянтогтох аваргатай барилдаад түүнийг унагаасан дор тэр Буянтогтох аварга нь Богдын хүчтэй бөх болох учраас тэр үед байсан Халхын дөрвөн аймгийн агаад богдын Эрдэнэшанзадва, Хятад манжийн амбан ноёдууд богдын бөхийг унагаасан болсон үгүй тул дахин барилдсугай хэмээсэн ёсоор дахин барилдахуй дор Буянтогтох аварга нь дэргэдээ байсан засуулын хамтаар унаж байсан болно. Үүн дор Богд хан ба ноёд лам нараас тэргүүлсэн бөхийн бай шагналыг Буянтогтох аврага дор өгсөн ба алдар цолыг над дор өгсөн болно. Түүний хойтон жил манай ноёны хойтыг залгасан далай гэгч зэрэг залгаж миний биеийг хуучин заншилаар Богд хан дор өргөж Богдын бөх болгосон амой.
    Хуучин Манж ба Автономитын үеийн богд хааны Даншиг наадам дор би зургаан удаа шөвгөрч, хоёр удаа тэргүүлсан болно.
Энэ үе дор миний цол нь:
    Шашнийг мандуулагч, амьтныг жаргуулагч аврал итгэл, Оройн дээд Очирдарь богд гэгээн таны улам нэмэх уламжлан дуурсах цол нэмэх, цогт идэр өдөөн дэлгэрэх үнэн хүчит, бат ерөөлт, баатар зоригт, саруул хурц, сэцэн шударга, тунч гарамгай, онц түрэмгий олноор маш гайхамшигт бат суурьт даян аварга гэдэг цолыг хүлээж байлаа. Мөн ардын хувьсгалт засаг төр мандсанаас хойш өөрийн цэрэгт явсан хүүгээ эргэж ирэхийн далимаар жар илүү насалсан хойноо ирж барилдаад энэ цэрэг ардын их наадамд бүгд 4 удаа оролцон барилдаж өнгөрсөн болно. Энэ өнгөрсөн 50 гаруй жилүүдийн дотор орчин тойрны хошуу сумын буюу аймаг болон улсын баяр наадмууд дор барилдаж дөчөөс дорогш үгүй удаа тэргүүлсэн ба мөн энэ наадмууд дор их их нэртэй бөхчүүд идэр хүчтэй залуучуудыг унагааж байсныг алийг тоолж барах буй. Тэр болгоны нэр тоог одоо мартсан бөгөөд дэс дараалан хэлж чадах үгүй болох тул төдий л бичүүлээд байх зүйлүүд үүнээс өөр ер алга хэмээв.
Үүнийг үнэн зөвөөр бичсэн:                                       Нэрэндоо
                                                                    Х- 11
                                                                   Д- 1
                                                                   ХН 556 ийн 6-10 дугаар тал
Монгол бичгээс хөрвүүлсэн ТБТ-ийн ахлах архивч Ж.Баасансүр

"Алтан хүрдэн мянган хигээст бичиг" түүхэн сурвалжийн зохиолын түүх бичлэгийн асуудалд

“Есөн зүйл бүлэгт
алтан урагтны дөт түүх
 алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу
алтан хүрдэн мянган хигээст бичиг”
XҮII-XIX зуунд Монголын түүх бичлэгт сэргэлт гарч олон тооны бүтээл зохиогдсоны нэг нь 1739 онд Ширээт гүүш Дармагийн бичсэн “Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл алтан хүрдэн мянган хигээст бичиг” хэмээх зохиол юм. Гэвч XIII-XYII зууны монголын түүх бичлэг нэлээн сайн судлагдсан боловч Монголын түүх бичлэгийн энэ сэргэлтийн үеийн түүхэн сурвалж зохиолуудыг судлан шинжлэх ажил харьцангуй хоцрогдож явж иржээ. Тиймээс эх өгүүлээд Ширээт гүүш Дармагийн << Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл алтан хүрдэн мянган хигээст бичиг >> хэмээх зохиолд түүх бичлэгийн үүднээс хийсэн зарим ажиглалтыг толилуулав.

            Түүх бичлэгийн хэлбэр: Түүх бичлэг судлалын үндсэн асуудлуудын нэг нь түүх бичлэгийн хэлбэрийн тухай ойлголт юм. Юуны өмнө хэлбэр гэдэг ухагдахууныг тодорхойлсон байдлыг Монгол хэлний тайлбар тольд хэлбэр гэдэг нь аливаа нэгэн үзэгдэл юмсын дүр дүрс, үзэгдэх байдал төлөв /2.758/ хэмээсэн бол  Философийн тольд <<гол төлөв бодис буюу үзэгдлийн хэлбэр \бүтэц\ -ийг судлахад хөтөлбөр болж өгдөг дүрэм, ажиллагаа арга /3.506/ гэжээ. Үүнээс үзэхэд түүх бичлэгийн хэлбэр гэдгийг ямар нэгэн тогтсон дэг жаяг, үзэл баримтлал, чиг хандлага, зарчмын дагуу түүхийг бичиглэн үлдээх хэмээн ойлговол зохилтой. Монголчууд түүхэндээ түүх бичлэгийн эртний хэлбэр \XIII-XIV\, буддизмын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэр \XVII-XIX\, үндэсний ардчилсан үзэл бүхий түүх бичлэгийн хэлбэр \1921-1940\, Марксист Ленинист түүх  бичлэгийн хэлбэр \1940-1990\ гэсэн 4 хэлбэрийг бий болгож, тэдгээрт нийцсэн дэг жаягийн дагуу түүхийн зохиолоо туурвиж иржээ./4.15/
          Монголын эртний түүх бичлэгийн хэлбэрээр зохиогдсон түүхийн зохиол нь монголчуудын домгийн сэтгэлгээ, ардын аман зохиолд тулгуурлан тухайн үеийн байдлыг чухам үнэнээр гаргахыг оролдсон байдаг бол буддизмын нөлөө шингэсэн түүхийн зохиол нь ямар нэг байдлаар чакравардын онол хэмээгдэх номын гурван хаант улсын загвараар буюу энэтхэгээс салаалсан түвэдийн хаадын түүхийг бичээд түүнээс салбарлуулан монгол хаадын түүхийг бичдэг байсан. Мөн зохиолд бурхны шашны үзэл санаа нэвт шингэсэн байхын дээр ямар нэгэн үйл явдлаас илүүтэй буддын шашны дэлгэрэлт хөгжилт шашны зүтгэлтнүүдийн намтар үйл хэргийг магтан сайшаасан байдлаар бичсэн нь бий.
           Тэгвэл, Үндэсний ардчилсан үзэл бүхий түүх бичлэг нь хэлбэрийн хувьд буддизмын нөлөөнд автсан байдлаасаа ангижирч харин иргэний шинжтэй, хувьсгалт ардчилсан үзэл санааг тусгасан, ямар нэг онол сурталд баригдсан гэхээсээ илүү 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үзэл санааг дэмжсэн сурталчилсан агуулгатай байдаг Харин марксист, ленинист түүх бичлэгийн хэлбэр нь түүхийн материализм, формацын онолын үүднээс бичигдэж түүхийг үл эвлэрэх зөрчил бүхий ангиудын эвлэршгүй тэмцлийн түүх юм хэмээх үзэл, нэг намын үзэл суртлын хүрээнд түүхийг бичиж байсан хэлбэр юм. /4.15/ “Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх энэхүү сурвалж зохиолыг судлан үзвэл, түүх бичлэгийн дээрх хэлбэрүүдээс буддын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэрт хамрагдах нь мэдэгдэж байна. Ерөнхийдөө буддизмын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэрээр бичигдсэн зохиол нь түүхийг бичихдээ бурхны шашны үзэл номлол нэвт шингэсэн байдаг.
          Тухайлбал,
          “… Хүзүүн сандалт хааны тавдугаар үеийн Алтан сандалт хааны Борочи, Шибагучи, Бөртэ чоно гурван хөвгүүн буюу. Ах дүү өөр зуураа муулар болж отгон хөвгүүн Бөртэ чоно умар зүгийн тэнгис далайг гаталж Шадын газар ирээд Гоо марал нэрт охиныг авч Бурхан халдунд нутаглаж монгол Бида улс дор учирч учир шалтгааныг өгүүлбээс Бида улс хэлэлцэж эртний хаадын ном үндсэнд бүгд ухаан эрдэм нас хуру, дүрэм ааль хэтэрхий сайны тул ноён болгон өргөбэй. Тэрбээр Бида улсыг эзэлсэн дор Мони улс гол болбай гэж  монгол улс хэмээн олонхын нэрийдсэнээр монгол улсын боржигон омогтон хиад ястан болой. Түүнээс хойш хиад яс ба боржигон омог нь монгол хаадын омог яс болон алдаршбай..” /1.15/ Мөн,
“… боржигон овогтны хатныг тэнгэр хайрлаж төрсний тул тэнгэрийн үндэстэн бөгөөд эрдэм ид их асар хүмүүн, хэтэрхий ухаан бодлого гүний тул тэнгэр хөвүүн үүнээ боржигон овогтон болон монгол болон өргөбэй. Үүнээс хойш монгол хаадын үндэс тэнгэрийн үндэст болбай. Энэ ану хүмүүний удам их тэнгэрээс ирэх хэмээсэн лүгээ зохилдмой..”/1.16/
хэмээн монгол хаадын угсаа гарвалыг Чакравардын онолын үүднээс Энэтхэг, Түвд, тэнгэрээс гаралтай болгон бичсэн байна.
Мөн
         “… гутгаар авшиг дор Түвд улсыг дархлан хуврагийг алба шүүс үгүй болгон хүндэлье, дөтгөөр авшиг дор бие хэл сэтгэл гурваа өргөж зарлигчлан бүтээсүгэй хэмээн авшигийг сайтар аваад номын хаан хутагт лам хэмээн цол өргөж арван буяны засгийг дэлхий дахинаа явуулж төр шашныг хослуулан наран адил бадруулан мянган алтан хүрдэнийг эргүүлэгч чакравард цэцэн хаан хэмээн хотол зүгүүд дор алдаршин гайхамшиг болбай...”/1.101/ хэмээн Монголын хаад шашин төрийг хэрхэн тэтгэж дэлгэрүүлэн байсан тухай өгүүлжээ.
          Дээрх мэдээ сэлтүүдийн агуулгаас үзэхэд энэхүү түүхийн зохиол буддизмын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэрээр зохиогдсон болох нь батлагдаж байна.
         Түүх бичлэгийн арга: Арга гэдэг үгийг дараах хоёр утгаар хэрэглэдэг. Үүнд нэгд танин мэдэхүй, хоёрт судалгаа шинжилгээний зам. Олонх эрдэмтэд арга хэмээхийг судалгааны ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд зайлшгүй дагаж мөрдөх дүрэм журам хэмээн ойлгодог байна. Монголын түүхчдийн судалгаандаа хэрэглэж байгаа судалгааны аргуудыг үндсэн хоёр хэсэгт хувааж болох мэт. Судлаач Д.Баярсайханы саналаар бол 1940-өөд он хүртэл монголын түүх бичлэг дэх уламжлалт аргууд, 1940-өөд оноос хэрэглэгдэх болсон шинжлэх ухааны аргууд гэсэн хоёр хэсэгт хуваан үзэж болох байна. Монголчуудын түүх бичлэг дэх уламжлалт аргуудад дараах аргуудыг багтааж болох мэт. Үүнд:
             1.Түүхэн үйл явдлыг он дараалан өгүүлэх арга
             2.Түүхэн үйл явдлыг товчоолон бичих арга
             3. Түүхэн үйл явдлыг уран сайхны барилаар найруулан бичих арга.
             4.Түүхийг шаштирлан бичих арга зэрэг аргууд болно

            1. Түүхэн үйл явдлыг он дараалан өгүүлэх арга. Энэхүү арга нь түүхийн аль ч үеийн судалгаанд өргөн хэрэглэгдэх бөгөөд түүхэн үйл явдлын тухай өгүүлэхдээ он дарааллын зарчмыг хатуу баримтлан хулгана жилд болсон явдлыг өгүүлсний дараа үхэр, бар жилд болсон үйл явдлыг өгүүлэх гэхчилэн дараалуулан бичих арга юм. 1940-өөд оны судалгаанд энэ арга түлхүү ажиглагдах бөгөөд ямар нэгэн байдлаар заавал он дарааллын аргыг ашиглаж байсан нь мэдэгдэх ажээ. Жишээлбэл, өгүүлэн буй зохиолд,
            ”… Дэд хөвгүүн Гүдэн буюу хүлүг бэхиү-а хэмээх модон нохой жилтэй, хорин есөн насандаа Төрмөнх тонда хан орноо буян үйлдэгч усан барс жил дор сууриныг эзлээд Түвд сасхияа бандида хүндэгэ жилцан хэмээн таван ухааны туйл дор хүрээд Энэтхэгийн буян үйлдэгч хэмээх тэрсүүдийг дарсан бандида түүний хүдэн хаан лусын хороор хөлийн чилээ хүнд болсон учир сүбадан хэмээх усан туулай жил дор илч бичиг зархуй дор бичгийн үг ”улсын эзэн Гүдэн их хааны бичиг” залуу манзширын хувилгаан сасхияа бандида чамайг залбай би Төрвөл үгүй өөд болон соёрх. Хэрэв саатан алсалж эс ирвээс би олон цэрэг илгээж олон амьтны амийг тасалж баруун этгээдийн Тангуд, Түвд улсыг  зовоохула сэтгэл чинь их эмгэнэх үгүй буюу? Тиймийг санаваас төрөл үгүй өөд болон соёрх“ хэмээн бичиж илч зараад илч бичиг хүргэсэн дор гэтэлгэгч хрингба залчингий эс үзүүлсэн илчийн байдал хааны нэр улсын омог цөм бүгд мөн болой гэж хилэнгэт хэмээх модон луу жилийн залархай дор хүдэнг хаан хөх усан дээр угтаж золгоод хөлийн халууныг үзүүлэв.”/1.96-97/ хэмээн болсон үйл явдлыг он дараалуулан тэмдэглэсэн байна.
         Энэ тухайд Мөн монголын дундад үеийн түүхийн сурвалж зохиолуудад алтан ургийнхны угсаа гарвалыг түүхэн үйл явдлыг дурдалгүйгээр нарийн дэс дараатайгаар тоочин өгүүлдэг бичлэгийн аргыг ашиглажээ.
           “... Богд Чингис хаан лугаа эх нэгтэй Хасар эзнээс Чи цуван ван, Жихли төмөр, Тодатунга баатар гурвуул. Энхтөмөрөөс Андашир, Халчиху түүнээс Сибисрмад, түүнээс Гэгээн хэвлэгт, түүнээс Бурах сэцэн түүнээс Урхагчин мэргэн, түүнээс Ахсахалтай, Ахсахалтайгаас Аруг төмөр, Урог төмөр хоёр буй... /1.246–284 / гэх мэтээр Чингисийн дүү Хасар, Билэгтэй, Хачиху, Отчигоны үр үндсийн уг салбарыг гэрийн үеийн бичмэл, угийн бичиг ашиглан нэгд нэггүй тоочсон байна.

           2. Түүхэн үйл явдлыг товчоолон бичих арга. Зохиогч түүхэн үйл явдлын талаар бичихдээ нэгд болсон үйл явдал, хоёрт түүхэн биет хүмүүсийн тэрхүү үйл явдлын талаарх үзэл баримтлал, гуравт түүхэн биет хүмүүсийн зарлиг буюу шийдвэрийг гүйцэтгүүлэх үндэслэл ба шалтгаан, дөрөвт тухайн хэрэг явдлыг шийдэж түүнээс гарсан үр дүн зэрэг хэд хэдэн хэрэг явдлыг нэгтгэн эмхэтгэж товчлох байдлаар бичсэн байдаг.
          “...богд Чингис хааны дөтгөөр тайж Тулуй эзний өн хааны дүү заган Хамбугийн охин Сурхатай бэхи тайхугаас Мөнх, Хубилай, Эзилхи, Аригбөх дөрвөн хөвгүүн буй. Хятад бичиг дор Мөнх, Аварху, Зорхү, Хутагт, Хубилай зургаан хөвгүүн гэммү. Алин боловч Мөнх хаан шороо луу жилтэй дөчин дөрвөндөө ангижрагч хэмээх төмөр гахай жил дор хөдөө арал  хаан сууж есөн он болоод тавин хоёр наснаа тус бүтээсэн хэмээх шороон хонин жил халибай Гаянзунг Ху шу хувангдай өргөмжилсөн Мөнх хаанд Бат, Асудай тайш, Гва бин ван, Ширхэн, Баянту тайш таван хөвгүүн Мөнх хаан лугаа эх нэгтээ дүү ину Хубилай цэцэн хаан идэр төгөлдөр хэмээх модон гахай жилтэй  дөчин зургаан насандаа үхэг он рудра хэмээх төмөр бичин жил Сангду ду Их хан орон суув. (шинг зу сичу два шин хүн ийн хуанди сэцэн хаан хэмээн өргөмжлөөд зунг түнганхану он хэмээх болбай.) сэцэн хаан энэ бээр бичиг цэрэг дор мэргэжсэн сурсан судалсан сайд түшмэдийг нийтээр хэрэглээд хятадын  ханы ёсноос гарсан ван хүн хийгээд чин ван, хабан хэмээх тэргүүтэн цол олныг өргөмжлөн сайд түшмэдийг яруу олон болгон хэрэглэж Түвд, Хятад, энэ хяу ги шуй бва фу сба би си анг бу улс тэргүүтэн дэлхийдээ бүгдийг цөм ирхэндээ хураан алба гувчуурыг ёсоор аван засаг зарим ёсыг журам мөрөөр засан сургаж эх төрийг тогтоон шахид хаибун хүрд балгаснаа зусаж их Дайду хотноо өвөлжин дөрвөн зүгийн улсыг үл хөдөлгөн, найман хязгаарыг үл самууруулан ерөнхий бүгдийн энхжүүлэн жаргуулж Гүр улсаа Дай Юан хэмээн нэрийдвээ.”/1. 98-100/
гэж Мөнх хаан ширээнд сууснаас хойш Хубилай цэцэн хаан Их Юан улсыг байгуулсан хүртэлх түүхийг товчлон тэмдэглэжээ.
 
         3. Түүхэн үйл явдлыг уран сайхны барилаар найруулан бичих арга. Монголын түүх бичлэг нь нүүдэлчдийн өвөрмөц онцлогтой холбоотойгоор домог, үлгэр, тууль, хэлц үг, сургааль үг зэрэг уран зохиолын хэлбэрүүд дээр суурилагдсан байдаг бөгөөд түүхэн үйл явдлыг бичихдээ дээрх хэлбэрүүдийг ашиглан бичихийг бид түүхэн үйл явдлыг уран сайхны барилаар найруулан бичих арга хэмээн ойлгож буй юм. Мөн сурвалжийн 67-69 талд,
“... Төгсөн гоо нэрт гэргий нь өгүүлрүүн:
“Бүтэхийн урд учирч
Бүх улсын хураалцаад
Бүрэн их төрийг нь хашиж
Бүгдээс илүү хүчин өгбэй чи!
Эцэг эх эм хүүхнээ орхин
Эзэндээ хүч өгсү гэж
Эргэлт үгүй явсан чинь
Ийм их гүр хайр дор яахин эс хүртэв“ хэмээн хэлсэн дор
-Боорч өгүүлрүүн:
“Ер эм хүмүний жолоо богино санаа чухал
Эзний алтан оосор бөх болхула надад олз!
Би амьд болохула чамд олз биш үү
Өрсөн авах өглөг дор үл шунан
Үнэн зүтгэх хүчээн өгөх
Яарч гуних юун хэрэг
Явж хүчээн өгөх
Эдүгээ эс хүртэвч
Үрд минь хүртэв”

хэмээн хэлэлцэхийг сонсоод боол Мачин эргээд эзэн хатан хоёрт  бүрнээ айлтгасан дорэзэн зарлиг  болруун:
“эртнээс ил далд үгүй ганц санаагаар зүтгэхээс өөр санаагаар зүтгэхээс өөр санаа Боорчид үгүй“ хэмээн зарлиг болж Боорчи Төгсөн гоо хоёрын хэлэлцсэнийг олноо зарлиг буулгаад,
”сайн муу явахуй дор минь
санаагаан зайлхуйг эс мэдэгдсэн
саармаг явах дор урьд хүчээн өгсөн
сайхан санаат Боорчи минь бөлгөө“
хэмээн зарлиг болж “өрлөг ноёд та бүү атаарх” хэмээгээд
дотоод хас их төрийг минь хадгалан гадаад есөн мужийг зас”гэж есөн мужийн ноён болгов. Төгсөн гоог дэй фүжин цол өгч ихэд  хайрлабай.
”/1. 67-69/  хэмээн Боорчи Төгсөн гоо хоёрын хэлэлцсэн болон Чингис хааны зарлиг буулгасныг хэн бүхэнд ойлгомжтой уран зохиолын барилаар шүлэглэн бичжээ. Түүнчлэн буддизмын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэрээр бичсэн зохиолын эхлэл, төгсгөлд тахилын үг, төгсгөлийн үгийг шүлэглэн бичсэнийг зохиогч өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол зохиолыг бичих болсон нөхцөл шалтгаан зэргийг нэгтгэн гаргадаг бичлэгийн тогтсон дэгийг баримталсан байна.
 
         4. Түүхийг шаштирлан бичих арга.  Аливаа нэгэн улс гүрний оршин тогтнох нэгэн чухал баталгаа бол түүх байдаг. Тиймээс улс гүрэн байгуулагдах буюу төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах бүрийд зарлигаар өмнөх төрийн буюу өөрийн төрийн түүх хэмээгдэх тухайн улс орны улс төрийн түүхийг бичүүлдэг байжээ. Тийн бичихдээ тусгай тогтсон хэсгүүдэд хуваан дэвтэрлэн шаштир маягаар залган нөхөж бичдэг байсан аж. Ийм байдлаар бичигдсэн түүхийн зохиолыг бид шаштирлан бичих аргаар бичигдсэн хэмээн үзэж буй юм. Дорно дахины улсууд, ялангуяа хятадад түүх бичлэгийн уламжлалт энэ аргыг өргөн хэрэглэдэг байсан. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа энэ уламжлалыг даган “Зарлигаар тогтоосон Монгол улсын шаштир” хэмээх төрийн түүхийг зохиолгосон билээ. Зохиол нь нэгд төрийн албан түүх бус хоёрт шаштирлан бичих тогтсон дэг журмыг дагаагүй боловч зохиолыг тухайн бүлэг зүйлд бичсэнээрээ нэг талаараа шаштирлан бичих аргатай төстэй нөгөө талаараа монголын түүх бичлэгийн зохиолуудад шинээр бий болсон онцлог бүхий байна. “Алтан хүрдэн мянган хигээст бичиг”  зохиолын дэвтэр бүрийн урд талын нүүрэнд тухайн дэвтэрт өгүүлэх өгүүлэмжийг товчлон гарчигласан байх ба үүнийг сийрүүлбэл,  
         1-р дэвтэрт: “Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх бичгээс анх дахин өгүүлэл. Хоёрт сав ертөнц тогтсон. Гуравт Шимт амьтан бүтсэн. Дөрөвт Энэтхэг Түвд  Монгол гурван хаадын уг учир дэлгэрсэн лугаа дөрвөн бүлгийн дэвтэр оршвой./1.45/
         2-р дэвтэрт: “Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх бичгээс. Үүнээ Чингисийн нэр ба улсыг эрхэндээ оруулсан хийгээд их ор сууж хорин хоёр он  болсон бүлгийн дэвтэр оршив./1.57/
         3-р дэвтэрт: “Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх бичгээс. Чингисийн суурь залгамжилсан Зүчи, Цагаадай хийгээд Өгэдэй ба Тулуйгаас Сондай хаан хүртэл Дай Юан улсын арван зургаан хаан ба Зү цүнг Хуанди билэгт хаанаас Лигдэн хутагт хаан хүртэл умар дахь гагц юан улсыг эзэлсэн хорин хааны төр шашныг ямар мэт тэтгэсэн гутгаар дэвтэр оршив./1.245/
         4-р дэвтэрт: Дөтгөөр үүн дор богд Чингисийн үр Батмөнх сайн даян хаанаас салсан олон засаг мужийг даргалсан ноёдын үр залгамжилсан зүйл оршив. /1.245/
          5-р дэвтэрт: Үүнд Чингис богдын дүү нар Хасар, Билгүтэй, Хачиху, Отчигоны үр үндсэн салбарын зүйл оршив. /1.245/
          6-р дэвтэрт: Үүнд Энэтхэг, Дөрвөн хари, Есөн өрлөг арван түмэн улсын ялгал ба Ойрад, Өөлдийн уг үндсэн салсан зүйл оршив. /1.245/ хэмээн товч агуулгыг товчлон гарчиглажээ.
          Дээрхээс үзэхэд “Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх энэхүү сурвалж бичигт түүх бичлэгийн уламжлалт аргуудаас түүхийг он дараалуулан бичих арга, түүхийг товчоолон бичих арга, түүхийг уран зохиолын барилаар найруулан бичих аргуудыг хэрэглэсэн болох нь харагдаж байна.



АШИГЛАСАН МАТЕРИАЛ:

    1. ”Алтан хүрдэн мянган хигээст” Хх., 2000 хэвлэлд бэлтгэсэн Чойжи
    2. “Монгол хэлний тайлбар толь” УБ.,1966 тал
    3. “Философийн толь” УБ.,1990 тал
    4. Баярсайхан.Д “Арван долдугаар зууны монголын түүх бичлэг” УБ., 2006
    5. “БНМАУ-ын түүх” тэргүүн боть УБ., 1966
    6. “БНМАУ-ын түүх” дэд боть УБ., 1968
    7. Бира.Ш “БНМАУ-ын түүх соёл түүх бичлэгийн судалгаа” УБ., 2001
    8. Дарма гүүш “Алтан хүрдэн мянган хигээст” монгол бичгээс криллд хөрвүүлэн тайлбар хийсэн Т.Жамъянсүрэн, Л.Халиун   Монголын түүхэн сурвалж бичгүүд 30 боть, боть XY УБ., 2006
    9. “Монгол улсын түүх” IY боть Редактор: Ч.Далай, Ц.Ишдорж УБ., 2003
  10. “Монгол улсын түүх” III боть Редактор: Л.Жамсран УБ., 2003

ҮТА-ын ажилтан Д.Бат-Ундрах

Сайд ноён хутагт Дамбийжанцан

Хорьдугаар зууны Монголын Улсын түүхэнд өөрийн ул мөрөө үлдээж чадсан харийн хүмүүсийн нэг яах аргагүй олноо Жа багш хэмээн алдаршсан Сайд ноён хутагт Дамбийжанцан юм. Тэрээр 1890-ээд оноос Хаант Орос улсын харъяа Халимаг-Торгуудын нутгаас Оросын Эзэн хааны зарлигаар Ар Монголыг тагнахаар ирсэн ба хожим Эзэн хааныхаа зарлигыг зөрчин Монгол улсын эрх ашгийн төлөө зүтгэсэн байдал нь түүнийг монгол цустай, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн байсныг харуулж байна. Дамбийжанцан Халхын Засагт хан аймгийн нутаг,  Дөрвөдийн зүүн баруун хоёр аймгийн нутагт “Жа багш” хэмээн алдаршсан нэгэн.
Дамбийжанцан нь Ховд хотыг чөлөөлөх дайнд Хатанбаатар бэйл Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нарын хүсэлтээр өөрийн 500 орчим цэргийг удирдан оролцон гарамгай гавъяа байгуулсан билээ. Түүний байгуулсан гавъяаг үнэлүүлэхээр Хатанбаатар бэйл Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нараас удаа дараацан Монгол Улсын эзэн хаан Богд Жибзундамба хутагтад захидал бичиг илгээн, Дамбийжанцанд Богд Эзэн хаанаас “Их монголын Зарлигаар өргөмжлөсөн баруун хязгаарын олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайд Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагт” хэмээх цолыг өндөр хишгийн хамт хүртээсэн төдийгүй, Монгол Улсын Засгийн газраас Дамбийжанцанд шавь хошуу байгуулан өгч, тамгыг цутган өгсөн аж. Дамбийжанцан Богд эзэн хаанаас хишиг хүртсэнийхээ дараа Богд эзэн хаанд явуулсан бичигтээ “...Богд эзэн хэтэрхий сайшаан  олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайд тавьсан бас дараагаар Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр ноён хутагт номун хан цол өргөмжилж хүртээсэнд маш тэсгэлгүй баярлан зүтгэжээ, гэтэл үүний урьд баруун хязгаарын байдал төрх үнэхээрийн түгшүүртэй учраа, сайд хутагт миний газраас харъяат Дөрвөдийн зэрэг олон газраас бүгд гурван мянган илүү цэргийг дайчлан зарлаж хоромхон зуур хуралдуулж захиран авч, энэ он арван нэгэн сарын арван зургаанд Ховдын тус ойр гурван салааны газраа ирж, басхүү сайд бэйс Магсаржав мөн хүрч ирсэнд цэргийн элдэв хэргийг хамт боловсортол зөвлөлдөн шийтгэцгээж бүхүй дор огоот санамсаргүй мөн сарын хорин долооны нохой цагт хүлээн авсан Дотоод яамнаас уламжлан Дээд зарлиг буулгаж, шавь боол Дамбийжанцанд хязгаарын элдэв хэргийг шийтгүүлэхүйд хутагтын тамга шагнан олгуулж, бэйс Аюурзанад тушааж хүргүүлсэн зэрэг явдлыг сийрүүлэн гаргаж хүрч ирсэн цагт Дамбийжанцан би маш тэсгэлгүй дэвхцэн баярлаж хүжийн ширээ жагсааж  тэнгэрийн зүг хандаж ёслон мөргөжээ. Мэхийж хянаваас Дамбийжанцан  болваас нэгэн тусгаар улсын доорд шавь боол Богд эзэн удаа дараагаар хишиг зарлиг буулгаж өргөмжлөн улмаар хүнд тушаал сахилгыг дараацан хүртээсэн нь үнэхээрийн баярлавч барахгүй, үүнд дан ганц эл хязгаарын элдэв хэрэгт үнэхээрийн бие эцэстэл хичээнгүйлэн хичээж, чадахын чинээгээр цаг үргэлжид нойр зүүдэнд боловч сэрэгдэж чин үнэнхүүгээс өчүүхэн бага хариулан зүтгэхийг шамдан хичээмүй... “ хэмээн өгүүлсэн. Энэ нь түүний Монгол Улсын тулгар төрд үнэнчээр зүтгэх санааг илэрхийлсэн болно.
Тэрбээр Богд хаант Монгол Улсын тулгар төрд зүтгэхдээ Монгол Улсын  гол бодлого болох Нэгдсэн Монгол Улс байгуулах явдлыг хэрэгжүүлэх үүднээс хилийн чанад дахь Монгол аймгийн чухам чуулганы тэргүүдэд бичиг захидал явуулан, Богд хаант Монгол Улсад дагаар орж, шинээр тамгыг цутгуулахыг ухуулж байсан байна.
Сайд ноён хутагт Дамбийжанцан шавь хошууг байгуулсныхаа дараагаар  Дэчинровжалин хийдийг шинэчлэн байгуулж, Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийн лам хувраг нарыг цуглуулан, Баруун хязгаарт шашин суртлыг шинэтгэн сэргээхийг зорилго болгохын сацуу Богд эзэн хааны түмэн өлзийг батжуулахаар ном уншуулж залбирал үйлтгүүлж байжээ. Одоогийн Говь-Алтай аймгийн хууччуул “Жа багш” хэмээн түүний эрдэм чадлыг ихэд хүндэтгэн бишрэн, түүнтэй холбогдох аман түүхийг үеийн үед ярьсаар байна. Нэгэн аман түүхийг энд товчхон өгүүлбэл, “Засагт хан аймгийн Дайчин бэйлийн /Говь-Алтай аймгийн Тонхил сум/ нутагт Сайд ноён хутагт морьлон саатаж, мөргөл хийхээр ирсэн нутгийн олныг адислахдаа нэг хүүхнийг адислалгүй орхисон гэнэ. Түүнээс хожим асуун лавлахад тэр хүүхнийг чөтгөр шулам шүглэсэн хүүхэн тул адисласангүй гэжээ. Хожим тэр хүүхний ханилсан хань бие барж, гэр орон нь шатсан ба өөрөө ганц биеэр амьдран насыг барсан.”
Сайд ноён хутагт Дамбийжанцанг харгис хэрцгий, алан хядагч байсан хэмээн үзэх нь тун буруу ойлголт юм. Дамбийжанцан хэрмэл тэнэмэл дээрэмчдийг өөртөө итгүүлэн нэгтгэсэн нь тэдгээр дээрэмчдийн хэрмэл тэнэмэл явдлаас энгийн олон ардыг сэргийлэн хамгаалсан хэрэг болсон байх магадлалтай. Өөрт нэгдэн орсон тэдгээр дээрэмчдийг тогтоон барихын тулд дэглэм тогтоож, дэглэмийг үл зөвшөөрснийг нь харгисладаг байжээ. Баруун хязгаарт удаа дараацан халдаар ирж баруун хязгаарын ард олныг түйвээн эд хөрөнгө, эмс охидыг дээрэмдэгч харгис балмад хасаг нарыг Сайд ноён хутагт Дамбийжанцан даран сөнөөж байв. Үүнээс улбаалан Баруун хязгаарын нутаг болох Засагт хан аймаг, Дөрвөдийн зүүн баруун хоёр аймгийн ард олон түүнийг Жа багш хэмээн хүндэтгэх болсон юм.
Олноо өргөгдсөний дөрөвдүгээр оны /1914 он/ илүү арван хоёр сарын хорин зургаанд Монгол улсаас санаа урваж тэрслэн оргож Оросын хязгаарт орсон хасгуудыг хүчээр хураах хэрэгт томилон гаргасан хэмээх гурван орос түшмэл тавин цэрэгтэй ирсэн ба тэдэнд гэр хэрэглэл, морины тэжээл өвс зэрэг зүйлийг Монголын талаас нийлүүлэн өгсний маргааш өдөр хорин долоонд дахин хоёр орос түшмэл зуун цэрэгтэй нэмэн ирээд Сайд номун хан ноён хутагт лугаа уулзаж зөвлөн шийтгэх албаны хэрэг буй хэмээн хэлж гурван орос түшмэл цэргүүдийн нэгэн думдуурыг авч Хатанбаатар Магсаржавын хамтаар мордоод, сайд хутагтын суусан газарт хүрч гэнэт цэргээр хүрээлэн жагсаж сайд хутагтыг тус улсын хааны зарлигийг дагаж барьж аваачмой хэмээн хэлж шууд барин авчээ. Сайд ноён хутагт Дамбийжанцанг Орос улсад баригдсаны хойно түүний нэрийг ашиглан ашиг хонжоо олохыг санаархсан хэргүүд удаа дараа гарч байсныг архивын баримтууд нотлож байна.
“Жа лам эхлээд Томскт жил хэртэй хоригдож байгаад Якут руу цөлөгдсөн байна. Тэндээс Астраханд хүргэгдээд 1918 он хүртэл хоригдож байв. Гэтэл 1917-1918 оны бужигнаанаар суллагдаад, Сэлэнгээр /Засагт хан аймгийн Ахай бэйс Цэдэндоржийн хошууны нутгаар орж ирсэн болно. Г.Намнансүрэн/  дамжин дахин Монголд орж иржээ. Хуучин дагалдагсад нь түүнийг талархан угтаж авлаа. Түүний нөхөр, туслагч байсан Жалханз хутагт түүнтэй Улиастайд уулзаад, Монголын баруун өмнөд хязгаарт байсан орлогч асан Жалцан бэйсийнд /Засагт хан аймгийн чуулган дарга Дайчин засаг хошууны бэйс Жалчингомбодоржийг хэлж байна. Г.Намнансүрэн/  хүргэж өгчээ” хэмээн Үндэсний Төв Архивын эрдэм шинжилгээний ажилтан Л.Хантөгс өөрийн эрхлэдэг блог дээр өгүүлсэн байна.  1918 онд Орос улсад үүссэн самууныг далимдуулан Дамбийжанцан Монголд Засагт хан аймгийн Ахай бэйс Цэдэндоржийн хошууны нутгаар орж ирэн, Жалханз хутагтын хүрээнд очиж Самиди багш Жалханз хутагттай уулзаад, багш шавь барилдсан гэх Засагт хан аймгийн чуулган дарга Дайчин засаг хошууны бэйс Жалчингомбодоржийн хошуунд очсон гэдэг. Хоёр дахиа Монголд орж ирсэн Дамбийжанцанг Л.Хантөгсийн бичсэнчлэн талархан угтаж аваагүй ба харин ч түүнийг Монголын төр, ноёд түшмэд хүлээж авахаас татгалзаж байсан байна. Харин Дайчин бэйс Жалчингомбодорж урдын багш шавь барилдсан ёсыг санан Дамбийжанцанд шавийн ёсоор хандаж, хоол унд, гэр хэрэглэлээр туслаж байсан болно.
Дашрамд өгүүлэхэд Сайд ноён хутагт Дамбийжанцан чухам хэн болох, ямар бодлоготой байсныг харуулахын тулд түүнтэй холбогдох Үндэсний Төв Архивт хадгалагдаж буй бүх баримт бичгийг эмхтгэн, тун удахгүй нийтийн хүртээл болгохыг өчүүхэн би зорьж байна.

Чин ван Ханддоржийн өргөө

Чин ван Ханддоржийн өргөө

Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Гадаад яамны тэргүүн сайд Чин ван Ханддоржийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн дурсгалт байшин Улаанбаатар хотод бий.
     Өөрийн хөрөнгөөр бариулсан энэ байшиндаа Чин ван Ханддорж 1913 оны зунаас эхлэн 1915он хүртэл амьдарч байжээ. 1915оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд ардын засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд Цэрэндорж сууж байв.
     1923 онд уг байшинг судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд 1941-48 онд тус улсын нутаг дэвсгэр дээрх түүх соёлын дурсгалт барилга байшинг хамгаалах, сэргээн засахтай холбогдуулж гаргасан удаа дараагийн тогтоол шийдвэрийн дагуу улсын II зэргийн хамгаалалтад авчээ.
     Чин ван Ханддоржийн байшин нь Монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай юм.
     7.5м x 16.0м-ийн хэмжээтэй, тоосго, модон ханатай, модон дээвэртэй сууцны зориулалттай хоёр давхар эл байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой зун суухад зориулагдсан.
     1973 онд түүнийг засварлаж Дүрслэх урлагийн музейн харъяа Театрын музей болгон байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1975-1977 онд Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хэмжилт судалгаа, сэргээн засварлах зураг төсөл, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн.
      Гэтэл байшинг сэргээн засварлаад Театрын музей байгуулаагүй бөгөөд Хүүхэд Залуучуудын театр “Саран хөхөө” гэр театр байгуулахаар 1991 онд шинэчлэн сэргээн засварласан байна.

Халхын Очирбат сайн Түшээт хан нарын уг эх

Халхын Очирбат Түшээт ханы хэргэмийг нийт 15 хүн залгасан бөгөөд тэдгээр уг эхийн талаархи баримт материал Үндэсний Төв Архив болон Үндэсний Төв Номын  сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Мөн эрдэмтэн С.Ичинноров абугай өөрийн “ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД БА ТҮШЭЭТ ХАНЫ ХОШУУ” хэмээх бүтээлдээ ч Түшээт хан нарын   уг эхийг бүрэн оруулсан байдаг.
     “ЗАРЛИГААР ТОГТООСОН МОНГОЛ УЛСЫН ШАСТИР”-т Халхын Очирбат Түшээт хан нарын уг эхийн тухай ийн өгүүлсэн байна.

     “...Түшээт хан аймаг хэмээгч манай Халхын дундадахь зүүн зам мөн. Үүгээр Сүсэг хүчин төгссөн номун Очирбат Түшээт хан Доржсүрэнхоролжавын уг эхийг байцааваас, Доржсүрэнхоролжав Юан улсын Тайзу хааны үр Гэрсэнз Жалайр хун тайжийн залгамжир, Боржигэд овог, Хияд яс, уг өвөг язгуурын түшмэл байгуулсан Сүсэг хүчин төгссөн Очир сайн хан Чахундорж, Түшээт хан Гомбын /Гомбодорж/ ахмад хөвгүүн. Чин улсын Энх Амгалангийн  27-р онд дагаар оровой. 30-р онд хаан Долон нуурт өөд болоор одоод хурим хуримласанд Чахундоржийн хан цолыг хэвээр агуулан. Түүний ахмад хөвгүүн Галдан- доржийг ван өргөмжилж, албат ардыг сум зохиож Чахундоржийг хуучин хэвээр есөн цагааны алба бариулах явдлыг тогтоожээ. 39-р онд үгүй болжээ. АНХ удаа залгамжилсан нь ван эфү Дондовдорж, Чахундоржийн ач хөвгүүн. Энх Амгалангийн 39-р онд хан залгамжилжээ 41-р онд шилжүүлжээ. ХОЁРДУГААР удаа залгамжилсан нь Равдандорж, Чахундоржийн хоёрдугаар хөвгүүн. Энх Амгалангийн 41-р онд хан залгамжилжээ. 58-р онд үгүй болжээ. ГУРАВДУГААР удаа залгамжилсан нь Ванжилдорж. Равдандоржийн ахмад хөвгүүн. Энх Амгалангийн 58-р онд хан залгамжилжээ. 60-р онд Халхын Очирбат Түшээт ханы тамга хэмээх тамга шагнан олгуулж, Орос улсын захын хэргийг даалган шийтгүүлжээ. Найралт Төвийн 5-р онд чуулганы дарга талбижээ,  10-р онд үгүй болжээ.  ДӨРӨВДҮГЭЭР удаа эалгамжилсан нь Түдэндорж, Ванжилдоржийн хоёрдугаар хөвгүүн. Найралт Төвийн 10-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 11-р онд чин вангийн пүнлүүгээс илүү нэмж, мөнгө 2500 лан, торго дөчийг олгуулж, монгол ёсны хорин таван эайсан. далан таван хиагийн дотроос хорин таван түшмэл хиад зэрэг ялгаж отго хадуулжээ. Тэнгэрийн Тэтгэсний 8-р онд үгүй болжээ. ТАВДУГААР удаа залгамжилсан нь Дондовдорж, Түдэндоржийн дүү. Тэнгэрийн Тэтгэсний 8-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ.        10-р онд үгүй болжээ. ЗУРГАДУГААР удаа залгамжилсан нь Ямпилдорж, Дондовдоржийн ах. Тэнгэрийн Тэтгэсний 10-р онд Очирбат Түшээт хан эалгамжилжээ 13-р онд Хан уулын чуулганы даргын тамга олгуулжээ. Орос улсын захын хэргийг даалган басхүү Жавзандамба хутагтын Хүрээний хэргийг хамт шийтгүүлжээ. 23-р онд үгүй болжээ. ДОЛДУГААР удаа залгамжилсан нь Цэдэндорж, Түдэндоржийн хоёрдугаар хөвгүүн. Тэнгэрийн Тэтгэсний 24-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 30-р онд Халхын зүүн гарын цэргийг захирах жанжин талбижээ. 31-р онд урамдлын авд одсонд Жан чин мэнд явуулан гурван нүдний тогосын отго, шар хүрэм шагнан олгуулжээ. 34-р онд шадарт явуулан харавтар улаан жолоо шагнан олгуулжээ. 37-р онд шар жолоо шагнан олгуулжээ. 42-р онд туслагч жанжны тамгийг шилжүүлж чуулганы дарга талбижээ. 48-р онд өөр хүнд улаа унах тэмдэг бичиг олгосон зэрэг хэрэгт шадрыг байлгаж отго хүрмийг татжээ. 49-р  онд Гэрэн хотын газраа бараалхсанд хэвээр отго шагнан хадуулжээ. Дараагаар Жан чин мэнд явуулан, шар хүрэм шагнан олгуулжээ. Тавин гуравдугаар онд шадарт явуулжээ. 55-р онд Халууныг зайлах ордонд бараалхан Жавзандамба хутагтыг харгалзаж хойш буцаажээ. 58-р онд Эрдэнэ бандид номун ханы хувилгааны хэргийн учирт хан хэргэмийг байлгажээ. НАЙМДУГААР удаа залгамжилсан нь Минжүүрдорж, Цэдэндоржийн хөвгүүн. Тэнгэрийн Тэтгэсний 58-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. Мөн онд гурван нүдний тогосын отго хадуулжээ. 59-р онд үгүй болсонд 500 лан мөнгө буулгаж сайн хэрэг үйлдүүлэн басхүү түүний эцэг Цэдэндорж /46/ язгуураас олсон ял хүнд үгүй бас чин үнэнхүү санаагаар хишгийг сүслэж явсан учир хэргэмийг хэвээр дахиултугай хэмээжээ. ЕСДҮГЭЭР удаа залгамжилсан нь Цэдэндорж. Тэнгэрийн Тэтгэсний 59-р онд дахиж Очирбат Түшээт хан залгамжилжээ. 60-р онд дараа дараагаар Жан чин мэнд явуулан шар хүрэм шагнан олгуулжээ. Сайшаалт Ерөөлтийн тэргүүн онд торго шагнан олгуулжээ. 4-р онд чуулганы дарга талбижээ. 20-р онд үгүй болсонд 500 лан мөнгө буулгаж сайн хэрэг үйлдүүлжээ. АРАВДУГААР удаа залгамжилсан нь Ойдовдорж. Цэдэндоржийн тавдугаар хөвгүүн. Сайшаалт Ерөөлтийн 20-р онд Очирбат Түшээт хан эалгамжилжээ Урьд урамдлын авд одсонд шар хүрэм шагнан олгож Жан чин мэнд явуупжээ. 22 онд урамдлын авд одсонд гурван нүдний тогосын отго шагнан хадуулжээ. 23-р онд туслагч жанжин талбижээ. Төр Гэрэлтийн тэргүүн онд хааны баримтаг нэг. оюу эрх нэг. хавтага хошоод хосыг шагнан олгуулжээ.  2-р онд шадарт явуулан булган дах шагнан олгуулжээ 8-р онд үгүй болжээ. АРВАН НЭГДҮГЭЭР удаа залгамжилсан нь Еринтэй, Ойдовдоржийн ахмад хөвгүүн. Төр Гэрэлтийн 9-р онд Очирбат Түшээт хан залгамжипжээ. Мөн онд туслагч жанжины хэбэй талбиж, Жан чин мэнд явуулан гурван нүдний тогосын отго хадуулжээ. 10-р онд үгүй болжээ. АРВАН ХОЁРДУГААР удаа залгамжилсан нь Цэрэндорж, Ойдовдоржийн хоёрдугаар хөвгүүн. Төр Гэрэлтийн 12-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 17-р онд Жан чин мэнд явуулан гурван нүдний тогосын отго хадуулжээ. Хавтага зэрэг элдэв юм шагнан олгуулжээ. 18-р онд чуулганы дэд дарга талбижээ. 19-р онд шадарт явуулан харавтар улаан жолоо басхүү хааны бичсэн өлзийт үсэг, хавтага сэлтэсийг шагнан олгуулжээ. 28-р онд улбар шар жолоо басхүү хааны бичсэн буян үсэг шагнан олгуулжээ. Түгээмэл Элбэгтийн 2-р, 3-р онд пүнлуүний мөнгө ба хувиас мөнгө мал гаргаж их цэргийн хэрэглэлд тусалсанд хураахыг хэрэгсэхгүй болгож шагнан олгуулжээ. 4-р онд жинхэнэ чуулганы дарга талбижээ. 6-р онд хувиас их цэргийн хэрэглэлд агт морь тусалсан учир нэг нэмсэн, нэг тэмдэглэсэн зэрэг олгуулжээ. 11-р онд хувиас их цэргийн хэрэглэлд мөнгө тусалсан учир хоёр тэмдэглэсэн зэрэг олгуулжээ. Бүрэнт Засагчийн 2-р онд үгүй болжээ. АРВАН ГУРАВДУГААР удаа залгамжилсан нь Насанцогт, Цэрэндоржийн ахмад хөвгүүн. Бүрэнт Засагчийн 3-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 5-р онд цэргийн хэрэглэлд хувиас агт морь тусалсан учир нэг нэмсэн, нэг тэмдэглэсэн зэрэг олгуулжээ. 8-р онд    Шинэ хязгаарт дайлаар одох цэргийн хэрэглэлд мөнгө тусалсан учир гурван нүдний тогосын отго хадуулж, Жан чин мэнд явуулжээ. 10-р. 11-р, 12-р онд хувиас мал мөнгө гаргаж Солон ардын аж ахуй, цэргийн хэрэглэл,  өртөөнд тусалсан учир удаа дараа     дөрөв нэмсэн, хоёр тэмдэглэсэн зэрэг олгуулжээ. Бадаргуулт Төрийн 3-р онд дэд чуулганы дарга талбижээ.  6-р онд мөнгө тусалсан учир шар жолоо шагнан олгуулжээ. 9-р онд Хүрээний хэрэг шийтгэгч сайд талбижээ. 10-р, 20-р онд удаа дараа хишиг тархаахад   улбар шар хүрэм, хоёр нэмсэн зэрэг шагнан олгуулжээ. 22-р онд Жавзандамба хутагтын түлэгдсэн сүмийг шинэтгэх зэрэг зүйлд тусалсан учир нэг нэмсэн, хоёр тэмдэглэсэн зэрэг шагнан олгуулжээ. 23-р онд сайд Гүйбэнийг дагалдаж олон зүйлийн хэрэг үүсгэж, шарын шашинд харштай болсон учир Хүрээний сайдын тушаалаас байлгаж, 24-р онд Си юан мэний дотор морь унах ба мөсөн тэргэний суудал шагнан олгуулжээ. Мөн онд шадарт явуулжээ. 26-р онд үгүй болжээ.  АРВАН ДӨРӨВДҮГЭЭР удаа залгамжилсан нь Дашням. Насанцогтын ач дүү. Бадаргуулт Төрийн 30-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ.   Мөн онд хишиг тархаахад нэг нэмсэн зэрэг олгуулжээ. Мөн онд хувиас мөнгө туслан барьсан учир гурван нүдний тогосын отго хадуулжээ. Монгол улсын Олноо Өргөгдсөний тэргүүн он өвөл цаг Очирдара Богд гэгээнтнийг хаан өргөмжилж эрдэнийн сууринаа  залсан учир зарлигаар хишиг тархаахад үе улиран Халхын Очирбат Түшээт сайн хан    цол, шар хүрэм, улбар шар жолоо, ногоон жууз шагнан хүртээжээ. Мөн онд үгүй болжээ. АРВАН ТАВДУГААР удаа залгамжилсан нь Доржсүрэнхоролжав, Дашнямын хөвгүүн. Олноо Өргөгдсөний 2-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 3-р онд Богд эзэн хишиг хүртээж гурван нүдний тогосын отго шагнан хадуулжээ. 5-р онд тусгайлан зарлиг буулгаж Сүсэг хүчин төгссөн номун хэмээх цол үе улиран шагнан хүртээжээ. Мөн онд орд сүмийн үйлдвэрт мөнгө туслан барьсан учир айлтгаад гурав нэмсэн зэрэг шагнан хүртээжээ. 8-р онд улсын санд мөнгө хариулан өргөсөн учир айлтгаад зарлигаар улбар шар торго арав нэмсэн, нэг тэмдэглэсэн зэрэг шагнан хүртээжээ...” гэжээ.
     Түшээт хан Насанцогтын бие барсаны дараа Түшээт ханы хэргэм зэргийг түүний    ач дүү болох Дэмчигдорж тэргүүний хүү Дашням (1885 онд төрсөн) Бадаргуулт Төрийн гучдугаар буюу 1904 онд  19 настайдаа Халхын Очирбат Түшээт ханы хэргэмийг залгамжилсан байна. Тэрбээр  1911 оны 7 дугаар сард Сэцэн хан Навааннэрэн, Сайн   ноён хан Намнансүрэн, Засагт хан Содномравдан  нарын зэрэг Халхын томоохон ноёдын хамтаар нууцаар зөвлөлдөн Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж, VIII Богд Жэвзүндамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд залсан гавъяа зүтгэлтэй хүмүүсийн  нэг билээ. Мөн Түшээт хан Дашням нь Хаант Орос Улсаас зэр зэвсэг болон мөнгөн тусламж авах, Манж Чин Улсын харъяалалыг устгаж Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг сэргээх тухай айлтгалыг Жэвзүндамба хутагтад өргөн барьж, уг бичгийг Орос улсын эзэн хаанд хүргэх төлөөлөгчдийг томилон явуулах зэрэг хэрэгт идэвхтэй оролцож, энэхүү тусламжийн бичигт Засагт хан, Сэцэн хан, Сайн ноён хан нарыг тэргүүлэн гарын үсгээ зурсан гавъяатай төрийн түшээ юм. Түүний энэхүү гавъяа зүтгэлээ үнэлэн 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хишиг тараах зарлигт: Дашням ханыг үе улиран Халхын Очирбат Түшээт хан цол шар хүрэм, улбар шар жолоо, ногоон жууз шагнан хүртээжээ.
     Манай түүхчдийн дунд Түшээт хан Дашням Жэвзүндамба хутагтыг хаан ширээнээ залахад их эсэргүүцэж, бусад хан ван нарт “Би та нарын ахмад тул хаан ширээнд би суух ёстой” гэж хэлсэн ба энэ үгнээсээ болж алагдсан гэсэн ташаа ойлголт байдаг. Түшээт хан Дашням үнэхээр энэ үгийг хэзээ, хаана хэлснийг магадласан архивын баримт байгаа эсэхийг сайн нягтлууштай.
     Олноо өргөгдсөний хоёрдугаар оны эхээр Түшээт хан Дашням Нийслэл хүрээнд дуудагдан ирж алба хааж байсан ба мөн оны /1912/ хоёрдугаар сард 27 насандаа   гэнэтийн үхлээр бие барсан, одоо хир түүний үхлийн шалтгаан тодорхой бус байдаг.  Чингис хааны алтан ургийн Түшээт хан Дашнямыг бие барсаны хойно Монгол улсын      эзэн хаан Богд Жэвзүндамба хутагт бээр ихэд харамсан, гашуудал илэрхийлж:
     "Тус улсын ихээхэн түшмэл Түшээт хан Дашням наснаас нөхцсөнд ихэд харамсан гашуудаж, нэгэнт нас нөхцсөн хүний хойноос буян номыг шамдан үйлдэж, аливаа амьтны амийг аварваас элбэрэл ачлал түүнээс эрхэм үгүй. Түүнд бэлбэсрэх хугацааг 49 хоног, ах дүүс нь 100 хоног буян үйлдэж, баяр цэнгэл, дуу хөгжим үйлдэхийг цээрэл энэ мэтийн их хүний хүүр ясыг эрхбиш нутагт нь аваачин байшин саванд агуулж, тусд нь хүндэтгэх       ёсыг илэрхийлвээс зохих болбуу. Хан Дашням чингэж бие өнгөрсөн нь үнэхээр хөөрхий нигүүслэлтэй тул түүний хойдын буянд сангаас 100 лан мөнгө олгогтун" /МУҮТА, Х-А47,    Д-1,  ХН-6. ХУУД. 210-214/ хэмээн зарлиг буулгасан байдаг. Түшээт хан Дашнямын шарилыг чандарлан,  өнөөгийн Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Хашаат сумын зааг нутаг Өлзийт овоо хэмээх газар чандарыг онголсон гэдэг.
     Түшээт хан Дашням цаг бусын үхлээр бие бараагүй байсан бол тэрбээр бусад олон ноёдын адилаар Монгол улсын тусгаар тогтнолын төлөө идэвхитэй зүтгэж, төрийн их үйл хэрэгт өөрийн биеийг  үл хайрлан зүтгэх байсан буй заа.
     Сүүлчийн Түшээт ханы хэргэмийг залгасан Доржсүрэнхоролжав нь 1912 онд 4 насандаа өөрийн эцгийн хэргэмийг Монгол улсын эзэн хааны зарлигаар залгаж,  Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны эдүгээгийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хөгшиний голын хөндийд ханы сууринд сууж, томоохон найр наадам болсон гэдэг. Мөн тэрбээр Олнаа өргөгдсөний тавдугаар (1915) онд Зарлигаар Сүсэг хүчин төгссөн номун хэмээх цол үе улиран хүртжээ. Ардын хувьсгал ялсны дараагаар урьд цагийн хаад ноёдын эрх мэдэл бууран устгагдаж байсан үед /1922 онд/ Доржсүрэнхоролжав бээр ханы хэргэмээсээ сайн дураар татгалзаж Дамдиндорж хэмээх сахилын нэрээр буян номын     мөр хөөсөн хуврага болжээ.
     Түшээт хан Доржсүрэнхоролжав /Дамдиндорж/ нь хүүхэд ахуй цагаасаа  бурханы шашны ном эрдэмд шамдан суралцаж, зурах, зорох, сийлбэрлэх зэрэг ур ухааныг   эзэмшин сийлбэр, бурхан зэргийг бүтээдэг нэгэн байсан ажээ.
     Очирбат Түшээт хан Дашнямын хөвгүүн Доржсүрэнхоролжав бээр феодал хэмээгдэн 1929 он, 1931 онд мал хөрөнгө, хөрөнгө зүйлээ хураалгаж, хорих газар ял   эдэлж явсан ба мөн тухайн үеийн алдаатай бодлого, цаг бусын аюулын улмаас улс   төрийн их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, “Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэрэг”      гэх зохиомол хэрэгт гүтгэгдэн Онцгой бүрэн эрхт Комиссын 1937 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор дээд хэмжээ буюу буудан хороох ялаар үгүй болсон билээ.
Очирбат Түшээт хан Д. Доржсүрэнхоролжав / Дамдиндорж/-т холбогдуулсан хэрэг нь хилс зохиомол байсан нь нотлогдсон тул уг хэргийг 1992 оны 2-р сарын 11-ний ДШЦК-ийн 21-р магадлалаар ялыг  хэрэгсэхгүй болгон цагаатгаж,  нэр төрийг нь сэргээжээ.

Wednesday 12 January 2011

Дэс түшмэл Хайсанд холбогдох нэгэн сурвалж

1911 оны Монголын Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцсон хүмүүсийн нэг Өвөрмонголын Зостын чуулганы Харчин ван Гүнсэнноровын хошууны түшмэл Баянтөмөрийн Хайсан бөлгөө. Тэрбээр 1907 онд анх Их Хүрээнд ирж танилцжээ. Тэрбээр 1907 онд анх Их Хүрээнд ирж танилцжээ. Тэрбээр 1910-1915 он хүртэл хугацаанд Монгол Улсын улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн хүчин чармайлттай ажиллаж байсан билээ.
Б.Хайсан нь Богд хаан, Дотоод яамны тэргүүн сайд Г.Цэрэнчимэд нартай нилээд ойр дотно шадарлаж явсан  гэж ном зохиолд дурьддаг билээ.   
          Богд хаан Хайсан гүний улс төрийн үйл ажиллагааг ихээхэн үнэлж, шагнаж байсан тухай архивын баримтууд нилээд байдаг.
          Хайсан гүнд холбогдох архивын баримтыг уншигч та бүхэнд толилуулбал:
Дэс түшмэл, Чин зүтгэлт гүн Хайсанд өргөмжлөл олгуулах явдлыг айлтгах хавчуулсан хуудасны эх.  

        Жич: Хуудас хавчуулж айлтгах нь: Ноднин жил /1912 он. С.Ш/ хавар цагт шавь боолчуудын газраас Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц зүтгэж гавъяа байгуулсан дэс түшмэл, чин зүтгэлт, улсад туслагч гүн Хайсанд тамга өргөмжлөл олгуулахыг гуйн айлтгасанд: Зарлиг, Хайсан үнэхээрийн гавъяа бүхий түшмэл мөн тул  хэтэрхий хөхүүлж, тамга өргөмжлөл шагнан олгуул хэмээснийг хичээнгүйлэн дагаж, тухайд чин зүтгэлт гүн Хайсан түүнд тамгыг цутган үйлдүүлж, олгосон бөлгөө.

       Өргөмжлөлийг олгуулахын завсар түүний бие /Б.Хайсан.С.Ш/ Баруун хязгаарын газраа Зарлигийг дагаж зарагдан одсон бөгөөд хараахан бичиж олгуулсангүй.
       Эдүгээ дахин гуйн мэдүүлсний  тул олгуулваас зохих өргөмжлөлийн эхийг зохиож, хичээнгүйлэн хуудас хавчуулж хамтаар дээр дэвшүүлж айлтгаад гуйх нь: Богд эзэн гэгээнээр толилох ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав.
Олноо өргөгдсөний 3 дугаар он. Зуны дунд сарын 20.
       Зохиосон эх: Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хааны зарлиг, Шар торгоныөргөмжлөл олгуулсны учир: Эдүгээ дахин гуйн мэдүүлсний тул олгуулваас зохих өргөмжлөлийн эхийг зохиож, хичээнгүйлэн хуудас хавчуулж хамтаар дээр дэвшүүлж айлтгаад гуйх нь: Богд эзэн гэгээнээр толилох ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Олноо өргөгдсөний 3 дугаар он. Зуны дунд сарын 20. Зохиосон эх: Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хааны зарлиг, Шар торгоны өргөмжлөл олгуулсны учир: Зостын чуулганы Харчин ван Гүнсэнноровын хошууны дэд зэрэг түшмэл Хайсан болбоос мөнөөхөн тулгар төрийг эхлэн байгуулах тухайн хэрэгт арга бодлогыг сүвэгчлэн, үнэнхүү сэтгэлийг гүйцэтгэж, онц чармайн зүтгэсний тул би /Богд хаан С.Ш/ хэтэрхий өршөөн хөхүүлэхийг үзүүлж, Хайсан чамд /Богд хаан С.Ш/ удаа дараагаар хишиг хүртээж Үе улиран Улсад туслагч гүнгийн хэргэм, Чин зүтгэлт цол, тамга, жич хүрэн жолоо, отго, Халхын дотор нийгэм улаа шагнаж, Дотоод яамны дэс түшмэлийн албанд тохоон талбиж, мөн өрх амын хамтаар өөрийн дуртай нутаглах газрыг олгуулж, бас Баруун хязгаарыг тохинуулах албаны хэрэгт сайнаар зүтгэж явсны учирт гавъяаг илэрхийлж, Түшээ гүнгийн зэрэг шагнасан тул хойч өдөр Чин зүтгэлт цол, Улсад туслагч гүнгийн хэргэмийг үе улиран тасралтгүй залгамжлуулагтун. хэмээн өгүүлжээ.
Олноо өргөгдсөний 3 дугаар он. 5 сарын 24. ҮТА. А-3, д-1, хн-429, нугалбар 11
      Дээрх архивын баримтаас үзэхэд Богд хааны зарлигаар 1912 онд Өвөрлөгч түшмэл Баянтөмөрийн Хайсанд Үе улиран Улсад туслагч гүн, Чин зүтгэлт цол, Дотоод яамны дэс түшмэлийн албанд тохоон тавьж, Сэлэнгийн Буур зэрэг 6 харуулын нутгийг олгосон байдаг. 

Ууц тавих ёсон


Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ их талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуудуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруунаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огглоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам
Толгой
1.Ууц
2. Өвчүү
3. Хаа
4. Гуя
5. Хүзүүний сээр

Махны толгой гэдэг нь толгойны хүзүү талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сээр, ууцны сүврэгдэс тал, өвчүүний бүдэрхий нь далны толгой нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхэлж толгойд нь хүрээд дараа нь ууцанд, сүулд нь сээр, хүзүү болон махнаас иднэ. БИТҮҮНИЙ ОРОЙ ХҮЖЭЭ  ӨРГӨӨД УНШИХ ТАРНИ
Битүүний орой шинийн 1,2,3,8,15-нд зул, хүжээ өргөөд"Ум навовва гавади базар сараа барамадани дата маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарма гарма ава арани бишодана базар суха" гэдэг тарнийг уншаарай.
Битүүний зоог
Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой буюу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулсан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү чанасан толгой бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрүүтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, шаант, богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг бэлгэшээдэг.

Хүрээ хийд бол архитектурын чуулга мөн


Монголын сүм хийд бүхэн бурхан шүтээний янз бүрийн байгууламжаас цогцлон бүрдэж байжээ. Хэлбэр маяг, архитектур хийцээрээ харилцан адилгүй мөртлөө хоорондоо тодорхой холбоо бүхий олон янзын шинж байдалтай сүм хийдүүдийн өөр өөр хэлбэр хэмжээтэй байгууламжууд нь архитектурын нэгэн нэгдмэл, горим, зарчимд захирагдаж байсан байна.      Сүм хийдийг байгуулахдаа газраа чадамгай сонгон авч орчин тойрны байгалийн байдалтай яв цав зохицуулдаг байсан учир барьж байгуулсан хийд нь өв тэгш нэгдмэл архитектурын чуулга болж чаддаг байв. Хүрээ хийд байгуулах газрыг сонгон авахдаа уг хийдийн сүм дуганы чухам ямар цэг дээр тухайлбал алтадсан ганжир, жанцан чойж-хорол зэргийн чухам алин дээр нь нарны туяа хэдийд хэрхэн тусахыг хүртэл харгалзан бодолцдог байжээ.
     Хүрээ хийдийн сүм дуганы чуулганы өнгө үзэмжийг хүний нүд булаахуйц байлгахын тул түүний будаг шунхыг тохируулах явдал багагүй ач холдогдолтой байсан байна. Монголын сүм дуганууд нь хятадынхыг бодвол гол төлөв цайвар буюу цагаан өнгөөр буддаг тул орчин тойрны байгалиас дурайтал ялгардаг байв.
     Сүм хийдийн олонхийг өндөрлөг газар барьж байгуулан, хурц цайвар цагаан өнгийн будгаар буддаг учраас зам дагуу яваа хүмүүсийн сэтгэл алс тэртээгээс татагддаг байна.
     Сүм хийд барьж байгуулах газрыг сонгон авах, түүний суурийг тавихдаа тусгай ёслол хийж гүйцэтгэдэг бөгөөд үүнтэй холбогдсон баяр ёслолыг үйлдэх өдрийг лам нар тусгайлан тогтоодог байжээ.
     Сүм хийдийн чуулгыг барьж бүтээх, түүний дотор тавигдах бурхан шүтээний бүх байгууламж тус бүрдээ сүмд орж ирсэн мөргөлчин хүн бүхний сэтгэл оюунд асар их нөлөө үзүүлж, бурхан шүтээн, лам хуврагт өөрийн эрхгүй бишрэн шүтэх сэтгэлийг төрүүлэхүйц байх хэрэгтэй гэж уран барилгачдаас захиалагчид шаарддаг байна. Ийм учраас уран барилгачид, лам нарын энэ хэрэгцээ, шаардлагад тохируулахын тулд барилга байгууламжийг чимдэг байв. Жишээ нь: сүмийн дээврийн өнцгийн яс модны үзүүрт лууны толгой сийлж, янз бүрийн хонх зүүдэг байсан нь салхины аясаар хөдөлж, хүн бүхний чихнээ жингэнэн сонсогдох сонин дуу чимээ гаргадаг байв. Олон хонхны энэ жингэнээн сүсэгтэн хүмүүсийн сэтгэлд баясал төрүүлж, тайван амарлингуй болгодог байжээ. Түүнчлэн монголын уран барилгад хэрэглэж байсан ганжир, жанцан, хүрд, Чойж-хорол, бойпор, арслан зэрэг нь сүм хийдийн чуулгын бүрэлдэхүүнд байдаг архитектур, гоёл чимэглэлийн зүйл байлаа.



 Ганжир
Сүмийн орой дээр байдаг шармал зэсэн чимэглэл юм. Ганжирын доторх хөндий зайд “маани” хэмээх хэвлэмэл уншлага хийдэг байжээ.
Жанцан
Энэ бол модон шонд угласан хөндий бортгыг хэлнэ. Жанцангийн хөндийг мөн л уншлагын номоор дүүргэдэг байжээ. Жанцанг шармал зэсээр хийх бөгөөд гадна талд нь элдэв дүрс хэлбэн товойлгож гаргадаг байна. Бас жанцанг ногоон, шар, цагаан, улаан, хөх, хар зэрэг олон өнгийн даавуу бөсөөр хийх ёс ч байв. Сүм дуганыг сүрлэг үзэмжтэй болгохын тулд шашны ёс дэглэм шаардлагын дагуу эдгээр алтадсан жанцанг сүм бүрийн орой дээр хоёр буюу эсвэл дөрвийг дээврийн дөрвөн өнцөгт юм уу орой ирмэг дээр нь босгодог байжээ.
 Хүрд
Хүрд бол тусгай гол дээр суурилуулсан эргүүлэх боломж бүхий их бага хэмжээний хөндий сав бөгөөд сүсэгтэн хүнийг ном уншиж бурханд мөргөх явдлыг ихээхэн хөнгөвчилж механикжуулсан байгууламж юм. Хүрдний дотор “маани” олон хуудас дармал ном хийдэг байжээ. Хүрдийг хэдхэн сантиметрээс эхлэн хэдэн метр хүртэл хэмжээгээр мод, төмөр, гууль зэрэг материалаар хийдэг байна. Сүсэгтэн хүн хүрд нэг эргүүлэхэд түүний дотор байгаа ном зохиолыг уншсантай адил буян хураана гэдэг байв. Зарим сүм хийдэд салхины хүчээр эргэлддэг хүрд ч байсан бөгөөд иймэрхүү салхин ажиллагаатай механизм бүтээсэн хүн бол өөрийгөө нүгэл хилэнцээсээ бүрмөсөн ангижрууллаа гэж боддог байв. Мөн усны хүчээр эргэлддэг хүрд ч байдаг байна.
Чойж-хорол
Энэ бол буддын билэг тэмдгийн гол зүйлийн нэг бөгөөд шашны сургаалын дагуу үйлдсэн найман цацрагт дугуй юм. Хоёр талд нь хоёр согоо байна. Чойжхоролыг сүм дуганы хаалганы оройд дээврийг голлуулж байрлуулна.
 Бойпор
Дотор нь үнэртний зүйл агуулдаг ширмэн савыг хэлнэ. Бойпорт арц, хүж зэрэг үнэртэн шатааж, гол сүмийн ойр орчим, үүд хаалгыг утаж “ариутгадаг” байна.
Зулын байшин
Энэ нь бага зэргийн цамхаг мэт байгууламж бөгөөд шилэн хоргоны дотор том зул тавьж үдшийн цагаар асаадаг байна. Зулын байшинг “далдын хүч чадалтай” хэмээн итгүүлэхийн тулд хийдийн өмнөд этгээдэд төв талбай дээр нь байрлуулдаг байжээ.
Арслан
Харуул хамгаалалтын тэмдэг болсон чулуугаар хийсэн арслангийн дүрсүүд юм. Арсланг голчлон бурхан шүтээний байгууламжинд орох хаалганы хоёр талд хос хосоор нь тавьдаг. Хятадууд арсланг гол төлөв ширэм, зэсээр хийдэг байсан бол монголчууд чулуугаар хийдэг байна.

Суврага
Сүм хийдүүд дэх бурхан шүтээний байгууламжуудын нэг зүйл бол эртний Балба ба Энэтхэгээс гаралтай суврага юм. Суврага гэдэг Энэтхэгийн одон орны судлалын ухаанд тодорхойлсноор “Тэнгэрийн хааны нутаглаж суусан Мөр уулыг дүрсэлсэн” дугуй ба дөрвөлжин хэлбэртэй байгууламж гэдэг.
Буддын шашин дэлгэрсэн бүх орны үгсийн санд суврагыг “Дагоба”, “Чоддин”, “Пагода” буюу ”Таа” гэх зэрэг янз бүрийн нэрээр нэрлэн тэмдэглэж байжээ. Буддын ёсоор суврагыг тодорхойлбол суврага нь ариун санваартан, бурхдыг сахиуслан хадгалах байр буюу ямар нэгэн түүхт үйл явдалд зориулж, уул үйл явдал болсон түүхт газарт барьж байгуулдаг барилга юм. Өөрөөр хэлбэл суврага нь дурсгалын ба хутагт хувилгаадын шарилыг сахиулан хадгалах хадгаламжийн байр бөгөөд харин түүхэн хөгжлийнхөө явцад хоёрдмол утга санааг тусгасан байна. Монголын сувраганууд нь өөрийн утга санаагаар Балба буюу Энэтхэгийн суврагатай адилавтар боловч архитектурын хэлбэрээр тэдгээрээс нилээд ялгагддаг байна. Энэтхэгийн суврагыг бодвол монголын суврага нь сэнтэй, бумба, чонхор гэдэг 3 үндсэн хэсгээс бүрддэг байшин маягийн нилээд нарийн хийцтэй барилга юм.

Хийд
Их төлөв аглаг ууланд барьсан сондгой ганц буюу бөөн хэсэг сүм дуганы барилгатай, лам нарын суух хороолол бүхий байгууламжийг хэлнэ. Жишээ нь: Манзширийн хийд, Бэрээвэн хийд г.м.
Хүрээ
Зохион байгуулалттай байрлуулсан иж бүрэн хэд хэдэн дуганаас бүрдсэн сүм хийдийг хэлэх бөгөөд түүний эргэн тойронд лам нарын суурин байрласан байна. Хүрээ нь гол төлөв дугуй хэлбэртэй байдаг байдаг байна. Хүрээлж, дугуйрсан хэлбэртэй энэ зохион байгуулалтыг “Хүрээ байрлуулалтын зарчим” гэж нэрлэж байгаа бөгөөд энэ зохиомж цогцолборын арга барил бол маш эртний уламжлалтай.